antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2011 2 comments

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд: Алтан үеийнхний алган дээр өссөн би азтай хүн

нийтлэсэн Admin

Драмын урлагтай салшгүй холбоотой нэгэн эрхэм хүнийг “Театр-80” онцолж байна.

Олон жүжиг, киноны дүрээрээ тайз, дэлгэцэд мөнхөрсөн түүнийг Мандухай сэцэн хатан хэмээн Монголын ард түмэн хүндэлдэг. Монголд орчин үеийн мэргэжлийн театр үүсч хөгжсөний 80 жилийн ойн босгон дээр УДЭТ-ын дэд захирал, төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувдтай ярилцлаа.

-Ээжийгээ дагаж театр ирдэг байсан хүүхэд насны тань дурсамжаар яриагаа эхэлье?

-Хүүхэд нас маань манай алтан үеийнхний уран бүтээлээ хийж байсан гал тогоонд өнгөрсөн. Д.Ичинхорлоо, Цагаан Цэгмид, Л.Ванган гээд мундаг хүмүүсийн өвөр дээр тоглож өссөн би их азтай хүн шүү. Д.Лувсаншарав гуай намайг жаахан байхад айлгаж унтуулдаг, том цагаан шүдтэй, өндөр ах байсан. Гэтэл одоо адилхан эмээ болоод Д.Лувсаншарав гуайтай, ээжтэйгээ зэрэгцээд өтөлж байна. Л.Ванган Э.Оюун гуайн гараас хөтлөөд гүйж явсан хүүхэд нас маань үнэхээр сайхан байжээ.

Дуурийн театрын жижиг хэрэглэлийн өрөөнд ихэнхдээ тоглож өнжинө. Эрхлэгчээр нь Төрийн соёрхолт  хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн дүү Б.Цэрэндорж ах ажилладаг байлаа. Цэрэндорж ах биднийг эрхлүүлж, тоглуулна. Эмэгтэй хувцасны эрхлэгч Дэжид эгчид их загнуулна. /инээв.сур/ Маш нямбай, ажилсаг, айхтар хурц ааштай хүн байсан.

Намайг долдугаар ангид байхад Драмын театр нүүж ирсэн. Театрын жижиг хэрэглэлийн эрхлэгчээр гавьяат жүжигчин Шаравдоо гуай ажиллах болсон. Тэр үед Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, гавьяат С.Сэлэнгэ нар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсч театрын тайзан дээр анх “Хоёр эх” жүжгээр дипломын ажлаа хамгаалсан. 1963 онд энэ жүжгээр анхны дээд мэргэжилтэй боловсон хүчин төгсч, театрт ирж байсан түүхтэй. Жүжгийг эрдэмтэн зохиолч найруулагч Э.Оюун гуай удирдаж, Ино эгч /гавьяат жүжигчин Рэнцэнноров/, Ардын жүжигчин Нямын Цэгмид нар найруулсан юм. Ино эгчийн охин Туяа бид хоёр хичээлээ тарж ирээд тэдний хажууд сууж жүжгийг үзсээр байгаад бүх үгийг цээжилчихсэн, эхнээс нь дуустал дүр болгоных нь үгийг хэлээд тоглодог байлаа. Тэр үед Жарантав залуухан дагалдан жүжигчин байсан. Улаан срочиктой хөгжим дардаг ах бид хоёрт баян дараад, дуулж өгдөг байлаа.

 


-Та хэдэн оноос театрт ажиллаж эхэлсэн бэ. Тайзан дээр бүтээсэн анхны дүр хэцүү байв уу?
-Кино үйлдвэрт анх ирэхэд манай ахмад үеийнхэн болох Бадамгараваа, Цэнд-Аюуш, Дамчаа, Осор гуай байсан. Кино үйлдвэрээс театрт 1973 оны эхээр ирэхэд Долгорсүрэн, Т.Хандсүрэн, Лха.Долгор, Цэвээнжав гуай байсан. Тэдэнтэйгээ нэг өрөөнд хамт байж, гарын цайг нь ууж, зөвлөгөө авч байсан нь надад том аз завшаан болсон. Одоо эргээд бодоход би ямар онцгой хувь заяатай, ямар том азтай хувь тавиланд төрсөн хүн бэ гэдгээ ойлгож байна. Энэ бол миний ээж, аавын хишиг буян юм.

Дамиран гуай Хүүхдийн театрт “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжигт тоглуулж байсан. Дараа нь Э.Оюун, Ц.Доржпалам гуай нар намайг театрт анх авчирсан. Маамхүү найруулагчийн найруулсан “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисад тоглуулсан. Э.Оюун гуай намайг их загнана. Энэ жүжигт анх удаа тайзан дээр дуулж байлаа.

Анхны жүжигт Г.Гомбосүрэн, Д.Цэрэндулам, Ц.Гантөмөр, 3.Шагдаржав, Латиф, Норолхоо гээд алтан үеийнхэн хамт тоглосон. Ц.Гантөмөр гуай “Инжгүй хүүхэн” жүжигт Саратов гэдэг залуугийн дүрд тоглохдоо “Чи намайг хүлээгээгүй юу” гээд л тайзан дээр ороод ирэхэд үзэгчид алга ташдаг тийм гоё залуу байлаа. Залуу насны цог золбоо гялалзсан тийм сайн жүжигчинтэй хамтарч тоглосон.

Г.Гомбосүрэн, Д.Цэрэндулам гуай нар надад үнэхээр түшиг тулгуур болж, алхах гишгих бүрийг минь зааж өгнө. Манай театр урлагийн мэргэжлийн анхны зураачдын нэг Гаваа гуай ажилласан.

-Театрын бүх үеийн жүжигчидтэй хамт ажилласан таныг ахмад, залуу үеийн залгамж гэж хэлэх байх?
-Би 1970-1973 оны хооронд Кино үйлдвэрт, 1973 оноос хойш өнөөдрийг хүртэл Драмын театрт ажиллаж байна. Драмын театрт 38 жил, улсад 41 жил ажиллажээ.

Би ахмадуудынхаа гараар нухлагдаж, боловсруулагдаж тэдний ивээл, хатуу шалгуур, шаардлага дунд өсч хүмүүжин өдий зэрэгтэй болсон гэж бахархаж, шүтэж, биширч, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй явахсан гэж бодож ирсэн. Би өөрөө ахмадуудын алган дээр өсч өндийсөн болохоор залуучуудаа дэмжиж, тэдэнд хүч тэнхээ, итгэл найдвар өгөх юмсан гэж хичээдэг. Урлаг, спорт бол үзэгч дэмжигчдийн өмнөх өрсөлдөөн. Энэ өрсөлдөөнд хүн чанараа алдахгүй, ноён нуруутай явна гэдэг тэвчээр ухаан шаардах зүйл. Тиймээс ахмадуудынхаа тэр сайхан талыг хойч үедээ дамжуулан үлдээж, тэр сайхан чанарыг нь өвлүүлэхсэн гэж хичээдэг.

-Жүжигчин хүнд хамтрагч чухал байдаг. Алтан портнёр гэвэл та хэнийг нэрлэх вэ?

-Жамсранжав бол хамтран тоглоход хамгийн түшигтэй, тулхтай, ухаантай, эрэл хайгуул хийдэг гайхалтай жүжигчин. “Гамлет”-д бид хамт тоглож байсан. Цээнямбуутай олон жил дублёроор ажилласан. Мэндээ, С.Сэлэнгэ, Ж.Лхамхүү гээд миний үеийнхэн байна. Мягмарнаран, Нямсүрэн, Дамдин, Доржсамбуу бид хүүхэд байхаасаа зусланд хамт тоглож өссөн үеийнхэн. Туслах найруулагч Батсүх маань бүх л ажилд тусалж, одоо ч хэлж, зөвлөж байдаг. С.Галсанжав, Б.Ловой, Т.Хандсүрэн, Д.Цэрэндулам гуай гээд олон хүн байна даа. Г.Гомбосүрэн гуай хэзээ ч эцэж цуцахааргүй хөдөлмөрч хүн байсан. Яаж ажиллаж, хөдөлмөрлөж байж уран бүтээл хийдгийг өөрийнхөө жишээгээр харуулсан.

-Танд ээжтэйгээ хамт тоглосон дүр байдаг уу?

-Байхгүй. Ээж маань 39-40 настай, залуугаараа театр, уран бүтээлээсээ холдсон болохоор хамт дүр бүтээж байсангүй. Харин “Буш хүүгийн үлгэр” кинонд хамт тоглосон.

-Жүжигчин мэргэжлээ уран сайхны удирдагчаар сольсон нь ямар учиртай вэ?

-1981 онд Хо.Нацагдорж гуай хүнд өвчин тусч уран сайхны удирдагчийн ажлаа хүлээлгэж өгөхдөө “Би Сувдаагаас өөр хүнд ажлаа өгөхгүй” гэсэн юм. Тэгээд авахгүй гэж хэлэх зүрх байгаагүй учир ажлыг нь залгамжилж авсан даа. Уран сайхны удирдагчаар ажиллаад “Унаган хайр”, “Найрын ширээний ууц” жүжгүүдээ тавьсан. “Унаган хайр” жүжиг дээр Дожоодорж бид нар их сууж ажилласан. “Найрын ширээний ууц” дээр шинэ урсгал эхлүүлж байсан болохоор тайзны загвараа яаман дээр очиж ярьж байж үйлдвэрлэлд оруулсан.

1981 оноос хойш 20 жил энэ ажлыг янз бүрийн нэрээр хийж байна. Ажлаа авсан жилээ Цэдэнбал даргатай уулзаж Монголд академик гэдэг нэрийг театртаа өгөхөөр тодорхойлж, зөвшөөрүүлж байсан. Мөн театртаа 15 орон сууцны зөвшөөрөл, Mоckвад мэргэжилтэн бэлтгэх зөвшөөрөл авч гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар суралцаж төгсөөд ирсэн.

Уран сайхны удирдагч гэсэн орон тоог 1992 онд үгүй болгосон ч 2001 оноос дэд захирал гэсэн нэрээр би уран сайхны удирдагчийн ажлаа хийж байна.

-Орчин үеийн мэргэжлийн театр 80 насны түүхээ бичиж байна. Өмнөх театрын түүхийг энд бас ярих ёстой байх?

-Мэдээж үүнээс өмнө Монголд өнө эртний түүхтэй Чингис, Хубилайн үед ордны театрууд байсан. Гэрийн театр, ардын театр, шашны гээд маш олон театр үйл ажиллагаа явуулж байсан. Мэргэжлийн театр гээд үзвэл Данзанравжаагийн мэргэжлийн театр үндэс сууриа түүхэндээ үлдээсэн театр байсан.

Өрнө, дорнын мэргэжлийн театрын шилдгийн шилдэг аргачлалыг өөртөө шингээсэн, онол дээр үндэслэсэн театр гэж хэлж болно. Монголын театрыг европ, азийн театртай адилгүй, өрнө, дорнын алийг ч дангаар нь дагаагүй, аль алиных нь шилдэг чанарыг өөртөө шингээсэн театр гэдгийг 1932 онд Москвад болсон ажилчны театрын олон улсын фестивальд үзсэн ОХУ, Францын судлаач шүүмжлэгчид бичсэн байдаг. Энэ шинж чанар өнөөдөр ч хадгалагдаж байна.

Хүрээнд ардын хувьсгалын сүүл үе хүртэл Оросын Нардом, Ши Яанз хятад театр 1950 он хүртэл ажиллаж байсан. Манай ахмадуудын дорнын шинж чанартай мөртлөө өрнийн хэлбэрийг авсан тоглолтуудыг Гомбосүрэн, Хандсүрэн, Ичинхорлоо гуайн тоглолтуудаас харж болно. Хамаг сайн сайхан шим шүлтийг өөртөө шингээсэн театр байсан, одоо ч байна.

Х.Монголхатан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 21, 2011 10:42:10 am )

    altan ue gehee bolimoor l yum urlagiihan neg l tiimerhu

  • Anonymous (October 21, 2011 10:43:02 am )

    suvdaa jujigchin saikhan ch emegtei; sain ch jujigchin amidrald chini az jargal khusee ter shuugch khiij baigaag ni kharakhad khair khurmeer er ni ter shuugchid yastoi sain shuugchid minii khundelj yavdag khumuus baina lee bugded ni az jargal; eruul enkhiig khusee

antalya rent a car