antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 31, 2011 3 comments

Н.Энхбаяр намайг улстөрийн зорилгоор гэмт хэрэгтэн болгох гэж байсан

нийтлэсэн Admin

Ц.Нямдорж төрийг иргэнээ захирч, дарамталж дарангуйлдаг байгууллага гэж ойлгодог-
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Та нэгэнтээ хөгшчүүл залуучууддаа байр сууриа тавьж өгөх хэрэгтэй гэдэг санааг цухалзуулсан өнгө аястай үг хэлсэн. Гэтэл эсрэгээрээ хөгшчүүл харин ч улстөрд залуучууддаа байр сууриа тавьж өгөхгүй бололтой. Ялангуяa Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хэрүүлээс харагдах боллоо?
-Яг ч тэгж хэлээгүй л дээ. Гурван сарын өмнө телевизээр ярилцлага өгөхдөө залуу үеийнхэн нийгмийн амьдралыг удирдах ажилд идэвхтэй оролцох цаг болжээ гэж хэлсэн.

-Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын тухайд тодруулахгүй юу?
-Үнэндээ энэ хоёр хүн юунаас болж маргалдаад байгааг сайн мэдэхгүй байна. Хөндлөнгөөс харахад Н.Энхбаяр нь улстөрийн зорилгоор намайг ингэж байна гэж мэдэгдсэн. Хэрвээ тийм юм бол би Н.Энхбаярыг өмөөрөх ёстой. Энэ 20 жилд баримталж ирсэн зарчим маань хэн нэгэн хүнийг улстөрийн зорилгоор элдвээр хилс хэрэгт татаж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байсантай холбоотой.

Мэдээж Н.Энхбаярын үйл ажиллагаанд би шүүмжлэлтэй ханддаг. Н.Энхбаярын улстөрийн хариуцлагагүй бодлогыг хамгийн их шүүмжилдэг хүний нэг нь би. Гэхдээ л Н.Энхбаярыг улс төрийн хилс хэрэгт  гүтгэж, хийгээгүй хэргийг тохож, гэмт хэрэгтэн болгох гэж байгааг би хувьдаа зөвшөөрөхгүй.

Ийм байж таарахгүй. Бүх юм хуулийн үт үсгийн дагуу явна шүү дээ. Монгол Улс хүнийг улстөрийн зорилгоор хэлмэгдүүлдэг явдлаас салаад 20 жил болж байна. Ахиж ийм зүйл Монголын нутаг дэвсгэр дээр гарах ёсгүй. Нөгөө талаар нэг намын,нэг ангийн бие биедээ шадарлаж явсан энэ хоёр хүний хооронд гарсан маргаан надад тийм ч сонин биш.

-Ц.Нямдорж сайдын улстөрийн гяндангаа байгуулж байна. Н.Энхбаярын дараагийн хүн Э.Бат-Үүл ч гэдэг таамаглал гарах болсонтой холбогдуулж та Ц.Нямдоржийг буруутгаад байгаа бололтой?
-Ер нь улс төрийн зорилгоор хэн нэгнийг хилсдүүлэхийг зөвшөөрч, улстөрийн зорилгоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгодог явдлыг зүгээр хараад өнгөрөөх юм бол дараагийн ээлжинд бүгд л ийм байдалд орно. Яагаад гэвэл улстөрийн зорилгоор хүнийг хэлмэгдүүлдэг хүн зогсдоггүй.

Дараа нь өөртэйгөө санал нийлээгүй бүгдийг хэлмэгдүүлэх болно. Тийм учраас би хэлж, анхааруулаад байна. Улстөрийн зорилгоор хэн нэгнийг гэмт хэрэгт холбогдуулж хэлмэгдүүлэх гэж байгаа бол би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Энхбаярын тухайд би түүнийг хамгаална. Бүх юм хуулийн дагуу байх ёстой. Хуулиас гажиж улстөрийн зорилгоор асуудал ярьж хэрхэвч болохгүй.

-Хүн баривчлах эрхгүй шүү дээ?
-Миний хэлээд байгаа зүйл тэр л дээ. Бүх юм хуулиараа байх ёстой. Үнэндээ Н.Энхбаяр Ц.Нямдорж нарын хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг хэн ч хэлэх боломжгүй. Эртний тооцоо байгаа юм уу, өгөө аваа байгаа юм уу, бүү мэд. Тэгэхээр энэ бүх ойлгомжгүй байдлыг хагалах ганц зүйл нь хуулийн дагуу бүх зүйл явах ёстой.

Монгол Улсад хуулийн заалтыг ягштал баримтлаад явахад хэн нэгнийг улстөрийн зорилгоор гэмт хэрэгтэн болгож харуулах тийм боломж байхгүй.

-Идсэн, уусан гэж хамаг булхайгаа дэлгээд л. Нэгэн үе хамтран зүтгэж байсан хүмүүс халуун биш гэж үү?
-Идсэн уусны тухайд ярих гэж байгаа бол шүүхээр нотлогдсоны дараа хэн нь идэж, уусан юм бэ гэдгийг хэлж чадна. Одоо бол үнэхээр мэдэх юм алга. Яагаад гэвэл шүүхээр нотлогдсон шүүхийн шийдвэр нь алга. Бид бие биеэ хариуцлагагүйгээр идэж уусан гэж ярьдаг болсон цаг.

Дуртай нь дургүйгээ идсэн уусан гэчихдэг. Эцсийн үнэнийг шүүхийн шийдвэр гарч байж хэлэх ёстой. Тэгэхээр монголчууд энэ зарчмыг сурах хэрэгтэй. Хуучин цагт монголчууд бие биеэ муулахаараа ардын дайсан, ангийн дайсан, хятадын эрлийз гэдэг муу үг хэлдэг байсан.

Одоо идсэн, уусан гэж муу хэлж байгаа юм даа. Тэгэхээр идсэн уусныг тогтоодог газартай, хуультай, ийм асуудлыг таслан шийддэг шүүхтэй шүү дээ.Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарч байж бид хүний идсэн уусныг ярьдаг байх хэрэгтэй. Тийм биш атлаа бие биеэ идсэн уусан гэж ярьж байдгийг Үндсэн хуулиар хориглосон.

Хүнийг шүүхээр таслан шийдвэрлэхээс нааш гэмт хэрэгт холбогдолтой гэж үзэж болохгүйг Үндсэн хуулинд тов тодорхой бичсэн байгаа. Ер нь ардчилсан Үндсэн хуулийн энэ зарчмыг бид одоо болтол барьж сураагүй. Зүгээр л дайсан болгож харагдуулахын тулд юу ч гэж хэлдэг болсон.

Тэгвэл ийм эрүүл бус байдлыг болих хэрэгтэй. Хүн идсэн уусан гэж байгаа юм бол түүнийгээ шалгуул. Шалгуулаад идсэн уусныг нь шүүхээр тогтоолго. Тэгж байж дараа нь ярьцгаа л даа. Түүнээс худлаа царайлж, бие биедээ улстөр хийдэг энэ завхарсан явдлыг болимоор юм.

-Улс төрд байсан туршлагатай энэ хүмүүсийн маргааныг та юу гэж тайлбарлах вэ?
-Хүн чанарын асуудлыг ярьмааргүй байна. Юм бүхэн хуулийнхаа үг үсгийн дагуу л явах ёстой.

-Гэхдээ тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм шиг санагдчихлаа?
-Ёс суртахууны үнэлэлт дүгнэлт , өгөхөөр хүмүүст буруу ойлгогдчихно. Тэгэхээр энэ асуултад хариулахаасаа татгалзаад байна шүү дээ. Ер нь бол ийм юмыг шүүхийн шийдвэр гараагүй байхад шийдвэр гараагүй байхад үнэлж дүгнэх шаардлагагүй. Хүнийг гэмт хэрэгт холбогдсон эсэх асуудлыг дандаа сэтгэл хөдлөл, цуу ярианы түвшинд ярьдаг явдал бол үнэхээр манай нийгэмд хор болоод байна.

Асуудал шүүхээр таслан шийдвэрлэгдэг л дээ. Үүний дараа олон зүйлийг хэлж, ёс суртахууны үнэлэлт дүгнэлт өгч болно. Харин одоо идсэн уусан тухай нотлогдоогүй байхад зөв, буруу гэж хэлэх ч арга алга байна шүү дээ.

-Гэхдээ ямар үед нь улс төрчид тэврэлдээд, ямар үед нь хонь чоно шиг болдог юм бэ. Жишээ нь:  та Н.Энхбаяртай «алалцдаг» мөртлөө одоо яагаад өмгөөлөөд байна аа?
-Энэ хоёр хүн ямар байдалтай байгааг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Асуултаас чинь тийм өнгө аяс нь харагдаад байна. Хэзээ болохоор тэврэлдээд, ямар үед нь бие биеийнхээ мууг үздэг юм бэ,гэдэг хүн ёсны асуудлыг би тавьж л байдаг. Тавихын хажуугаар боддог.

Тийм учраас хийх ажилгүй авгай нар шиг яриаг ялангуяа улс төрчид нь ярьмааргүй байна. Би ганц л юм баримталдаг. Жишээ нь:  Н.Энхбаяр намайг улс төрийн зорилгоор хилсээр гэмт хэрэгтэн болгох гэж байна. Нам нь ч бас ийм мэдэгдэл гаргалаа. Ийм байж таарахгүй.

Хэдийгээр Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа намайг хилсээр хэлмэгдүүлж байсан ч гэлээ болохгүй асуудал. Миний баримталдаг зарчим ердөө тэр. Монгол Улсад хэнийг ч улстөрийн зорилгоор хилсээр хэзээ ч хэлмэгдүүлж болохгүй. Би өөрийнхөө намын гишүүдийг хилсээр хэрэгт холбогдуулахад нь өмгөөлдөг байсан.

МАХН-ын гишүүдийг гэмт хэрэгт холбогдуулахад энэ байр сууриа баримталсан. Ингэж болохгүй, яг л хуулийн дагуу явна шүү гэдгийг хэлж байсан. Тэгэхээр би ахиад хэлье. Хэрвээ үнэхээр хууль ёсноос гажиж Н.Энхбаярыг хилсээр хэлмэгдүүлэх гэж байгаа бол би хамгаалж, өмгөөлж үгээ хэлнэ. Манай нийгэм эрүүл баймаар байна шүү дээ.

-Ингэж байснаас эр хүн шиг зохицож болоогүй юм болов уу гэсэн бодол танд төрж байна уу?
-Хуулийнхаа үг үсгийн дагуу л явцгааг. Асуудлыг битгий улстөржүүл. Тэр бүү хэл улстөрийн зорилгоор хүнийг хилсдүүлэх явдлыг хэрхэвч гаргаж болохгүй.

-Таны хувьд Цагдаагийн тухай хуульд шүүмжлэлтэй ханддаг. Энэ байдал салбарын сайдад таалагддаггүй. Та Н.Энхбаярыг өмгөөлөөд байгаагийн шалтгаан нь энэ юм биш биз?
-Ер нь Ц.Нямдоржтой олон зүйл дээр санаа нийлдэггүй. Ц.Нямдорж бол төрийг иргэндээ үйлчилдэг байгууллага гэдгийг иргэнээ захирч, дарамталж дарангуйлдаг байгууллага гэж ойлгодог хүн. Төрийн үүргийг дарж захирч, ард иргэд нь төрөө шүтээд явах ёстой гэж ойлгоод байдаг.

Төрийг шүтэх ёстой гэдэг философи Ц.Нямдорж, М.Энхсайхан хоёрт хэн хэнд нь байдаг байхгүй юу. Би үүнтэй нь огт санал нийлдэггүй. Тийм ч учраас ямар нэгэн хүчний байгууллагын асуудал орохоор Ц.Нямдорж тэнд азаргалаад, барих хорих, тагнах чагнах л гэх үгс байнга урсгадаг.

Ц.Нямдоржийн амнаас байнга гардаг юм хариуцлага. Ер нь улстөрийн бодлогын түвшинд Ц.Нямдоржтой нийцэх юм их бага. Гэхдээ Ц.Нямдорж хувь хүний хувьд ямар ч ааш араншинтай байлаа гэхэд эрх биш Хууль зүйн сайдын хувьд Монгол Улсын хууль ёсыг баримталж ажилладаг байх ёстой.

Ц.Нямдорж Монгол улсын төрийн сайд гэдгээ мартах учиргүй.

-Ц.Нямдоржийг М.Энхсайхантай адилтгах нь хэр зохистой юм бол. Магадгүй танай намын экс нэрийг сэргээн авсанд одоо болтол бухимдаад байна уу?
-М.Энхсайхан бол улс төрийн маш олон алдаа хийсэн хүн. Тэр алдааны нэг нь манай намын хуучин нэрийг авсан явдал. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан улстөрд шатчихаад, шатсан байдлаасаа гарах гэж тэмцэж байгаа хүн гэдгээ улам бүр харуулаад байгаа юм.

Улстөрд орон зайгүй болчихоод амь давчдаж байгаа дүр төрхийг улам л ил болгоод байна. Нэг нам байгууллаа, тэр намдаа нэр өглөө. Тэгээд өөр намын архивт байсан нэрийг нь хулгайлж байна. М.Энхсайхан улс төрд орон зайгүй болсондоо амь тэмцэж байгаа хүний л дүр төрхтэй явж байна.

Би М.Энхсайханы энэ байдлыг хараад үнэхээр харамсдаг. М.Энхсайханыг намаасаа гарахад маш их харамссан. Манай М.Энхсайхан ийм хүн байгаагүй юм аа. Монгол Улсын Ерөнхий сайд нарын нэг нь тэр байсан. Ажил хэрэгтээ бие сэтгэлээ зориулсан, элдэв улс төрийн зальхай булхай явдлаас хол хөндий хүн байсан юм.

Одоо түүнийг би таних битгий хэл хуучин М.Энхсайхан өнөөдрийн М.Энхсайханаа хараад танихааргүй болтол өөрчлөгдөж байна шүү дээ. Одоогийн түүний үзэл бодол философийг харахад гайхмаар байна. Хүмүүсийн өмчийг хураана, гуравдагч хөршийг Монголын нугаг дэвсгэрээс зайлуулна ч гэх шиг. Яг 1930-1940 оны үед зүүний үзэлтэй, коммунистууд дотроо зүүний үзэлтэй гэгдэж байсан тийм хүмүүсийн яриаг өнөөдөр яриад явж байна шүү дээ.

Коммунистын коммунист үг ярьж байна. Тийм болохоор М.Энхсайханыг манай намаас гарсанд би сүүлийн үед харамсахаа больсон.

-Яагаад?
-Ийм коммунисттай цуг байгаад яах вэ.

-Танай намын хуучин нэрийг сэргээсэнд яагаад эсэргүүцээгүй юм бэ?
-Яах юм бэ, Эргэн тойрноо самардсан тийм юмтай юм ярьж яах юм бэ. Харин ч манай намын дарга Н.Алтанхуяг энэ асуудал дээр лут байж чадлаа. Тэдэнтэй маргалдаж яах юм бэ. Улстөрд орон зайгаа олж ядан тэвдэж, амь тэмцэж байгаа хүмүүстэй маргаж суух цагийн гарз.

Зүйрлээд бод л доо. Шар хадны эмнэлгийн галзуутай эрүүл хүн очиж хэрэлддэггүй биз дээ.

-Сүүлийн үед «Улстөрд мөнхийн дайсан гэж байдаггүй. Мөнхий эрх ашиг гэж байдаг» гэдэг үг л үйлчлээд байгаа юм шиг танд санагддаг уу?
-Их л завхай улстөр бий боллоо. Улстөрчид гэдэг их завхай улсууд гарч ирлээ. Завхайрна, завхайрна гэхдээ ингэж завхайрна ч гэж байх вэ дээ гэж хүртэл бодогддог шүү. Өөрсдөдөө зориулсан их мэргэн үг хэлэх дуртай. Уг нь энэ бол улстөрд байдаг   хамгийн адгийн үг.

Мөнхийн дайсан гэж байхгүй. Мөнхийн эрх ашиг, сонирхол гэж хэлчихээд их ухаантай үг хэлсэн юм шиг дээгүүр намжир хаяхыг яана гээч. Шал тэнэг үг хэлснээ ч мэддэггүй. Энэ үг улстөрчдийн хувь заяа их шоглоомтой гэдгийг харуулж байгаа үзэгдэл болгож хувиргадаг.

Жишээ нь Ц.Нямдорж, Н Энхбаяр хоёр тэврэлдээд явж байснаа өнөөдөр хонь чоно болоод явж байна. М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёр хонь чоно байсан. Одоо тэврэлдээд явж байна. Хуучин цагийн М.Энхсайхан бол улс төрийн тактикаа зөв тодорхойлж чаддаг хүн байсан.

Одоо зүгээр л самардаад байна. Би М.Энхсайханыг харахаар маргааш дэлхий сөнөх гэж байгаа юм болов уу, эсвэл энэ хүний хувьд ертөнц зогсох гэж байгаа юм болов уу гэдгийг ердөө ойлгодоггүй. Магадгүй М.Энхсайхан өөрөө сайн ойлгож байгаа байх.

-М.Энхсайханы хувьд санасандаа хүрч байж санаа амардаг хүн. Бас юмыг мартахдаа удаан хүн болохоор нь та тэгж хэлэв үү?

-Монголд өс санадаг хүний тод илрэл нь М.Энхсайхан, Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар. Тийм л болохоор шүд зуугаад өс санадаг хүмүүсийн хооронд бөөн хэрүүл болж байна шүү дээ. Тэгэхдээ ганцхан болгоомжлол юу вэ гэвэл битгий Монголын улс төрийг хөлдөө чирчихээсэй гэж бодож байна.

 

Б.Туяацэцэг
Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

3 Comments

  • Anonymous (October 31, 2011 6:05:32 pm )

    yag vnen heljee. Bi Bat-Yyl gishvvniig demjdeg bas hvndeldeg. Sain uls torch shv tand ajiliin amjilt sain shnaiig hvsii

  • Laptop (September 10, 2013 7:29:15 pm )

    383826 6**07Real informative and amazing anatomical structure of topic material , now that

  • weiter (September 13, 2013 4:08:17 pm )

    315160 247784Keep all the articles coming. I adore reading via your issues. Cheers. 947705

antalya rent a car