antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2011 2 comments

Дундаж давхрагынхан буюу шоовдорлогдсон хүмүүс

нийтлэсэн Admin

Соц үед “эх орны алтан гурав” гэж сурлагадаа тааруу үнэлгээ авсан нэгэн өөрийгөө хурцалдаг байлаа. Энэ нь сайнаас доошхи, муугаас дээшхи үнэлгээ юм даа. Одоогийн кредит системээр үнэлдэг болсон нийгэмд бол 60 онооны хавьцаа гээд ойлгочиход болно. Хичээлдээ алтан дундаж байсан хүүхдүүд амьдрал дээр гараад онцчуудаасаа хувь илүү ажил хөдөлмөртөө гялалзан манлайлж, амжиргаа нь ч сайн явах нь бий.

Харин баян, ядуугийн ялгаа тэнгэр, газар шиг хол зөрсөн өнөөгийн нийгэмд дундаж гэдэг ойлголт ч шат шатанд зөрүүтэй байх болжээ. Тухайлбал Болдынхоор жишээлье. Тэднийх хоёр хүүхэдтэй, ам бүл дөрөв. Нөхөр, эхнэр хоёул дээд боловсрол эзэмшсэн, төсвийн байгууллагын ажилтан. Болд байгууллагынхаа хэлтсийн дарга. Эхнэрийн тухайд жирийн албан хаагч. Том хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд, бага нь цэцэрлэгт явдаг гэе. Энэ гэр бүл аав, ээжийнхээ хашаанд гэр барин амьдардаг. Өөрсдийн үндсэн үл хөдлөх хөрөнгөгүй. Нөхөр сард 500 мянган, эхнэр 350 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ХАОАТ-т цалингаасаа суутгагдаад тэдний гар дээр нийтдээ 650 мянган төгрөг өрхийн төсөвт төвлөрнө. Цалингаараа гэр орондоо цахилгаан хэрэгслийн бараа, орчин үеийн ТҮ, хөргөгч зэргийг авчихна. Бүр цаашлаад 2.2 жилийн хугацаанд машины лизинг авчих боломжтой.

Тиймдээ ч Болд саяхан хэрэглээний автомашин лизингээр худалдан авсан. Машиныхаа лизингэд сар бүр 250 мянган төгрөг төлдөг. Банкнаас лизинг авсан болохоор шинэ автомашин худалдан авч. Хөл дүүжлэх унаатай болоод ойр зуурын ажилд хүний гар харахгүй, ажлаа хурдан амжуулж байгаа ч автомашины лизинг төлөхөөс гадна бензин шатахуун гээд зарлага ихтэй. Төсвийн ажилтнууд ажлаа тараад оройдоо халтуур хийж, бензиний мөнгө олно гэж худлаа юм байна гэдгийг тэд машин худалдан авсан хэдхэн сарын хугацаандаа мэдэрчээ.

Тэд ирээдүйд орон сууцанд амьдрахаар төлөвлөсөн. Банкнаас зээл авч орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдахаар судалтал урьдчилгаа мөнгөнөөс гадна үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа өөрийн худалдан авах байшин дээр нэмж орон сууц барьцаалах шаардлага тавьж.

Тэгээд ч жилийн хүү нь өндөр. Тиймээс боломжтой үеийг хүлээн ажлаа хийж, амьдрал үргэлжилж байтал Засгийн газрын бодлого хэрэгжин Болдын албан газарт орон сууцанд хөнгөлөлтэй үнээр хамрагдах хэдхэн квот ирж, түүнд нь мань эр багтжээ. Гэвч орон сууцаа судлан, худалдан авах гэтэл урьдчилгаа мөнгө шаардлагатай болсон байна. Харамсалтай нь тэдэнд урьдчилгаа мөнгө байсангүй. Иймээс квотоо бололцоотой нэгэнд өгчээ.

Энэ өрхөөс манай нийгмийн дундаж давхрагынхны дүр зураг харагдаж байгаа байх. Дээд боловсрол эзэмшсэн, ажилтай өрх бүрийг дундаж давхрагад хамруулна. Өнгөрсөн жилүүдэд манай нийгмийн нэг хэсэг нь хэт баяжин, сүлжээ компани байгуулан, хэтэвч төдийгүй хөрөнгө чинээ нь зузаарч, гадаадад гарч, галуу шувууны мах идэн хаус худалдан авч, мөнгөө үрж ядсан зарим нь хөлөг онгоц үнэ хаялцуулан худалдан авч байна. Далайд гарцгүй манай орны хувьд гадаадаас хөлөг онгоц худалдан авах хэрэг байна уу, тэр хөлөг онгоцоороо эх орондоо сэлээд ирэхгүйгээс хойш гэх нэгэн ч бий.

Өөрийн хөдөлмөр зүтгэлээр амьдралаа босгосон хүмүүсийг энд хэт баяжлаа гэж илүү харж, билүү долоогоогүй юм шүү. Өөрсдийн хүчээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн, түүнийгээ эдүгээ том компани болгон өргөжүүлж, хэдэн мянган хүнийг ажлын байраар ханган, амьдралыг нь авч яваа хөдөлмөрч хүмүүс манай нийгэмд байна аа. Нийгэм эдгээр хүмүүсээр бахархан хүндэлдэг бол төрийн мөнгөнөөс завшиж, тэр хэрээрээ баяжин, алтаар бороо оруулсан ч шунал нь дийлдэхгүй бүлэг байгааг үгүйсгэх аргагүй.

Тэгвэл нөгөө хэсэг нь нэн ядуу, төрийн халамж харан, ажил төрөлд ч орж чадахгүй, хог дээрээс лааз, шил цуглуулан хоногийн хоолоо арай ядан олж байх. Өнгөрсөн жилүүдэд төрөөс амьжиргааны төвшин доогуур өрхүүдэд чиглэсэн халамжийн бодлогыг тууштай явуулж ирсэн. Наанадаж л олон улсын тусламжийн бараа сэлт, будаа гурил цаашлаад хүйтний улиралд түлээ нүүрсийг нь ч бага гэлтгүй хорооноос бэлтгээд өгнө.

Өнөөдрийн иргэн бүртээ сар бүр эх орны хувь хишиг хүртээж байгаа нөхцөлд нийгмийн эмзэг бүлгийнхэн хоногийн бор хоолоо ч төрөөс даалгачихсан гэхэд болно. Гэвч энэ бүлгийнхний ихэнх хэсэг өрх бүлээрээ архинд донтсон байдаг. Сар бүрийн дундуур банкнаас эх орны хишгийг иргэдэд олгож байна. Энэ хэрээр ажилгүй иргэд мөнгөндөө дугаарлан зогсож, банкнаас гараад шууд л архины мухлагийг зорих жишээтэй. Тэр хэрээр сарын дундуур энд тэндгүй согтуучуудын тоо олшрох. Баярын өдрүүд ингэж их сунан үргэлжлээд байна уу гэтэл тийм биш юм аа. Эх орны хишгээ хүртэж, өөрийн төдийгүй үр хүүхдийнхээ мөнгийг авсан иргэд архидан согтуурч, алаг үрдээ талхны мөнгө үлдээж байгаа болов уу гэж сэтгэл эмзэглүүлэм харагдах юм. Ер нь энэ иргэдийг албадан ажил хийлгэсэн ч яадаг юм бэ, төрийн хатуу бодлого тэдэнд хэрэгтэй гэж бодогдох үе ч гарах…

Харин дундаж өрхүүдийн хувьд тэр бүр нийгмийн халамжид хамрагдаад байдаггүй, ер нь хамрагддаггүй гэж болно. Хороон дээр очихоор танайх ажилтай төрөлтэй, амьдралаа авч яваа айл гэнэ. Тэгсэн атлаа төрөөс олгож байгаа орон сууцны зээл энэ тэрд хамрагдах гэхээр өрхийн орлого чинь хүрэлцэхгүй байна гээд буцаачихна. Үнэндээ аав, ээжийнхээ хажуу өрөөг хөлслөөд, эсвэл хашаанд нь амьдарч байгаа айлд юуных нь үл хөдлөх хөрөнгийн барьцаа байх билээ.

Банкаар зээл авахаар баахан барьцаа нэхнэ. Хэрвээ өнөөдөр өөрсдийн орон сууцтай байсан бол юунд 10-20 жилээр банкаар барьцаалуулан байшин худалдаж авах гээд зогсож байх вэ? Ер нь улс орныг нийгмийн дундаж давхрагынхан буюу хөдөлмөрчин анги авч явдаг гэсэн. Өөрсдийгөө амьтнаас доогуур орохгүй, сайхан амьдрал мөрөөдөн нийгмийн дундаж давхрагад хамруулан сэтгэл хангалуун явсаар өнөөг хүрсэн.

Гэтэл олон улсын жишигт томъёолсноор нийгмийн дундаж давхарга гэдэгт ажилтай, мэргэжилтэй, авсан цалингаараа машин төдийгүй байр орон сууц худалдан авах чадвартай өрхийг хамруулдаг аж. Тэгвэл дээр жишээлсэн Болдынх энэ стандартад багтаж чадах уу. Өнөөдөр ийм Болдууд нийгмийн дийлэнхи хэсгийг эзэлж байна. Ингээд бодохоор бидний монголчуудын олонхи нийгмийн доод давхрага руу гулсан оржээ.

УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ хүн амын бараг гуравны нэгийг эзэлж байгаа ядуу зүдүү иргэддээ хорин нэгэн мянган төгрөгийг сар бүр бэлнээр олгож байгаагаас шалтгаалж инфляци өсөх юм шиг, эдийн засаг “сүйрчих” юм шиг худал цуурхаж буй үйлдлүүд эдийн засгийг царцааж “борцлох”, хөгжлийг сааруулж, монголчууд биднийг ядуу, буурай хэвээр байлгах гэсэн оролдлого мэт харагдах боллоо” гэж байсан. Ядуу, буурай хэвээр байлгах оролдлого мэт харагдах байтугай харин ч гуравны нэг бус гуравны хоёр нь амьжиргааны төвшнээс доогуур орлоготой болоод төрөөс бэлэн мөнгө тараасан ч инфляцид нөлөөлөөгүй юм биш үү.

Учир нь нийгмийн хүнд ачааг нуруун дээр үүрч яваа хөдөлмөрчин ангиийнхны амьдралын түвшин өнөөдрийн байдлаар дундаж амьдралтай гэх олон улсын стандартыг хангахгүй байна.
Хэрвээ энэ хөдөлмөрчин анги буюу нийгмийн дундаж давхрагынхан байхгүй болчихвол улс орон мөхлийн ирмэгт ирэх нь тэр. Энэ нь муу амлаад байгаа зүйл биш л дээ. Хэт баяжилт, хэт ядуурал дундаас дундаж давхрагаа хамгаалах, аварч гарах төрийн бодлого боловсруулахгүй бол Монгол Улс баян, ядуу гэсэн хоёр туйлд хоёрхон сая хүнээ хуваах нь байна шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (November 18, 2011 12:37:17 am )

    яг үнэн зөв асуудал хөндсөн байна ийм өрх айлууд хэдэн мянгаараа бна байртай бол юу гэж байр хүсэх вэ дээ ямар хүний байр тавилтай биш энэ асуудлыг яаралтай зохицуулах хэрэгтэй

  • Anonymous (November 18, 2011 9:59:42 am )

    Sain bainu, end uneheer zuv sedviig hundsun baina. Daan ch bid yariad bicheed baihaas uuruur yamarch arga hemjee avch chadahgui baigaa ni haramsaltai. Yarisaar baigaad yaduurch duuslaa.

antalya rent a car