antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2013 2 comments

Урвагчид ба тагнуулчид

нийтлэсэн Admin

265a413b488ec1a9originalХувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо олширсон гэдэг шиг сүүлийн үед манайхны дунд “урвагчид” тоймгүй  олон болж  гэнэ. Энүүнийг их хотын хаа нэгтээ  тэнүүчилж яваа  нэгэн хэлсэнгүй. Томоохон даргын амнаас унаж буй  үг. Ахмад дипломатч Цахилгаан гуайн хүү Жаргалсайхан мэт нь ч ийм “пайз” зүүгээд авсан. Мань эрийг “Эх орноосоо урвагч” хэмээн шүүхээр оруулах үед сонжооч, сониуч зарим нь  шивэр авир ярианы   сэжүүрээ  аль эрт болоод өнгөрсөн 30-аад он руу чиглүүлж байлаа. Өнөөгийн хүүхдүүд энэ хар  жилүүдийн  тухай бага мэдэх байх. До яамныхан харсан болгоноо “Японы тагнуул”, “Эх орноосоо урвагч” гээд алж өгч байлаа. Цаана нь Орос их гүрний эзэн Сталин тэргүүтэй коминтернчууд  Монголоор ийнхүү тоглосныг тухайн үед гачлантай нь тун цөөн хүн мэдэж  байсан юм. Тэд Богд хааны дэргэд тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж явсан жинхэнэ эх орончид байлаа. Богд хаантан гадаад тагнуулаа сөрөх тагнуултай нь хамт өөрийн биеэр удирдаж байсан гэвэл хэтрүүлэл болохгүй. Харин ч үнэнд илүү ойр тусна. Оросууд Японы эзэн хаантай гурван удаа нууц гэрээ хэлцэл хийж, Ар, Өвөр Монголыг хувааж эзэгнэх тухайгаа сэм тохиролцсоныг Богдын Засгийн газар бүр эхнээс нь  мэдэж байсан нь манай тагнуулчдын ач гавъяа.  Богд гэгээнтэн гадаад тагнуулаа ашиглаж чадсан нэг жишээ энэ. Түүний дэргэд 25 жилийн турш үнэнчээр зүтгэсэн Баатар захирагч хэмээх эр тагнуулчдаа ерөнхийд нь удирдаж байжээ. “Япон”  Данзан, шанзудба Бадамдорж, Чин ван, лам Дашцэдэн гэх мэт Богдын туршлагатай тагнуулчид Япон, Хятад, Оросыг нэвт тандаж байв. Гэхдээ урвагчид бас цөөнгүй гарчээ. Тэдний нэг нь Сэцэн чин ван Наянт. Тэрбээр Хятадын талд үйлчилж, манайхныг дотроос нь бужигнуулахдаа Сэцэн ван Доржпалам зэрэг хэд хэдэн хүнийг өөртөө татжээ. Наянт угаас мэргэжлийн тагнуулч байж. Тагнуулч, тагнуулчдаа бүр стратегийн тагнуулч байсныг  Богдын Засгийн газрынхан бүү хэл Ардын засгийнхан ч  мэдээгүй байсан юм билээ. Түүхчид саяхнаас л энэ хүний зах зухаас  баримтуулж байна. 1924 онд Түвдийн далай лам Монголд ирэхэд төлөөлөгчдийнх нь дотор дөрвөн тагнуулч тууж явжээ. Тэднийг өнөөх Наянт удирдаж байсан байх юм. Энэ мэтээр тагнуулын байгууллагын уг гарвал, үүх түүхээс тоочоод байвал зөндөө юм бий. Бүрэн судлагдаагүй зүйл ч  олон. Чингис хаан, түүнээс өмнөх үеийн тагнуулчдаа гүйцэд таниагүй өдий хүрсэн болохоор арга ч үгүй  биз.

Ц.Жаргалсайхан харин өнөө цагийн урвасан хулгайч  тагнуулчин, эсвэл Оросын тагнуулчдад ашиглагдсан ноолийн цаас шиг амьтан байсан эсэхийг бүү мэд. Юутай ч  төрийн нууцыг задруулсан хэргээр “аавынд” залраад өнгөрсөн намар суллагдлаа. Одоо тэр энэ тухай номоо тэрлэж буй ажээ.

Ер нь урвагч гэж хэн юм бэ. Төрөөс урвах, нөхрөөсөө урвах гээд урвалтын шинж, хэлбэр төрх олон янз. Гэхдээ үндсэн агуулга нь ижил бөгөөд ерөөөсөө л үзэл санаандаа үнэнч бусын илэрхийлэл юм. Оюу толгойн гэрээг завааруулж хаясан гурван сайд, УИХ-ын гишүүдийг доктор С.Авирмэд урвагчаар нь дуудаад эгээ л шоронд явчихсангүй. Бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэргээр шүү дээ. Гээндээ ч, гоондоо ч гэгчээр ийм том гэрээн дээр Монголчуудынхаа эрх ашгийг хэн, хэрхэн хамгаалж байв гэдгийг цаг хугацаа аяндаа шүүгээд өгөх биз. За, энэ мэт нь ч яая гэхэв, цаана чинь тагнуулын байгууллагыг хэсэг нөхөд самарч хаях нь ээ.

Эрх зүйн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх нэрийн дор Монголын тагнуулын  байгууллагыг хэсэгчлэн тасдах, мөчлөн хуваах гэж байгаа бололтой, тэдгээр эрхмүүд. Сөрөх тагнуулаа  цагдаагийн чиг үүрэгтэй хольж хутгасан төсөл шиг юм хийж гэнэ, тэд. Үүнийх нь  гайгаар гадаад тагнуул маань л бууриа сахиж үлдэх юм байна. Хашир тагнуулчид тэдэнд  дургүйцэж байна гэж жигтэйхэн. Тагнуулын байгууллага ингэж төрөл арилжих нь хэнд ашигтай вэ гэж хашрууд шазуурхаж, энд тэнд үг дайж яваа ажээ. Хамгийн ноцтой нь хууль санаачлагчид тусгай албаны талаар нарийн ширийн мэдлэггүй хүмүүс.  Мэргэжлийн тагнуулын  туршлага гэх юм  бүр  нооль. Тэд ердөө л эрх зүйн мэргэжилтэй. Тагнуулын тухай хуульд өөрчлөлт хийх тэдний багт  тагнуулынхнаас ганц л хүн байна.  Эдгээр их мэдэгчид Америк, Германд ийм байдаг гэж бурах нь бүр инээдэмтэйг яана. Америкийн Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо хоёр нь тусдаа бие даасан статустай л даа. Өөр өөр харъяалал, чиг үүрэгтэй. Ийм тогтолцоо нь ямар нэг зайлшгүй хэрэгцээ, шаардлагаас бий болсон болов уу. Эсвэл түүхэн үйл явцын өрнөлтөөр  аяндаа бүрдсэн байж магадгүй. Энэ бүгдийг тооцож, ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болно, үнэхээр шилдэг өөрчлөлт хийх гэж байгаа бол. Иймэрхүү жишгийн давуу, сул талыг тэнцүү харахаас их юм шалтгаална. Ер нь АНУ үүссэн цагаасаа бусдын хэрэгт хошуу дүрэхгүй гэсэн байр суурьтай явсаар 20 дугаар зуунтай золгожээ. Дараа нь Номхон  далайн бүс нутаг, цаашлаад Европ руу стратегийн сонирхолоо хандуулсан байна. Ухаандаа, дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед идэвхжсэн стратегийн үйлчилгээний албыг нь эс тооцвол 1947 он хүртэл гадаад тагнуулыг тэд зохион байгуулсангүй. Гэхдээ 1917 оны Оросын хувьсгалын үеэс дотоодын үймээн энээ тэрээ юмнаас хамгаалахад ихээхэн анхаарчээ. Энэ нь коммунист хувьсгалыг Америкт импортлохоос болгоомжилсон хэрэг байлаа.  Ингээд Эдгар Хуверийн удирдлагаар Холбооны /ХМТ/ мөрдөх товчоог  байгуулж, хууль зүйн департаметдаа харъяалуулжээ. Нэг талаас, төрийн тогтвортой байдлаа хамгаалах, нөгөө талаас, ардчиллыг коммунист дэглэмээс халхлах гэж зорьсон нь энэ. Тэгээд ХМТ-ны эрхлэх ажлын хүрээнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг батгааснаар сөрөх тагнуул, хууль сахиулах гэсэн хоёрдмол агуулгатай бүтцийг бий болгожээ. Хүйтэн дайны жилүүдэд ТТГ, ХМТ болон техникийн тагнуул хийдэг агентлагийнх нь бие даасан байдал ямар нэг хэмжээгээр зөвтгөгдөж байлаа. Дэлхийн бүс нутаг бүрд ашиг сонирхолтой, түүнийгээ эрээ цээргүй хамгаалдаг их гүрний хувьд энэ нь байж болох төдийгүй зайлшгүй зүйл байв. Мөн улс төрийн нөхцөл  байдал нь ч үүнд нөлөөлжээ. Гэвч бүтэлгүйтлүүд төрийн тэргүүнээс нь авахуулан гарч, хөгөө дэлгэж эхэлсэн юм. 1972-1974 онд Ерөнхийлөгч Р.Никсон өрсөлдөгчөө хууль бусаар тагнах зорилгоор тагнуул, сөрөх тагнуулыг улс төрийн зороилгоор ашиглахыг оролдов. “Уотэргейтийн хэрэг” гэгч уг хэргийн дараагаар  ТТГ, ХМТ-нд бүтцийн өөрчлөлт хийлээ. Ингэхдээ бие даасан байдлыг нь улам бэхжүүлсэн юм.

Гэлээ ч гэсэн  2001 оны 9 сарын 11-ны террорист хадлагаар Америкчууд том цохилт амсав.  Халдлагыг урьдчилан илрүүлж, таслан зогсоож  чадсангүй.   Энэ бүхэнд уг хэргийг мөрдөн шалгах комиссоос хатуу дүгнэлт хийх хэрэгтэй байлаа. Манайхан шиг хэдэн биенээ хаацайлаад өнгөрөхийг хэн нь ч хүсээгүй юм. Комиссынхон тагнуулын хамтын нийгэмлэгт багтаж байсан гадаад, сөрөх, техникийн болон цэргийн тагнуулын байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх нэгжүүд нь ихээхэн болхи удаан, хэтэрхий бие дааснаас болсон гэсэн дүгнэлт хийлээ. Үр дүнгээр нь 2004 онд Үндэсний тагнуулын захирал гэдэг шинэ албан тушаал бий болгов. Захирал нь доороо ажлын албадтай болж, гадаад, сөрөх, техникийн тагнуулын зохиомол зааг ялгааг ярилгаж, үндсэндээ нэгдсэн зохион байгуулалтанд оржээ. Мөн дотоод аюулгүй байдлын департаментийг байгуулж, хууль сахиулах бүх байгууллагыг харъяалуулан, сөрөх тагнуулаа харьцангуй зааглаж өгсөн байна. Энэ бүхэн гашуун сургамжийн үр дүн байлаа. Дэлхийн хүчирхэг тусгай алба гэгддэг Израилын Моссад ч мөн бие даасан чанараа хадгалсаар байна. 1952 онд таван нэгжийг нэгтгэж, нэг дээвэр дор зангидаж тэд чаджээ. Энэ нь бас л дайны сургамж юм. Өмнөх тогтолцоо нь хөрш арабын орнуудын заналхийллээс  сэрэмжилж  чадаагүй тул ийм арга хэмжээ авахад хүрчээ. Өнөөдөр Моссад шиг чадварлаг, улс төрөөс ангид байгууллага дэлхийд лав алга.

1922 онд манайд Дотоодыг хамгаалах газар /ДХГ/ нэртэй байгуулагдсан тагнуулын  байгууллага нь туйлын ээдрээ нугачаатай зам туулсан юм. Ард түмнийхээ өмнө  байгуулсан гавъяа, үйлдсэн нүгэлийн аль нь жин дарахыг  дэнслэхэд тун хэцүү. Гэхдээ 1990  онд НАХЯ-ыг татан буулгаж тагнуул, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг бие даалгасан нь томоохон ахиц дэвшил байв. Ингэснээр тусгай алба нь өөрийн чиг үүргээр ажиллах болжээ. Ерөөсөө тагнуул бол цагдаа биш, мэргэжлийн хяналт ч биш. Улс орны нүд чих юм. Ийм онцгой үүрэгтэй байгууллагыг тасалж хаях нь угтаа галаар наадсантай  адил.   Улс төрчдийн гарын үзүүрээр хөдөлдөг, зөвхөн тэдэнд үйлчилдэг байгууллага бүүр биш ээ. Тэнд хэн дуртай нь сонгуулийн бялуу хүртэж очоод, Н.Энхбаяр шиг эхнэрээ сэмхэн шургуулаад, юу дуртайгаа аваад арилж өгдөг газар байж яагаад ч  болохгүй. Өнөө цагт дэлхий даяар өрнөж буй үйл явдлууд нүд ирмэх зуур л болоод өнгөрч байна. Ядаж дэлхийн тоглоомын шинэ дэг журам нь ч гүйцэд цэгцрээгүй байгаа юм шүү дээ. Энүүний хажуугаар Монголыг сонирхох сонирхол их гүрнүүдийн хувьд асах их өслөө. Баялаг нь тэдэнд нээлттэй боллоо. Ийм нөхцөлд бид урьдынх шигээ хойд, урд  хөршийнхөө тоглоом наадгай  болж, тагнуул гэх юмгүй шахуу санаа амар суух гэж үү. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэрвээ тагнуулыг тийнхүү хоёр хувааж орхивол алсдаа юунд хүрч болохыг одоогоор таахад бэрх. Сайн хуульч энэ тэр гээд түүнийг магтаад байсан чинь манай хүн сахлаа нэг иймэрхүү л маягаар  маажиж суух юмаа, хөөрхий.

Б.Отгонбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 08, 2013 10:20:45 pm )

    хоое наад тагнуулд чинь энхбаярын авгай хуртэл ороод гараа биздээ ардын намынхаан

  • Anonymous (January 09, 2013 12:41:25 pm )

    Manai ulsyn dotood erh ashig iheer aldagdaj bgaag Tagnuulyn baiguullagyn muu yil ajillagaatai holboj yzehees argagyi.Shinechleliin ZG ene talaar sain anhaarch ajillaach gej hyseh bna!!

antalya rent a car