Наадмын дараах нам гүм энэ өдрүүдэд их хурлын тамгын газрынхан ирэх сарын эхээр хуралдаж магадгүй байгаа ээлжит бус чуулганд бэлдэж ихээхэн завгүй гүйцгээж байна гэнэ. Харин гишүүд нь тойрог, тойрогтоо очиж найр наадам хэсч, айраг цагаа эргүүлсэн шиг амарч байгаа.
Их хурлын дарга хаврын чуулганы хаалтын үеэр найман сард ээлжит бусаар хуралдаж МАН-ыг засгаас гаргаж, зургаан сайдыг өөрчлөх эсэхийг хэлэлцэнэ гэж зарласан. Мөн уг чуулганаар Засгийн газрын гишүүдийн тухай хэлэлцэхээс гадна Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Ээлжит бус чуулган барагцаагаар 14 орчим хоног үргэлжлэх болов уу гэсэн таамаг байна. Үүний дараа есдүгээр сард дахин ээлжит бус чуулган зарлаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Гэвч халаа сэлгээ ярьсан хойно ирэх сарын чуулган хэдэн ч хоногоор сунжирч болзошгүй. Ер нь гол зорилго нь Засгийн газрын гишүүдийг огцруулах эсэх асуудал юм шүү дээ. Гишүүдээс ээлжит бус чуулганы талаар санал авахад олонх нь ирэх есдүгээр сард хуралдах нь зүйтэй гэсэн санал өгсөн байх юм. Ингээд ирэх сард ээлжит чуулган хуралдах эсэх нь ч эргэлзээ төрүүлж эхэллээ.
Хэрвээ их хурлын дарга захирамж гаргаад ээлжит бус чуулган хуралдуулвал ихэнхи цагаа халаа, сэлгээний талаар хэлэлцэж өнгөрүүлнэ. Хэлэлцэхээр төлөвлөсөн бусад хууль нь бүрэн хэлэлцэгдэж амжихгүй. Ер нь ажил нь урагшлаад явж байгаа засгийн асуудлыг яаран хэлэлцэх шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Өнгөрсөн хоёр жилд УИХ нийт хуралдах цагийнхаа 60 орчим хувийг Засгийн газрыг огцруулах, халах сэлгэх асуудалд зориулсан байдаг. Тэднийг ингэж “мунгинаж” суух зуур Улс төрийн намын хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гэх зэрэг маш олон чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй үлдсэн. Ерөнхийдөө томилгоо ярьсаар байгаад бусад нэн яаралтай хэрэгтэй байгаа асуудлаадаа орхигдуулсан.
Харин АН-ынхан МАН-ыг дээрх үйлдэлд буруутгаж ирсэн. Гэтэл тэд өнөөдөр өөрсдөө томилгоо ярьж ажил “урах нь”. Томилгоо ярих үнэт цагаа ядахдаа ирэх өвлийн бэлтгэл, намрын тариа буудайн хураалт зэрэгт зориулах юмсан. Ядаж байхад энэ зун манай орны нийт ган гачигтай хэцүүхэн байгаа. Хөгшчүүл ирэх өвөл мичин жилийн зуд гээч нь болж ч магадгүй хэмээж эмээж байгаа. Тиймээс тулгамдсан асуудлуудаа нэн түрүүнд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.
“Сайд нарын асуудлыг өргөн бариагүй байхад ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан мэтээр ярих нь хууль зөрчлөө” гэсэн байр суурьтай гишүүд ч байна.
Ер нь МАН-ыг засгаас “хөөх” гээд байгаа цаад зорилго нь зарим нэг хуулийн төслийг нь дэмжихгүй байгаад АН “өс” санасан хэрэг учраас тэр гэнэ. Эцэст нь УИХ-ын гишүүд хандаж хэлэхэд сайд нарын томилгоо, засаг огцруулах асуудлаар улс төр хийж аливааг улс төржүүлэхээ болих хэрэгтэй. Үүнийхээ оронд хууль батлах үндсэн ажлаа хийж Грекийн араас юу юугүй ороход бэлэн байгаа улс орныхоо эдийн засгийг сайжруулахаар эрвийж дэрвийхээрээ зүтгэвэл сайнсан. Ээлжит бус чуулган зарлагдах гэж буй энэ боломжийг ашиглан улс төрийн томилгоо ярихаасаа илүүтэй улс оронд хэрэгтэй хуулиудаа гараас гаргавал дээр юм биш үү.
Г.Бат
Холбоотой мэдээ
-
Anonymous (July 24, 2015 6:38:38 pm )
Сонгуулиар АН л ялагдана МАН г одоо байранд нь аваачихгуй бол
-
Энхээ (July 27, 2015 1:16:05 pm )
МАН-ыг засгаас гаргасан дээр байх аа наад хэд чинь ажлыг тань явуулж өгөхгүй шүү
2 Comments