antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Монголын нийгмийн сэтгэлзүй өнөөдөр юуг мөрөөдөж байна?

нийтлэсэн Admin

Манай ахмадууд бидний нийгмийн сэтгэлзүйг ерөнхийд нь тодорхойлж байна гэвэл нэг их буруудахгүй биз. Ийн үзэх үндэслэл нь тэд нийгмийн амьдралд идэвхитэй оролцдоггүй хэрнээ төр, засгийн сонгуульд хамгийн идэвхитэй байр суурь эзэлсээр байгаатай холбоотой. Нийт саналын тэн хагаст тэд шууд болон шууд бус нөлөөтэй байгаа юм. Тэгвэл  өнөөгийн ахмад үеийнхэн гэж хэн бэ?

Бүхий л амьдралынхаа туршид социализмд итгэж, түүнийг байгуулна гэж төрд зүтгэсэн гэх маш ерөнхий ойлголтын дор амьдарцгаасан, өнөөдрийн байр сууринаас бол тэд бол хувь заяагаараа нийгмийн золиос болцгоосон хэсэг юм. Өнгөрсөн нийгэмд амьдарсны “шан” нь тэд бусдаас үл хамааралтайгаар өөрийгөө аваад явчих амьдралын ухаанаа алдсан явдал. Социализм монголчуудад хөгжил дэвшлийг авч ирсэн нь үнэн ч хувь хүнийг хөгжүүлдэггүй, түүний эрх чөлөөг байнга хязгаарладаг болохоор нийгмийн жам ёсны хөгжил цэцэглэлтийг боомилдог. Харин нийгмийн хөгжлийн жамаар явсан Япон, Швед зэрэг капитализм өндөр хөгжсөн орнууд бидний  нөгөө мөрөөддөг байсан “коммунист нийгэм”-ийг /коммунизмийг хүмүүсийн итгэл мөрөөдөлд байсан хамгийн сайн сайхан хүмүүнлэг нийгэм гэдэг утгаар/ байгуулчихсан байна. Капиталист нийгэмд хүн бүр “хар толгойгоо хариуцах” ёстой гэсэн зарчимтай, харин үүний үр дүнд хүмүүсийн хооронд энгийн найрсаг харилцаа тогтдог болохыг манай ахмадууд даанч ойлгохгүй.

Эдүгээ нийгэмд эмх замбараагүй байдал, хоосрол ядуурал нүүрлэх тусам ардчилал, эрх чөлөөг дур зоргоороо авирлах, анархизм, ёс зүйгүй байдал зэргээр нийгмийн сэтгэлзүйд ойлгох болж, олон түмэн ардчилсан нийгмээс ухарч социализмтай адилхан дараачийн нийгмийг битүүхэндээ хүсэмжлэх боллоо. Ардчилал, эрх чөлөө бол бидэнд олдсон хамгийн үнэ цэнэтэй зүйл, тиймээс ч түүнийг ард түмнийхээ эрхэм зорилго гэж үздэг нэг хэсэг байхад өнөөгийн амьдралын учир утгыг ойлгохоо больсон, амьдралдаа, гуньж гутарсан хүмүүс нийгэмд олонхи боллоо. Харамсалтай нь тэдний  ихэнх нь манай ахмад үеийнхэн байдаг. “Социализмд ч бас сайхан байсан шүү…” гэх сэтгэл хоргодсон яриаг өнөөдөр захын хүнээс сонсч мэднэ. Гэхдээ  “социализм руугаа эргээд оръё” гэж хэн ч уриалахгүй, харин дараачийн бас тийм халамжийн нийгмийг битүүхэн хүсч, түүнийгээ чухам тэр л үед засаг төрийг барьж байсан МАХН-аас тусч мэднэ хэмээн битүүхэн горьдоно. Ийм горьдлого энэ намыг дахин хүчтэй болгож, энэ нам нийгмийн сэтгэлзүйг жам ёсны хөгжлийн зам руу  бус зөвхөн нам руугаа хөтөлсөөр, эцсийн дүнд хэдхэн хүний эрх ашигт бүхнийг чиглүүлж чадаж байна.

Ардчилал эрх чөлөөг гадаад, дотоодод чөлөөтэй аялах, ойр зуурын бизнес хийх зэрэг ахуйн хэмжээнд ойлгохоос засаглалын хэмжээнд, хувь хүний бодьгаль чанар, эрх чөлөөний төвшинд хүртэл нь жирийн иргэд тэр бүр амархан ойлгочихдоггүй бололтой. Энэ нь  “хүний эрх”, “эрх чөлөө”, “ардчилал” гэсэн нэр томъёоллууд анхандаа хийсвэр шинж төрхтэй байдагтай ч холбоотой биз. Тэгээд ч шинэ нийгмийн тулгын чулуу болох эдгээр ойлголтыг нийгэмд төлөвшүүлэхэд хүрэлцэх эдийн засгийн аятай орчинг манай удаа дараагийн төр, засгийнхан бүрдүүлж  чадсангүй. Түүхэн боломжийг ашиглаж улс орноо хөгжүүлэхэд шийдэмгий үүрэг гүйцэтгэж чадаагүй эрх мэдэлтэнгүүд өнөөдөр хэдий анзаарагдахгүй байгаа ч хойч үеийнхэн тэдэнд харамсах болно. Ард түмэндээ зах зээлийн харилцааны ид шидийг ойлгуулж чадсанаараа л Дэн Сяопины гавъяа үнэлэгддэг юм билээ. Хятадууд социализм дотор капитализмийг байгуулж байна. “Бид социализмийг бүр мөсөн орхилоо” гэж хэлэх аятайхан боломжийг тэд одоо харж байгаа.  Бид өөрсдийгөө  социализмийг устгачихаад капитализм руу орсон гэж үзэж байсан нь эндүүрэл бөгөөд тэр социалист сэтгэлзүй 15 жилийн турш  биднээс огт салаагүй юм. Шилжилтийн үе манайд дууссан гэж яригдаад байгаа, үнэндээ бол яагаа ч үгүй байна.

Хоосон зэлмүүн нийгэмд түших тулах төргүй, ганцаардал, айдас хүйдсийг амсч буй хүмүүст эрх чөлөө, ардчиллын тухай ойлголт сонин биш бөгөөд бор хоногийг идэх, зүйх юмтай өнгөрүүлэхээс амин чухал асуудал үгүй. Нөгөөтэйгүүр хүмүүс төр засгийн дампуу бодлогын харгайгаар зах зээлийн бохир өрсөлдөөнд өртөж цөхөрлөө. Ирээдүй бүрхэг боллоо. Ийнхүү ардчилсан нийгмийн үнэт зүйлс хий хоосон тунхаг болж хоцроод түүний жинхэнэ үнэ цэнийг нийгэм бүхэлдээ ухаарч амжаагүй байтал нэр хүнд нь унаж орхилоо.

Эрх чөлөө гарт баригдаж, нүдэнд харагдаггүй болохоор хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Хоосон орон зайд бий болчихдоггүй  эрх чөлөөг бодитой биетэй болгож өгдөг зүйл нь өмч юм.  Дундад зууныг хүртэл өмчийн тухай ойлголт нь удам угсаа дамжсан залгамж чанартай байсан бол түүнээс хойш  өмч гэдэг нь тухайн хүний  хөдөлмөрийн үр шим, зарцуулсан цаг хугацаа, хүч авъяасын төлөөсөнд ирж байгаа зүйл болж утга учир нь үндсээрээ өргөжин хөгжжээ. Жирийн хүмүүсийн дундаас өмчтэй болох түүхэн бололцоо, үйл явц нь урт удаан хугацааны тэмцэл байсан нь ойлгомжтой. Удам угсаа дамжсан өв хөрөнгө, албан тушаал, язгууртны нийгмийн харилцааны хэв маяг өөрчлөгдөж чөлөөт зах зээлийн харилцааны ачаар нийгмийн гарал үүсэл өөр хүмүүс ч өмчийн эзэд болж чадсан. Манайд бол тэдгээр хүмүүс нь ганзагачид гэж бидний нэрлэж заншсан хамгийн түрүүнд зах зээлийн харилцаанд орсон хүмүүс юм. Бяр тэнхээ амтагдсан хувийн өмчийн шинэ эзэд хуучны язгууртан хэсгийнхэнтэй эн зэрэгцэхийн хэрээр дан ганц хөрөнгө, мөнгө эрсдэлтэй гэдгийг бас ойлгон улстөрийн эрх мэдлийн төлөө идэвхийлэн тэмцэж эхлэв.  Энэ нь манай олонх бизнес эрхлэгчид одоо улстөрийн алба хашиж яваагаар тайлбарлагдана.

Ер нь бол социализм нь феодализмын боловсронгуй хэлбэр бөгөөд бид халамжийн энэ харилцааг үргэлжлүүлэн феодалын нийгмийн арай боловсронгуй хэлбэрт далаад жил болсон гэж үзүүштэй. Дундад зууны үеийн Европт болсон нийгмийн үйл явц /феодализмаас капиталист зах зээлийн харилцаанд шилжсэн үе/ одоо манай нийгмийн сэтгэлзүйд давтагдаж, “Социализм бол төрийн өмчтэй  феодализм мөн” гэдгийг амьдрал дээр нотолж байна.

МАХН-ын ахмадууд намынхаа шинэ үзэл баримтлал гэгдэх социал демократ үзэл санааны талаар үнэндээ юу ч мэдэхгүй.  “Нам минь засаг мөн” гэж ойлгодог, дассан сурсан зан ч гэх үү, хүнлэг сайхан сэтгэл гэх үү ямар ч байсан тэд сонгуулийг ялалтад хүргэдэг гол хүч болсоор байна.  МАХН-аас өөр нам төр барьж байх үед тэд мэр сэр жагсана, цалин тэтгэврээ ярина. Яг үнэндээ тэдний эрх ашигт нийцэх зүйлсийг аль ч засгийн газар нөгөөгөөсөө илүүтэй хийгээгүй байхад шүү дээ.  Энд нэг сонин жишээ татья. МАХН-ын  нэрийг шинэчлэх тухай халуун яриа болжээ. “МАХН” гэдэг нэрийн хувьд ганц хяслантай зүйл бол өндөр хөгжилтэй орнуудын зүгээс энэ намыг хуучин коммунист нам гэж үздэг. Тиймээс юм үзэж нүд тайлсан намын нөхдүүдэд энэ нэр бол сэтгэл эмзэглүүлсэн зүйл яах аргагүй мөн. Харин нам нэрээ солибол, “МАХН” гэсэн нэрийг ойрын 25 жил хэн ч хэрэглэх эрх хэнд ч байхгүй тухай чухалчлан ярилцсан гэдэг. Цаад санаа нь хөгшчүүлийн саналыг бусдад алдахгүйгээр ашиглах сүүлчийн боломжийг баталгаажуулж байгаа хэрэг.  Энэ яриа  хэдэн жилийн өмнө “намайг оролцуулаад надаас ахимаг насныхан үхэж дууссаны эцэст нийгэм цэвэршинэ” гэж Баабарын хэлснийг өөрийн эрхгүй санагдуулна. Хэлснийхээ төлөө Баабар ихээхэн адлуулсан. Харин түүнээс хамаагүй дор хэлүүлж байгаадаа ахмадууд намдаа юу ч бодсонгүй, гомдол санал ч илэрхийлсэнгүй. Угтаа бол  “МАХН” гэдэг хуучин нэрийг хэвээр нь үлдээж, харин социал демократ үзэлтэй хэсэг нь үзэл баримтлалдаа үнэнчээр тэднээс салж нам байгуулбал өнөө цагийн хамгийн шударга явдал болж мэднэ. Үзэл баримтлалын одоо байгаа ойлгомжгүй нөхцөл байдал аль ч намын гишүүдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэхгүй байгаа учраас цаг хугацаа өнгөрөх тусам зөрчил тэмцэл улам бүр хурцдах нь дамжиггүй.

МАХН-д болон эдүгээ түүний халаасанд ород байгаа Ардчилсан намынханд ард иргэдийн итгэл алдарч энд тэндгүй жагсч цуглах боллоо. Үзэл баримтлалын ямар ч зөрөөг огоорон нийлцгээсэн, улстөрийн томилгоо, нам дамжсан найз нөхөд, бизнесийн  холбоосоор нэг нэгийгээ барьцаалсан зөрчил тэмцэл  өнөөгийн манай “төрийн түшээд” гэгдэх хүмүүсийн нийтлэг дүр зураг болж байна. Мэдээжийн хэрэг өөрийн үзэл бодолдоо үнэнч ноён нуруутай,  цөөн ч гэсэн хүмүүс байгаа үгүсгэхгүй. Гэхдээ л өнөөгийн үзэл баримтлалгүй намууд нь зөвхөн сонгуулиас сонгуулийн хороонд өнөөх л халамжийн бодлогоо яриад, бас бариад төрийн толгойд хэдэн жил явчих бололцоо байсаар байна. Ийм бодлого цаашид ч нэлээд хэдэн жил үргэлжлэх төлөвтэй байна.

Харамсалтай нь төрөөс байнга явуулж байгаа хуваарилах, тэгштгэх, төрөөр хүч түрэмгийлэх социалист сэтгэлгээ нь шинэ нийгэмд итгэж, түүний зах зээлийн харилцааны зарчмаар аж амьдралаа авч явах хүсэлтэй ард иргэдийг байнга  мохоож байна.
Р.Энхбат


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car