antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2012 5 comments

“БЭЛГИЙН МОРЬНЫ” ШҮДИЙГ ҮЗЭХ ҮҮ?

нийтлэсэн Admin

                                                                        Түшмэл, намайг яаж үздэг хамаагүй

                                                                        Түмэн, намайг яаж үздэг хамаатай
                                                                         Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй
                                                                         Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай
                                                                         Ховчин намайг яаж үздэг хамаагүй
                                                                         Хотол олон яаж үздэг хамаатай
                                                                         Бялдуучин зусарчин яаж үздэг хамаагүй
                                                                          Билигтэн сэхээтэн яаж үздэг хамаатай.
                                                                                                                                                                                                                             Еншөөбүү Бямбын Ринчен 1965.01.08

 

“БЭЛГИЙН МОРЬНЫ” ШҮДИЙГ ҮЗЭХ ҮҮ?

            Авилга гэх нэр томъёо монголчуудын хувьд хэдийнээ танил болж өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр хээл хахууль өгсөн, авсан энэ нь шалгагдаж байна гэх  мэдээлэл байнга цацагдах болжээ.

Гэвч энэ гэмт хэргийн аюултай үр дагавар буюу эрх мэдлийн төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахааргүй болсон эрхтэн дархтнууд албан тушаалын төлөө хэнээрхэн тэмцэж, төрийн албыг “хувьчлах”, “өв залгамжлан хаших” энэ их хүслээ гүйцэлдүүлэхийн тулд өөрсддөө зориулж хууль гаргадаг, өнгөтэй, мөнгөтэй хүнд найр тавин үйлчилдэг, ёс суртахууны хариуцлага хүлээх чадваргүй, хувийн амбицийг төрийн хуулиас дээгүүр тавьж ирсэн, өөрсдөөс нь өөр “мундаг” улс төрч хаана ч байхгүй гэж дэлхийн агуу \жинхэнэ утгаараа агуу\ улс төрчдөөс давж бархирсан, хийсэн бүтээсэн нь шалихгүй ч хэлж ярих нь цэцэн мэргэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснээ цээж дэлдэн түмэнд зарлан өөрийгөө магтан дуулах, зөвхөн эдгээр хүмүүсийн үр хүүхэд нь өндөр хөгжилтэй оронд төрийн зардлаар сурч төрийн өндөр албанд шууд томилогддог  “ховор амны хишигтэй”, арын албанд зүтгэх ах дүү, анд нөхөд, амраг гэргий нар нь амжилттай бизнестэй сонгууль дөхөх тусам “эх оронч” сэтгэл нь бадарч зүрх нь цохилдог хэмээн сүүлийн үед улс төрчид, үе үеийн эрх баригчдыг шүүмжилдэг болсон нь зарим талаар үнэний хувьтай  болох нь хов живнээс илүүтэй тэдгээрийн хийж буй үйлдэл хэрэгжүүлж байгаа бодлогоноос илт анзаарагдах болллоо. \Үүнийг жишээгээр дурьдах болно\

Иймд эрхэм улс төрчид, хууль зохиогчид түүнийг хэрэгжүүлэгчдэд хэлэх үг, санал болгох зүйл жирийн судлаач надад байнаа.

Эрх бүхий байгууллагууд нь Улсын их хурлаас баталж өгсөн хуулийн хүрээнд авилгын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нь авууштай хэдий ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шүүрэн шанага шиг цоорхой, ял шийтгэлийн бодлого нь тэнцвэргүй, хөөрч дарвин хоорондоо гар зөрүүлсэн залуус, эхнэр нөхрөө хардснаас үүссэн маргаан, 140,400 мянган төгрөгний зүйл хулгайлсан ажилгүй, орон гэргүй г.м гэмт хэрэгтнүүдтэй “эргэлт буцалтгүй, нэн тууштай” тэмцэхэд чиглэгдсэн Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиндаа нэн даруй өөрчлөлт оруулахгүй бол төрийн хүчийг сулруулж, цөөхөн тооны “агуу” улс төрчдийг дураараа аашлах боломжийг 100% бүрдүүлж байдаг авилгын гэмт хэрэгтэй бүрэн утгаар нь тэмцэх боломжгүй байна.            Асуудал дэвшүүлэхээс өмнө авилга гэдэг ойлголтыг бага зэрэг тодруулах нь зүйтэй болов уу.

Авилга буюу “Korruption” гэдэг үг “corrumpere” гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь ялзарч муудах, өнгө зүсээ алдах, ёс суртахууны доройтолд орох гэсэн утгатай ажээ. Эртний Египэтээс үүсэлтэй улмаар Ромын эзэнт гүрнийг мөхлийн ангалруу түлхэсэн авилга гэгч нь түүхийн бүхий л цаг үед хаад ноёд, эрхтэн дархтнуудад тал засах, тэдгээрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөөх ил далд тэмцлэлд гол үүрэг гүйцэтгэж ирсэн байна. Платон, Аристотел нар нь тухайн цаг үедээ эрхтэн дархтан, жирийн ард түмний амьдралын ялгаа, төрийн шударга бус  хуваарьлалт, сонгуулийн саналыг худалдах, төрийн эрх мэдлийг өөр хоорондоо наймаалцах аргаар бие биендээ шилжүүлж буй байдал мөн эдийн засгийн тэнцвэргүй байдал буюу баян хоосны ялгааг олж харан энэ тухай өөрсдийн боловсруулсан онол сургаальд тусгаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. \Walter de GruyterTheologische Realenzyklopädie, Teil 1,Band 1 -Teil 2, Band 27\

Монгол улсын хөгжлийн түүхэнд ч авилга хар мөрөө үлдээсэн нь манжийн дарлалд нухлагдсан бараан цаг үед түшмэд ноёд эрх мэдлийн төлөө манжийн хаанд тал засч эмс охидоо бэлэглэн өргөл барьц өгөх, манжийн эсрэг тэмцсэн эх орончдоо худалдаж байсан нь мөн Богд хаант Монгол Улсын үед ч дээдэст тал засч чадсан нь хангалуун амьдардаг байсан зэрэг нь мөн л түүхэнд бичигдсэн байдаг. Нийтлэлийн маань зорилго түүх сөхөхөд чиглэгдээгүй тул энэ тухай товч дурьдан өнөөдөр нийгэмд хөндөгдөж бодитой оршиж буй “Авилга” гэгч “Зэрлэг ургамлын” үндслэх хөрс, бордоо болсон асуудлаас хөндье.

Авилгатай тэмцэх гол суурь нь төрийн зөв бодлого, шударга улс төрчид, цоорхойгүй хууль, тэгш хяналт, хуулийн байгууллагын улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж гэх мэтчилэн олон хүчин зүйл байдаг.

Эдгээрээс өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зарим хууль амьдралд нийцэхгүй, олон улсын гэрээ конвенцийн шаардлагыг хангахгүй байгаа нь харамсалтай.

Тухайлвал манай улсын Эрүүгийн хуульд байгаа шан харамж болон хээл хахуультай холбоотой заалтууд 2003-10-31-нд Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас баталсан Авилгын эсрэг конвенцтэй харьцуулахад хэт явцуу байна. Манай улс дээрх Конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд уг баримт бичгийг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх үүрэг хүлээсэн юм.

Уг Конвенцид “ оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүмүүс, төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч “ гэж үзэн авилгын субектэд хамааруулсан, тэдгээрийг тус бүрд нь тайлбарласан байдаг. Гэтэл манай улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл нь хэтэрхий явцуу байгаагаас ял завших боломж их байна. Жишээ нь:

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл субъектийг “албан тушаалтан” гэж оруулсан  нь хэт явцуу болсон.

Шийдвэр гаргах түвшинд ажилладаггүй ч танил талын нөлөөгөө ашиглаж бусдад ажил бүтээж өгөхөөр амладаг, амласнаа биелүүлснийхээ төлөө шан харамж авах үйлдлүүд мөн субъектүүд энд орхигдсон. Жишээ нь эмч, сургууль цэцэрлэгийн багш, сувилагч г.м \Хүүхэд сургуульд, цэцэрлэгт оруулахад аливаа хэлбэрээр эцэг эхчүүдэд боломжгүй зүйлийг нь  “бүтээн буян үйлдэж”, өвчтнийг шилжүүлэх, эмнэлэгт хэвтүүлэхэд харъяалал, дараалал харгалзахгүй үйлчлэх, хэвтүүлж эмчлэх үүнийхээ төлөө бэлэг, мөнгө г.м шан харамж авах, “гарыг нь хүндрүүлсэн” “үйлчлүүлэгчдэд” давуу тал олгож тусгай үйлчилгээ үзүүлэх.. \ гэх мэт. Төрөөс цалин авч, тангараг өргөсөн албан хаагчдын хувьд ийм зүй бус үйлдэл буюу төрийн албыг мөнгө олох хэрэгсэл болгосны төлөө захиргааны хариуцлага хүлээх төдий өнгөрч байгаа нь зүйд нийцэхгүй. Дээрх салбарт Монгол улсын иргэний төрийн үйлчилгээг тэгш, шударга хүртэх эрх хамгийн их зөрчигддөг гэдэгтэй бүгд санал нийлэх болов уу.

2. Мөн гэмт хэргийн объектив талын бүрэлдхүүнийг …….Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр….. гэсэн 2-хон ерөнхий үйлдлээр хязгаарласан нь хууль ёсны дагуу шийдвэр гаргасан, үйлдэл хийсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлснийхээ төлөө хахууль, шан харамж, эдийн болон эдийн бус давуу тал олж буй этгээдүүдэд ял завшуулах боломжийг бүрдүүлж байна. Иймд хуулийн дээрх заалтыг өөрчилж албан тушаалтан \албан хаагч\ эрхэлж буй ажил, байр сууриа аливаа хэлбэрээр ашиглан эдийн болон эдийн бус давуу тал олж болох үйлдэл бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхаар өөрчлөх шаардлагатай байна.

Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд гэр бүлийн гишүүд нь “байнга ашигтай” бизнес эрхэлдэг нь нууц биш болсон. Төрд төлсөн татвар бага, жил бүр гаргадаг санхүүгийн тайлан нь голдуу алдагдалтай атлаа үнэтэй орон сууц, байшин, тансаг унаа хөлөглөн сэлгүүцэх нь гайхал төрүүлмээр. Одоо тэдгээрийн эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шалгахад юу ч илрэхгүй. Учир нь Татварын Өршөөлийн хууль гэгч “гайхалтай” хуулийг “бизнесийг дэмжих” нэрийн дор шуурхай батлаад гаргачихсан. “Морьтын хишиг явганд” гэгчээр энэ хууль бусад жижиг аж ахуй нэгжид ашигтай мэт боловч чухам эдгээрт зориулж гаргаагүйд л учир нь байна. 10 жилийн өмнө танай гэр бүлийн бизнес алдагдалтай байсан байна гээд тодруулах гэвэл “Уучлаарай тэр үед татварын тайлангаа худлаа гаргаж байсан юм, одоо үнэнээ хэлье, яг хэдэн төгрөгний татвар нууснаа мэдэхгүй байна их л олон сая байсан санагдаж байна, гэхдээ энэ хэрэг маань 2008 оны өршөөлд хамрагдаж байгаа л даа, миний гэр бүлийн хүн миний бизнест оролцдоггүй, би тусдаа бизнес эрхлэх эрхтэй гээд л ” гэмшингүй дүр эсгээд л болоо. Тэгэхээр 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цагаас өмнөх бизнесийн орлогыг үнэн зөв тогтоох боломжгүй. Одоо дахиад Татварын Өршөөлийн хууль гэгч гарвал гайхах хүн байхгүй л болов уу.

Авилгын хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг ба авилга авсан этгээд хэзээ ч өөрийнхөө нэр дээр ямар нэг хэлбэрээр авсан зүйлээ \Банканд мөнгөө өөр хүний нэр дээр хадгалуулдаг, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нь мөн л өөр хүний нэр дээр, зээлгүй атлаа зээл авсан мэтээр зээлийн гэрээ байгуулдаг, эсхүл “сайн найзаасаа” итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулахгүйгээр мөнгө зээлсэн гэдэг, “сайн найз” нь үүнийг нь баталдаг \ нуун далдлах бүхий л аргыг хэрэглэж хууль ёсны мэт харагдуулах үйл ажиллагаа нарийн зохион байгуулалтай явагддаг ба авилага авсан, хууль бус мөнгө эргэлдүүлж байгаа хэн ч өнөөдөр гэртээ, албан өрөөндөө эсхүл өөрийнхөө нэр дээр хууль бус орлоготой холбоотой баримт мэдээ сэлтийн талаар ул мөр үлдээдэггүй.

Тиймээс авилгын хэргийг шалгах явцад шаардлагатай бол тэдгээрийн гэр бүл, ах дүүгийн нэр дээрх хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны эсэхийг давхар шалгах журмыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд оруулж өгөхгүй бол энэ хэргийг илрүүлэхэд одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомж хэт ерөнхий буюу хангалтгүй байна. Тухайлвал: ЭБШХ-ийн 134 дүгээр зүйлийн 134.1-т “Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний төлөө эд материалын хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй” мөн 76 дугаар зүйлийн 76.1-д “ Иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хамгаалах шийдвэрийг хангахын тулд шүүх, прокурор, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь прокурорын зөвшөөрөлтэйгээр тогтоол гарган сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн эд хөрөнгийн хариуцлага хүлээх этгээдийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж болно”  гэж заасан ба авилгын хэргийг шалгах явцад хуульд тусгайлан заагдаагүй субъектүүд сэжиг бүхий объект, хувьцааг бусдад шилжүүлэх, эх үүсвэрийг нь бүдгэрүүлэх эрсдэлтэй шалгалаа гэхэд эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл сэжигтэн яллагдагч, шүүгдэгч биш л бол өөр цаанаа далд эзэнтэй, цаасан дээр өөр эзэмшигчтэй эд хөрөнгийг битүүмжлэх боломжгүй мөн эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрч биш буюу ЭБША-ны  оролцогч биш этгээдийн санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шалгах талаар нарийн зохьцуулахгүй бол хэт ерөнхий хуулиар ялангуяа авилгын хэргийг шалгаж тогтоох нь улам бэрхшээлтэй болж байна.

Германы Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 103 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт шалгагдаагүй ч гэмт хэргийн ул мөр, нуусан эд зүйл, хууль бус орлого гэх мэт зүйл байгаа сэжиг илэрвэл зарим этгээдийн гэр болон албан газар, дансанд үзлэг нэгжлэг хийх, хураах тухай нарийн заасан байдаг. Энэ нь авилага, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд түлхэц болж байна.

Авилгын төрөлд багтах нэг хэлбэр нь эдийн болон эдийн бус давуу байдал, тал тохой татах үйлдэл юм. Өнөөдөр төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд ихэвчлэн төрийн зардлаар өндөр хөгжилтэй орны их сургуульд сурдаг, төгсч ирээд мөн л эцэг эхийн нөлөөгөөр “боломжийн” албан тушаалд шууд томилогддог ба энэ нь авилгын төрөлд багтдаг “тал тохой татах” үйлдлийн нэг. Үүнийг авилгын зөрчил мэт ойлгох нь буруу бөгөөд хэрэв албан тушаалын байдлаа ашиглан хүүхдэдээ давуу байдал олгосон, олгох нөхцлийг бүрдүүлсэн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, аливаа хэлбэрээр авсан тэтгэлгийг нөхөн төлүүлж байх зохьцуулалтыг хуулинд оруулах. Одоо үйлчилж буй Эрүүгийн хуулиар дээрх үйлдэл нь авилгын гэмт хэрэгт тооцогдохгүй. Учир нь “хээл хахууль авсан бол” гэж заасан байгаа.

Дээрх залуучуудаас үнэхээр мэдлэг боловсролоороо төрийн, олон улсын, засгийн газар хоорондын гэрээгээр сургуульд явсан нь мэдээж буй. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх эрх бүхий субъектүүд үр хүүхдээ санхүүгийн ямар эх үүсвэрээр өндөр хөгжилтэй оронд сургаж байгааг мэдүүлдэг үүнийг шалгадаг хуулийн зохьцуулалт мөн л хэрэгтэй байна.

Эрүүгийн хуулиин тусгай ангийн зарим заалтын талаар:

250 дугаар зүйл. Шүүхээс хууль бус шийдвэр гаргах
250.1.Шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт хууль бус шийдвэр гаргасан бол…… таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
248 дугаар зүйл. Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх
248.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан, ял шийтгэсэн бол…………. хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
255 дугаар зүйл. Гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс, шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, зайлсхийх
255.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхэд………..шинжээч дүгнэлт гаргахаас хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн,…….бол….. хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Шунахайн сэдэлт гэдэг материаллаг буюу эдийн давуу тал олж авах хүсэл, сонирхол юм. Хуулийн дээрх заалтад дурьдагдсан субъектүүд хээл хахууль авч хуулиар олгогдсон онцгой эрхээ урвуулан шийдвэр гаргасан тохиолдолд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэгт биш хээл хахуулийн гэмт хэрэгт ял шийтгүүлдэг байхаар өөрчлөх мөн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд дээрх субъектүүдийг тусгайлан нэрлэж өгөх шаардлагатай. Учир нь ЭХ-ийн 250-р зүйлийн 250.1, 248-р зүйлийн 248.1-д оногдуулах ял шийтгэл нь ЭХ-ийн 268-р зүйлтэй харьцуулахад хөнгөн, албан тушаал эрхлэх эрх хасах ял байхгүй зэрэг нь ял завших боломжийг бий болгож байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь төрийн онцгой чиг үүргийг хэрэгжүүлдэг, хуулийн хүрээнд бусдын эрхэнд халдах эрхтэй субъектүүд тул тэдгээрийн эдлэх эрхээс гадна хуулиар хүлээлгэх хариуцлага өндөр байх ёстой.

“Бэлгийн морьны шүдийг” үзье

Хууль бусаар хөрөнгөжиж бусдаас шан харамж авсан ч энэ үйлдлийнхээ төлөө зөвхөн захиргааны хариуцлага хүлээх төдий болоод өнгөрөх тийм хуулийн заалт ч манай улсын Эрүүгийн хуулинд байна. Урьд “Монголд мөнгө угааж байна уу” нийтлэлдээ энэ тухай товч дурьдсан билээ.

Тухайлбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 170 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан албан үүргийн дагуу ажил гүйцэтгэж үйлчилгээ үзүүлэх үүргээ далимдуулан хясан боогдуулах замаар удаа дараа буюу их хэмжээний шан харамж авсан нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол….” гэж заасан нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх онцгой эрх бүхий субъектуудын хувьд жишээ нь улсын байцаагч /гааль, татвар, мэргэжлийн хяналт, эрүүл ахуй г.м/ хууль бусаар нэг ч төгрөг бусдаас авах ёсгүй. Дээрх хуулийн заалтаар бол нэг удаа бага бус эсхүл үлэмж хэмжээний шан харамж авсан бол захиргааны хариуцлага хүлээж их хэмжээний шан харамж авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байгаа нь шударга бус юм.

Хууль тогтоогч авилгын хамгийн түгээмэл хэлбэр болох шан харамжийн авч болох хэмжээг тогтоон дээрх субъектүүдийг “их” хэмжээтэй л биш бол тодорхой хэмжээгээр албан тушаалаа ашиглан “боломжийн орлого” олж амьдралаа дээшлүүлэхийг хуулиар “зөвшөөрснийг” төрөөс бэлэглэсэн бэлэг гэж үзэхээс өөр яах билээ.

Чанаргүй барилга, зам ашиглалтанд оруулах зөвшөөрөл олгох, хилээр хууль бус зүйлийг “анзааралгүй” оруулах, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг “сануулсан” болоод өнгөрөх цаашилбал тендер нэрийн доор хууль бус сонгон шалгаруулалт явуулах, төрийн тусгай хамгаалалттай газар барилга барих зөвшөөрөл олгох, цаасан дээр монгол хүний нэр бичигдэж цаанаа гадны эзэнтэй уул уурхай, хайгуул, олборлолтын зөвшөөрөл г.м тусгай зөвшөөрөлийн жагсаалт хөвөрнө. Гэтэл ийм онцгой эрхтэй субъектүүдийн энэ эрхээ ашиглан ашиг олж байгааг “шан харамж” төдий ойлгон хээл хахуулийн хэргээс тусд нь зүйлчилж “толгойг нь илж” байгааг өөрчлөх цаг болжээ. Германд хээл хахуульд хамгийн их өртдөг салбараар дээрх салбар тооцогддог ба Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт \§298-300\ тендер, сонгон шалгаруулалт, тусгай эрх олгодог этгээдүүд  хээл хахууль, шан харамж, эдийн болон эдийн бус давуу тал олсон бол хэмжээ харгалзахгүй гэмт хэрэгт тооцож хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Түүнчлэн их хэмжээний шан харамж гэдгийг хэдэн төгрөгөөр тооцох тухай Эрүүгийн хуульд байдаггүй ба зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яаж тооцохыг л Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зохицуулсан байдаг. Хэрэв хуулиа зөрчин дээрх заалтыг барина гэвэл их хэмжээ нь17,550,000 төгрөгөөс эхэлнэ. Тэгвэл 17 сая төгрөг хүртэл хэмжээний шан харамж авах нь гэмт хэрэг биш байгаа нь шударга ёсонд нийцэх үү.

Эрхэм түшээд та бүхэн хуулийг гажуудуулагч нэгэнд “бэлэг” шиг санагдах энэ заалтаа өөрчлөх цаг болжээ. Төрийн албаны босго хатуу, шалгуур өндөр, онцгой эрх эдэлдэг шигээ хүлээх үүрэг хариуцлага жирийн иргэнээс хэд дахин өндөр байж төрийн албыг мөнгө олох хэрэгсэл болгож буй бусармаг явдалтай жинхэнэ утгаар тэмцэх болов уу. Үүнд жирийн иргэдийн санаа оноо нэмэр болох буйзаа.

                               ХБНГУ-ын Триерийн Их сургуулийн докторант Б.Өнөрмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 29, 2012 8:51:21 pm )

    ueneheer goliig ni olj mergejliin huulichiin nudeer huuliin tsoorhoig harsan baina, ih saihan niitlel boljee, sudlaachdaa amjilt husie, zarchimch shaardlaga ondortei chadvarlag prokuror shuu, odoo erdmiin ajilaa amjilttai duusgaad eh orondoo ireereei. Bitgii Germand uldchiheeree dee.

  • Anonymous (May 30, 2012 8:43:56 am )

    sain bichsen bna good luck for your doctor job

  • Anonymous (May 30, 2012 9:08:20 am )

    sain uu uuniig sudalgaa gehgui bol yug sudalgaa haricuulalt geh ve de ylanguya 2003 onii konvencid duridsan subiektuudiig huulichilah, zuilchleliin sankciin haricuulalt, uchruulsan mungunii hemjeenii haricuulaltuud todorhoi yg tag tusgasan ni taalagdlaa, EH-d tal tohoi tatah talaar mun l zuilchleh shaardlagatai er ni avilga avah uguh zuuchlahaas gadna todorhoi zuilchleluudiig ch nemj ene huulai uurchilmuur ym uuriin chini sudalgaanii ur dund ene buhen hiigdene gedegt itgeltei bgaa shuu

  • Anonymous (May 30, 2012 1:42:21 pm )

    үнэхээр сайхан бичжээ. Авлтгатай тэмцэж болно. Гол энэ бүтцийг улс төрийн зорилгоор ашиглах явдал хэрээс хэтэрлээ. Жинхэнэ утгаар нь бие даалгахын тулд ерөнхийлөгч томилдогийг болиулмаар байна. Бүх хуульчдийн дундаас сонгон шалгаруулаг ч юм уу арай өөрөөр шийдэхгүй бол улс төрчдийн өс хонзон авдаг хэрэгсэл болчихсон байна аа манай монголд

  • Anonymous (May 30, 2012 1:45:23 pm )

    Төгсөж ирээд энэ чилгэлээрээ тууштай ажиллаарай. Маш их эсэргүүцэл, дарамт шахалт ирэх байх. Бүү шантраарай. Мөнгө угаах гэмт хэрэгийн тухай нийтлэлийг чинь бас уншсан. Үнэхээр судлаач хүний асар их хөдөлмөр харагдаж байна. Эрдмийн ажилд тань амжилт хүөье

antalya rent a car