Бусдын бичиг баримт ашиглан “Хаан банк”-наас 30 сая төгрөг залилсан хэрэгт холбогдон таван жил мөрдөгдсөн Д.Энхмандахын шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд нээлттэй болсон. Хэдий уншигч олонд Д.Энхмандахыг энэ хэмжээний мөнгийг банкаас залилсан мэтээр өнөөдрийг хүртэл ойлгогдож ирсэн ч угтаа өөр юм. Товчхондоо Д.Энхмандах авлигын ноцтой хэргүүдийн гэрчээр АТГ-т хоёр жил гаруй дуудагдаж, мөрдөгдөж байсан юм. Гол нь тэрбээр Нийслэлийн авто замын газрын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч байсан Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарын хоорондох эд хөрөнгийн маргааны золиос болон хилс хэргээр гүтгэгдэж, хүний эрх нь ноцтойгоор зөрчигдөж хохирсон юм. Хилс хэрэгт гүтгэгдсэн Д.Энхмандах шалгагдах явцдаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн байсан Д.Очирбат, Д.Бат-Эрдэнэ нарын авлигын хэргийн гэрч болсон удаатай.
Шүүх хурлын даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, улсын яллагчаар Ч.Хасбаатар хохирогчоор “Эрдэнэ-Суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа, “Хаан банк”-ны хуулийн зөвлөх Д.Наран, Д.Бат-Эрдэнэ дүү Д.Дагвадорж нар оролцсон бол гэрчээр “Хаан банк”-ны эдийн засагч Б.Эрдэнэбаяр, ахлах теллер н.Энхбаяр, теллер Б.Туул, Д.Энхмандахын өмгөөлөгч н.Алтантуяа, Ч.Энхээ, О.Баасанхүү нар оролцсон юм. Энэ үеэр Шүүдэгч Д.Энхмандах “Би гэм буруугүй, “Эрдэнэ суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ, Б.Сувдаа нар нь гэр бүлийн маргаанаас болоод хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэсэн” гэдгийг тайлбарласан. Мөн “Хаан банк”-наас 30 сая төгрөг аваагүй гэдгээ ч хэлсэн юм. Гэтэл Б.Сувдаа “Д.Энхмандах манай компанийн бүх бичиг баримтыг хулгайлж, миний гарын үсгийг дуурайлгаж банкнаас их хэмжээний мөнгө авсан. Д.Энхмандах миний гарын үсэг дуурайлгасан гэдэг нь шинжээчийн гурван удаагийн дүгнэлтээр батлагдсан учраас эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаагаа” мэдэгдэв. Мөн тэрбээр “Хаан банк”-наас зээл аваагүй, энэ талаар мэдэхгүй хэмээн мэдүүлэв. Харин “Хаан банк”-ны хуулийн зөвлөх Д.Нарангийн хэлснээр өнгөрсөн 2007 оны долдугаар сарын 3-нд Б.Сувдаа “Хаан банк”-наас зээл авсан нь үнэн болохыг, өмнө нь ч тус банкнаас зээл авдаг байсныг дурдаж, ямар учраас Б.Сувдаа ийн хүлээн зөвшөөрөхгүй байгааг гайхсанаа хэлсэн юм. “Хаан банк”-ны хуулийн зөвлөх Д.Наран энэ үеэр Манай банк “Эх орны хишиг 21 мянган төгрөгийг олгохдоо ч тухайн хүний бичиг баримтыг маш нарийн шалгаж өгдөг юм. Гэтэл ийм хэмжээний буюу 30 сая төгрөгийн зээл авч буй хүний бичиг баримтыг нарийн шалгалгүйгээр зээл өгнө гэж байхгүй гэдгийг ч шүүхийн өмнө дахин тайлбарлав. Ийн шүүх хурлын бүрэлдэхүүн хавтас хэргийг нэг бүрчлэн уншиж, танилцуулж цаг алдахгүйн тулд асуулт, хариултын журмаар тухайн шүүх хурлыг явуулж, гэрчүүдээс мэдүүлэг авсан юм.
“Хаан банк”-ны эдийн засагч Б.Эрдэнэбаяр:
Өнгөрсөн 2007 оны зургадугаар сарын сүүлээр “Эрдэнэ суварга” компанийн захирал Б.Сувдаа гэдэг хүн манай банкинд зээл авах хүсэлтээ гаргасан. Би зээлийн хүсэлтэй танилцаад банкны зээл олгох журмын дагуу бичиг баримтыг нь авсан юм. Зээлийн бичиг баримтыг бүрдүүлээд ирсний дараа их хэмжээний мөнгө учраас захирлын хурлаар оруулж, зээл олгохоор болсон. Зээл төлөх хугацаа хэтрэх үед би зээлдэгч Б.Сувдаа руу утсаар ярьсан. Тэрбээр мөнгө орж ирээгүй байна. Ирэхээр нь төлнө гэсэн. Мөн Б.Сувдаа нөхөртэйгөө маргалдсан, мөнгөгүй байгаагаа учирласан. Хэрэв мөнгө орж ирэхгүй бол байраа зараад зээлээ төлнө гэдгийг хэлсэн. Б.Сувдаагийн хариуцлагагүй байдлаас болоод “Хаан банк”-ны эдийн засагч Б.Эрдэнэбаяр миний бие чанаргүй зээл олгосон гэдэг шалгаанаар 2007 оны наймдугаар сарын сүүлээр ажлаасаа чөлөөлөгдсөн.
“Хаан банк”-ны ахлах теллер н.Энхбаяр:
“Эрдэнэ суварга” компанийн захирал Б.Сувдаа гэдэг хүн өөрөө энэ зээлийг авсан. Бид зээл олгохдоо тухайн зээл авч байгаа хүний бүх бичиг баримтыг нягталж, үзээд зээл олгосон гэв.
“Хаан банк”-ны теллер Б.Туул:
Ахлах теллер зээл олгох зөвшөөрөл өгдөг. Зээл олгохдоо тухайн зээлдэгч хүний бичиг баримтыг харж, бүх зүйлийг нь тулгаж байж олгодог. Б.Сувдаа өөрийн биеэр ирж зээл авсан. Тэрнээс Д.Энхмандах гэдэг хүнийг би хараагүй хэмээн мэдүүлэв.
Ийнхүү тус шүүх хурал зургаан цаг орчим үргэлжилсний эцэст “Хаан банк”-наас 30 сая төгрөг залилсан хэрэгт холбогдсон Д.Энхмандахын хэргийг цагаатгасан юм.
Шүүх хурлын дараа Д.Энхмандахаас цөөн асуултад хариулт авлаа.
-Тантай холбоотой хэрэг шийдэгдэлгүй таван жил үргэлжилсэн ч өнөөдөр та цагаадаж, хэргийг хэрэгсэхгүй болголоо. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Шударга үнэн гэж байдаг л юм байна. Чингэлтэй дүүргийн шүүх үнэнийг олж өглөө. Юуны өмнө өнөөдрийг хүртэл надад урам зориг хайрлаж, үнэний төлөө тэмцэх хүч хайрлаж, дэмжсэн “Эрх чөлөө төв”-ийн захирал асан Ц.Оюунгэрэл, сэтгүүлч Г.Дашрэнцэн болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, найз нөхөд, тусалсан хүн бүхэнд баярласан талархсанаа илэрхийлье.
-Таван жил гэдэг тийм ч богино хугацаа биш. Өнгөрсөн хугацаанд таныг багагүй хүнд даваануудыг давсан гэдэг…
-Миний хувьд “Эрдэнэ суварга” компанитай холбогдсон цагаас тэвчиж, зүтгэж чадах чинээгээр хичээж ирсэн. Гол нь үр хүүхдүүддээ ээж нь ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгийг харуулж, нотолж чадлаа. Уг нь би ажил амьдралын төлөө бор зүрхээрээ зүтгэж яваад ийм хэрэгтэй нэр холбогдсон. Мэдээж өнгөрсөн хугацаа миний хувьд хүнд байлаа. Орох орон, идэх хоолгүй байсан үе надад зөндөө байсан юм. Хийе гэхээр ажил олддоггүй, хэцүү цаг үеийг өнгөрүүлсэн. Өглөө бүр шүүх, цагдаа, прокурорын үүдийг сахиж өнгөрүүлдэг байлаа. Би өөрөө ч, үр хүүхдүүд маань ч эрүүл мэндийн хувьд хохирсон. Сүүлдээ манай хүүхдүүд цагдаагийн хувцастай хүн харахаар айж эмээдэг болсон.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-3-23 насны таван хүүхэдтэй. Энэ хугацаанд миний эрх зөрчигдөхөөс гадна хүүхдүүдийн маань сурч, боловсрох эрх нь ноцтойгоор зөрчигдсөн. Би таван хүүхдээ аргагүйн эрхэнд хоол ундтай байлгахын тулд танил тал, наашаа харсан хүн, айл бүрт байлгасаар өдий хүргэсэн.
-Таныг хэл хүндтэй байхдаа урьдчилан хорих төвд хоригдсон гэдэг. Энэ үнэн үү?
-Тийм ээ. 2007 оны 11 сарын 16-наас 2008 оны нэгдүгээр сарын 28-ныг дуустал энэ хэргээс болж ганц худагт хоригдсон. Тэгэхэд би дөрвөн сартай, жирэмсэн байсан. Тухайн үед бие маань муудаж, намайг батлан даалтад гаргасан. “Ганц худаг”-аас гараад шууд нэгдүгээр төрхөд хүргэгдсэн юм. Ингээд тээж явсан хоёр ихэр хүүхэд маань дутуу төрж, эндсэн.
– Ингэхэд та яаж яваад “Эрдэнэ суварга” компанитай холбогдсон юм бэ. Хүүхдүүдийн тань аав байдаг уу?
-Миний гурван хүүхдийн эцэг нас барж, өрх толгойлсон эмэгтэй Архангай аймгаас 2000 онд Улаанбаатар хотод нүүж ирж байлаа. Тухайн үед Чингэлтэй дүүрэгт оршин суусан. Өндөр настай аав, ээжтэй байсан юм. Хоёр буурлаа алдсаны дараа “Эрдэнэ суварга” компанид менежерээр ажилд орсон. Тухайн үед шалгалт өгч тэнцсэн л дээ. Тэгэхэд тус компанийн захирал, одоогоор НИТХ-ын төлөөлөгчөөр нэр дэвшиж буй Д.Бат-Эрдэнийн эхнэр Б.Сувдаа надад 13-14 насны хоёр хүүхдийнхээ хамтаар компанид нь таван жил 24 цагаар тасралтгүй ажиллавал, хоёр өрөө байр өгнө хэмээн амлаж, гэрээ байгуулсан. Тэр цагаас хойш би компаниас нэг ч төгрөгийн цалин авалгүй зүтгэсэн хүн. Бид гуравт хоолны мөнгө гээд өдөрт 4500 төгрөг л өгдөг байсан юм. Иймэрхүү байдалтай гурван жил ажилласны эцэст нэг мэдэхэд “Хаан банк”-наас 30 сая төгрөг залилан авсан хэрэгт гүтгэгдэж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд хохирч үлдсэн дээ. Юун хоёр байр авах манатай болсон гэлээ.
Энэ үеэр “Эрх чөлөө” төрийн бус байгууллагын хүний эрхийн ажилтан асан А.Ариунтуяатай уулзлаа. Тэрбээр 2008 оны гурван сараас Д.Энхмандахт тусалж, өнөөдрийг хүртэл хамтдаа тэмцсэн хүний эрхийн ажилтан билээ.
-Таныг хүний эрхийн байгууллагын ажилтныхаа үүргийг бодитоор хэрэгжүүлсэн гэж ярьдаг. Д.Энхмандахтай хэзээ танилцсан бэ?
-Хүний эрхийг хамгаалахад бие сэтгэлээ зориулсан хүн тэр ажлаа насан туршдаа орхиж чаддаггүй юм байна. Анх 2008 онд Д.Энхмандах над дээр эрх зүйн туслалцаа авахаар ирсэн. Дараа нь эрүүл мэндийн хувьд дээрх байгууллагын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ч энэ хүний асуудлыг надад хамаагүй гэж орхиж чадаагүй. Өнөөдрийг хүртэл анхааралтай ажиглаж, хамт байж ирлээ. Яагаад энэ хүнийг ингэж онцолж дагаад яваад байгааг маань зарим хүмүүс гайхаж магадгүй. Надад нэг л шалтгаан байсан. Би энэ хүний хэрэгтэй анх танилцаад хэлмэгдэж яваа хүн юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Ямар ч байсан энэ хэрэгтэй эцсээ хүртэл тэмцэе, хэрэг шударгаар шийдэгдэнэ гэж найдсан учраас сайн дураараа дэмжээд, туслаад ирсэн. Өнөөдөр Д.Энхмандахын гэмт хэрэг хийгээгүйг шүүх шударгаар шийдэж өгсөнд маш их баяртай байна. Энэ нь миний хүний эрхийн төлөө ажиллаж байх хугацаанд тохиолдсон хамгийн баяртай үйл явдал боллоо. Одоо л Ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мэдэрлээ. Тэгээд Д.Энхмандахтай холбоотой хэргийг шийдвэрлэх явцад олон авлигалын хэргүүд нийтэд дэлгэгдэж зохих байгууллагуудад шалгагдсан. Зарим тодорхой хэргүүд нотлогдсон боловч өршөөлийн хуулинд хамрагдсан байна лээ. Цаашдаа хүний эрхийн ажилтнууд бид Д.Энхмандахын таван жилийн турш хохирсон эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохирлыг нэхэмжилж, буруутай этгээдүүдээр хохирлыг нь барагдуулахын төлөө ажиллана.
Н.АЛТАНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 06, 2012 6:24:22 pm )
ингэх ёстой байсымаа. Яаж ч бодсон энэ эмэгтэй шал өөр хүний гарын үсэг баримт ашиглаж ХААН банкийг зальдсан байх үндэсгүй шүү дээ. ХААН банк ч тэгж тэнэгтэх үү дээ. Харин энэ хүүхнийг гүтгэсэн НОВШУУДАД ОДОО ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ТУХАЙ СОНИРХЦГООХ Л ҮЛДЛЭЭ.
-
Anonymous (June 07, 2012 9:53:55 am )
Батэдрэнэд одоо ч нийслэлийн нэг байгууллагын дарга хийдэг. гэмгүй болоод тэгээд явж байдаг байх даа.
-
Anonymous (June 07, 2012 11:35:30 am )
Shudraga ajillasan ene baiguullagiin hamt olond bolon hunii erhiin ajiltand bayar hugrgej tsaashdiin ajild ni amjilt husie. Tus ger buliin sain sahnii tuluu ihiig hiij buteegeerei, Mun iimerhuu muu sanaat olon huniig ilruulj, hergiig hatuu chand edluuleerei
-
Anonymous (June 07, 2012 1:29:44 pm )
ter SUVDAA gej baliar avgaigaas hohirloo oligtoihon nehemjleh heregtei
-
Anonymous (June 07, 2012 2:33:17 pm )
баячууд ингэж ядарсан хїний амьдралаар тоглож байхгїй юу ийм заль мэхтэй хулгайчуудыг ард тїмэн ах дїї нар нь жигших хэрэгтэй шїї дээ їр хїїхэд гэж байдаг л байлгїй ичээсэй Энхмандахад хохиролыг нь 100% аас дээш олгуулж єгвєл шудрага шїїх бна гэж ойлгоно энийг л хїлээе дээ
-
Anonymous (June 07, 2012 2:35:37 pm )
БАТЭРДЭНЭ СУВДАА ТАНИНАА ЕР НЬ Л ИЙМЭРХЇЇ ЇНЭГНЇЇД БАЙГАА ЮМ САЙХАН АМЬДАРЧ БНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БАЙХ ЇР ХЇЇХЭД НЬ ЯАЖ ЯВАХ БОЛ ХЭЦЇЇ ДЭЭЭ ХЭЦЇЇЇ………….
6 Comments