УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг намуудын дунд ид өрнөж байна. Таны хувьд аль тогтолцоог нь дэмжиж байгаа вэ?
-Хоёр системийн тухайд мажоритор нь Монголын нөхцөлд илүү таарсан. Яагаад гэвэл гишүүнээ тойргоосоо шууд сонгож болдог. Тэндээс сонгогдсон гишүүн тухайн нутгийн ажил амьдрал болж байгаа үгүйг нь төрийн гал тогоонд оруулж ирж ярьдаг.
Сонгогч олонтойгоо амьд холбоо тогтоодог нь яалт ч байхгүй мажоритари систем. Харин сул тал нь сонгогчдын санал гээгдчих гээд байдаг. Огцом гаргалгаанууд гарч үүнийг дагаж элдэв ялагдлаас өөрийгөө зайлуулсан улстөрчдийн тоглоом явагддаг тал бий. Гэхдээ Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн гаргалгааг одоогийн Сонгуулийн тухай хуульд яаж тусгах нь асуудал болоод байна.
-Хоёр намаас томилогдсон зөвшилцөх ажлын хэсэг сонгуулийн холимог тогтолцоон дээр санал нэгдэж байх шиг байна. Таны хувьд намын бүлэг болоод ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж бодож байна уу?
-Яг тэгж хэлж болохгүй. Үндсэн хуульд таарсан томъёоллоо яаж гаргахыг харж байна. Пропорциональ системийн муу тал нь хүмүүс намын удирдлагын багт багтах гэж тэр хавиар эргэлддэг. Түүнийг дагасан их муу дагавартай систем шүү дээ. Хуучин болсон, болоогүй тойрог руугаа очиж, ажил амьдралыг нь ярьдаг байсан бол пропорциональ давамгайлчихвал намын байр хавьдаа л эргэлдэнэ. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг сонсох асуудал бараг хаягдана шүү. Арга ядахад мажоритар давамгайлсан холимог тогтолцоог сонгох юм байгаа биз гэж бодоод сууж байна. Ялангуяа уул уурхай, эдийн засгийн өсөлт ийм байгаа үед дарга тойрсон системийг давамгай хийчихвэл цөөхөн хүний хуйвалдаанд улс орныг аваачих аюултай. Манайхан Улаанбаатар хотын иргэн олон байна. Тойргийнхоо тоог нэмье гэж ярьдаг. Дөрвөн уулын дунд 20 гишүүн ажиллаж байна шүү дээ. Монгол том газар нутагтай, бүрэн бүтэн улс. Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байгаа малчдын малын махаар Улаанбаатарын бид амьдардаг гэдгийг бодохгүй байж болохгүй. 1.5 сая километр хавтгай дөрвөлжин газар нутгийг 1.8 сая хүнээр яаж хамгаалуулах вэ гэдэг нь тусгаар тогтнолын асуудал. Байдлыг хараад байхад цаашид нүүдлийн соёл иргэншлээс суурин руу шилжих процесс маш хүчтэй явагдаж байна. Бүгд төв суурин газар бараадаж байгаа энэ үед хүний тоог дагуулсан механик үйлдэл ярихаасаа илүү газар нутгийн бүрэн бүтэн байдлаа давхар бодох ёстой. Би нэг зүйлийг баталгаатай хэлье. Пропорциональ системийг зуун хувь сонгож, ирэх сонгуулийг явууллаа гэхэд ялагдсан нам “ёстой гоё ялагдлаа, систем нь их гоё байж, луйвар болсонгүй ” гэж алга ташихгүй нь ойлгомжтой. Сүүлийн үед явагдсан сонгуулийн маргаан бол ялагдсанаа цайруулах гэсэн улстөрчдийн увайгүй үйлдэл.
-УИХ-ын 57 дугаар тогтоолыг Оюутолгойн гэрээтэй нийцүүл гэсэн шаардлагыг хэсэг гишүүд Засгийн газарт тавиад байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна?
-Ганц заалт бий. Түүнийг тойрсон улс төр явагдаад байна. Тэр нь хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувийг 51 болгохыг ярилцана гэсэн заалт. Зардлаа нөхөх нь байтугай зарлагаа гаргаад ямар ч орлогын асуудалгүй бүтэн хоёр жил болсон төслийнхөн ажиллаад одоо л нэг 50 хувийг нь хийж байгаа. Дахиад 50 хувийг босгоход тэдэнд асар их мөнгө хэрэгтэй. Ер нь ингэж УИХын гаргасан шийдвэрийг гишүүд нь эсэргүүцээд байх юм бол цаашдаа Монголд төр тогтохгүй. УИХ-ын алтан зарчим нь олонхиороо шийдвэр гаргадаг, түүнийгээ дургүй ч байсан олон нийтэд сурталчилдаг толтолцоо. Энэ зөвхөн Их хурлын биш ардчиллын үндсэн зарчим. Таван удаагийн Их хуралд суухдаа ийм хачин парламентыг үзээгүй.
-Одоогийн Засгийн газрын олонхи нь УИХ-ын гишүүн байгаа. Үүнээс болоод Засгийн газар нь Их хурлынхаа дээр гарчихсан гэсэн ойлголт байна?
-Би Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, С.Баяр, С.Батболдын Засгийн газарт ажиллаж байсан хүн. Гэхдээ өөрийнхөө хариуцсан чиглэлээр Хууль зүйн байнгын хорооны дээр гарч үзээгүй. Хууль зүйн байнгын хороо хяналтаа тавьбал бид шалгуулдаг. Би сайд гээд Д.Одбаяр даргыг гишүүдийнх нь хамт өрөөндөө дуудаж авчраад дээр нь гарчихаад байгаа юм байхгүй. Дахиад наана чинь муу улс төр гэх юмуу богино зайны улс төр л явж байна.
-Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаа гишүүдийн дунд танай намынхан ч бий. Танай намын бага хурал хойшлоод байгаа нь нам доторх зөрчилтэй холбоотой юу?
-Зөрчилтэй байгаа учраас бага хурал хойшлоод байгаа юм биш. Цаг хугацааны хувьд эв нь таарч өгөхгүй байна. Дээрээс нь “Ард түмнээ сонсъё” аян Улаанбаатар хотод өрнөөд дуусах гэж байна. Үүний дараа бага хурлаа хийх байх. Даргадаа зуун хувь сэтгэл дүүрэн нам байдаггүй. Ардчилсан нам болон МАН-д ч тийм зүйл байдаг. Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баярын үед ч тийм л байсан. Одоо ч гэсэн тийм л байна. Жишээ нь, нам дотроо Оюутолгойн асуудлыг би нэг хувилбараар шийдье гэхэд Тэрбишдагва өөр нэг зүйл хэлж байна. Энэ бол хэвийн л үзэгдэл. Асуудал юунд байна гэхээр нэгэнт шийдвэр гаргачихсан бол түүний хойноос улиглаж муу үг шидээд байх хэрэггүй. Сонгууль дөхчихөөд явган улс төр яваад байна.
-Таныг хүчний байгууллагуудыг нэг гарт төвлөрүүлэх хуулийн төслүүд өргөн барилаа гэсэн шүүмж гарсан. Үүнд тайлбар хэлэхгүй юу?
-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас үүдэлтэй хуулийн хийдэл, дотоод зөрчил байна. Нөхцөл байдал хүндэрсэн үед хуулийн гаргалгаа хэрэгтэй гэсэн зүйлийг ажил хийж байгаа хүмүүс нь албан ёсоор надад тавьсан. Түүнийг Засгийн газарт таницуулаад дэмжлэг авсан. Тиймээс өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлчихсэн. Наад ярианы чинь цаад угшил нь Дотоод хэргийн их сургуулийг байгуулсантай холбоотой. Дотоод хэргийн их сургуулийг байгуулсанд манай зарим албад, түүний удирдлага, тэднийг хатгаж байгаа хүмүүс бий. Тэр хүмүүсийн гаргасан яриа. Дотоод хэргийн их сургуулийг байгуулахаас өөр аргагүй байна. Хуучнаар бол Цагдаагийн академи, бас Тагнуулын ерөнхий газар хажуудаа 20 оюутан, 25 багштай зуун ямаанд жаран ухна гэдэг шиг юм байсан. Ё.Отгонбаяр сайд төрийн өмчийн их дээд сургуулийг нэгтгэх арга хэмжээний төслийг оруулж байсан. Иймээс хууль хүчний сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох санал, оруулж ир гэж Засгийн газраас Ё.Отгонбаяр, Л.Болд бид гуравт даалгавар өгсөн. Би өөрийнхөө чиглэлийн жижиг сургуулиудын талаар судалгаа хийсэн. Ингэхэд нэгтгэж манай чиглэлийн долоо найман төрлийн мэргэжлийг нэг сургууль дээр бэлтгэх шаардлага харагдсан учраас дээрх шийдвэрийг гаргасан. Үүнд л хүмүүс эмзэглээд, Ц.Нямдорж хүчний байгууллагыг өөртөө авч бараг л төр эргүүлэх гэж байна гэсэн яриа гаргасан.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 13, 2011 10:26:45 pm )
jinhen umhii
-
Anonymous (October 14, 2011 5:50:27 am )
5 uda 20 jil suuchihaad hiisen buteesen zuil bbhgui uvsiin muu dorvod,zailbal taarna
-
Anonymous (October 15, 2011 7:31:28 pm )
ene mal ih hurald 5udaa suuj baigaa ni mongoliin tur hyadadiin haraat bolsonii batalgaa shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!
3 Comments