antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2011 1 comment

“Халдвар” тараасан хар тамхичид хаагуур явна

нийтлэсэн Admin

Бүдэг гэрэл дэх энэ ханын зураг хэрхэн амилдгийг хар тамхичид л мэднэ.

Хар тамхи буюу мансууруулах бодис хэрэглэгчид нэгэн үе нууцлаг байдалд байдаг байв. Харин өдгөө томоохон цэнгээний газарт тэдгээр мансуурагчдыг харж болохоор болжээ. Тэр ч бүү хэл хар тамхичид цуглардаг, гэх газруудтай болсон байгаа юм. Хамгийн түрүүнд 23 дугаар сургуулийн хажууд байрлах “100 %” гэдэг бааранд очлоо.

Энэ бааранд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгээс эхлээд  “Э-Лайн”, “Гайз-666”, “Лемонс”, “Айс топ”, “А-Capella” хамтлагийн гишүүд тухалдаг байсан гэнэ.

Нэгэн үе уран бүтээлчдийн уулзах газар уу, мансуурагчдын цуглардаг оромж уу гэгдэж байсан энэхүү баар тамхины цэнхэр утаа дунд хөвөх мэт үзэгдэх аж.

Энд цугларсан залуусын ихэнх нь англи хэлээр ярина. Нарийн ширийн зүйлээ нууцлах маягаар англиар ярьдаг бололтой. Нэг ирланд эрийг дагуулан орж ирсэн 20 гаруй насны ижил хүйстэн залуу сексийн амьдралаа сонирхуулан ярих нь чих дэлсэв.

Энэ баарны тохижилт анхаарал гойд татахаар байлаа. Хананд хар тамхины хамааралтай байсан “Нирвана” хамтлагийн дуучин Курт Коббайн, рок н роллын эцэг гэгдэх Элвис Пресли, попын хаан Майкл Жексон, Queen хамтлагийн дуучин Меркуригийн зураг өлгөөтэй. Эсрэг талынх нь хананд стерео маягаар зурсан хананы зураг. Гадаад дотоодоор тэнэсэн ч юм уу Голландын Амстердам хотоор  очоод үзсэн хүн бол шууд л “Өө энэ чинь мансуурагч нарын баар байна” гэх  байв.

Энэ хананы зураг мансуурагч нарын бэлэг тэмдэг гэхэд болно. Хальт харсан хүнд баахан нүд л харагдана. Хэрвээ мансуурсан этгээд харвал энд ад чөтгөрийн гэмээр зугаа цэнгэл бүгд бий. Машин тэрэг, нүцгэн шалдан хүүхэн, боодолтой ам.доллар, урлагийн тайз, мансуурах бодис гээд бүгд багтжээ. ЗD кино үзэж байгаа төв мэдрэлийн системдээ гаж цочрол авсан нөхдүүд энэ зураг дотор “үсрэн орж” төөрч гарах биз.

Баараар үйлчлүүлж буй залуус  арав арван минутын зайтай бие засах өрөөнд ороод инээлдэн гарч ирэх. Нэг цагийн дотор хэд хэдэн удаа  ч орж байгаа юм бэ бүү мэд. Хэд хэдэн хүний гар дамжин түрээслэгдэх бааранд зочилж буй залуусын ихэнх  гадаадад сургууль төгссөн нь илт. Энэ баарны үйлчлүүлэгч кокейн маягийн мансууруулах бодис татдаг байж болзошгүй мэдээлэл байсан юм.

Шөнийн 23 цагийн үед баарны үйлчлэгч нь “Дотоодын хамгаалах газрынхан шалгалт хийж мэднэ. Хаалгаа барилаа” гэдгээ эелдгээр мэдэгдсэн. Цагдаагийн эргүүлийг ингэж нэрлэж байгаа юм. Үүний дараагаар “Метрополис” хэмээх  бааранд очлоо. Шөнийн 02 цаг гээд очиход ид бужигналдаж байв. Бас л нэг цоо шинэ үеийнхэн ордог цэнгээний газар байлаа. Үйлчлүүлэгч нар нь 16-25 насныхан. Ерөнхийдөө бол мөнгө төгрөгтэй “бацаан”-уудын цуглардаг газар гээд хэлчихэж болно. 20 хүрээгүй шахам залуу хоёр гурван бие хамгаалагчтай орж ирээд гарахыг харлаа.

Залуу үеийн төлөөлөл болсон залуус электро хөгжмийн аянд дэвхцэн бүжих аж. “Метрополис” хэмээх цэнгээний газрыг мансуурагчдын газар төв цэг мэдээлэл бий. Гэвч ил явагдана гэж байхгүй. Бүгд л сүлжээнд орсон сураг бий. Нэг шил пиво оройжин уугаад “тасарчихсан” нөхөр эргүүтсэн төлөг аятай хаана ч хамаагүй үсэрч цовхрон бүжиглэж байгаа ч үзэгдэнэ. Эндээс гарч шөнийн 05 цагийн үед “Кристал” гэдэг цэнгээний газар очлоо. Яг л “Нарантуул” зах шиг эмх замбараагүй газар юм.

Мансууруулах бодис хэрэглэдэг залуусыг баар рестораноор эрээд нэмэргүй аж. Харин та бидний танил тал, найз нөхдийн хүрээнд 1-2 мансуурагчид байдаг юм билээ. Ингээд маргааш нь нэг танилаараа дамжуулан мансуурдаг гэх залуустай уулзаж, бараа худалдан авахаар боллоо. Нэг нь бүр 50 дугаар дунд сургуулийн багшаар ажиллаж байсан  бөгөөд хар тамхичдын тухай баримтат кино хийх бодолтой нэгэн. Тэрээр энэ мөрөөдлөө МҮОНТВ-ийн сэтгүүлчид ярьж байсан юм билээ.

Ингээд III хороололд байдаг “Мичид” гэдэг буудлын ресторанд уулзахаар болов. Бид ч өөрсдийгөө мансууруулах бодис хэрэглэдэг гэж залууст танилцуулсан юм. Тэд гурвуулаа байлаа. Бүгд туранхай, эцэнхий. Тас хар нүдний шилтэй. Шилээ авахад нь нүднийх нь зовхи улайж аягаар нь харласан үзэгдэх юм. Баарны бүдэг гэрэлд гялбахыг нь үзвээс харанхуйгаас гарч ирсэн мэт сэтэгдэл төрүүлж байлаа. Бид тэднийг  пивоор дайлсан хэдий ч яриа хөөрөө олигтой нийлж өгсөнгүй. Хэдэн минутын дараа нөгөө гурван залуу маань баарны бие засах өрөөнд ороод гарч ирлээ.

Мэдээж нөгөө “юмаа” хэрэглэчихсэн бололтой.  Нүд нь гэрэлтээд шараа тайлчихсан хүмүүс шиг хэн нэгнийг шоолон инээлдэж гарав. Бид нараас нэг их цэрвэхгүй болсон байлаа. “Нэг шахмал авах гэсэн юм” гэхэд дуу хөгжмийн студид ажилладаг Төрөө гэх залуу “Бид шахмал зараад байдаггүй. Аваад бас байдаггүй. Өөрсдөө яваад түүчихдэг юм. Таны талаар Оюука хэлсэн л дээ. Зүгээр яахав энд сорвол жаахан юм байна” гэлээ.

“Олсны ургамал элбэг олдох уу” гэхэд тэрээр “Олсны ургамал Орхон аймгийн нутагт лав 250 га газарт ургадаг. Тэгээд ч үр нь салхиар хийсээд хаана ч ургах бололцоотой” гэж ярьсан юм. Эдгээр залуус саваагүй зангаасаа болоод “Элийрдэг” болсон байгаа аж. Ар гэр нь иймэрхүү зүйл хэрэглээд байгааг нь гадарладаг гэнэ. Залуус “нэг л өдөр мансууруулах бодис хэрэглэхээ болино” гэдэг ч сүүлчийн удаа гэсээр 7-8 жил сорчихоод байгаа аж.

Яг архинд орсон хүн шиг “Бид мансуурагчид биш” гэж ярьдаг ч  үнэн хэрэгтээ бол үүнээсээ салж ч чадахаа байсан “өвчтөнгүүд”. Эмнэлэгт хандъя гэхээр цагдаагийнхан хүрч ирээд “Хаанаас өвс ургамал авч татсан” гээд асуугаад унахаас айдаг бололтой. Энэ гурав шиг мансуурдаг залуус олон бий гэнэ. Гэгээн цагаан өдөр гэм хийсэн мэт гэлбэлзэж шөнөөр амьдардаг болжээ.Энэ жил мансууруулах төрлийн 10 гаруй  ургамал ихээхэн хэмжээгээр ургасан гэнэ.

Залуус “юмгүй” болохоороо Гачуурт гардаг гэнэ. Тэнд нэг солонгос эр ихээхэн хэмжээний цэцэг ногооны дунд “Намуу цэцэг”    тарьснаас авч татдаг тухайгаа ч ярилаа. Сүүлийн жилүүдэд кокейн ихээхэн оруулан ирж байгааг залуус “Гадаадын оюутнууд болон манай суралцагч нар авч ирдэг” гэсэн юм. Эдгээр залуустай нэг хоёр удаа уулзаад бүгдийг нь яриулж чадахгүй бололтой. Яагаад гэвэл ихээхэн хашир юм. Бас тав гурван төгрөгт ч хууртчихааргүй бололцоотой, өөрсдийн үзэл, төлөвшилтэй юм. Залуучууд ирэх долоо хоногт аль аль бааранд мансуурагчид цуглардгийг үзүүлэн цуг дагуулж явахаа амласан юм. Ургамлаа хэрхэн түүдэг, боловсруулдаг, нэг нэгнээ олдог талаараа ч ярилаа. Хамгийн аюултай хар тамхичид нууцлаг байдалд орсон нь энэ төрлийн гэмт хэрэг сүлжээ үүсгэн хүрээгээ тэлж буйг илтгэж байв.

Нөгөөтэйгүүр ихэнх мансуурагчид найз нөхдийн хүрээнд зуслан энэ тэрийг сонгон нууцаар мансуурдаг болсон гэнэ. Нөхөр нь мансуурагч бол эхнэрээ татан оруулдаг аж. Хүрээгээ тэлэн өргөжөөд арга зам нь нарийсаад байгаа “халдвартай” хар тамхичдыг яалтай билээ.  Ийм нэг  залуучууд бий болчихоод байгаа бөгөөд “өвчин нь” улам хүндэрч байгаа бололтой. Тэр тусмаа урлаг соёлын залуус дунд хар тамхи татвал “Сайн бүтээл төрдөг” гэсэн мухар сүсэг яваад байдаг болжээ.

Монгол Улсад мансууруулах бодис хэрэглэгчид нэмэгдэж   байна. Өдөр болгон шахуу “Мансуурагч бодис хэрэглэсэн, хадгалсан иргэд баригдлаа” гэх мэдээлэгдэх болсон цагдаагийн мэдээгээс үзэж болно. Тэр дундаа ийм төрлийн мафийн сүлжээнд монголчууд байдаг тухай ч сонсогдох болов. Малайз, Вьетнам, Лаос, Бангладеш зэрэг улсад манай улсын иргэд хар тамхины сүлжээнд томоохон байр суурь эзэлдэг болсон гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд Монгол Улсын 27 иргэн гадаад улс оронд хар тамхи наймаалсан, зөөвөрлөсөн хэргээр баригдаж үүнээс 14 нь бүх насаараа хоригдох,цаазаар авахуулах ял сонсоод байгаа билээ.

Т.АРАНДАЛ

hartamhi

Метрополис шөнийн 04 цаг

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 08, 2011 8:25:23 am )

    uul ni ene chini bs neeh buruu yum bish bhgui yu , manai mongol gadaad shig mansuurliin heden huvitai yavaj bolon geed huli batalchuul humuus neeh nuugaad ntr bolood hetruuleed bhgui sh de ,
    humuus nuuh tusam l tsaashaa yavii sh de !!1

antalya rent a car