antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 3 comments

ХҮНЭЭСЭЭ ТҮРҮҮЛЖ ХӨГЖСӨН ХОТ

нийтлэсэн Admin

Өдгөөгөөс хорин жилийн өмнө, 1991 оны арван хоёрдугаар сарын 10-нд Улаанбаатар Хөх хот ах дүүгийн харилцааны гэрээ байгуулжээ. Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны хорин жилийн ойг тохиолдуулж нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хөх хотын ардын Засгийн газар хамтран энэ сарын 3-6-нд Хөх хотноо “Улаанбаатар хотын өдрүүд” арга хэмжээг зохион байгууллаа. Урлагийн тоглолт, бизнес уулзалт, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, уран зураг, гэрэл зургийн үзэсгэлэн, хоёр хотын удирдлагуудын уулзалт зэрэг олон арга хэмжээг багтаасан “Улаанбаатар хотын өдрүүд” амжилттай болсон. Энэ талаар тухайн цагт нь мэдээлж байсан болохоор дахин олныг нуршилгүй БНХАУ-ын баруун бүсийн хөгжлийн төв Хөх хотын талаар үзсэн, сонссоноо хуваалцъя.

ТООСГОН ХОТ ТОМ ХОТ БОЛЖЭЭ

Түмэдийн Алтан хаан XI зууны сүүлчээр суурийг нь тавьсан энэ хотыг хүрээлсэн тоосгон хэрэм холоос хөх өнгөтэй харагддаг байсан учраас Хөх хот хэмээн нэрийдсэн гэдэг. Өвөрмонголын өөртөө засах орон (ӨМӨЗО)-ы улс төр, эдийн засаг, урлаг, шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг, түүх соёлын төв, цэргээ хүрээлж, ардаа хайрлагч хот, бүх Хятадын эв нэгдэл, хөгжил дэвшлийн үлгэр жишээч хот, аялал жуулчлалын шилдэг хот, үндэсний ой модот хот зэрэг олон цол гуншинтай Хөх хот Далан хар уулыг дэрлэж, Хатан голыг хөвөөлөн, баруун талаараа Түмэдийн тал, зүүн талаараа Манхан уулаар хүрээлүүлэн оршдог. Монгол үндэстнээ цөм болгож, хятад үндэстэн олонхийг нь эзэлсэн, хотон, дагуур, манж зэрэг 41 үндэстэн оршин суудаг энэ хот 2,8 сая хүн амтай бөгөөд үүний 188 мянга нь монгол үндэстэн. БНХАУ-ын хил хязгаарын нээлттэй хотын нэг уг хот 26 улс, бүс нутагтай олон талт хамтын ажиллагаа хөгжүүлж буй.

Хөх хотын ардын Засгийн газар газар тариаланд түшиглэсэн эдийн засгийн бүтцийг өөрчилж, аж үйлдвэрлэл хөгжүүлэх, ядуурлыг бууруулж иргэдээ чинээлэг амьдралын түвшинд хүргэх, хотын дэд бүтцийг хөгжүүлж, боловсон байдлыг дээшлүүлж, орчин үеийн хот бүтээн байгуулах бодлого баримталж буй. БНХАУын баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх бодлогын биелэл болон сүндэрлэж буй Хөх хот өдгөө эмнэлэг, сургууль, худалдаа, аялал жуулчлалын том төв болжээ. Жилдээ хоёр сая жуулчин хүлээж авдаг энэ хот гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж буй нь тэнд үүдээ нээсэн брэндийн дэлгүүрүүд, баригдаж буй барилга байгууламжаас илт харагдана. Сүүлийн үед Хөх хотын ардын Засгийн газраас Хот тохижилтын ордон, Өвөрмонголын музей зэрэг томоохон үзэсгэлэнгийн танхим барьжээ.

Дотор нь дэлгэсэн үзмэртээ ахадсан том байшин барьж, нэг метрт багтах үзмэрийг 10 метр болгон сунгаж харуулах болсон тухай иргэд нь ярьж байсан. “Томрох нь тодорхой” хотын алс хэтээ харсан удирдлагууд олдсон мөнгөө “чулуу болгож” буй нь энэ биз ээ. Хөх хотын тохижилтын ордныг үзээд ямар нарийн төлөвлөгөөтэй ажилладгийг нь гайхсан. Хотынхоо газар нутгийн ам метр тутамд нь юу хийхээ нарийн бодож төлөвлөсөн байна билээ. Тэнд Хөх хотын үүх түүх, хөгжлийг харуулсан зураг, ирээдүйд хийхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын загварыг дэлгэжээ. Эндээс харахад Хөх хот удахгүй хөгжлөөрөө дэлхийд гайхагдах орчин үеийн хот болох нь тодорхой байна.

ТЭД БИДНИЙ НҮДЭЭР

Өвөрмонголын музей, хүүхдийн парк, амьтны хүрээлэн нь иргэддээ үнэ төлбөргүй үйлчилдэг аж. “Манай засгийн газар энэ мэтийн мөнгөөр дутахаа больсон” хэмээн орчуулагч залуу “томорсон”. Асар хурдацтай хөгжиж, эдийн засаг нь чадавхижиж байгаа энэ хотын иргэдийн яриа ч цамаан болж буй нь илт. Хотын төв, гол замаар нь явахад орчин үеийн гоёмсог барилгууд тэнгэр баганадан сүндэрлэх боловч түүний ард бохир гудамж, навсгар байшин, нурманд булсан төмсөө зарж, хүн тэргээр амьдралаа залгуулдаг эгэл боргил амьдрал оршсоор л байна билээ. Хүн амынх нь 10 хүрэхгүй хувь нь монгол үндэстэн боловч Хөх хотын байшин барилга, хүнд үзүүлж харуулах зүйлд монгол үндэстний онцлогийг шингээхийг чухалчилдаг аж. Тиймдээ ч аливаа байгууллага хаяг рекламаа монгол бичгээр бичих ёстой. Хятад ханзтай зэрэгцүүлэх болвол монгол бичиг дээр нь юм уу, өмнө нь байх ёстой аж. Томоохон зочид буудал, ресторандаа монгол гэрийн элементийг оруулж, дугуй хэлбэртэй зассан байх юм.

Чингис хааныг морьтой, суугаа, сэлэм далайсан, гараа өргөсөн гэхчлэн янз бүрээр дүрсэлж, хөшөө босгожээ. Хөх хотын Засгийн газрын ордны хажууд Чингисийн талбай байгуулсан байна. Хэтрүүлж хэлэхэд гаднынханд монголыг илэрхийлэх, бидний бахархал болсон зүйлс Монголоос илүү тэнд байна. Харин үүнийг хийж, цогцлоож буй хүмүүс нь хятадууд. Өнгөц харахад сайхан боловч том гүрний бодлого цаана нь яваа. 2,87 сая хүнтэй энэ хотод замын түгжрэл бараг байхгүй. Тэнгэр нь бүрхэг ч агаар нь цэвэр. “Жилийн 365 хоногийн 340 өдөр нь агаар цэвэр байдаг” хэмээн Хөх хотын орчныг хамгаалах газрынхан сайрхсан. Ийм байлгахын тулд замын хөдөлгөөнд оролцож буй машины утааны хэмжээг байнга шалгаж, тогтоосон хэмжээнээс илүү утаа гаргаж буй машиныг хөдөлгөөнд оролцуулдаггүй хуультай аж.

Өвөрмонголчуудын гаднынханд үзүүлэх дуртай гол газар нь үлэг гүрвэлийн олдвор голлосон Өвөрмонголын музей. Манай Байгалийн түүхийн музейд байдаг шиг үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яс тэнд байна. Гэхдээ үзмэрийн танхимын тохижилт, тэнд тавьсан дэглэлт нь манайхаас тэс өөр юм. Тухайн үед ийм л байсан болов уу гэмээр орчин бүрдүүлж, аварга биет үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг байрлуулан, дунд нь дуугарч, хөдөлдөг хиймэл үлэг гүрвэл тавьсан нь үзмэрийг амьд, сонирхолтой болгожээ. Хөх хотод очсон хэн ч энэ музейг үзэхгүй өнгөрдөггүй гэнэ. Байгаа юмаа “чулуу” болгох ухаанаас нь бид суралцууштай юм билээ. Энэ мэтчилэн Хөх хотынхон санаа авууштай, бахархмаар зүйл олныг хийжээ. Үүний хажуугаар дутуу дулимаг зүйл ч олон харагдсан. Царайлаг бүсгүй, булчинлаг залуу ховор, залуус нь дэгжин биш, хөгшид олонтой энэ хотын байшин барилга нь хүнээсээ түрүүлж хөгжсөн шиг санагдсан. Өөрөөр хэлбэл хүний хөгжил муутай юм билээ. Иргэдийнх нь биеэ авч яваа байдал, харилцааны болон үйлчилгээний соёл тун маруухан. Өвөрмонголын хамгийн том, таван одтой зочид буудлын рестораны зөөгч л гэхэд үйлчлүүлэгчээ дуудахыг анзаардаггүй, захиалга авч яваад “таг” болчих нь хэвийн үзэгдэл юм билээ.

БИД ТЭДНИЙ НҮДЭЭР

Өвөрмонголчууд “Далайн давалгаа шиг түрхрэн орж ирсэн хятадын их нүүдлийг Түмэдийн талд бид зогсоосон. Халхуудыг халхаараа үлдэхэд бид амьд хэрэм болсон шүү” хэмээн ярих дуртай. Албаны бус яриа өрнүүлэхэд тэд “Ар, Өвөр монголчууд ялгаагүй, нэг өвөг дээдэстэй, нэг үндэстэн. Бид ар монголыг хөгжөөсэй гэж боддог. Танай улсын хөгжихгүй байгаа нь нэг талаас том гүрний бодлоготой холбоотой. Нөгөө талаас монголчууд бэлэн юманд дуртай, хүн түшиж, хүнээс тус дэм авч амьдраад сурчихсан. Хэн надад туслах бол гээд хүлээгээд суудаг. Хүн хийгээд өгөх юмыг би хийгээд яах вэ гэж боддог нь хөгжилд тушаа болдог” хэмээн шүүмжилсэн. “Манай Засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж байгаа” хэмээн өөрсдийгөө өмгөөлөх гэтэл “Ширээний ард нэг юм яриад, өөр газар очихоороо шал өөр болчихдог хүмүүс үүнийг хийж чадахгүй.

Хорин жилийн өмнө Эрээн хот ямар байлаа. Одоо ямар болоод байна вэ. Гэтэл Замын-Үүдэд очоод хоол идчих олигтой ресторан ч байхгүй, бахь байдгаараа, хил дээр байдаг бөглүү сум хэвээр үлдлээ. Замын-Үүдийн чөлөөт бүс гэж хэдэн жил ярив. Энэ хооронд Эрээн хот хөл дээрээ бат зогсож, хөгжлөө. Одоо Замын- Үүд худалдаа наймаагаар Эрээнийг гүйцнэ гэдэг хол хэвтээ хэрэг. Хоног өнгөрөх тусам Эрээн хот хөгжиж, хүчирхэгжиж, олон улсын худалдааны төв болж байна. Энэ хэрээр Замын-Үүдийн боломж хумигдаж байгаа. Монгол Улс БНХАУ-ыг бодвол арай чөлөөтэй. Энэ бол танай давуу тал. Үүнийгээ ашиглаж Замын-Үүдийн чөлөөт бүсэд хятадын бараа бүтээгдэхүүнийг татваргүй оруулж, казино байгуулах зэргээр Эрээн хотоос давуу байдал бий болгож, хүмүүсийг татаж болохоор санагддаг.

Энэ бол элэг нэгтнээ гэсэн энгийн нэг өвөрмонгол хүний санаа шүү. Буруу бодож байж ч магад. Монгол Улсын хууль дүрэмд таарах эсэхийг мэдэхгүй. Хүн бүр өөдрөг бодолтой байж, өөрийнхөө амьдралыг сайхан авч явахын төлөө зүтгэвэл улс орон хөгжинө. Хятад Улс бол иргэдийнхээ амьдралд туслахгүй. Хөдөлмөрлөхгүй бол өт хорхой мэт няц гишгэгдэнэ. Тийм учраас хүн бүр өөрийнхөө амьдралыг авч явахын төлөө зүтгэж, энэ хэрээр улс орон хөгжиж байгаа” хэмээсэн.

Х.УЯНГА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Mesothelioma (February 19, 2014 6:24:35 am )

    I used to be able to find good info from your articles.

  • Valium (February 19, 2014 6:24:59 am )

    A few articles on the topic: such as real job offer for flight attendant, requirements like education and outlook and a few real stories about being flight attendant.. Languages, customer care experience, nursing and professional look are imporant for international flights.. New attendats usually work for some peoriod as part-time: they replace regualr emplyees on last minute basis, but sure, it depends on the company.. http://blog.lessno.com/tag/flight_attendant

  • Mesothelioma (February 19, 2014 10:14:36 am )

    bookmarked!!, I like your web site!

antalya rent a car