Монгол нэг үе халамжийн улс болж хувирсан эмгэнэлтэй түүхийн ор мөр одоо ч арилаагүй байна. Яагаав, нэг нам нь хүүхдийн мөнгө өгөх санаачилга гаргаж, ирээдүй хойч болсон үрсдээ төр гараа сунгая гэж шийдсэн.Гэтэл өөр нэг нам нь шинээр гэр бүлсэн залуу хосод 500 мянган төгрөг өгөхөөр шийдсэн. Өөр юу юу ч бил ээ дээ, байз. Ингэж халамжаар уралдаад, сонгуулийн дараа бүгд л амласан мөнгөө өгөх гэж улсад орж ирсэн бүхий л орлого мөнгийг цацсан даа. Бүх мөнгөө иргэдээ халамжлахад зориулчихаад, зам, барилга, цэцэрлэг, сургууль гээд бүхий л бүтээн байгуулалтаа хойш нь тавьсан.
Энэ жилүүдийг хавтгайрсан халамжийн жил гэж нэрлэж байв. Үнэхээр хавтгайрсан. Тиймээс сүүлийн хэдэн жил халамжийг танах бодлого барьж байгаа. Бүр хүүхдийн мөнгийг хүртэл хасч, танах юм байх аа. Яах вэ, халамжийг танах нь зөв. Угаасаа нийт халамж хүртэгсдийн 28 хувь нь баячууд байна гэсэн судалгаа ч байдаг юм билээ. Хүүхдийн мөнгө авах ямар ч шаардлагагүй баячууд Монголд олон байгаа. Том том компанийн захирлууд, УИХ-ын эрхэм гишүүд, сайдууд, дарга нар хүүхдийн 20 мянгаар дутаад байхгүй нь ойлгомжтой. Тийм болохоор халамжийг шаардлагатай хүнд нь л өгмөөр байна. Харин шаардлагатай хүн гэдэгт хэнийг багтаах ёстой вэ. Халамжийн бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байна.
Манайхан болохоор амьжиргааны төвшин тогтоож, түүнийгээ үзүүлэлт болгон халамжийг, хүүхдийн мөнгийг өгөхөөр болоод байгаа. Гэхдээ амжиргааны төвшин тогтоож байгаа арга нь үнэхээр элгийн. Айлд ороод, өнгөт зурагттай, хөргөгчтэй, печьтэй бол боломжтой гэсэн жагсаалт руу оруулж байх жишээтэй. За тэгээд машинтай бол шууд баячуудын эгнээ рүү шилжинэ. Лизингээр аваад, түүгээрээ амьдралаа болгох гээд явж байгаа хүн үү, эсвэл шууд авсан уу гэдгийг судалдаггүй. Ер нь л ямар ч судалгаагүй ажиллаж байгаа шүү дээ. Төсвийн байгууллагад ажиллаад, сардаа 500 мянган төгрөгийн цалинтай бол тэгээд л баячуудын эгнээ рүү шидэгдэх гээд байна. Гэтэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сардаа хэдэн саяар нь эргэлдүүлдэг хүн тогтсон цалингүй гэвэл ядуусын эгнээ рүү унах жишээтэй.
Ингэж амьжиргааны төвшин тогтооно гэж юу байх вэ дээ. Нөгөө халамжийг зорилтот бүлэгт хүргэх, шаардлагатай хүнд нь өгөх гэдэг энэ байдлаараа “хуцав аа” болж байх шиг байна. Энд ганцхан жишээ татъя. Сонгинохайрхан дүүргийн Толгойтод амьдардаг нэгэн эмэгтэй 10 дугаар ангийн хүү, гуравдугаар ангийн охины хамт амьдардаг аж. Хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй. Энэ эмэгтэй нурууны хатингаршил гэх өвчтэй бөгөөд их удаан байснаас болоод цооролт үүсч, өвчин нь хүндэрсэн. Түүнийг Санжидхорлоо гэдэг юм билээ. 37-хон настай энэ эмэгтэйг өвчтэй болсноос нь хойш нөхөр нь хаяад явчихаж. Тийм болохоор одоо өрхийн орлого байхгүй.
Түүний аав ээж гэх настай хөгшид зуслангийн байшин манаж олсон хэдэн төгрөгөө охиныхоо эм тариа, хоол хүнсэнд бага сага нэмэрлэдэг юм билээ. Түүнийг эргэж очиж, эмчилсэн түргэний эмч хөөцөлдөж байж халамжид оруулж өгсөн байгаа юм. Харин хүнсний талонд оруулж өгөх гэсэн боловч түүнийг дээд боловсролтой, өөрийн гэсэн хашаатай гээд оруулахаас татгалзсан байна. Халамжийнхан ийм л харалган байна. Хүн дээд боловсролтой, мэргэжилтэй байж болно. Хашаатай ч байж болох. Гэтэл өвчин тусаад, хэвтэрт орчихоод, яая гэж байгаа хүнийг эрүүл байхдаа эзэмшсэн дээд боловсрол, элдэв юм болж байж авсан хашааных нь төлөө баяны ангилалд оруулж, халамж өгөхгүй байна гэдэг байж болох уу.
Хашаатай хүн өвдөж, хавдаж болохгүй нь л дээ. Монголын халамжийн тогтолцоо ийм байна. Халамжийнхан үнэхээр харалган, тэнэг гэхэд дэндүү тэнэг байна шүү дээ. Гэтэл өнөөдөр гэр бүлийн хоёр хоёулаа цоо эрүүл, залуу хүмүүс байхад ядуу гэдэг ангилал руу аваачиж хийчихээд, халамж өгөөд л байж байна. Уг нь эрүүл саруул, ажил хийх боломжтой хүнд өгч байгаа халамжаа өвчтэй, хэвтэрт байгаа энэ мэт хүмүүст өгдөг баймаар юм. Үүнийг ойлгохгүй тэнэгүүдээр халамж дүүрчихэж. Эсвэл мэдсээр байж танил талдаа өгч, өөрсдөө “иддэг” бололтой. Энэ мэт асуудлаа эрхэм дарга нар нэг хармаар юм.
Холбоотой мэдээ
-
ард (December 22, 2015 6:02:02 pm )
Сайханбалаг үхвэл таарна
-
Монгол (December 22, 2015 6:17:42 pm )
20000 -ын халамж чинь угаадас өгч байгаа юм шиг их л нэмэр болдог доо,ядуучуудад.АН-ынхан авч идэж өөрснөө баяжихаа бодохоос хүнд гар сарвайхаас цээрлэдэг.
-
zulaa (December 23, 2015 10:28:31 am )
баян хүүхэд ядуу хүүхэд гэж байхгүй шүү
-
unshigch (December 24, 2015 10:37:25 pm )
Hurgugch zuragttai gd huudin mongo hasdag buruu. Bugd huuhed sh de heze ch huuhdg yalgadgui bsan odo l yalgaj bn.
4 Comments