antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 1 comment

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

нийтлэсэн Admin

Ерэн есөн оны “Болор цом”-д уншигдсан, өнөө хэр нь олны сэтгэлд хадаатай явдаг шүлгүүдээс дээжлэн хүргэж байгаа билээ. Эл удаагийнхаа тэмдэглэлд ч үргэлжлүүлэн хүргэе. Цэндийн Чимэддорж найрагч хоёр дахиа авсан наадамд тийм нэг галтай шүлгүүд уншигдсан байдаг. Тухайлбал, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

“Намхаан хээр адуу хүртэл гүйгээд очих нутагтай байтал

Намгийн алтан мэлхий ч гэлээ уяран дуулах цөөрөмтэй байтал

Уул уулсыг давуулан уураг мөөмөөрөө хурайлсан

Уйлаад л золгодог ижийтэй хүний үр л хөөрхий

Цэвцгэр шаргал үүлс хүртэл нүүгээд очих уултай байтал

Цэнгийн мөнгөн цуваа ч гэлээ шуугиад очих устай байтал

Ус усыг гатлан уураг цай нь үнэртсэн

Утаат бор үүртэй хүний үр л хөөрхий

Хонгортох халиун намрын сэмбэрүү цагаан исгэрээ

Хоргодон нөмөрсөн буданг урагдтал үлээх юм, ээж ээ

Алтанхан зоо нь хяруутай намрын халтар буга

Аюулхай цээжний минь мананг эврээрээ сэжлэх юм, ээж ээ…” хэмээн “Намрын цагаан саран дор ээжтэйгээ” шүлгээ уншиж байлаа. Бавуу найрагч тэр жилийн цомд өөр нэг сайхан шүлэг уншсан нь “Монголын их хувь тавилан” байлаа.

“Хүлэг морин хавартаа хуурдаж гүйдэг Монгол сон

Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутаг сан

Хар сүлдийг дүрэлзүүлсэн дээдсийн алтан уулс сан

Хан буурал түүхийн утаа зуусан баринтаг сан

Тэнгэрийн цэнхэрлигт Хун тайжийн санаашрал дуралзана

Тэнгэрийн цэнхэрлигт Хулан хатангийн зүүд дуниартай

Тэнгэрийн цэнхэрлигт Өндөр гэгээний бурхад зүүрмэглэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт Өүлэн ээжийн бүүвэй эгшиглэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт Агай гүнж мэлмэрч үзэгдэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт алтан бумбатай бурхад улалзана

Сайхан хүрэл эрсийн эрэмгий зүүдний үргэлжлэл

Сангийн утаат хээр тал минь, хээр тал минь

Их дэлтэй шарга морьдын хөлс ханхалсан

Эсгий гүрний хувь тавилан минь, хувь тавилан минь

Гэсэр, Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас

Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ

Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон

Хаш судрын магнайд алтан солонго татлаа…” гэж хүнгэнүүлсэн удаатай.

Ерээд оны эхээр байна уу даа, Бавуугийн Лхагвасүрэн гуайг Зохиолчдын хороонд байхад “ална” гэж хөөгөөд өнөө их үст тэргүүн дээгүүр нь хоёр хөлөөрөө хайчлан өшиглөж байсан гэх дуулиант эр Бороохойн Батхүү тэр жил(1999)-ийн цомд гэрэлт насных нь амраг Мэнд-Амартаа зориулсан “Он жилүүдийн уртад” гэсэн сайхан шүлэг дуудсан санагдана.

Тухайн наадмын нэг шуугиан нь мөнөөх Говь-Алтайн Билэгсайхан. “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээ эхний даваанд уншиж, олныг өөртөө татсан задгай шүлэгчийг сүүлийн тавд үлдээгүйд гайхах хүн олон байсан ч, түүнийг нь цайруулах гэсэн мэт хэд хэдэн шагнал олгоод үзэгчдийг чимээгүй болгосон юм даг. Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит шагнал олгож байсныг нь лав санаж байна. Мөн тэр жилийн наадмын нэг өнгө нь Цоодолын Хулан байлаа. Тэрээр цаг бусаар хорвоог орхисон, оюун санааны гэрэлт шувуу Очирбатын Дашбалбар агсанд зориулсан шүлгээ уншсан нь утга зохиолын шүтэн биширч, хайрлан дээдэлдэг олонд мөн ч их хүрсэн дээ. Бөхийн өргөөнд пиг дүүрэн суусан олон уухайлан хашгирч, дотогшоогоо бодлогоширсон нэг нь нулимсаа арчиж байсан болов уу. Ялангуяа далайсан илдний торгон ир мэт, дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа, дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна, Дарьгангын чинь Алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна гэх мөрүүд зүрх рүү зүү шиг л шивж байв шүү. Ингээд уг шүлгийн мөрүүдийг эргээд нэг саная.

“Хөөрхий Балбар ахыгаа өлгий шороонд нь үлдээлээ

Хөөргөн гэнэн залуу насаа

Хөшөөнийх нь дор ивж үлдээлээ

…Гайхуулах юмгүй унтаа хөх дэлхийг

Гал шаргал навчис хучиж анхны цас дарлаа

Газар шороогоо тэвэрсэн яруу найрагчийн хойноос

Гашуудан зогссон түмэн алгуурхнаар мартлаа

Энгэр заам нь задгай үс нь ургасан Дашбалбар

Ээжийн хонгор охин Анимаагаа дуулсан Дашбалбар

Эх орноосоо өөр хөрөнгөгүй харц ядуу Дашбалбар

Ийм хүлцэнгүй ард түмний догшин сахиус мэт Дашбалбарыг мартлаа

Далайсан илдний торгон ир мэт

Дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа

Дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна

Дарьгангын чинь Алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна

Шүлгээ уншиж, асгартлаа уйлж

Дээгүүр нь омогтойхон алхаж явсан газар шороог чинь

Сүүдрээ чирсэн хүн сүгнүүд

Дахиад л булаалдаж эхэллээ

Хүүдээ хүртэл захисан газар шороо

Хэнийх юм бэ Балбар ах аа…”. Эдгээр мөрүүд тухайн үедээ хүчтэй л сонсогдож байлаа. Одоо чиг хуучраагүй дээ. Зүрхнээс лугшиж гарсан үг бол цаг хугацаа алсрах тусам өнгө ордог хойно.

Хоёр мянган он. Ерэн оноос хойш “Болор цом”-ын тайзнаа бараг л тасралтгүй шүлгээ уншиж, олон ч удаа айрагдсан Гомпилдоогийн Мөнхцэцэг хатагтайн Янжинлхам гарддаг жил. Хорлоогийн Сампилдэндэв, Чойжилжавын Билигсайхан, Үржингийн Хүрэлбаатар, Сономын Лочин, Санжаагийн Байгалсайхан тэргүүтэй утга зохиолын долоон доктор шүүн явуулсан наадам. Мөнхцэцэг найрагч цом авснаас илүүтэй Мөнхөөгийн Билэгсайхан хасагдсан нь дуулиан тарьсан билээ.

Үзэгчид орилолдоод, сүүлийн даваанд шалгарсан гурван найрагчаас Ц.Хулан шүлгээ унших гэтэл дуу чимээ нь намддаггүй, тэгтэл мань хүн “би шүлгээ унших юм уу, үгүй юм уу” гэж уг наадмыг хөтлөн явуулж байсан Дамбын Төрбатад айлгаж байв. Хөтлөгч арга ядахдаа ерөнхий шүүгч Сампилдэндэвийг тайлбар хийхийг хүсч тайзнаа урьсан юм. Х.Сампилдэндэв гуай “Билэгсайхан нэгийн даваанд бол сайн шүлэг уншсан. Харин давааны шүлэг нь утгын хувьд алдаатай байсан. “Миний эх орны босго өндөр харийн хүн та бөхийж ороорой” гэдэг чинь юу гэсэн үг вэ. Босго өндөр байхад бөхийнө гэдэг логикийн алдаа. Тотго намхан гэж хэлсэн бол өөр хэрэг юм. Үзэгчид минь жаахан соёлтой, дээр нь яруу найргийн мэдрэмжтэй бай, битгий сэтгэлийн хөөрлөөрөө хандаарай” гэж зандрах, учирлахын завсарт хэлээд нам болгож байлаа.

Сүүлийн даваанд Г.Мөнхцэцэг найрагч “Дагуулахдаа л дагуулна” гэсэн богинохоон хайрын шүлэг уншиж, өнөө хоёр(Бавуудорж, Хулан)-оосоо ганцхан онооны илүүтэйгээр түрүүлж байсан. Өмнөх даваанууддаа “Янжинлхамд мөргөж гуйх шүлэг”, “Битгий урваарай миний хүү” зэрэг шүлгүүдээ уншсан юм.

Хоёр мянга нэг он. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир  хоёрын хэн нэг нь цом авна гэж утга зохиолын хүрээнийхэн ч тэр, уншигч, үзэгч олон ч тэр таамаг дэвшүүлж байсан. Үнэндээ олны үг ортой байлаа. Их утга зохиолд ерээд оныхон гэгддэг найрагчдын дундаас өөр, өөрийнхөө зам мөрөөр тодрон гэрэлтэж, уянгын зөөлөн шүлгүүдээрээ олныг байлдан дагуулсан найрагчид бол Эрдэнэ-Очир, Бавуудорж хоёр л доо. Хоёр мянгаад оны эхэн үед тэр хоёрын шүлгийг сонсох гэж мөн ч олон “Болор цом”-ын тасалбар авахаар авахаар идэр есийн хүйтэнд ийш тийшээ гүйж л байсан. За тэгээд охид бүсгүйчүүд бол мань хоёрын хайрын шүлгүүдэд үнэндээ сэтгэл алдарч байсан шүү. Бавуу найрагчийн

“Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа

Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа

Дунгийн гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа

Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа

Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа

Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа

Нарийн цагаан хур хацар норгодог байлаа

Голын торгон мандалд дүрийг чинь зурдаг байлаа

Гогцоо гогцоо долгис цээж рүү урсдаг байлаа…” гэх юм уу, эс бөгөөс

“Дуурлиг хөх дэлхийн алтан аньсгыг сөхөж

Дугараг цагаан саран цээжний мандалд туяарлаа

Цаглашгүй цэмцийгч ариун тунгалаг хурмастын салхинаа

Цангинан урамдагч мөнгөлөг хус мод мөнөө би

Залуу насны минь ариун зандан мөчрийн доогуур

Зам алсын гэрэлт шувууд зэллэн зэллэн өнгөрнөм

…Эртний буурал наран хяруут талаар бөмбөрнө

Эрдэнийн мөнгөн хайлаас эрвэн сэрвэн ганхана

Цаст уул минь явчих шиг цагаахан шөнүүд эзэнгүйрээд

Цармын гэрэлт цэцэгсийг мөндрийн зурвас дайрлаа

Нандин дурсамж хөглөсөн зүсрээ цагаан бороо

Нарийхан цэнхэр зөргөөр марал буга шиг л ирдэг сэн

Сэтгэлийн алтан навчсаар чамайгаа би хучъя…” хэмээх “Хайрын романс”, “Гэгээн сарны туульс” шүлгүүдээс нь ишлэхэд утга төгөлдөр санагдаж байгаа нь лавтай.

А.Эрдэнэ-Очирын “Харь газрын навч бодлыг минь хуваалцан

Шар айрагны мухлагт хөшиг татан суунаглана

Зовлон, жаргалын амттай арвай буудайны нулимсыг би

Шилэн аяганы амсраар шимэх төдий суумаглана

Амьдын хорвоод заримдаа гашуун дарс ч ундаа болно

Алган дээрээс хүслийн шувууд холхид одно

Аз эзийн хорвоо цагийн бусгаа салхтай

Аюулхай цээжинд л бодлын гал дальдчина

Зүүрмэг нүдтэй үүрийн гөрөөс шиг бүсгүй

Зүүдний юм шиг холдож ойртоно

Залуу идэрхэн нас минь хайрын шархтай

Замбуулинд мөнхийн хайр үгүйд итгэж ядна…” гэх юм уу,

“Шанхтай шаргын минь янзган зоо бөмбөрч

Шаргалхан аялгуу дөрвөн туурайгаар тоглох

Намар цаг юм сан

Намайг чи хүлээдэг юм сан

Цэцэг тасдалгүй, чулуу хөндөлгүй хатирах нь

Цэгцэрч гишгэн товолзох миний л морины явдал сан

Чиг баримжааны үзүүрт сарны гэрэл шиг туяарах

Чихний ээмэг шиг цагаан гэр танайх сан

Чиний алчуур шиг хөх ягаан салхи

Чийгтэй үдшийн таана аргадан сэвэлзэж

Энхрий янаг чамдаа намрын сарыг өвөртлөөд

Эмээлийн хоёр бүүргэн дунд суудал засан дэвэлзэж

Дуулж очдог байлаа…” гээд уншихуйд сэтгэл хөдлөхгүй, хайрын торгон мэдрэмж төрөхгүй, эмзэглэг санаашралын салхи савир амтагдахгүй байхын аргагүй ээ.

“Тэнгэр газар тэмдгэрэх

Тэр Хүннү нутагт хүрэл чоно

Жавартай болоод уяралтай энэ улианд

Жаргах ч хэцүү, гуних ч хэцүү

Эрэмгий болоод зоримог энэ улианд

Энэрэх ч хэцүү, эрмэлзэх ч хэцүү

Морин чинээ хүрэл чоно

Монголоор дүүрэн улина…” хэмээх “Хүрэл чоно”-оороо Бавуудорж магнайлж “Цалгин догдлохдоо би эрчит мөрөн, ус далайн чинь давалгаа болдог

Цавчим уулсын догшин оргил, хад алгадсан салхи болдог

Цахивалзан маналзах цаст хээрийн чинь эрэмгий шуурга болдог би

Цагийн даваан дээр гарсан өвгөн бүргэдийн чинь зовлонг тээдэг би, эх орон минь

Уймран гансрахдаа би эзэнгүй тал, цайдамын ганц хайлаас болдог

Уйтгарт намраар навчсаа сэгсэрч үүсч мөхөхийн тавиланг мэдэрдэг

Мөчир дээрээсээ хараацайн дэгдээхий нисгэж, үүрнийх нь өд сөдийг сүүдэртээ чимээгүйхэн унагадаг

Мөнх орчлонгоос зөөлөн хур царайчлавч, үндсээрээ газарт яргаж насалдаг би, эх орон минь

Хайрлан дурлахдаа би гэрэлт хөвгүүн болж, анхны харцаараа жаргалын од шидэн

Ханарч мэлтрэн урсах Орхон, Сэлэнгийн бэлчир дээр

Хайрын сайхан чи минь үсээ задалж, амрагийн дуу аялахад

Хан орчлонг яруустал дуулж, бусдад гэгээн хүсэл төрүүлэг би, эх орон минь…” гэж даанчиг даацтайхан шүлгээрээ Эрдэнэ-Очир аман хүзүүдэж байлаа. Уг наадмын шүүгчээр ардын уран зохиолч Тангадын Галсан, төрийн шагналт зохиолч Балжирын Догмид, Д.Нацагдоржийн шагналт Цэнд-Аюушийн Буянзаяа, Баярхүүгийн Ичинхорлоо нар сууж байв.  Догмид зохиолч “Болор цом”-ын дараахан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Нутгийн дүү Эрдэнэ-Очирынхоо эх орны тухай шүлгийг уншаад өөрийн эрхгүй нулимс гарсан. Энэ шүлэг найргийн наадамд үнэндээ ахдаж байсан даа” гэх утгатай үг хэлсэн байдаг шүү.

Тухайн цомд Д.Урианхай, Д.Баянтунгалаг гээд Булган хангайн найрагчид мөн л жинтэй шүлгүүд уншсан. Урианхай бол “Уранхай” гэдгийг манайхан мэднэ. Харин Баянтунгалаг найрагч бол дотогшоогоо яргасан, чинжаалыг ишинд нь хүртэл дүрлээ гэдэг шиг шүлгийг угт нь хүртэл гүйцээж чаддаг уянгатай хийгээд гүн гүнзгий найрагч юм. Үүнийг нь утга зохиолын хүрээнийхэн, судлаач шүүмжлэгчид сайн мэддэг. Харин ард түмэн төдийлөн сайн мэдэрдэггүй шиг санагддаг аа. Түүний хоёр мянга нэг оны цомд уншсан шүлгүүдээс хүргэе.

“Жаахан байсан би бүр жаахан

Жалгын ногоо далд ургадаг шиг ургаж байсан

Тэгэхэд үүл хүртэл хачин гоё нүүж

Тэнгэрийн хаяа үлгэрийн юм шиг харагддаг сан

Аав минь намайг үнсэхэд нар үнэртэж

Алсын алс бороо мэт одохыг хүсдэг сэн

Хотоос ирсэн айлын эгч дотно болоод эрхэмсэг

Хонгор намрын салхи шиг нэг л өдөр явчихдаг сан…” хэмээн “Гэрэлт зүгийн дурсамж” шүлэг нь эхэлдэг. Цаашаагаа үнэн гайхалтай, тэнгэрлэг урсана шүү дээ. Мөн нэргүй, хэдхээн мөр шүлэг байдаг. Энэхүү шүлгийг бас л тэр жил уншиж байсан санагдана.

“Хувь заяа минь хавар эртийн бороо юм

Хус моддын чөлөөнд хөлөө амрааж суух агшин юм

Чи бид хоёрын залуугийн гэрэлт дүр юм

Чимээгүй урсах он жилүүдийн дурсамж юм

Нас бие минь цаг хугацааны томилолт юм

Намар оройн цасны був буурал санчиг юм

Тунарагч хөх сарны шив шинэхэн туяа юм

Туулай туулай өдрүүдийн шил дарсан мөр юм

Манарагч сүрэг үүлсийн ганц сувдан нулимс юм

Магад тодорхой амрагийн энгэрийн зандан үнэр юм

Ачуутын голд суугч шүлэгч андын минь сураг юм

Алтан салхи бужигнах дорнын нүдтэй зураг юм” гэж.

Хоёр мянга хоёр он. “Болор цом” хорин нас хүрсэн жил. А.Эрдэнэ-Очир гарцаагүй дээ гэсэн олны таамаг биеллээ олж, Равжаа хутагтын нутгаас “Болор цом”-ын хоёр дахь эзэн төрсөн юм. Тэрээр “Миний цуглуулсан хорвоо”, “Зам” тэргүүт сонгодог шүлгүүдээ уншсан. Ц.Бавуудорж, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг гээд ерээд оныхон цомтнууд уншаагүй. Үндсэндээ Эрдэнэ-Очиртоо найр тавьсан хэрэг.

Харин Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Т.Галсан гээд аваргууд бүгд зодоглож тусгай шагналуудыг нь авсан даа. Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёогоор ахлуулсан долоон шүүгч сууж байв. Жамьянгийн Мөнхбат хэмээх урьд өмнө сонсогдоогүй залуу найрагч Б.Лхагвасүрэн тэргүүт аваргуудын өмнө тоос босгон аман хүзүүдээд, “дараа жил ногт ганзагалж ирнэ” хэмээн омгорхсон удаатай. Уг наадам саяхан л болсон мэт санагдавч даруй арваад жил өнгөрчээ.

Н.ГАНТУЛГА

Үргэлжлэл бий


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 02, 2013 9:57:40 pm )

    үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байлаа. Яруу найраг гэдэг яг л дэлбээгээ нээх анхны яргуй шиг…

antalya rent a car