Монголын барилгын салбарт үйл ажиллаагаа явуулдаг
томоохон компаниудын нэг бол “Эко констракшн” юм. Тус компанийн барьсан орон сууцны барилгуудыг хүмүүс чанаргүй, муу гэх зэргээр ярьдаг. Энэ нь ч үнэн бололтой. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко констракшн” компанийн барьж байгуулсан “Golden park” хотхоны оршин суугчид амьд явах баталгаагүй болжээ. Тодруулбал тус хотхоны оршин суугчид цахилгаан шатаар зорчихоос айдаг болсон байна. Учир нь цахилгаан шат нь дээш өгсөж байгаад доошоо гэнэт унасан хэд хэдэн тохиолдлууд байгаа ажээ. Дурьдвал энэ сарын 5-ны өдрийн 20:15 минутад “Golden park” хотхоны 101 дүгээр байрны дөрвөн оршин суугч цахилгаан шатанд суун долоон давхарт явж байтал цахилгаан шат гацаж, улмаар гурван давхар хүртэл унасан байна. Цахилгаан шатанд явж байсан дөрвөн хүний нэг нь өндөр настан байсан бөгөөд одоогоор түүний биеийн байдал нэлээд муу байгаа талаар “Golden park” хотхоны оршин суугчид хэлж, гомдолтой байгаагаа дуулгасан юм. Тус гомдлын дагуу газар дээр нь очиж сурвалжлахаар аравдугаар хороололд байрлах “Golden park” хотхоныг зорьсон юм. “П” хэлбэртэй тус хотхоны гаднах хашаагаар оронгуут хог, золбин нохой гээд хэлж болох бүх бохир зүйлс энэ хотхонд байв. Юутай ч энэ бүхнийг ажиглан цахилгаан шат унасан гэх 101 дүгээр байр руу орсон юм. 16 давхар өндөр, нэг давхартаа 10 гаруй айлтай “Golden park” хотхоны орон сууцны барилга нь хоёр цахилгаан шаттай ч нэг ажиллаагүй харагдав. Ямартай ч цахилгаан шат унасан талаар “Чандмань хайрхан” СӨХ-ны ажилтан С.Цэвэлмаагаас тодруулсан юм.
-Энэ байрны цахилгаан шат дээшээ өгсөж байгаад доошоо унасан хэд хэдэн тохиолдол байна. Хоёр хоногийн өмнө ч унасан гэж байна?
-Хоёр хоногийн өмнө “Дөрвөн хүн цахилгаан шатанд явж байгаад уналаа” гэж 245 тоотын оршин суугч надад хэлсэн. Түүний хэлсэн ч үнэн. Яагаад гэвэл би арваад хоногийн өмнө цахилгаан шатанд явж байгаад найм давхраас гурван давхар хүртэл унасан. Мөн 250 тоотод оршин суудаг хөгшин мөн адил явж байхад нь цахилгаан шат унасан гэсэн. Одоо биеийн байдал нь муу эмнэлгээр явж байгаа гэж надад хэлсэн. Ерөнхийдөө энэ талаар цахилгаан шатны үйл ажиллагааг хариуцдаг компанийн захирал н.Алтанхуягийг дуудаж уулзсан. “Цахилгаан шат унаад байна. Баталгаа гаргаж өгөөч” гэсэн чинь “Үгүй ээ. Наадах чинь унах ёсгүй” гэж хэлсэн.
-Уг нь хоёр цахилгаан шаттай юм байна. Нэг нь яагаад ажиллахгүй байгаа юм бэ?
-Нэг цахилгаан шат нь ажиллахгүй арваад хонож байна. Холбогдох хүмүүст нь энэ талаар хэлэх гэхээр ерөөсөө олддоггүй. Аргаа бараад манай СӨХ-ийн дарга “Эко констракшн” компани дээр очиж үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж байгаад ирсэн.
-“Эко констракшн” компанийнхан юу гэж байх юм?
-“Эко констракшн” компанийн цахилгаан шат хариуцсан н.Буянжаргал гэдэг хүнтэй уулзаж ажиллахгүй байгаа цахилгаан шатнуудыг янзлах талаар ярилцсан. Даанч СӨХ-ныхон цахилгаан шатны талаар сайн мэдэхгүй болохоор учир зүйгээ ололцохгүй юм. СӨХ-ны зүгээс энэ тал дээр маш их зовж хөөцөлдөгч цахилгаан шат хариуцсан компани нь янзалж өгөхгүй байна. Чи цахилгаан шат хариуцсан хүнтэй уулзвал цахилгаан шат юунаас болж унаад байгааг хэлэх байх.
Тэрбээр ийн ярьсан юм. Түүний хэлснээр тус байрны цахилгаан шатыг хариуцсан н.Оюунтай уулзаж “Орон сууцнуудын чинь цахилгаан шат унасны улмаас хохирогчийн биеийн байдал муу байгаа гэж оршин суугчид хэлж байна. Яг юунаас болж цахилгаан шат доош унаад байгаа юм бэ” хэмээн асуухад “Цахилгаан шат унасан тохиолдол байгаа. Гэхдээ цахилгаан шат унаснаас болж хүний бие муудсан гэж би сонсоогүй юм байна. Үнэхээр тэгсэн бол би мэдэх ёстой. Цахилгаан шат унана нь гэдэг нь ямар ч тормозгүй унахыг хэлдэг. Харин хоёр гурван давхрын хооронд унаад тормозлоод зогсохыг унах гэхгүй. Ийм тохиолдолд хүн бэртэж гэмтэхгүй. Жаахан цочролд орж магадгүй. Цахилгаан шатны хэвийн ажиллагааг механик болон засварчид хариуцдаг. Тэд сар бүр ирж ажиллагааг нь хэвийн байгаа эсэхийг шалгах ёстой. Гэвч хэдэн сар ирээгүй” гэв.
Тэрбээр “Golden park” хотхоны байрнуудын цахилгаан шатны үйл ажиллагаанд ямар гэмтэл гарсныг тэмдэглэдэг байна. Түүний тэмдэглэснээр 103, 105 дугаар байрнуудын цахилгаан шатны трос сунасан байгаа учир үйл ажиллагааг нь түр зогсоосон байгаа гэнэ. Энэ мэт үйл ажиллагаа нь доголдсон цахилгаан шатыг зогсоогоогүй бол эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй гэсэн баталгаа байхгүй.
“Golden park” хотхоны оршин суугчдаас амьдарч буй байрныхаа талаар ямар бодолтой байгааг сонссон юм.
“Golden park” хотхоны 101 дүгээр байрны оршин суугч н.Баярмаа: “GOLDEN PARK” ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧИД ЭРҮҮЛ МЭНД БОЛООД БИЕ СЭТГЭЛЭЭР МАШ ИХ ХОХИРЧ БАЙНА
-Уржигдар өглөө боссон чинь дээд талын айлаас ус алдаад хана тааз аймар болчихсон байсан. Тэгэхээр нь дээд айл руугаа гүйж ороод “Танайхаас ус алдаад байна” гэхэд “Манайхаас ус алдаагүй. Дээрээс ус гоожоод байх шиг байна” гэхээр дээшээ долоон давхар хүртэл бүх айлаас асуухад бүх айлын хана тааз руу ус алдчихсан байсан. Тухайн үед хариуцсан слесарь руу залгасан чинь өөр хүн утсыг нь аваад “Согтуу байна” гэж хэлээд тасалчихсан. Өнөөдөр өглөө хүртэл слесарийн утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Ер нь энэ байранд амьдрах үнэхээр хэцүү байна. Нэг өглөө босоод ирэхээр халуун, хүйтэн ус нь байхгүй болчихдог. Мөн цахилгаан шат нь ажиллахгүй. Цахилгааны төлбөрөө төлчихөөд байхад цахилгаан тасарчихна. “Golden park” орон сууцанд амьдарч байгаа хүмүүс эрүүл мэнд болоод бие сэтгэлээр маш их хохирч байна. Энэ талаараа “Эко констракшн” компанийн удирдлагуудад хэлэх гэхээр олддоггүй.
“Golden park” хотхоны 102 дугаар байрны оршин суугч М.Мөнхсайхан: МАНАЙ ЭНЭ ХАВИЙН БҮХ БАЙРНЫ ЦАХИЛГААН ШАТ АЖИЛЛАДАГГҮЙ
-“Golden park”-ийн орон сууцнууд үнээр асуудалтай. Халуун, хүйтэн ус байж байгаад л гэнэт алга болчихно. Дээрээс нь маш хүйтэн. Сар болгон СӨХ-нд 15 мянган төгрөг төлөөд байхад юу ч хийдэггүй. Хогондоо дарагдсан газар л амьдарч байна. Уг нь энэ байр чинь шинэ байр. Гэтэл сар бүр засварын мөнгө гэж таван мянган төгрөг авдаг. Сар болгон тодорхой хэмжээний мөнгө төлөөд байхад цахилгаан шатаа ч янзалчихгүй юм. Манай энэ хавийн байрнуудын цахилгаан шатнууд бараг бүгд ажилладаггүй.
Тус хотхоны оршин суугчид байрныхаа талаар гомдол гаргаж “Эко констракшн” компанийн захирал Н.Нямдаваатай уулзан учир байдлаа хэлэхээр “Би та нартай уулзмааргүй байна. Миний дор ажилладаг хүмүүстэй уулз” гэсэн хариулт өгсөн байгаа юм. Цахилгаан шат, халуун, хүйтэн ус, дулаан гээд бүх талаараа асуудал дагуулсан “Эко констракшн” компанийн барьсан орон сууцны барилга дотроосоо мөөгөнцөрдөж эхэлсэн талаар “Golden park” хотхоны 102 дугаар байрны оршин суугч Ц.Чанцал хэлж, гэрээ хэрхэн мөөгөнцөртсөнөө үзүүлсэн юм. Тэднийх руу ороход чийгний үнэр хамар цоргиж, хана, тааз нь булангаасаа мөөгөнцөртсөн харагдав. Ерөнхийдөө мөөгөнцөрт баригдаж, чийг үнэртсэн гэрийнхээ эвгүй үнэрийг арилгах гэж тус байрны айлууд хаалгаа дэлгэдэг юм билээ.
Үндэсний бүтээн байгуулагч гэж өөрсдийгөө өргөмжилсөн “Эко констракшн” компани үйлчлүүлэгчиддээ чанаргүй орон сууц барьж өгсний баталгаа энэ буй за.
Ж.БАТТУУЛ

Холбоотой мэдээ
-
Anonymous (January 08, 2013 10:12:55 pm )
эко гийн байранд юу гэж орсон юм эзэн нь гэж боон залилан барьсан байрыг нь орчныг нь хараад байгааарай. Шоронд явуулбал таарна
-
Anonymous (January 08, 2013 10:19:03 pm )
unen shuu. gants udaa bish. dandaa unaj tarhi tolgoigoo hudulgudug.liftend suuhaas aidag ch 16 davhart gertee oroh heregtei boldog.bas haluun us irdeggui irvel neg bol het haluun minutgui huiten us irdeg. usand oroh ch az medsen hereg dee. Humuus mini bair avah bol GOLDEN PARK-aas l bitgii avaarai. ene bairuud hamgiin muu bair. itgehgui bol zahiin ailiin haalgiig togshood l asuugaarai
-
Anonymous (January 08, 2013 10:25:21 pm )
neg davhart ni 16 ail baidag. shat mash auyltai baidag. Oni umnu 60 aild us aldsan buur 107-r bairni dood grashiin us odoo hurtel heveer baigaa
-
Anonymous (January 09, 2013 12:45:06 am )
IIM MUU BAIR BAIJ.TEGEED YAKH GEJ RECLAMDAA BADAR-UUGANiig TOGLUULDAG YUM.ARD TUMNIIG HUURSAN BAINA SHDEE.
-
Anonymous (January 09, 2013 8:41:20 am )
reclam gedeg chini hvn huurah l zorilgotoi ym shv de
-
Anonymous (January 09, 2013 6:58:05 pm )
Yostoi nerendee zohihgui hothon doo. Bi tend ajild oroh gej ochood orchin, hamt ajillah humuus 2-g ni haraad bolison. Tagaad ch EKO-nh bol br hereggui gedgiig medne l dee.
-
Anonymous (January 16, 2013 2:41:55 pm )
Нямдаваа захирал бүтээгдэхүүнээ эргээд хараарай Хүний амь эрсдэхээс өмнө шат болон байрнуудынхаа доторх байдал гадна тохижилт гэж нэрлээд байгаа зүйлээ нэг тойрч хараад ялагдахаасаа өмнө арга хэмжээ авах эсэхээ нэн даруй шийд Үршин сжжгчид мал биш шүү гэдгийг дахин сануулъя Хугацаа бага үлдлээ
-
nymaa (July 08, 2013 2:51:32 pm )
yriad bailgvi ene asuudliig neg tiish zohitsuulah heregtei bn us bol neere bainga tasalddag
8 Comments