-“Саусгоби сэндс” “Чалко”-гийнх болох нь тодорхой болжээ-
БНХАУ-ын Чалко компани Канадын “Айвенхоу майнз”-ын охин компани, Монголд дөрвөн орд эзэмшдэг “Саус гоби сэндс”-ийг худалдаж авах гэрээ хийж эхэлсэн явдал монголчуудын болгоомжлолыг төрүүлж эхэлсэн билээ. Ямар ч улс нийлүүлэлтээ хянаж, бараа бүтээгдэхүүн, түүхий эдээ олон худалдан авагчид нийлүүлж байж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангадаг. Бидний хувьд олон улсад борлуулах давуу тал үгүй байгаа дээр нь нийлүүлэлтээ хянаж чадахаа боливол эдийн засаг сүйрэх магадлалтай тул ингэх нь аргагүй байсан юм. Ингээд дээр дооргүй шахаж шаардсаны хүчинд манай хууль тогтоох байгууллага стратегийн ордуудад гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ.
Эрх баригчид дээрх хуулийг энэ сарын 14-нөөс өмнө батлаад хэрэгжих хугацааг нь БНХАУ, Канадын компани хэлэлцээр хийж эхэлсэн өдрөөс өмнө тогтоовол “Саус гоби сэндс”-ийн дөрвөн ордыг аварч үлдэх боломж байгаа гэж мэдэгдэн “Чалко” энэ асуудлыг дараагийн Парламентын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлтэл хойш тавьснаар асуудал нэг хэсэгтээ намжсан. Тэгвэл хууль батлагдсан ч хоёр компанийн гэрээг зогсоож чадахгүй нь бололтой.
Яг одоо дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа мэдээлэл, Монголд өрнөж байгаа үйл явц, хөрөнгийн зах зээлд гарч байгаа өөрчлөлт зэргийг харгалзаж үзэхэд Монгол Улсын төр “Чалко”, “Айвенхоу майнз” хоёрын хооронд хийгдэж буй “Саус гоби сэндс”-ийг худалдах, худалдан авах тухай гэрээнд нөлөөлж чадахаасаа өнгөрсөн гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
Монгол Улсын сангийн дэд сайд Ч.Ганхуяг даваа гарагт Лондонд болсон хуралд оролцож хэлсэн үгэндээ “Иргэд эрэлт нийлүүлэлтийн аль алинаар нь нэг улсаас хараат болохгүйн тулд бүхнийг хийхийг эрх баригчдаас шаардаж байгаа учир энэ хуулийг баталж байгаа юм Гэхдээ Стратегийн хөрөнгө оруулалтыг журамлах тухай хуулийн хэрэгжих хугацаа батлагдах хугацаанаасаа өмнө тавигдана гэж бодохгүй байна” гэж өгүүлсэн байна.
Тэрбээр “Айвенхоу майнз”, “Чалко”-гийн хорондын гэрээ одоо болтол үргэлжилсээр байгаа” гээд “Чалко” энэ асуудлаар Монголын Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа, энэ асуудал танхимын сайд нарын төвшинд яригдаж байгаа” гэж баталсан байна. Мөн Монголын Засгийн газарт ч БНХАУ-тай тохиролцох, хамтарч ажиллах шаардлага байгаа гээд Монголын нүүрсийг Тяньжин боомтод хүргэж, боомтын үнээр худалдаалах боломжийг хангах асуудлыг дурьджээ.
Энэ нь цаад утгаараа наймаалцахыг санал болгож байгаатай ялгаагүй сонсогдож байгаа юм. Хэрвээ энэ үнэн болоод, тохироог хийчихвэл Монгол Улсад мэдээж ашигтай. Далайн боомтод нүүрсээ гаргана гэдэг нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж нээгдэнэ гэсэн үг билээ. Гагцхүү Овоот толгой тэргүүтэй дөрвөн ордоо “Чалко”-д шилжүүлж, 20 жил ухах нь уу, хоёр жилийн дотор ухах нь уу гэдгийг хараад суух л үлдэх нь.
“Саус гоби сэндс”-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас түдгэлзүүлсний дараа олон улсын хөрөнгийн зах зээл дээр хувьцааных нь ханш огцом унаж эхэлсэн билээ. Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхлэх үед “Саус гоби сэндс”-ийн хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр өссөн сонирхолтой үзүүлэлт гарчээ. Хөрөнгө оруулагчдын чихэнд “ямар чөтгөр нь юу гээд шивнэчихсэн” болоод ингэж өссөн хэрэг вэ. АМГ-аас гаргасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэр хүчингүй болсонтой холбоотой.
Хууль тогтоогчдын дунд “Хууль батлагдсан ч хугацааг нь урагшлуулах боломжгүй” гэж ярьж байгаа хүмүүс өдрөөс өдөрт олширч байна. “FT” сэтгүүлийн цахим хувилбарт нийтлэгдсэн мэдээлэлд “Монголын тал наймааг албан бусаар зөвшөөрсөн” гэсэн нь бий. Тэр хүн нь АМГ-ын дарга, эс бөгөөс салбар хариуцсан сайд нь байх учиртай. Хэрвээ тийм бол бид энд хэчнээн бухимдаад “Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэгчийн үлгэрийг үзүүлэх болчихоод байна.
Ард түмэн жингэр нохой, төр засаг Бээжин рүү дөтлөх жингийн цувааны ахлагч болчихож байгаа нь тэр. Ард түмэн хууль батал гэж шаардаад, төр дэх төлөөллүүд нь оруулаад ирж байгаа хуулийг батлах нь зүйн хэрэг. Гэхдээ “Бид баялгийн эзэд нь биз дээ” гэсэн гомдол яалт ч үгүй төрөөд байх юм аа. Хойшоо гаргалаа шүү, эсвэл танайх боомт руугаа гарга гэж хэлж чадахгүй “яс горьдсон нохой” шиг яасан ч хэцүү юм бэ дээ.
Х.Батсайхан
mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 02, 2012 12:35:15 pm )
Gadaadiin nohodyydiig hooj gargaya aa
-
Anonymous (May 02, 2012 6:11:25 pm )
medeej .ene asyydlliig hundun yarij temtshee ilerhiilj baisan huniig ni shorond hiigeed ardyyr ni yu hiigdej bgaag harj bga bizdee
2 Comments