antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 Comments are off

ҮХЛИЙН ХОТЫН ҮҮДНЭЭС ХЭЛЭХ ҮГ

нийтлэсэн Admin

Унасан газар, угаасан усаа ийнхүү нэрийдсэн минь алдас гэж бодно. Их хот чамайгаа түр зуурхан орхиод гарахад л “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэж бодогддог шүү. Гэвч гэр дотроо ярих үг гэж бий. Босгоны дэргэдээс хоймортоо дуулгах үг ч бас байна. Миний төрсөн хотыг өвөлдөө утаанд умбаж, зундаа халдварт өвчний үүр уурхай болдог гэдгийг бид төдийгүй дэлхий мэдэх болжээ. Цоо шинэ мянганы эхэнд амьдарч байгаа бид хүн төрөлхтний шившиг болон амьдрах учиргүйсэн. Хот гэж ярихаар утаа санаанд орж, уур уцаар өвчин эмгэгт баригдсан хүмүүс нүдэнд харагдах шиг болсоор нэлээд жилийн нүүр үзэв ээ.

Энэ хорвоод мөнхийн хутгийг олсон хүн нэгээхэн ч үгүй. Хэрвээ сүнс гэж байдаг нь үнэн бол их хотын эргэн тойронд чухам юу эргэлдэн байдгийг үзээгүй нь яамай. Энэ л хотдоо бид 300 гаруй жил нялхсыг угтаж, хөгшдийг үдлээ. Гэхдээ хотжил идэвхжсэн өнгөрсөн зуун, тэр дундаа хот цэцэглэсэн 1950-иад оноос хойш нийслэлийн хөрс амар тайван байсан гэж үү. Шинэ шинэ үйлдвэрийн газрууд баригдаж хот сүндэрлэсэн. Магадгүй өндөр гэгээн Занабазар дөрвөн уулын дунд шар бүсийн хотыг буулгахдаа энд Монголын хүн амын хэт төвлөрөл үүсэж, хоёр сая гаруй иргэний талаас илүү нь оршин сууна гэж төсөөлөөгүй биз ээ. Хожим социализмын үед нийслэлийг үсрээд л 350 мянган хүн амтай байна гэж тооцоолж байсан нь алдаа болсон.

Өнөөдөр нийслэлийнхэн дөрвөн уулын дундаа багтаж ядан амьдарч байна. Тэр хэрээрээ хот маань үхэл дагуулсаар байгаа билээ. Энэ хотод олон хүн энхжингийн оронд очсондоо биш, хүн ам нь хэт төвлөрснөөс үхлийн хот болоод байгаа бус уу. Улаанбаатарт хэн нэгнийгээ сүүлчийн замд нь үдээгүй монгол хүнийг ол гэвэл бараг гарахгүй биз. Нийслэлийн агаарын бохирдлыг бид олон жил ярьсан. Улсын төсвөөс жил бүр хөрөнгө гаргаж, элдэв тендер зарлаж байна. Тэр болгонд жил бүр тэрбумаар тоологдох хөрөнгө цацаад ч тусыг эс олов. Эцэстээ Төрийн тэргүүн маань хүртэл хотын утаатай тэмцлээ.

Санаа дагаад тэр үү, аль эсвэл илүү намартай тул гал бага түлж байгаатай холбоотой юу, өнөө жил арваннэгдүгээр сар гарсан гэхэд нийслэлийн агаарын бохирдол урьд жилүүдээс бага байх шиг. Гэвч энэ мэт зүйлд сатаарч суулгүйгээр их хотоо үхлийн тойрог болгочихгүй байх нь чухал байна. Өнөөг хүртэл бид нийслэл хотын бүх муу муухай зүйл утаанд байна гэж ярьсаар ирсэн. Тэр чиглэлд их ч хөрөнгө зарлаа. Тэгвэл утаанаас дутахгүй үхэл авч ирж байгаа хөрсний тухайд тэр бүр үг дуугарахгүй л байна. ШУАийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтэд энэ чиглэлд багагүй ажил хийж байгаа ч тэр нь их гэрийн хойморт очих яагаа ч үгүй бололтой. Уг нь монгол хүн муу муухай бүхнийг үндсээр нь тасална гэж ярьж, хөрснөөс нь хөөж үздэгсэн. Гэтэл өнөөдөр хөрс судалдаг эрдэмтдээ орхиод шууд л утаа ярьж, түүнд хөрөнгө хаях болсон нь хачин.

Тэнгэрт утаа манан татуулж байгаа, хог хаягдал газартаа шингэдгийг ойлгохгүй хүн гэж баймааргүй юм. Тэгвэл өнөөдрийн хотын удирдлага, оршин суугчид нь хүртэл тэнгэрт дэгдсэн хорт хаягдал газарт буухгүй мэт санацгаах болсон нь гайхмаар ч юм шиг. Энд зөвхөн хотын удирдлага буруутай гэж хэлэх гэсэнгүй. Үхэл авч ирж байгаа өвчний гол уурхайг хүн амын төвлөрөл, хүний тарьсан балаг гэдгийг хэлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл, бидний тарьсан хог нийслэлийн хөрсийг бохирдуулж уух ус, гишгэх хөрсгүй болгож байна. Өвчин гарах үүд хаалгыг нээж байна. Тэр их бохир ертөнцийн амьсгал дунд хүн өвдөж, үрэгдэж хэн хүнгүй авс бэлдэж байна шүү дээ. Саяхан болтол монгол хүн хорт хавдрыг цацраг туяаны өвчин гэж нэрлэж, тусдаа эмнэлэг байгуулж эмчилж байсан. Тэгвэл өнөөдөр хаа сайгүй хорт хавдраар хөгшин залуугүй өвчилцгөөж, “Эмчилгээгүй” гэсэн хариу дуулах болов. Энэ үхлийн үндэс хаанаас, юунаас гараад байгаа юм бэ.

Нэг хэсэг элэгний гепатитаар өвчилсөн хүнийг “Шарын цэрэгт “мордоод ирлээ” гэж явуулцгаадаг байлаа. Тэгвэл өнөөдөр бохир гарын гэдэг байснаа бохир орчны үүдэлтэй гэгдэх энэ өвчнөөр өвчлөгсөд бүрэн эдгэдэггүй гэдгийг анагаах ухаан тогтоогоод байна. Энэ өвчний үндэс хаанаас гарч байна вэ. Дулааны улиралд гепатит дэгддэг гэж яриад байгаа нь цаанаа хотын хөрсний бохирдолтой холбоотой гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нийслэлийн хөрсний бохирдол ямар байгааг Газарзүйн хүрээлэнгийнхэн дагнан су далжээ. Энэ судалгааг өнөөдөр ч хийж байгаа юм биш ээ. 30-аад жилийн өмнөөс эхэлжээ. 1989 онд анх Оросын эрдэмтэдтэй хамтарч нийслэлийн хөрсийг судалсан бол 1990 оны сүүлч, 2000, 2010 онд дангаараа судалсан байна. Дээр дурдсан 10 жилийн давтамжтай судалгааны зэрэгцээ хэд хэдэн судалгааг хийж амжсан бөгөөд судалгааны дүнд эрдэмтэд сэтгэл дундуур байгаа аж. Судалгаа бүрийн дараа хотын бохирдолт түгшүүр төрүүлж байгааг тэд ний нуугүй ярив.

ШУА-тийн Газарзүйн хүрээлэнгийн захирал Д.Доржготов:

-Бид судалгааг гурван гол чиглэлээр явуулсан. Нэгд, хүнд элемент, автомашины утаа, агаарын бохирдлыг судалсан. Улаанбаатарт хар тугалга, хүнцэл, цайр, зэс, хромын агуулга хэвийн хэмжээнээс их байна. Улмаар органик бохирдол буюу бензин, шатах тослох материалын бохирдол ямар байгааг үзсэн. Эцэст нь микробиологийн бохирдлыг судаллаа. Судалгааны эцсийн дүн дээрх төрлийн бохирдлууд байж болох хэмжээнээс дээг үүр гарч байна. Наад зах нь нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 220 мянга гаруй жорлон байгаа нь микробиологийн бохирдол их байгаагийн шалтгааны нэг гэж ярьж байлаа. Цаашлаад чимээгүй хоттойгоо хаяа нийлэн амьдардаг нийслэлийнхний хувьд төрөх нь үнэн, үхэх нь үнэн боловч хойд насандаа газар бузарлалаа гэж ясаа өндөлзүүлэхийн чинээ хэн санаа аж дээ. Гэтэл өнөөдөр нийслэлийн хөрсний бохирдлын багагүй хэсгийг бидний бүрлээчдээ тавьсан газар эзэлдэг нь харамсалтай.

Тэр бүхэн хурын усаар дамжин ус бохирдуулдаг. Хот утаагүй болсноор хотын бохирдол хийсэх мэт алга болохгүй гэж эрдэмтэд үзэж байна. Тэд хотын цонхонд наалдсан тортгийг арчиж шинжлээд хөрсөнд байгаа бүх бохирдол цонхонд наалдсаныг тодорхойлжээ. Эндээс харсан ч муу муухайг арилгахдаа өнгөн талаас нь биш уурхай руу нь орж, үндсийг нь таслах хэрэгтэй гэсэн монгол логик ямархүү үнэн болохыг үгүйсгэх арга алга. Тиймээс бид утаа тай тэмцэхдээ хөрс хамгаалах ажлыг мартаж болохгүй. Хөрөнгө гаргах асуудал дээр ч энэ чиглэлийг барих цаг болсон. Өнөөдөр нийслэлийн хөрсийг судлах асуудал дээр ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн хөрс судлалын салбар гол анхаарлаа тавьж байна. Тус салбарын эрхлэгч доктор О.Батхишиг нар судалгааг гардан явуулж байна. Тэд ч судалгааны эцсийн дүнд сэтгэл гонсойж байгаагаа илэн далангүй ярьсан.

Өнгөрсөн жил нийслэлийн ЗДТГ, БОАЖЯ-ны хүсэлтээр 150 цэгээс дээж авч шинжлэхэд хөрсний бохирдол их гэсэн дүн гарчээ. Тэд хүнд металл, органик, нянгийн бохирдол ямар байгааг үзжээ. Судалгаагаар Чингэлтэй дүүргийн Баянбүрд орчмын газар органик бохирдол зөвшөөрөх хэмжээнээс асар өндөр байгааг тогтоожээ. Автомашины засварын газар олноор байрладаг энэ хэсэгт хар тугалганаас үүдсэн, хөрсний бохирдол 100 мг, кг байх ёстой атал 2400 мг/ кг байсан нь байж болохгүй үзүүлэлт гэнэ. Энэ мэт Шархад орчмын засварын газар төвлөрсөн хэсэгт 700-800 мг/ кг-ийн бохирдол шатах, тос лох материалаас үүдэн бий болсон гэсэн үзүүлэлт гарсан байх юм. Эндээс харсан ч хотын хөрсийг хэн бохирдуулаад байгаа нь тодорхой. Нянгийн бохирдлын тухайд дэндүү гэхэд даанч дэндүү. Нийслэлд байдаг олны хөлийн 100 газраас дээж авахад 61 хувь нь их, 18 хувь нь бага, дөрвөн хувь нь бохирдоогүй гэж гарсан байх юм.

Судалгаандаа үндэслээд өвчин тараах уурхай болсон “Нарантуул” захын хойд хаалгыг хаагаад өгөөч, эсвэл ариун цэврийн шаардлага хангахаар болгоод өгөөч гэсэн шаардлага тавьсан ч нийслэлийнхэн шийдээгүй гэнэ. За тэгээд цахилгаан станц, гэр хорооллын нүүрсний тухай ярилтгүй. Төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэр төвлөрдөг районы “Харгиа” цэвэрлэх бай гууламжийн тухай өчнөөн яривч их гэрийн үүднээс дуу гарах судлаачийн үг хойморт гардаггүй юм байна. Ер нь миний хотыг үхлийн хот гэж нэрлүүлэх үйлдлийг хэн хийдэг вэ. Тэр дотор гэр хорооллынхны бохир заваан байдал хэрээс хэтэрлээ. Тэгсэн хэр нь айлуудынх нь 25 хувь нь л хог хаяулсан мөнгөө төлдөг байх юм. Ийм ч иргэд байх гэж дээ. Монгол хүний нэг муухай зан бий. Тэр заншлын дагуу хог бол бузар юм байх.

Хогны доогуур гарвал “пий, паа” гэцгээнэ. Гэтэл Монголд монголчуудын хогийг цэвэр лэх гэж гадаадынхан анхаарч иржээ. Бүр 1921 оны хоёрдугаар сард нөгөө муу нэрт Барон Унгерн Хүрээний хогийг баригдсан гамингуудаар цэвэрлүүлэх гэж оролдсон байх юм. Хожим 2005 онд Японы “ЖАЙКА” байгууллага Улаанчулуутын хогийг цэгцэлж, тэр байтугай Японы сайн дурын 60 хүнтэй баг ирж хогийг маань цэвэрлэж өгч. Бид байдаггүй. Ийм л байдлаар бид хотоо үхлийн хот болгож, нас нь яагаа ч үгүй байхад талийгаачид авс бэлдэцгээнэ. Бид одоохон ханцуй шамлан хогоо цэвэрлэхгүй бол, шинэ цагийн баячуудаас хөрс ашигласан мөнгөө төл гэж шаардахгүй бол миний, чиний, бидний төрсөн хот үхлийн хот хэвээр байна гэдгийг их гэрийнхээ хатавчаас хойморт хандан хэлэх байна.

Б.НАЦАГДОРЖ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car