УИХ-ын нэгдсэн чуулганаар өршөөлийн тухай хуулийг эцэслэн баталсан. Улмаар 2500 гаруй хоригдол энэхүү хуульд хамрагдан эрх чөлөөтэй болж байгаа юм. Тэднийг энэ долоо хоногт багтаан суллаж дуусна. Хоригдлуудыг суллах, гэрт нь хүргэх болон бусад зардалд улсын төсвөөс нийт 130 гаруй сая төгрөг зарцуулж байгаа юм. Ингээд Өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс тодрууллаа.
-Өршөөлийн хууль яг хэзээнээс хэрэгжиж, хоригдлуудыг суллаж байна вэ?
-Өршөөлийн хуульд хамрагдаж буй иргэдийг өчигдрөөс эхлэн шүүхээс суллаж байна. Суллах үйл ажиллагаа энэ баасан гараг хүртэл үргэлжилнэ. Орон нутагт суллагдсан ялтнуудыг Улаанбаатар луу тээвэрлэх үйл ажиллагаа өнөөдөр явагдаж байна. Ялтнуудыг нэгдсэн журмаар Зайсан дахь хорих 401 дүгээр ангид авчран нутаг орон руу нь явуулна.
-Жишээ нь, нутгаасаа өөр аймагт ял эдэлж байгаа ялтныг яаж хүргэж өгнө гэсэн үг вэ?
-Хэнтий аймагт ял эдэлж байгаа Увс аймгийн харьяат иргэн байх юм бол түүнийг өнөөдөр Хэнтийгээс Улаанбаатар хотод авчирна. Тэгээд маргааш Увс аймаг руу хүргэн тээвэрлэх ажиллагаа явагдана. Харин зүүн бүсийн нутагт амьдардаг ялтан тухайн бүсэд байгаа хорих ангид ял эдэлж байвал заавал Улаанбаатарт авчралгүйгээр тэндээс нь орон нутаг руу нь хүргэнэ.
-Нийт хэчнээн хоригдол суллагдаж байгаа вэ. Түүнээс хэд нь хөдөө орон нутгийн иргэд байна вэ?
-Одоо хоригдож байгаа 6000 гаруй ялтнаас 3000 орчим нь Өршөөлийн хуульд хамрагдаж байна. Эдгээрээс 2000 орчим ялтан суллагдана. Суллагдаж байгаа ялтнуудын 800-900 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт хүргэгдэнэ.
–Хуулийн хэрэгжилтийг хоёр төрлөөр хэрэгжүүлнэ гэсэн. Нэг нь хорих ял эдэлж байгаа нөгөө нь цагдаагийн байгууллагын хяналтад байгаа этгээдүүдэд хамаарна. Тэгэхээр цагдаагийн хяналтад байгаа хүмүүсийг Өршөөлийн хуульд хэрхэн хамруулах вэ?
-Энэ хууль 2015 оны долоодугаар сарын 02-ноос өмнө үйлдэгдсэн бүх зөрчил гэмт хэрэгт үйлчилж байгаа. Хориг тавигдаагүй байсан учир захиргааны зөрчлийн шинжтэй арга хэмжээнүүд өмнө нь шийдэгдсэн гэж ойлгож болно. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ял шийтгэлтэй улсуудын хэргийг хоёр хуваагаад өршөөлийн үйл ажиллагаа явуулж байна. Эхний ээлжид хорих ял эдэлж байгаа хүмүүсийг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүсийн асуудлыг хууль гарснаас хойш түр түдгэлзүүлсэн байгаа. Эдгээрт өршөөл үзүүлэх ажиллагаа мөн шүүхээр шийдэгдэх учраас ирэх долоо хоногоос шийдвэрлэнэ.
-Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хичнээн хүүхэд ял эдэлж байгаа вэ. Түүнээс хэд нь суллагдаж байгаа вэ?
-Хүүхдийн хорих ангид ял эдэлж байгаа 27 хүүхдийн долоод нь энэ хууль үйлчлэхгүй. Харин үлдсэн 20 хүүхэд нь суллагдана.
Б.Чимэг
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 05, 2015 10:12:37 am )
ajlaas homrogolon halahtai adil vil bolohnoee,,urshuuld hamragdaad garch bg hvvgiin eh /odoo nuguuhmaani ireed tom gawiyaa baiguulaad irsiimshig arhia uuj agsan tawinadaa yadag bilee gej suunalee iiml setgegdeltei ter hvmvvsiig ugtahiim bnlee..
1 Comment