Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийт 475 барилга баригдаж байгаагаас 256 нь барилга угсралтын ажлаа эхлүүлжээ.
Барилга, угсралтын ажлаа эхлүүлсэн 256 барилгаас зөвхөн 198 нь зөвшөөрлөө авсан байна. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авсан 135 барилгын угсралтын ажил дуусч комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Тэгвэл тус газраас энэ сарын 1-нээс нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа барилгуудын үйл ажиллагаанд үе шаттайгаар хяналт, шалгалт хийж эхэлсэн байна. Өчигдөр л гэхэд Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд шалгалт хийсэн юм.
Шалгалтыг НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ц.Бадмаа, Г.Цэцэгбадам, Н.Оюунчимэг нар болон дүүргийн цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын ерөнхий газрын ажилчид хамтран явууллаа.
Зарим давхарт торон хамгаалалт хийгээгүй байв
Эхлээд “Арш” компанийн захиалгаар барьж байгаа 15 давхар 135 айлын орон сууцны барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдалтай танилцав. Барилгын гүйцэтгэгч компаниар “Грэйттаур” ажиллаж байгаа бөгөөд 42 ажилчинтай аж. Тэд өнгөрсөн оны зургаадугаар сард барилгын ажлаа эхлүүлсэн байна. Биднийг очиход тус барилгын зургаадугаар давхрын угсралтын ажил ид явагдаж байв.
Тэд сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэн, салхитай байгаа болохоор барилгын ажил удааширч байгааг хэлж байлаа. Үүнээс болж зарим ажилчин сул зогсож, гэртээ өнжиж байгаа аж. Ажилчид өглөө болгон хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөгөө, зааварчилгааг сонсож ажилдаа гардаг ч зориулалтын хувцсаа өмсөхгүй тохиолдол гардаг байна. Харин бүх ажилчид нь сургалтад хамрагджээ.
Барилгын “Грэйттаур” компанийн гүйцэтгэж буй эл барилгаас багагүй зөрчил илэрсэн юм. Энэ талаар НМХГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Г.Цэцэгбадам “Бид “Арш” хувьцаат компанийн барилгын захиалгаар “Грэйттаур” компанийн барьж байгаа 15 давхар орон сууцны барилгын талбайд шалгалт хийлээ. Хяналт шалгалтын хүрээнд шатны хажуу талын хаалт хамгаалалт алга. Зарим давхрын гадна талын торон хамгаалалт хийгдээгүй байна. Дээрх хоёр зөрчлөө арилгахыг удирдлагуудад нь даалгалаа” гэв.
“Энх багана констракшн”-ын барьж буй барилгаас зөрчил илэрлээ
Дараа нь Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Монь ивээл” ХХК-ийн захиалгаар “Энх багана констракшн” компанийн гүйцэтгэж буй гурван блок 12 давхар барилгын үйл ажиллагаатай танилцав.
Эл компани хашааныхаа үүднээс эхлэн барилга, байгууламж барих дүрэм журмыг илт зөрчсөн байсан юм. Өөрөөр хэлбэл энэ сарын 2-ноос барилгын ажил нь эхэлсэн тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал болох наад захын шаардлага хангаагүй байсан нь тогтоогдлоо. Хашаагаар нь авто машин битгий хэл хүн явах зайгүй шахам барилгын материал нь хогтойгоо нийлсэн хөглөрч харагдав. Дээр нь дан хятад барилгачид байдаг болоод ч тэр үү орчин гэж авах юмгүй бөгөөд тэдгээр хятадуудыг зөвшөөрөлгүй ажиллуулж байлаа. Тухайн компани Засгийн газраас олгосон квотын дагуу хятад ажилчид авч ирж ажиллуулах эрх аваагүй аж.
Гэтэл барилгын “Асгат байц” ХХК-ийн нэр дээр орж ирсэн 100 хятадын 76-г нь ажиллуулж байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон юм. Компанийн удирдлагуудын зүгээс үүнийг тайлбарлахдаа “Хоёр компанийн хооронд дахь гэрээгээр ажилчдаа сэлгэж ажиллуулж байгаа” гэлээ.
Энэ талаар НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Ц.Бадмаа хэлэхдээ “Бидний шалгалт хийсэн “Энх багана констракшн” компанийн барьж буй барилгын талбайн эмх цэгц хангалтгүй байна. Хашаанаасаа орж ирэхээс эхлүүлээд нийтлэг журамд заасны дагуу барилгын гаднах хашаан дээр тухайн байгууллага ямар зориулттай баригдаж байгаа самбар нь алга. Барилгын талбайг камержуулаагүй. Аюулгүй байдлын тэмдэг, тэмдэглэгээг огт хийгээгүй байна.
Хятад ажилчид нь бүгд ажиллах зөвшөөрлөө авсан хэдий ч барилгын гүйцэтгэгч компани нь хятадууд авч ирж ажлуулах эрх байхгүй. Бид энэ тухай дээд шатных нь хүмүүстэй уулзаж, ярилцах болно” гэв.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн хэмжээнд 90 гаруй барилга шинээр баригдаж байгаа аж. Тэдний хоёрт нь л хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааг хэрхэн хангасан эсэхийг шалгахад дээрх зөрчлүүд илэрч байна. Улсын байцаагчдын зүгээс дээрх хоёр компанид зөрчлөө арилгахыг даалгаж, “Энх багана” констракшн болон “Монь ивээл” ХХК-нд захиргааны арга хэмжээ авч тус бүр 250 мянган төгрөгийн торгууль оногдуулсан юм.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Zochin (May 14, 2014 10:47:31 am )
ajilaa hurdan duusgaya gevel hyataduudiig ajluulah heregtei. Tegeed ch hyataduud ajillaj baigaa barilga deerees hun unaj uheed baidaggui sain taltai shuu.
1 Comment