-Тавантолгойн гэрээний алдааг засахын тулд Засгийн газрыг “засах” зэргийн золиос хийх хэрэгтэй-
Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлах ёстой гэж үзсэн 40 гишүүн гарын үсэг зураад байгаа гэдгийг УИХ-аас байгуулагдсан Тавантолгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хэлсэн. Тэрбээр, лицензийг монголчуудад өгсөн гэчихээд цаагуураа бүх эрх мэдлийг төслийн компани “Шенхуа”, “Энержи ресурс”-ийнхэн авч байна гэдгийг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлан ярьж буй. Үнэндээ лиценз чухал боловч одоо хийх гэж зүтгүүлээд байгаа гэрээнд тусгаснаар бол лиценз гэдэг нь үнэ цэнэ, үр ашиггүй хоосон цаас болчихоод байна. Үр ашиг нь лицензгүй л болохоос хөрөнгө оруулагчдын талд орчихоод байгаа юм.
Л.Эрдэнэчимэг гишүүн “Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний анх орж ирсэн хувилбараараа бол 30 жилийн хугацаатайгаар төслийн компани буюу Хятадын Шинхуа, Энержи Ресурс компанийн харьяанд төмөр замаа өгөөд 30 жилийн дараа 49 хувийг нь Монгол Улс эргүүлж авна. Үүнд бид өөрчлөлт хийж анхнаасаа 51 хувь нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэдэлд байх ёстой гэж заасан. Угаасаа 30 жилийн хугацаатайгаар төмөр замаа концессоор өгөөд дараа нь 49 хувиа авна гэдэг нь Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг зөрчсөн хэрэг. Товчхондоо тэр гэрээ маш олон хуулийг зөрчсөн гэрээ байсан” гэжээ.
Үүнд ямар хуулиудыг яаж зөрчсөн бэ гэдгийг энд тайлбарлая. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.1.4-т “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ”гэжээ. Мөн дээрх үзэл баримтлалын 3.2.2.5-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэлх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг бүрдүүлнэ” гэж заажээ.
Мөн УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолд “”Эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой шинээр барих төмөр замын суурь бүтцийг Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу төрийн өмчид байлгах гэж заасан байна. Үүнд хувь, хэмжээ заагаагүй бөгөөд уг тогтоолын хамгийн товч тодорхой хэсгийг дурьдлаа. Харин уг тогтоолын 2.2 болон Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын2.2.3, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжүүдийг үндэслэн Засгийн газрын 121 дүгээр тогтоолыг баталсан. Засгийн газрын 121 дүгээр тогтоолын 1-д “…Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 3.2.2-т заасан эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзээд уг төслийг гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулагчтай хамтарсан тусгай зориулалтын компани байгуулах замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-д даалгаж мөн чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг ч тус компанид олгосон. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор дээр дурдсан төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон юм.
Цаашилбал, Концессийн тухай хуулийн 17.1.1-д “уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн бол шууд гэрээ байгуулах аргаар концессийг олгож болно гэж хуульчилсан.
УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2 Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого гэсэн хэсэг бий. Үүнд 3.2.2.2-т “Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байх бодлого баримтална. Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтална” гэж заасан байдаг. Энэ бол “Чалко”-гийн гашуун сургамжтай тун холбоотой гаргасан үзэл баримтлал, цаашдын чиглэл юм уу гэмээр харагддаг.
Эдийн засгийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын гол тулгуур бөгөөд зах зээл нь экспорт, импортоос хэт хараат байгаа өнөөгийн нөхцөлд уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь 2010 онд 81.3 хувь, 2013 онд 94 орчим хувьтай байна. Үүнээс БНХАУ-ын экспорт 70 орчим хувийг, тэр тусмаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 25 хувийг нүүрс дангаараа эзэлж буй. Энэ бол өөрчлөхөд амаргүй өгөгдөл гэж хэлж болох юм. Гэтэл экспортын зонхилох бүтээгдэхүүн болсон нүүрсээ худалдан авагч цөөн, боловсруулалтгүй хямд худалдаалдаг зэргээсээ болж баялгаа үнэгүйдүүлж эдийн засгаа эрсдэлд оруулаад байна. Эрсдэлээс гарах бүхий л арга замыг эрэлхийлж буй ч энэ нь хуулийн хүрээнд байх нь тусгаар тогтнолын маань бас нэгэн баталгаа билээ. Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ” хэмээн тунхагласан.
Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.5 Гадаад худалдаа интеграцийн бодлого гэсэн хэсгийн 3.2.5.1-д “Цөөн зах зээл, цөөн нэрийн бүтээгдэхүүний экспорт, импортоос хэт хамааралтай үндэсний эдийн засгийн эмзэг байдлыг бууруулна” гэж заасан.
Шинээр барих төмөр замын төслийн санхүүгийн зөвлөх BNP Paribas банкны 2014 онд гаргасан санхүүгийн загвараар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 1 тонн км-ийн тээврийн тарифыг 3.8 центээр тооцоход төслийн өгөөж 14 хувь болж, хөрөнгө оруулалтаа 12 жилд нөхнө гэсэн тооцоо гарсан байна. Үүнтэй Австралийн “Айком” компанийн 2013 онд гаргасан ТЭЗҮ-ийг харьцуулахад: уг төмөр замын эдийн засгийн үр ашгийг жилд 30 сая тонн, 1 тонн км тээврийн тарифыг 3.3 центээр тооцоход 10 хувийн өгөөжтэй байх тооцоо гарсан байх юм. Энэхүү төмөр замын суурь бүтцийг төрийн өмчит хуулийн этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлж ашиглуулснаар төмөр зам ашиглалтад орсон жилээсээ эхлэн улсын төсөвт орлого төвлөрүүлэхээс гадна эдийн засгийн олон давуу талуудыг буй болгоно. Үүний нэг нь мөнөөх гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах явдал ч багтаж таарна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улсад төлөх татвараасаа гадна 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.долларын ногдол ашиг өгнө гэдэг бага үзүүлэлт биш. Түүнчлэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан бусад чиглэлийн төмөр замуудын хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар татан төвлөрүүлэх чухал ач холбогдолтой.
Гэтэл Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 268 дугаар тогтоол 2014 оны наймдугаар сарын 20-нд батлагдав.
Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшилд байгаа Тавантолгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд бүрэн ашиглуулах, Хөрөнгө оруулагч нь Баруун болон Зүүн Цанхийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлох, тэдгээр талбайд нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх, Хөрөнгө оруулагчаар сонгогдон ажиллах эхний 2.5 жилийн хугацаанд багтаан Тавантолгойн бүс нутагт 30 сая тонноос багагүй нүүрсийг баяжуулах хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэсэн баяжмалыг 2-оос доошгүй орны зах зээлд нийлүүлэх, Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцах гэхчлэн үргэлжлэх энэхүү тогтоол БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр буюу 2014 оны наймдугаар сарын 21-ны өдөр байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахын өмнөх өдөр яаран батлагдсан билээ…
Үлгэр цааш яаж үргэлжилснийг бид мэднэ. Хэлэлцээрийн 3 дугаар зүйлд заасанчлан БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх бараа, бүтээгдэхүүнд олон улсын Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын «Нэгдсэн нэвтрэх тариф»-ын мөрдлөгөөс 40 хувийн хөнгөлөлт үзүүлэх болсон. Энэхүү хэлэлцээр (25 жил)-ийн хугацаанд жилийн тээвэрлэлт 30 сая тонн байх тохиолдолд долоон тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлэх бөгөөд энэ хэмжээгээр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Тиймээс л өмнөх өдөр нь хайгуул хийж байгаад ч гэсэн 30 сая тонн нүүрсний нөөц “олох” тогтоол гарсан биш гэж үү.
Мөн “Эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үндсэн нөхцөл бүхий барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх эрхийг Концессын тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө оруулагчид олгох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулсны дараа коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын төсөлд оролцуулах” гэсэн заалт “алдарт 268 дугаар тогтоолд маань ороод ирэв.
Эндээс алдаа эхэлж, Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолд заасан “Барих-ашиглах-шилжүүлэх” концесс “арчигдаж” 268 дугаар тогтоолд заасан “Барих-өмчлөх, ашиглах-шилжүүлэх” гэсэн муу хувилбар руу нүүж эхэлсэн юм даа. Яагаад муу хувилбар вэ гэвэл….Энэ бүхнийг доорх хүснэгтээс харьцуулаад мэргэн уншигчид маань ухаарах биз.
Харьцуулалт
Үзүүлэлт | ЗГ-ын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоол | ЗГ-ын 2014 оны 268 дугаар тогтоол |
Концессын нөхцөл | Барих-ашиглах-шилжүүлэх концессыг төрийн өмчит хуулийн этгээдэд олгосон | Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессыг олгохоор уралдаант шалгаруулалтын нөхцөлд оруулсан нь ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчсөн |
Концесс үргэлжлэх хугацаа | 25-30 жил | 30 жил |
Төрд эргэн шилжүүлэх хувь | 100% | 51% |
Концессын хугацаанд төр, хувийн хэвшлийн эзэмшлийн хувь | Төр 51% | Хувийн хэвшил 100% |
Улсад төвлөрүүлэх татварын хувь | Ижил | Ижил |
Ногдол ашиг | Оруулсан хувиар тооцож 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.доллар | (-) |
Эдийн засгийн үр ашиг (IRR) | 13% | (-) |
Таван толгой орчмын уурхайн нөөц |
Ухаа худаг уурхай – 24 жил, Баруун цанхи – ……. жил, Зүүн цанхи – ………. жил |
|
Нүүрсний экспортын өрсөлдөөн | Квотыг эрх тэгш, тарифыг уян хатан байдлаар тогтоон, өрсөлдөөнийг дэмжинэ | Нүүрс олборлогч, тээвэрлэгч, худалдан авагч нь нэг этгээд байх тул гуравдагч талын бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хүндрэл учрах магадлалтай |
Харин “муу хувилбарын эзэд” нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар байсныг сануулъя. Мөн хэнийг эзгүйд, эрхийг нь булаан эдэлж тогтоолын төслийг танилцуулсныг сана. Тэд ердөө л дөрөвхөн тэрбум ам.долларын төлөө өмнөх он жилүүдийн удаа дараагийн хэлэлцээрийн үр дүн, Монгол төрийн ноён нуруу, эзэн хүний хүчирхэг байдлыг эзгүйчлэн эвдсэн гэж үү.
Түүнээс хойш юу өөрчлөгдөв. Улс төрийн талаасаа гэвэл Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдож, шинэ танхимаа бүрдүүллээ. Зөвшилцлийн гэх Засгийн газраа байгуулан бараг сөрөг хүчингүйгээр ажиллана гэж тооцоолсон бололтой. Бүх тоглоомын дүрэм улс төрийн яриа хэлэлцээрийн хүрээнд явж байгаа боловч хяналт тавих эрх бүхий хамгийн том сөрөг хүчин ард түмэн 268 дугаар тогтоолд тусгасан концессоор төрийн 100 хувийн өмчлөлийн эрхээ 51 хувиар сольчихлоо, 25-30 жилд нүүрс тээвэрлэхийг хөдөлшгүй 30 жилд хэмээн өөрчиллөө, жилд 30 сая тонн нүүрс “өгч” хүрэхгүй бол эсвэл цаад тал авахгүй бол долоон тэрбум ам.долларын SALE эдлэхгүй, хамгийн харамсалтай нь нүүрс олборлогч, тээвэрлэгч, худалдан авагч нь нэг этгээд байх нь, консорциумын гурван этгээдийн хооронд ямар нэг өр авлагын асуудал гарахад нэг нь нөгөөгөө залгичихад бид нүүрсээ “ломбардад” тавиад алдах дээрээ тулсан.
Эдүгээ УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ярихдаа “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадна дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшинэ гэж заасан. Яагаад гэвэл өнгөрсөн хавар Тавантолгойн 98 хувийг гадны компанид, монголчууд үлдсэн хоёр хувийг нь л эзэмшихээр гэрээ орж ирсэн. Энэ бол иргэдийн эрх ашгийг умартсан хэрэг. Тиймээс цаашид “Эрдэнэс Тавантолгой” компани энэ орд газрынхаа 51 хувийг заавал эзэмших шаардлагатай юм байна гэж үзсэн. Үлдсэн 49 хувь дээр хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй ОХУ, Канад, АНУ, Хятад, Япон зэрэг орнууд хөрөнгөө оруулж болно. Энэ заалтын ачаар УИХ, Засгийн газар хоёр хэдэн ч удаа солигдсон бай урт удаан хугацааны турш Тавантолгойн орд газрын 51 хувь нь монголчуудын мэдэлд хэвээрээ үлдэх боломж бүрдэнэ. Хоёрдугаарт шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших ёстой. Гуравдугаарт “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг монгол иргэдийн хувьцааг хүчинтэй болгох ёстой гэж заасан. Яагаад гэвэл 2012 онд Засгийн газраас гаргасан 181 дүгээр тогтоолоор Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааг саналын эрхгүй болгосон байдаг. Тиймээс энэ тогтоолыг хүчингүй болгох ёстой гэж үзсэн. Ингэснээр Тавантолгойн орд газарт 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд бүгд саналын эрхтэй болно гэсэн үг. Мөн Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримталж, оруулж ирэх зэрэг даалгаврыг багтаагаад байна. Үндсэн гол санаанууд нь энэ. Эдгээрийг багтаасан нөхцөлд Тавантолгойн орд газар монголчуудын эрх ашгийг зөрчихгүй” гэжээ. Тэгвэл сүүлчийн гарц болчихоод байгаа УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн 40 гишүүний саналыг УИХ-аар яаралтай хэлэлцүүлж алдаагаа засах цаг нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар дур мэдэн 98 хувийг нь нэг улсад өгөх гэрээ хийх эрхгүй гэдэг үндсэн дээр 40 гишүүн гарын үсгээ зурсан төслийг УИХ хэлэлцэх гэж байна.
Хуулийг, үндэсний эрх ашгийг зөрчсөн нь тодорхой, засах нь тодорхой болчихлоо. Харин одоо алдаагаа яаж засах вэ гэдэг гарц нь дахиад л улс төрийн шийдэл болчихоод байгаа нь харамсалтай. “Шенхуа”-гийн дэд ерөнхийлөгч авлигын хэргээр буруутаж улмаар амиа хорлолоо”, “Б.Батзаяаг хорилоо” гэх хоёр талцлын урсгал мэдээнүүдийг улстөржүүлэхээс үл хамааран хамгийн харамсалтай нь үнэхээр 98 хувийн өмчлөл “Шинхуа” болон Хятадын компаниудаас хөрөнгө оруулалтынхаа дийлэнх хувийг бүрдүүлчихээд “Үндэсний” гэх тодотгол зүүж ноёрхлоо бэхжүүлсэн “Энержи ресурс”, түүний эрх ашгийг хамгаалагч Засгийн газрыг энэ хэвээр нь байлгах нь зөв үү гэдэг асуудал тулгарчихаад байна.
Тиймээс ч ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн “Төслийн компани маань өөрөө 49 хувьд нь Шинхуа оролцоод, 51 хувьд нь “Энержи Ресурс” оролцсон. 51 хувийг эзэмшиж буй “Энержи Ресурс” нь дотроо 70 хувийг нь Хятадын компаниудаас бүрдсэн, 30 хувь нь монголчуудаас бүрдсэн бүтэцтэй байна. Ингээд эдгээр хувийг нэгтгээд том зургаар нь харвал энэ төслийн компанийн 70-80 хувь нь Хятадын талд очих гээд байгаа юм. Тиймээс бид хаалт тавьсан. Хэрвээ энэ тогтоол батлагдчих юм бол өөрөөр орж ирэх боломжгүй. Яагаад гэвэл УИХ-ын тогтоолыг зөрчиж болохгүй. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл болно. УИХ-аас гаргах тогтоолд юу гэж заасан яг тэр хүрээнд л боловсруулах үүрэгтэй” гэсэн нь энэ билээ.
Иймд одоо “Х.Баттулгын хүн”-ийг хорьж, түүнд сануулга өгч байна гэж таамаглахаасаа өмнө Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтний Монгол Үндэсний эрх ашгийг хамгаалж, төлөөлж чадаж байна уу, төрийн сайдын ёсоор хуулиа мөрдөж түүнд нийцүүлж ажиллаж байна уу, үгүй юу гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгч дараагийн алхмаа хийхийг цаг үе, нөхцөл байдал шаардаж байгаа юм. Үүний эхний алхам нь одоогоор 40 гишүүн гарын үсгээ зураад байгаа гэх тэр УИХ-ын тогтоолыг батлах явдал. Цаашилбал, ҮАБЗ-ийн зөвлөмжүүд, Засгийн газрын тогтоолуудад ямар өөрчлөлт оров гэдгийг зөв дүгнэх цаг нэгэнт болжээ. Ингэхийн тулд шаардлагатай бол Тавантолгойн гэрээний алдааг засахын тулд Засгийн газрыг “засах” зэргийн золиос хийсэн ч болохгүй гэх зүйлгүй. Үндэсний эрх ашигтай холбоотой энэ асуудалд Засгийн газар биш, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Нөгөөтэйгүүр энэ нь Өршөөлийн хууль, Тавантолгойн шийдэл, Засгийн газрын хувь заяа зэрэг харилцан барьцаалагдсан эрх ашгаас хамаагүй өндөрт тавигдах улс орны нийтлэг эрх ашиг, үндэстний амбицтай холбоотой учраас хамгийн том шийдлийг УИХ-аас л гаргах учиртай билээ.
Хамгийн ноцтой нь Тавантолгойн эрх ашгийн зөрчил улс төрийн хүрээнээс хууль сахиулах байгууллага руу халдварлаж, цагдаагийн байгууллагын зарим удирдлагыг хүртэл улстөржүүлсэн үйл ажиллагаандаа татан оролцуулж талцуулах боллоо. Үүнийг нотлох баримт хэзээ ч үл олдох биз. Гэвч хэний үед ямар хэргийг илрүүлэх, эсвэл хэрэг биш болгох, тэр ч байтугай “мөнгө угаасан” гэх мэт зүйл ангитай холбогдуулан нийгэмд мэдээлэл тарааж “онц ноцтой” гэмт хэрэгтэн болгох уу, үгүй юу гэдэг нь хүртэл Хууль зүйн сайдад ч мэдэгдэлгүйгээр, “бүүр цаад том дарга нарын” тушаал хэрэгжиж, түүний цаана албан тушаалын шагнал, шийтгэж явж байдгийг олон жишээнээс харж байна.
Н.Батнягт
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Зденочин (November 04, 2015 9:12:35 pm )
Иим тэнэг хоер нохор бас тэнэгтэж бна ?
-
buugiib (November 04, 2015 11:19:37 pm )
Mcs~ tomor zamiig oorsdoo mongo bosgoj taviad 19 jiliin daraa ulsad buren ogoye gehed n tank avchrah gej baigaan geseer baigaad boliulaa bizdee battulgaa
-
Anonymous (November 04, 2015 11:20:25 pm )
Shaaamiii bas yuwdee!
-
зочин (November 05, 2015 1:06:36 am )
Дээрээ бүүр самуурч гүйцлээ доороо хөлөө олохоо байлаа дундчууд минь ухаалаг байж аврах цаг ирэв бололтой улсын их хурал хурдан тарвал таарна
-
зочин (November 05, 2015 9:32:39 am )
АН-аас салахгүй бол эдний хэн ч ард түмэн, улс орныг бодоогүй гэдгийг хэлье, зүгээр эрх ашиг, гадныханы гар хөл болцгоосон, талууд, хоорондоо хэмлэлдэж байна, эдэнд эдийн засагаа сэргээх маш чухал ажил байх юм, уул нь
-
АРГАА БАРСАН ХҮНИЙ ҮГ (November 05, 2015 3:01:29 pm )
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ОДООГИЙН ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫГ БОЛГОВОЛ МОНГОЛ УЛС МОНГОЛЧУУД БИД ОЛОН ЮМААР ХОЖИХ БАЙХ ХАРИН МОНГОЛЫН ЯПОН ЕРӨНХИЙ САЙДЫГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БОЛОХ БАЙХ ХУЛГАЙ ЛУЙВРИЙН ЖЕНКО БАТТУЛГА МЭТИЙН ЮМНУУДААС УЛС ТӨР МААНЬ САЛСАН ЦАГТ Л ТӨР ЗАСАГ МААНЬ АРИУСАХ БАЙХДАА
-
Солонгот Балдан (November 05, 2015 6:30:52 pm )
АН-ын дээд удирдлага дотор МАН-ын туршуул Ч.САйханбэлэг алдарт Баярцогт нар байгаа болохоор алзахгүй байлгүй дээ.
-
зочин (November 05, 2015 8:44:47 pm )
Shaal yambii…
-
Anonymous (November 09, 2015 8:01:46 am )
40 gishuun gadnaas huutei bish mungu olchih,Tegvel naadah tusliig chin demjii.Harin ajillah humuusdn tsalingn sain uguurei,tserguudeer ajilluulj hemneh gesnii hereggui shuu.Umnud solongosd ajliin tsereg bdag gesen Battulgiig demjvel bid udahgui tiim boloh bh
9 Comments