2012 оны УИХ-ын сонгуульд “Эр хүний 13, эм хүний бас бус мэх” хэрэглэж байж 31 суудал цуглуулж дөнгөсөн АН-ын удирдлага, УИХ-ын дарга З.Энхболд нар яаж ийгээд 39 суудалтай болж, дангаар захирах хэмжээгүй эрхтэй болохоор улайран зүтгэж байна. Ардчиллын үнэт зүйлсийг олонхын дарангуйлал, анархизмаар солиход одоо тэдэнд УИХ-ын зургаан суудал хэрэгтэй.
Зургаан удаа “Амаараа шороо үмхтэл”-ээ хулхидуулсан ард түмэн өнгөрсөн сонгуулиар аль ч намыг хэтэрхий олонх болгоогүй нь өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдыг цагаас нь өмнө бууралтуулах шалтгаан болоод байгаа юм.
Архи, мөнгө, бэлэг сэлт тарааж, тойргуудаас цуглуулсан 21 суудал дээр “Намын жагсаалт” хэмээх булхай, луйврын ард нуугдсан 10 эрхэм нэмэгдэж, яаж ийгээд 31 суудалтай болсон АН анхнаасаа л “мордохын хазгай” гэгч болсон. Хаашаа ч гарах газаргүй болсон тэд наашаа харж инээж, цаашаа харж уйлсаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан засаг байгуулсан нь ёстой л “Лам олдохгүй болохоор буцахдаа залсан” нь гашуун үнэн. З.Энхболд даргын зандралтаар Н.Алтанхуягийн “хатавчинд” сууж байгаа “Шударга ёс” эвслийн дөрвөн сайдын хувь заяа шийдэгдэх хугацаа ойртсоор л.
Өөрсдөө ч овоо босгоогүй байхад “засгаас гарна” гэж амны алдаа хийсэн нүгэл тэдэнд ч бас бий. Гэхдээ энэ бол асуудлын гол биш юм.
Яаж ийгээд цуглуулсан 31 суудал анхнаасаа л З.Энхболд даргын таалалд нийцээгүй. Тийм ч учраас нэг их сайхан харилцаатай биш Өвөрхангайн Г.Батхүүг хүчлэн татаагүй ч түлхэж унагалгүй байсаар УИХ-ын танхимд чирээд оруулаад ирсэн. Тун удалгүй нэг нүдээрээ ч хардаггүй шахуу байсан Д.Арвинг Баянзүрх дүүрэгт намынхаа нөхдөд гоочлуулан “ядарч” байна гэж уйлагнаж явахад нь халуун нөмөртөө багтааж, жигтэй, жоготой дэмжлэгийг харамгүй үзүүлсээр шалбааган дотроос суга татаад УИХ-ын эрхэм гишүүн болгоотохсон.
Д.Арвин хатагтай ч амьдралынх нь замыг гэрэлтүүлж өгсөн ачтандаа төрөх эмнэлэг барина гэж тендерт ялж авсан олон тэрбумаараа нүгэлт өрөө төлж, бодож санах юмгүй АН-ыг бараадсанаар “бяцхан” олонх 33-уул болсон түүхтэй. Одоо тэд хэмжээлшгүй эрхтэй болоход гайтай зургаан суудал дутуу байгаа. Тэр гайтай зургааг өөрийн болгохоор АН, УИХ-ын дарга З.Энхболд юу ч хийхээс буцахгүй дайрч байна.
Эхнээсээ ч хийгээд эхэлсэн. УИХ-д бие даан сонгогдсон С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд хоёр жигтэйхэн дотно болчихоод байгаа нь ажигч, гярхай сонгогчдын хараанаас мултарсангүй. Тэр гурвыг АН-ын бүлэгт элсүүлэхийн тулд тун удахгүй хачин томилгоонууд хийгдэнэ гээд мөрийцчихөд алдана гэж байхгүй. Олны яриа ортой гэгчээр Х.Болорчулууны дүү Х.Болоржаргал “Монголросцветмет”-ийн захирлаар очиж золигтох бол, С.Ганбаатарын дүү С.Гантуяа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн орлогч захирал болж, будлиан хутгах хор энэ л өдрүүдэд найрагдаж байна. Харин Ц.Даваасүрэнгийн төрсөн дүүг Татварын Ерөнхий газрын дэд даргаар тавьж “хэрэг тарина” гээд байсан ч энэ удаа суга дэвшүүлж арай л зүрхэлсэнгүй. Тэр нөхөр тэнд туугаад очсон бол “Нар баруунаас навтас нөмрөөд гарч ирэх” мэт ёстой нэг завхарсан хэрэг болохгүй юу. Аа яа яа. Яагаад ч байж боломгүй юм гэж бас бий шүү, та минь.
Гэхдээ л Ц.Даваасүрэнгийн нэг суудал шиг аминд тулсан хэрэгцээ одоогоор АН-д үгүй тул мөрөөрөө яваа түүний дүүг зүгээр суулгахгүй оролдож л таарна. Харин ахыг нь аргамжихын тулд хөөрхий муу дүүг хааш нь “шидчихээд” бууж ирэхэд нь тосч авахгүй золигт гаргах гэж байгаа нь маргаашийн асуудал.
Бие даагч гурваар ийнхүү наадаж байх зуур олны анхаарал Увсын хэрүүл нь дуусдаггүй тойргоос түр хөндийрөөд байсан билээ. Тэгвэл МАН-аас ялалт байгуулж УИХ-д сууж байгаа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёроор З.Энхболд дарга “туг тахих” нь тодорхой болчихлоо. Одоо хүчтэний өмнө буруутан болоод байгаа Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёрт авралын гар сунгах шидтэн байхгүй.
Уржигдархан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг хүчингүй болгож, СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргачихлаа. З.Энхболд даргын заналтай урт гар хаана хүрдгийн хамгийн тодорхой баримтыг Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёр УИХ-ын танхимд суух эрхгүй болж байгаа энэ байдлаас харж болно.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин одоогоор хаашаа явсан нь мэдэгдэхгүй эзгүй байгаа тул Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар хоёрыг өмгөөлөн хамгаалах нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй. Тэгээд ч З.Энхболд даргын “зангарагтай” шазуурт зуугдсан МАН-ын хоёр дахин УИХ-д орж ирэх бараг л боломжгүй болсон. Бараг юмгүй, тэр хоёрын ард бичигдсэн НХХ-ийн дэд сайд асан Д.Нямхүү, МУИС-ийн Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч Т.Мэндсайхан нар УИХ-ын эрхэм гишүүн болох баярт өдрөө хоног тоолон хүлээж суугаа.
Одоо байгаа 33 дээр Увс аймгийн 15 дугаар тойрогт нийт сонгогчдын 33.47 хувийн санал авсан Д.Нямхүү, 31.55 хувийн санал цуглуулсан Т.Мэндсайхан хоёр баараггүй нэмэгдэн орж ирэхээр боллоо. Ингээд 35 цэрэгтэй болох З.Энхболд дарга бие даагч гуравт “татгалзах аргагүй санал” тавьж байгаад элсүүлж авах нь тодорхой.
Харин дараа нь ганц суудлын асуудлаар алхаа тасхийтэл буулгах болно. АН-ыг “хоолойд нь угласан олс” шиг чивчрүүлэх сүүлчийн ганц суудлын төлөө наймаа, тохиролцоо бол ёстой л “цагаандаа гарч” таарах байх. Түүний дараа жинхэнэ хачин жигтэй явдал эхэлнэ дээ. Одоохондоо тэсч, тэвчиж яваа уур хилэн нь сад тавих З.Энхболд дарга МАН-ын 25 дээр “Шударга ёс” эвслийн 11 гишүүнийг нэмээд толгой түрүүгүй загнаж, “та нар суувал суу, суухгүй бол гуйхгүй” гээд УИХ-ын танхимаас хөөж гаргах нь тодорхой.
Өнөөдөртөө УИХ-ын даргын унтах нойр, идэх хоолыг хугаслаж байгаа зургаан суудлын төлөөх “цусгүй дайн”-ы зах зухаас хүргэхэд иймэрхүү л дүр зураг харагдаад байгаа юм.
За тэгээд болно доо, болно. Болохгүй бол худалдаад, наймаалцаад, албан тушаал амлаж, бүр болохгүй бол зарим нэгнийг нь ажил албанаас нь ховх татан унагаж гудамжинд гаргаж байгаад 39-дөж л таарна. Энэ цагийн үлгэрийг үнэн болгогч 39-ийг бүрдүүлэхийн төлөө З.Энхболд дарга оройхон гараад ширүүхэн дайрч эхэллээ. Одоо түүнийг зогсоох хүч Монголд байхгүй.
Өглөөний сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 18, 2013 11:10:41 am )
Zov sh de. MAN bas busad ni ajliig ni hiilgehgyi sadaa bolood baigaa yum chin. Ingej baij l ajlaa uragshaa yavuulna
-
Anonymous (January 18, 2013 8:35:55 pm )
ZUV ZUV. Z. ENHBOLDOO URAGSHAA.
-
Anonymous (January 18, 2013 11:35:51 pm )
зөм урагшаа
-
Anonymous (January 20, 2013 12:22:23 pm )
alba tushal erh medlin toloo ulairsan malnuud. uhseni chin ardchilagchid gej harin ch daranguilagchid fashistuud
-
Anonymous (January 20, 2013 5:12:26 pm )
shal teneg hovch avgai shig yum bichij.
-
Anonymous (January 21, 2013 9:54:58 am )
ард түмэндээ ховлохшүй бол өөр хэнд ховлох вэ?
-
Anonymous (January 21, 2013 2:40:14 pm )
Mogoi arisaa guijuulavch mogoi chigeeree ulddeg uneniig helhed ard tumendee ner hundee aldsan onooogiin manai uls torchid olon jiliin tursh mongoliin ard tumend songoltgui songoltiig tulgasaar irsen iim ug baidag shudraga bus hahuulichdiin orond nohoi tavihad ydaj gai taridaggui gej
-
Anonymous (January 24, 2013 3:20:08 pm )
ENHBOLD MASH MUU, MUUHAI HUN. ard tumnii amidral hetsuudle
-
Anonymous (January 25, 2013 11:53:39 pm )
MAXH-aas bas MAH undesnii ardchilsan namaas geh met olon hun AHruu urvah baihdaa. terbishdagva, tsog, geed l
-
Anonymous (January 26, 2013 11:35:10 am )
Biye daasan 3-t neg neg saidiin suudal ogood Enxbayariin MAXN-g xooj yavuulaad ogvol ch goyo doo! AN-33 + IZN-2 + UVS-2 + Biye daagch-3 = 40 gishuun bolj bna! Odoo dangaaraa uz dee! AN-iinxan!
10 Comments