-ТҮГЭЭГЧ “ДӨРӨВХӨН МЯНГАН ТӨГРӨГИЙН ШАТАХУУН АВЧ БАЙЖ…” ГЭСНЭЭС МАРГААН ЭХЭЛСЭН БАЙНА-
Манай сонинд “Шатахуун түгээх станц (ШТС)-ын түгээгчид бага мөнгөөр шатахуун авлаа гэж үйлчлүүлэгчээ зодлоо” гэсэн мэдээлэл ирсэн юм. Мэдээллийн дагуу Гэмтэл, согог судлалын үндэсний төвд очиход хохирогч залуу томографийн шинжилгээ өгч байлаа. Түүний нүд хөхөрч, хацар нь шалбарчээ. Цагаан цамцных нь ар тал нэлэнхүйдээ шороо болсон харагдсан. Хохирогчийн аав болох Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Н.Норжин “Хүү минь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ажилладаг. Өнөө өглөө эхнэр, хамт ажилладаг хүнтэйгээ гурвуулаа ажилдаа явж байсан юм билээ. Тэгээд дөрөвдүгээр хорооллын эцэст байдаг “Жэй Эм Ойл” компанийн ШТС-аас шатахуун авах гээд очтол дөрвөн түгээгчийн нэг нь ч ирэхгүй байсан гэсэн. “Ажлын цаг боллоо хурдан үйлчлээч” гэж шаардуулж байж нэг нь дуртай дургүй ирж. Ингээд хүү маань 4000 төгрөгөөр шатахуун авах гэтэл “Иймхэн мөнгөөр шатахуун авах юм байж сүржигнэлээ” гэсэн байгаа юм. Ингээд маргалдтал дөрвөн түгээгч нийлээд хүүг минь зодсон. Жилийн өмнө гарын шөрмөсөө таслаад мэс засал хийлгэж байсан юм. Тэр гар нь хөндөгдсөн байна. Нүүр нүд нь хөхөрснийг харахад их зодсон бололтой юм” гэсэн.
Хохирогчийн аав ингэж ярьсныхаа дараа төд удалгүй хүү, бэр хоёртойгоо ярилцаж байснаа “Өө нөгөө түгээгч залуучууд ирж гуйсан гэнэ. “Мөнгө төгрөг өгьө. Тохиръё” гэжээ. Байгууллагын нэр хүндэд халдаж сонинд хандаад хэрэггүй гэсэн байна. Бид ярилцлага өгөхөө болилоо” гэх нь тэр. Тэднээс цагдаа дуудсан эсэхийг асуухад “Цагдаа дуудсан чинь эмнэлэгт очиж гэмтлийнхээ зэргийг тогтоолго гэсэн.
Танай сонинд мэдээлэл өгөхөд тэр залуучууд тохирох талаар яриагүй байсан юм. Одоо харин ярилцаад тохирч байна” гэв.
“Жэй Эм Ойл” компанийн ШТС дээр очиход түгээгчдээс гадна зохион байгуулагч бололтой эмэгтэй байлаа. Тэрбээр “Заримдаа янз бүрийн зантай үйлчлүүлэгчид ирдэг. Тэдэнтэй харьцахад хэцүү. Өглөө түгээгч нар, үйлчлүүлэгчтэй ойлголцоогүйгээс л зодолдсон юм билээ. Бидэнд огт хамаагүй. Үйлчлүүлэгч “Ямар хурдан шахдаг юм. Тоолуураа харсан юм уу” гэхэд түгээгч “Дөрөвхөн мянган төгрөгт шатахуун авч байгаа юм чинь” гэж хэлснээс болж л маргаан эхэлсэн юм билээ. Зодоон хийсэн хүмүүс хохирогчтой тохирохоор явсан. Хохирогч ч тохиръё гэсэн юм билээ” гэв.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
Comments are closed.