antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2011 Comments are off

М.Энхсайхан: Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөө гэж дууддаг

нийтлэсэн Admin

МҮАН-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.

-Яагаад намынхаа нэрийг өөрчлөх болов?

-ҮШН таван жилийн өмнө байгуулагдсан. Мартагдаад байсан үндэсний үзлийг улстөрийн эргэлтэд оруулах зорилготой анх энэ намыг байгуулж байлаа. Үндэсний ардчилсан шударга ёсны үзэл бол манай намын тулгын гурван чулуу байв. Үндэсний үзлийн талаар олон нийтэд зөвөөр ойлгуулахын төлөө ярьж байсан. Тэгээд өнөөдөр эргээд хартал бид чамгүй их ажил хийжээ. Монголчууд үндэсний үзэл гэж хэлэхээс айдаг байсан бол одоо өөрчлөгдсөн байна. Тэгэхээр ҮШН зорилгоо биелүүлсэн. Тиймээс нэрээ өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн юм.

Ардчиллын амин сүнс бол олон намын тогтолцоо. Энэ нь хэлбэрийн хувьд олон намууд байгуулагдахдаа биш Монгол Улсын ирээдүйн хөгжлийн асуудлаар оюун ухаанаар өрсөлддөг байхдаа оршдог юм. Харамсалтай нь, МАНАН гэдэг засаглалын хамгийн том аюул нь оюун ухааны өрсөлдөөнийг үгүй хийж байна. Тэдний мөнгө төгрөг идэж байгаа нь надад хамаагүй л дээ. Хамгийн гол нь намууд нь шударга өрсөлдөөнгүй, цэгцтэй, цогт бодлогогүй үхмэл байдалд орчихож. Энэ бол үндэстнийг мөхүүлж байгаа хэрэг. Үүнээс гарах гарц нь олон намын тогтолцооны хөгжлийг оюун санааны өрсөлдөөнд оруулж, ардчиллын гол үнэлэмжийг баримтлалаа болгох нь чухал. Тиймээс бид монгол үндэстэнд монгол бодлого хэрэгтэй гэсэн санааг гаргаад байгаа юм. Ардчилсан үзэл санааг тээгч нь бид байх учиртай гэж үзсэн учраас Ардчилсан гэдэг нэрээ авах ёстой гэсэн юм.

-МҮАН өмнө нь байсан. Одоо энэ нэрийг танай нам авч байна. Бүртгүүллээ гэхэд МАХН-тай адил маргаан үүсэх юм биш биз дээ?

-Тийм зүйл байхгүй. Бидний хувьд намынхаа нэрийг өөрчилж байгаа юм. МҮАН гэдэг нэрийг 2000 оноос хойш ямар ч улс төрийн нам аваагүй. Ийм нэртэй нам Дээд шүүхэд бүртгэгдээгүй. Тиймээс энэ нэрийг авах эрх зүйн орчин бий. МҮАН гэдэг нэрийг авах эрх ч бидэнд бий.

-Таныг Ардчилсан намын дарга байх үед улс төрийн намууд эрүүл өрсөлдөөнтэй байсан гэж үү?

-Ардчиллын эхний үе шатуудад том намуудад үндэсний эрх ашиг, мэдрэмж гэдэг зүйл байсан. Тэдний өрсөлдөөн оюун ухаанаар хурцлагдаж байсан. Эдийн засаг, зах зээл хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдрал харилцан адилгүй болсон. Гэвч энэ нугачаанд том намууд мөнгөнд толгойгоо мэдүүлж, үнэлэмжээ гээгээд оюун ухаанаар өрсөлдөхөө больж, олигархижсан юм. Түүний дутууг нөхөх гэж жижиг намууд байгуулагдаад байгаа юм шүү дээ. Үндэсний шинэ нам ч гэсэн үндэсний эрх ашиг гэдэг мэдрэмжийг тээж ирсэн.

Үнэндээ Ардчилсан намын мөнгөний төлөө улайран зүтгэх үйл ажиллагаа, бодлогыг дэмжээгүй хүмүүс Үндэсний шинэ намын анхны суурийг тавьж, нэгдэцгээсэн шүү дээ. МАН, МАХН гэж тусгаарлагдаж байгаа нь сонин биш. Н.Энхбаяр, С.Батболд хоёрын хэн нь үндэсний эрх ашгаа гэх гэж байгаа нь асуудал юм. Харин бид эцсийн дүндээ жинхэнэ монгол нам үүсгэх тухай ярьж байгаа. Өнөөдөр улс төрийн намуудад монгол үзэл дутаад байна. Монгол Улсад монгол нам үгүйлэгдээд байна. Бид улс төрийг ойлгохдоо барууны, зүүний нам гэж ярьдаг. Энэ бол том төөрөгдөл юм.

-Тэгэхээр танай нам бол монгол нам байна гэсэн үг үү. Монгол намын бодлого ямар байх юм бэ?

-Харамсалтай нь монголчууд үндэсний эрх ашгийн талаар ойлголтгүй байна. Өнөөдөр үндэсний эрх ашиг гэдэг үгийг Үндсэн хуулиас эрээд ч олохгүй. Бид гадныхныг дээдэлж, тэдний туршлагыг өөрийн юм шиг авдаг гэнэн ард түмэн болчихоод, нөгөө талаар золиослогдчихоод байгаа л даа. Үүнээс болоод өөрийнхөө баялгийг алдаж, монгол гэж тооцогдохгүй болжээ. Үнэндээ монгол үндэсний эрх ашиг үгүй болж. Тэгэхээр үндэсний эрх ашгаа сэргээх цаг нь болсон. Үндэсний эрх ашгаа мэдэрдэг хүмүүс монгол бодлого явуулж чадна. Бид өөрсдийн эрх ашгаа мэдрэхгүй байж ертөнцийн зүйлүүдийг гайхан биширч ярьдаг болоод байна. Үүнийг өөрчлөхийн тулд 1992 онд баталсан Үндсэн хуульдаа бүрэн өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Та шинэ Үндсэн хуулийг боловсруулсан байх аа. Хоёр танхимтай парламент байгуулахаар улс төрийн намуудтай зөвшилцөөд байсан. Юу болсон бэ?

-Энэ бол манай намынхны хувьд ойлгомжтой асуудал. Хамгийн гол нь үүнийг нийгэм ойлгох хэрэгтэй. Энэ өөрчлөлтийн төлөө саналаа өгөх хэрэгтэй. Одоогийн төрийн тогтолцоогоор бол төрийн дээр хоёр нам гарчихсан. Нам нь өөрөө олигархи, үнэлэмжгүй ертөнцийн хүмүүсээр дүүрсэн байна. Тэдэнд монгол хүний хувь заяа чухал биш. Өөрсдийнх нь эрх ашиг илүү чухал болжээ. Үүнийг өөрчлөхийн тулд манай нам алхам алхмаар асуудлуудыг дэвшүүлж байсан. Хоёр танхимтай парламентын тухай, Ерөнхийлөгчийн засаглалын тухай тодорхой саналууд дэвшүүлсэн.

1992 онд манай Үндсэн хуулийг үндсэндээ америкчууд хийж өгсөн. Стратегийн орд газруудыг ашиглахад ч эдийн засгийн тал дээр ч гадаадын улс төрийн “алуурчид” бидний тархийг угааж байна. Манай яам тамгын газруудад гадаадын 30-аад төсөл бий гэсэн. Үүний тал хувь нь Монголын шийдвэр гаргагчдын тархийг угаасан төсөл явж байгаа. Ардчилсан нам, Ардын намд гадны намууд тусламж үзүүлж байна гээд тархийг нь угаадаг. Энэ бүхнийг бид үргэлж анхааруулсаар ирлээ дээ.

-Үүнийг өөрчлөхийн тулд танай нам бодитой яаж ажиллах гэж байна?

-Шинэ Үндсэн хуулийн төслийг бүтнээр нь бичээд хэвлүүлж тараасан. Сонирхож байгаа хүмүүс үзэх хэрэгтэй. Өөрийгөө сэхээтэн гэж бодож байгаа бүх хүн үүнийг унших хэрэгтэй. Гэхдээ нарийн яривал Монголд жинхэнэ сэхээтэн байна уу гэж асуумаар санагддаг.Үндэсний эрх ашиг, өөрийн эрх ашгаа юу болохыг мэдэрсэн, сэхээрсэн, гэгээрсэн хүнийг сэхээтэн гэдэг юм. Түүнээс биш зүгээр их сургууль, курс төгсөөд диплом авчихаад өөрийгөө сэхээтэн гэж нэрлэхгүй. Харамсалтай нь Монголын өнөөдрийн сэхээтнүүд үлбэгэр, арчаагүй байна. Энэ байдлаар бол үндэстэн устана.

-Энэ бүхнийгээ өмнө нь яагаад яриагүй юм бэ. Та хэсэг чимээгүй байж байгаад сонгууль дөхсөн үед улс төрд хүчтэй орж ирье гэж төлөвлөсөн юм уу?

-Цагийн юм цагтаа гэдэг дээ. Өнгөрөгч 2008 оны сонгуулиар сонгогчид намайг улс төрөөс зайлуулж өгсөнд баярлаж байгаа. Яагаад гэхээр өнгөрснөө дүгнэж харахад цаг хугацаа хэрэгтэй байдаг юм байна. Амьдралд их ойрхон болж, буцаад шинээр ирнэ. Харин улс төртэйгээ зууралдсаар байвал өнгөрснөө харж ухаарах цаг зав олддоггүй юм болов уу. Тиймээс би хэсэг чимээгүй байсан цаг хугацааг зүгээр өнгөрөөгөөгүй. Маш олон юм үзлээ, олон ч газраар явлаа, түүнийхээ үр дүнд олон санал дэвшүүлсэн. Монголд юу нь зөв, юу нь буруу байгааг харж тунгаасан. Тиймээс бид цэгцтэй системтэйгээр өөрчлөлт хийх тэр үзэл баримтлалтай болж иржээ.

-Өнгөрснөө эргээд харахад алдсан зүйлүүд хэр байна?

-Байлгүй яахав. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол Улс бол дэлхий ертөнцийн нэг жижиг хэсэг болчихож. Дэлхий ертөнц тэр аяараа алдаа гаргаж байгаа. Монгол Улс түүнээс ангид байна гэж үгүй. Харин ертөнцийн алдааг Монгол ганцаараа засна гэж байхгүй. Хамгийн гол нь монголчууд бид нэг үндэстэн учраас эмх замбараагүй эсвэл хэт эрх чөлөөтэй гэж болмоор энэ ертөнцөд монгол бодлогоороо ялгарч, хожих болно. Хүнд толгойгоо мэдүүлээд явбал монголчууд устах аюулд орно.

-М.Энхсайханы Засгийн газрыг огцруулаагүй бол их ажил амжуулах байсан гэж сайшаах хүн ч байдаг юм бил ээ. Та юу гэж бодож байна вэ?

-Түүхийг ингэж таамаглаж ярих нь утгагүй юм. Болох ёстой зүйл болдгоороо болсон гэж би боддог. Манай Засгийн газарт сайн ч юм бий, муу ч юм бий байх. Одоо энэ тухай ярих цаг биш. Ирж байгаа цагаа бодож даяаршиж байгаа энэ нийгэмд учирч байгаа аюулыг давахын төлөө нэг үндэстэн болж бүгдээрээ нэгдэх ёстой байна. Зөвхөн манай нам ч гэлтгүй улс төрийн хүчнүүд бүгдээрээ нийлээд ч дийлэхгүй том аюул бидэнд нүүрлээд байна. Аюулыг бид нүдэнд харагдах хуй салхи мэт төсөөлөөд байна. Гэтэл газар доогуур сэмхэн шаталт явагдаад байна шүү дээ. Үүнийг л анхааруулаад байгаа юм.

-МАХН-ын нарийн бичгийн даргын албан тушаалаас түдгэлзсэн С.Молор-Эрдэнэ гэдэг залуу ажлаа өгсөн нь МАХН-ын дарга Н.Энхбаяр та хоёроос болсон гэсэн. Учир нь Монголын нийгмийг өнөөгийн хямралд хүргэх эхлэлийг тавьж том гай тарьсан хүмүүс нь та хоёрыг гэж үзсэн болохоор хамтрахгүй гэсэн юм шиг байгаа юм. Та юу хэлэх вэ?

-Яахав дээ. Тэр бол С.Молор-Эрдэнийн хувийн бодол биз. Хүмүүсийн нийгмийг харах үзэл янз янз шүү дээ. Тийм учраас түүний үзэл бодлыг би хүндэтгэж байна.

-Та АН-ын томоохон кадр байсан хүн. Харин одоо МҮАН-ыг толгойлоод гараад ирэхээр магадгүй АН-ынхан сүрдэж байж мэднэ. МАХН-аас МАН-ынхан айж байгаа шиг…

-Би АН, МАН хоёрыг динозавр гэж нэрлээд байгаа юм. Динозавр бол жижигхэн өндөгнөөс гарч аварга том болтлоо өсдөг, хөдлөхөөрөө хэнийг ч дарж алчих гээд байдаг амьтан. Гэвч тархи нь шувуутай л адилхан өчүүхэн бодол сэтгэхүйтэй. Тиймээс бие нь томорсоор байгаад байгальтайгаа зөрчилдөөд устаж үгүй болдог. Монголын хоёр том гээд байгаа намыг энэ амьтантай зүйрлэж байна. Энэ хоёр нам ийм байж болохгүй. Ардчилсан үзэл санааг динозавр намууд тээж чадахгүй байна. Тэдний хооронд оюун ухааны өрсөлдөөн алга. Тиймээс Ардчилсан үзэл санааг манай намынхан тээж, авч явах ёстой юм байна гэж үзсэн. Хуучин МҮАН-ын гишүүн байсан олон хүн бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаа. Угаасаа АН-ыг байгуулагдаж байхад МҮАН-ын олон гишүүн АН-д оролгүй хоосон орон зайд байсан. Тэр хүмүүстэй бид хамтарч ажиллана гэж бодож байна.

-Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж дарга нь болсон. Та МҮАН-ыг нэг ёсондоо байгуулж дарга нь болсон нь адилхан нэг зохиолоор яваад байх шиг. Тэгэхээр намдаа гомдсон та хоёрыг өс хонзон нэптэчихэв үү? -Хатуу л үг юм даа. Гэхдээ зарим талаасаа зөв байж болох юм. Хэн нь монгол нам болж эрх ашгаа хамгаалах гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг бид яриад байгаа. Энэ асуудал дээр улстөрчдийн маргаан байгаа. Тиймээс хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн өөрсдөө харж сонголтоо хийг. Би АН-ын дарга байхдаа Н.Энхбаяртай бишгүй л үзэлцэж байлаа.  Гэвч өнөөгийн нөхцөлд Монголын эрх ашгийн төлөө явж байгаа хэнтэй ч хамтарч ажиллаж чадна. Тухайн хүн ямар байх нь надад сонин биш. Би холын эрх ашгийн төлөө хамтрах хүмүүсийг хайж байгаа. Тэр нь Н.Энхбаяр байна уу эсвэл бусад улс төрийн хүчин байна уу хамаагүй хамтрахад бэлэн.

-АН-тай ч гэсэн үү?

-Ялгаагүй.

-Н.Энхбаяр дарга та хоёр хэзээнээс ийм ойр дотно болсон юм бэ?

-Бие биеэ сонин хэвлэлээр муулж байсан нь бид хоёр хэзээнээсээ харил-цаатай байсныг илтгэх юм биш үү. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад нь дөхөж суугаад ярилцах боломж олдож байсан. Энэ хүнийг олон зүйл дээр буруу бодож байж дээ гэдэг дүгнэлтийг тухайн үед хийж байлаа. Тэр бол Монголын өмнө байгуулсан гавьяатай хүн.

-“Эх орны хишиг”-ийг та хоёр санаачилсан гэлүү?

-Тэр ч үнэн. Ерөнхийлөгч энэ нэр томъёог хэлж байсан. Ер нь уул уурхайн баялгийг ард түмэндээ хуваарилах ёстой гэдэг үзэл санаатай нэгдэж байлаа. Гагцхүү ажил хэрэг болгох нь хамгийн чухал байсан юм.

-Н.Энхбаяр даргыг та Ерөнхийлөгч гэж дууддаг юм уу?

-Тийм. Түүнийг би Ерөнхийлөгчөө гэж дууддаг юм. Хүмүүс ойлгодоггүй юм шиг байна лээ. Гадаадад Ерөнхийлөгч байсан хүнээ албан тушаалаасаа буусан ч Ерөнхийлөгчөө гэж дуудацгаадаг. Энэ бол сайхан соёл. Монгол төрийн тэргүүн байсан хүнийг монголчууд нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар эсвэл хуучин гэж ярих ёсгүй л байхгүй юу. Тийм учраас Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэж мөнхөд яригдах ёстой. Ингэж байж монгол үндэстэн нэгдэнэ.

-Ерөнхий сайд ч адилхан гэсэн үг үү?

-Ерөнхий сайдыг ч тэгж хэлдэг. Гэхдээ төрийн тэргүүнээ хүндэлдэг байх учиртай. Би өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчийн талаар нэг ч муу үг ган хийхгүй. Энэ бол том соёл юм. Ажил хийж байгаа хүнд муу үгийн хэрэг байхгүй. Мэдээж сонгууль дөхөөд ирэхээр яаж ажилласан дүнг нь сонгогчийн хувиар хэлэх болно.

-Таныг мөнхийн Ерөнхий сайд гэж МАХН-ын хурал дээр өргөмжилж байсныг санаж байна?

-Үүнийг дэгсдүүлээд цааш нь янз бүрээр ярьж болно. Надад гоё цол чимэг, албан тушаалын хэрэг байхгүй. Монгол үндэстэн устахгүй байх хөгжилтэй ирээдүй чухал байна.

-Ирэх сонгуульд МАХН, МҮАН эвсэл болоод ороход МАНАН-ын нэлээд хүчтэй өрсөлдөгч болж магадгүй юм…

-Тэрийг одоо таамаглаад яахав. Яараад ч дэмий. Улс төрийн нам эвслүүд тодорхой зорилготой эвсэх нь зүйтэй байгаа юм. Үгүй гэвэл бид динозавр намаас ялгарахааргүй болно.

-Та АН-аа эргээд муучлаад байх нь зохимжгүй хэрэг гэж бодож байгаагүй юу?

-Би ерөөсөө муучилж гоочлоогүй. Миний амнаас нэг ч тийм үг гараагүй. Сонин сэтгүүлээс хайгаад ч олохгүй. Харин тэдний үзэл санааг нь шүүмжилж байсан. МҮАН байгуулагдсаны дараа АН “Төгс Ардчилал”-ыг хэрэгжүүлнэ гээд яриад эхэлсэн. Энэ бол оюун санаа нь хомс байгаагийн шинж. Үүнийг би шүүмжилнэ. Яагаад гэвэл угаасаа төгс ардчилал гэж байдаггүйг ертөнцийн хүмүүс ярьдаг. Европт алдартай ардчилал судлаач Сартори “Төгс ардчиллыг шаарддаг хүмүүс ардчилалд аюул занал учруулж устгана” гэж хэлсэн байдаг юм. Үүнийг хэлмээр санагдаж байна. Ардчилсан үзэл санааг хамгаалах нь миний үүрэг. Тиймээс АН-ынханд хатуу үг хэлэх цаг ч ирнэ.

-Хэзээ?

-Харж л байя. Тэдний өөрсдийнх нь хэр ухаарахаас шалтгаална.

-АН-ын алдааны нэг хэсэг ч тантай холбоотой байх аа?

-Үгүйсгэхгүй. Гэхдээ цаг хугацаа асар хурдан өөрчлөгдөж байна. Ийм байхад аль 90-ээд оныхоо сэтгэлгээ, үзэл бодлоор яваад байж болохгүй. Хэрэв тийм бол динозавр болохоос өөр яах билээ.

-АН-даа эргээд орох боломж танд байсан болов уу?

-АН-ыг өөрчилье гэж зөндөө оролдсон. Гэвч намаасаа хөөсөн шүү дээ. Намайг АН-аас гарсан гэж ярьдаг юм. Үүн шиг алдаа байхгүй. Нэгэнт хөөгдсөн учраас эргэж очих боломж байхгүй, үзэл бодол нэгт нөхдүүдтэйгээ нам байгуулаад явсан.

Я.Мөнгөнцэцэг

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

Comments are closed.

antalya rent a car