antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 9 comments

“Хажуудаа байгаа жаргалыг одоо л мэдэрч байна”

нийтлэсэн Admin

Тэр бусдаас нэг л өөр. Би амархан уурлаж, амархан мартдаг, ер нь их нээлттэй хүн шүү гэж ярих энэ бүсгүйг үзэгчид “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа гэдгээр нь мэддэг. Харин тэр саяхан “Франц үнсэлт” инээдмийн кинонд тоглож, мэргэжлийн чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан юм.  Тиймээс Г.Анхмаад манай уншигчдад хуучлах сонин их байлаа.

-Нэг л танил үнэр байх чинь, “Escada” юу?

-Тийм. Манай нэг найз охин бэлэглэсэн юм. Их гоё өвөрмөц үнэртэй билээ. Би ерөөсөө “Escada” түрхдэггүй байсан юм. Тэгсэн их таалагдсан шүү.

-Г.Анхмаа сонин хэвлэлд ярилцлага өгсөнгүй их удлаа?

-Харин тийм ээ, хамтлагийн уран бүтээл, кино гээд ярилцлага өгөхгүй их удсан. Ер нь тэгээд би нэг их ярилцлага өгөөд явах дургүй ээ. Ер нь бол мэдээллээ өгөөд явчихдаг юм.

-Саяхан Бэкэгийн /Т.Билэгжаргал/ нэг ярилцлагыг уншсан, та хоёр эргээд нийлчихсэн юм уу? Салсан гэж мэдээлж байсан шүү дээ?  

-Кино зураг авалт дөнгөж эхэлж байх үед бид хоёр салчихсан байсан. Киноны зураг авалтын дунд тэгээд л… /инээв/

-Тэгвэл “Франц үнсэлт” та хоёрыг эргээд учруулжээ?

-Харин тэглээ /инээв/.

-Бэкэ та хоёрын хамтран тоглосон “Франц үнсэлт” кино одоо ид залуучуудыг байлдан дагуулж байна. Та хоёр амьдрал дээр жинхэнэ хосууд болохоор үзэгчдэд илүүтэй таалагдаж байж магадгүй юм?

-Би бас ажиглаад л байгаа. Саяхан нэг сэтгэгдэл уншаад их баярласан. “Өмнө нь хайрын кинонууд үзээд зүгээр л хамтран тоглосон жүжигчдийг харж байсан бол та хоёрыг хараад надад их гоё байлаа. Яагаад гэвэл та хоёр жинхэнээсээ хосууд учир, бүх зүйл чинь жинхэнэ байсан. Үзэхэд ч гоё байлаа” гэсэн байсан. Энэ сэтгэгдлийг уншаад их баярласан.

-Г.Анхмааг үзэгчид дуучин гэдгээр нь илүү мэдэх байх. Гэтэл СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн, мэргэжлийн жүжигчин гэдгийг чинь бараг мартах шахаж?

-Хүмүүс намайг жүжигчин гэж мэддэггүй юм шиг байгаа юм аа. Би анх “Сая километр” гэдэг кинонд тоглосон доо. Энэ кинондоо би “”Франц үнсэлт”-ээс илүү сайн тоглосон байж ч магад. Дөнгөж сургуулиа төгсчихсөн байсан болохоор илүү сайн хичээсэн юм шиг санагддаг. Яахав жүжиглэлттэй хэсгүүдийг нь хасаад, монтаж хийсэн учир зарим хүмүүс жүжиглэлтийг тийм ч сайн олж хараагүй байж болох юм. Гэтэл одоогийн “Франц үнсэлт” дээр их яриатай, жүжиглэлттэй дүр учир үзэгчдэд илүү таалагдаад байх шиг бас санагдаж байна. Ямар ч байсан мэргэжлийнхээ ажлыг хийх их сайхан байдаг шүү. Мэргэжилдээ хайртай.

-Та хоёр дахь дэлгэцийн бүтээлдээ тоглолоо. Хоёр дүрээ харьцуулахад аль дүр нь хэцүү санагдсан бэ?

-Эхний кинонд би Заяа гэдэг охины дүрд тоглосон. Заяа бол их дотогшоо, үг дуу цөөтэй, нууцлагдмал, дотроо их зүйл боддог охин. Анхмаа гэдэг хүнээс тэс өөр. Би бол маш нээлттэй хүн. Харин “Франц үнсэлт”-ийн Мишээлийн дүр бол юм бодож санахгүй, дураараа, илэн далангүй бүсгүйн дүр байсан. Тийм болохоор надтай илүү ойр санагдсан.

-Киног үзсэн. Их таалагдсан. Найруулагч Г.Анхбаярыг магтмаар. Их мундаг жүжигчдийг тоглуулсан байна лээ?

-Тэр бол бас нэг найруулагчийн авьяас. Би анх гайхаж байсан. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Навчаа эгч, Төтө ах гээд дандаа л олны хайртай жүжигчид байсан. Бүр Ука хүртэл тоглосон ш дээ. Бид ярьж байсан л даа, Б.Ангирмаа эгч Укаг тоглохыг зөвшөөрөх болов уу гэж. Тэгсэн харин зөвшөөрсөн. Укад ч гэсэн ажил хэрэгч дүр нь их зохисон. Анхаа хажуу талаас нь бас их сайн зөвлөж, өгсөн.

-Мундаг жүжигчидтэй хамтран тоглож, мэдээж их зүйлийг сурсан байх?  

-Кино зураг авалт зургадугаар сарын дундуур эхлээд наймдугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн. Зураг авалтын үед нэг их бэрхшээл тулгараагүй. Манай кино групп өдөр бүр ярилцаж, санал бодлоо солилцож, гар нийлэн хамтран ажилласан учир их богино хугацаанд амжилттай зураг авалтаа дуусгасан. Бид киногоо өнгөлөг байлгахыг хичээсэн. Манай найруулагч Г.Анхбаяр их хөдөлмөрч. Шинийг сэтгэж хийхдээ  ч сайн. Мэдээж надтай хамт тоглосон жүжигчдийг бодохоор миний хувьд их нэр төрийн хэрэг байсан. Хамгийн цөөн кинонд тоглосон, хамгийн туршлагагүй, залуу жүжигчин нь би байсан. Б.Навчаа эгч миний эгчийн дүрд тоглосон нь надад их сонин санагдаж байсан. Хүмүүст үргэлж инээд бэлэглэж байдаг жүжигчин шүү дээ. Тэгээд бид хоёр зохиолоо уншиж байхад анхандаа миний инээд хүрээд байдаг байлаа. Харин миний төрсөн ахад Лхагваа ах тоглож, харин аавд минь П.Цэрэндагва ах тоглосонд би бүр итгээгүй. Үзэгчдэд сюрприз болж байгаатай адил би киногоо үзэж дуусан дуусталаа итгэхгүй л байсан. Туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллана гэдэг бол их сургамжтай, өөрийгөө илүү хүчилж, хичээх хэрэгтэйг ойлгуулж байсан. Дүрээ судлах, дүрдээ орох, Мишээлийг хэрхэн гаргах уу гээд л их судалж, бодож байж гаргасан дүр минь. Хамгийн их инээсэн хэсэг нь Төтө ах миний өөдөөс хараад “Үхмээр байна уу” гэж хэлдэг хэсэг. Өөрийн эрхгүй бүр инээд хүрээд инээчихдэг байсан. Би “Х-Түц”-ийн тоглолтыг үзэх дуртай. Тэгсэн үргэлж тайзнаас харж байсан жүжигчин минь өөдөөс хараад “Ааш… үхмээр байна уу” гээд орилхоор инээд хүрээд байгаа юм чинь. Найруулагч Анхаа бас надад их тусалсан.

-Ингэхэд Г.Анхмаад кинонд тоглох саналыг анх хэн тавьсан бэ. Яагаад энэ кинонд тоглохыг зөвшөөрсөн юм?

-“Жинхэнэ хайр” тоглолтын дараахан Анхаа надад кинонд тоглох саналыг тавьж байсан. Би дунд сургуулиа төгөлдөр хуурчаар, дээд сургуулиа жүжигчин мэргэжлээр төгссөн. Энэ мэргэжилдээ би маш их хайртай ч хамтлаг мэргэжил хоёрынхоо нэгийг сонгох хэрэгтэй болсон. Тэгээд л нэг зүйлдээ тууштай байж дараагийн алхмаа хийе гэж шийдсэн хэрэг. Хамтлагийнхаа уран бүтээлд илүүтэй анхаарч, ажилласан. Нэг зүйлдээ тууштай байх хүмүүжлийг Хөгжим бүжгийн коллежи олгосон гэж боддог юм. Ийш тийшээ олон юм руу савчаад гүйх нь утгагүй хэрэг. Би нэгдүгээр ангиасаа л төгөлдөр хуур сурч, хөгжмийн ард суугаад л хөгжмөө тоглодог байлаа. Үеийнхэн маань гадаа тоглоод л. Би гарч тогломоор санагддаг үе олон байсан. Гэсэн ч багаасаа урлагт хайртай, хөгжимд дуртай хүүхэд байсан учир энэ мэргэжлээрээ сургуулиа дүүргэж, нэг зүйлд тууштай байх ёстойг ойлгосон. Би мэргэжлээсээ жаахан хөндийрчихсөн. Тиймээс өөрийгөө зэврэхээс өмнө жүжигчин мэргэжлээрээ ажиллахыг хүссэн юм. Гэхдээ тэглээ гээд ирсэн санал бүрийг зөвшөөрөөд л тоглоно гэсэн үг биш л дээ. Киноны санал ирдэг ч надад Анхаагийн зохиол, ажиллах баг нь таалагдсан учир “Франц үнсэлт” кинонд тоглохыг зөвшөөрсөн. Мөн бид сайн найзууд, дан гар нийлсэн баг шүү дээ.

-Мишээлийн дүр үзэгчдэд Анхмааг шинээр танилцуулах шиг санагдсан?

-Анхаа бид хоёр их сайн найзууд. Анхаа надад хэлдэг байсан. Чи яг одоо өөрийнхөө хэлж байгаа шиг шулуун шударга хэлчихдэг зангаа энэ Мишээлийн дүрдээ наалдуулаад өг. Өөрийгөө сайн ажиглаж үз гэж. Анхаад хамгийн их таалагдсан, яг хүсч байсан Мишээлийг гаргасан хэсэг нь Б.Навчаа эгчтэй хэсэг байдаг гэсэн. Би тэр үед зүгээр л хоёр пиво бариад л намайг камер авч байна гэж бодоогүй байсан. Б.Навчаа эгчийг дагаад камер явж байгаа гэж бодоод байсан чинь нээлтийн үеэр киногоо үзээд намайг авч байсныг нь мэдсэн. /инээв/

-Нээлтийн үеэр киногоо үзэхэд ямар санагдсан бэ?

-Яг нээлтийн үеэр би маш их сандарч, догдолж байсан. Зүрх амаар гарчих гээд л хэцүү байсан. Кино эхлээд дүрийн танилцуулга яваад эхлэхэд өөрийгөө хараад ичих байхдаа гэсэн хэсгүүд их дажгүй болсон санагдсан. Тэгэхээр миний хувьд, манай киноны хувьд кино урлагт бас нэгэн алхам хийж чадсан гэж бодож байна. Бас Анхаагаар их бахархаж байсан. Анхаа сургуульд байхын бусдаас өөр хүүхэд байсан. Бусдаас өвөрмөц, шинэлэг бүхнийг эрэлхийлсэн хүүхэд байсан. Би найзынхаа хоёр дахь уран бүтээлд гол дүрийг бүтээж, хамтарч ажилласан гэж бодохоор, их сайхан санагдаж байсан. Бас их урам авсан.

-Мэдээж хамтран тоглогч чинь Бэкэ байсан. Тиймээс илүү амар байсан уу?

-Бид хоёр үерхээд долоон жил болж байна. Бид хоёр долоон жил үерхсэн хосуудын дүрд тоглосон бол арай өөр, илүү амар. Гэтэл ерөөсөө нэг нэгнийгээ танихгүй, анх хараад таалагдаад, дурлаж байгаа дүр учир эхлээд  жаахан хэцүү санагдсан. Нэг үгээр хэлбэл бид хоёр бүх зүйлийг шинээр харж, шинээр мэдрэх хэрэгтэй болсон. Би Бэкэг хэзээ ч харж байгаагүйгээр шинээр харах шаардлагатай болсон. Хүмүүс хэлдэг дээ, хайр дурлалаа сэргээхийн тулд бие биенээ шинээр харж, дахиж дурлах хэрэгтэй гэж. Энэ яриаг би нэг их ойлгодоггүй байсан юм шиг. Бэкэгийн “Мишээлээ би чамд хайртай” гэж хэлдэг хэсэг дээр ерөөсөө болж өгөхгүй байсан. Бүр маш олон удаа зураг авсан. Яагаад гэвэл Бэкэ надад анх хайртай гэж хэлж байсан шигээ хэлэх, би тэр үгийг анх удаа сонсоод догдлох энэ бүхнийг гаргахад их хэцүү. Түүнээс биш бид хоёрын зугаалж байгаа, романтик болзооны зургууд амархан ш дээ.

-Бэкэг Оргилоор харах хэцүү гэж үү?

-Тийм ээ, Бэкэд ч гэсэн хэцүү байсан болов уу. Бэкэ миний хувьд хамгийн сайн зөвлөгч. Намайг хамгийн сайн мэдэж, ойлгодог хүн учир, чи камер дээр ингэж харагдаж байна, ингэх хэрэгтэй гээд л туршлагаа хуваалцаад их амар байсан. Яг анх учирч байгаа хосууд шиг байхын тулд бид хоёр амьдрал дээрээ ч үүнийгээ хэрэгжүүлж, хичээсэн дээ.

-Одооноос л жүжигчин Г.Анхмаагийн карьер эхэлж байна. Цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой байгаа биз дээ?

-Хүнд хайртай мэргэжил гэж байдаг ш дээ. Миний хувьд жүжигчин мэргэжил минь миний хайртай, дурласан мэргэжил. Тиймээс одоо л би кино урлагт хөл тавьж байна. Мэдээж хэрэг мэргэжлийнхээ хувьд өсч дэвжин, цаашид кинонд тоглох хүсэлтэй байгаа.

-Ингэхэд “Гурван охин” хамтлагтай хэрхэн холбогдож байв, найзууд байсан уу?

-Хүнд хувь заяа гэж байдаг даа. Би таван настай байхдаа л пянз тоглуулагчаа асаачихаад энэтхэг бүжиг бүжиглэж өгдөг байлаа. Лаг бүжиглэдэг, гурван охинтой хамтлаг байгуулах юмсан гэж жаахан том болоод боддог болсон. Одоо бодоход  миний бас нэг мөрөөдөл биелчихсэн байна. Мөрөөдөл биелэх цаг хугацаа мэдээж урт. Хүн нэг зүйлдээ үнэнч, тууштай явсны эцэст мөрөөдөл биелдэг. Намайг Хөгжим, бүжгийн дунд сургуульд байхад Ану, Соло хоёр манай дээд ангийн  эгч нар байлаа. СУИС-т ороод нэгдүгээр курст байхдаа бүжгийн Ган-Очир багш дээр бэлтгэл хийж, бүжиг заалгадаг байсан юм. Тэр үед “Гурван охин” хамтлагийнхан багш дээр ирж, бүжиг заалгаж, бэлтгэл хийдэг байв. Тэгсэн нэг өдөр Ган-Очир багш “Гурван охин” хамтлагийн Золоо гэдэг охиныг солих гэж байгаа юм байна. Охид хайж байгаа чи юу гэж бодож байна гэж асуусан. Би тухайн үед “Үгүй ээ, би сургуулийнхаа хажуугаар хамтлагт орчихвол хэцүү” гэж хэлээд татгалзсан. Тэгсэн чинь нэг сарын хугацаанд тэдэнтэй хамтрах хэрэг гараад яах аргагүй зөвшөөрөх хэрэгтэй болсон. Тухайн үед сарын дараа “UBS Music Video Awards” болох гэж байсан болохоор Ану, Соло хоёртой өдөр, шөнөгүй бэлтгэл хийсэн. Тэгээд сарын дараа “UBS Music Video Awards”-ын тайзнаа анх удаа гарсан даа. Хүмүүс ч их магтсан. Тэр үеэс хойш Ану, Соло хоёртойгоо нэгдэж, уран бүтээл хийж эхэлсэн гэж бодохоор зургаа, долоон жил болчихсон байна. Бид гурав чинь Хөгжим, бүжгийн хүмүүжлээр өссөн хүүхдүүд. Тийм болохоор ойлголцоход бас их амар байсан л даа. Ингэж л анх хамтлагтаа орж байлаа.

-Анх тайзан дээр гараад сандарсан уу?

-Их хэцүү байсан. Би ”UBS Music Video Awards”-ын тайзан дээр гараад аймаар их сандарсан. Ерөөсөө санаанаас гардаггүй юм. Миний анхны тайз байсан юм чинь. Үзэгчид рүү харахад таньдаг хүн сууж байвал ичээд л, намайг юу гэж бодож байгаа бол би хөдөлгөөнөө буруу хийсэн болов уу гээд л бүр маш их сандарсан. Сүүлд “Жинхэнэ хайр” тоглолт дээр бас нэлээн сандарсан.

-Ингэхэд “Жинхэнэ хайр” маш удаан жил хүлээлгэсэн тоглолт болсон?

-Бид нар нэлээн удаан бодож, төлөвлөсөн тоглолт л доо. Үзэгчдийг босоорой, босчих л доо, дагаад дуулаарай, алгаа ташаарай гээд гуйх биш. Манай хамтлагийн, бидний хийж байгаа уран бүтээлийг сонсоод,  өөрийн эрхгүй дагаад дуулаад, алга ташаад, дэмжээсэй гэж бид боддог. Түүнээс биш бид өөрсдөө ямар ч гайхамшиг үзүүлэхгүй байж босчих гээд л гуйгаад байхыг хүсдэггүй. Үзэгчид минь өөрийн эрхгүй босч алга ташаад, ямар гоё тоглолт вэ? гээд хэлүүлэхийн тулд бид илүү уран бүтээл хийх ёстой гэж боддог. Тиймээс л анхны тоглолтоо их удаж байж хийсэн юм шүү дээ. Гэхдээ энэ бүхний эцэст тоглолт маань их сайхан болсон. Тоглолтыг “Onn and Off” продакшн гайхалтай сайн зохион байгуулсан. Тэднийг би хамгийн шилдэг продакшн гэж хэлмээр байна. Ононбат бидэнд “Охидоо та нар бүгдийг амьд хөгжимтэй дуулна. Та нар мэргэжлийн сургуулийг нь төгссөн. Төгөлдөр хуур, хийлээ тоглох хэрэгтэй” гэдгийг захиж байсан. Тэр нь ч зөв болж, үзэгчдэд таалагдсан байх. Ононбат ах тоглолтын найруулгыг их сайн хийсэн учир амжилттай болсон. Тиймээс анхны тоглолт сайн болсон, одоо харин дараагийн тоглолт бүр гоё болох ёстой.

-Дараагийн тоглолтыг хэдийнэ төлөвлөчихсөн үү?

-Тийм ээ, бид илүү чанартай уран бүтээл хийх ёстой. Найруулгын хувьд их олон зүйл бодож байгаа. Бид чинь их олон жил бодож байна аа. Зөндөө юм байгаа.

-Тоглолтын үеэр Бэкэ тайзан дээр гарч, сарнай цэцэг бэлэглэсэн нь үзэгчдийг догдлуулсан?

-Тоглолт хоёр өдөр болсон. Бэкэ хоёуланг нь үзсэн юм билээ. Би ерөөсөө мэдээгүй байсан. Тэгээд хоёр дахь өдрөө “Жинхэнэ хайр” тоглолтод “Жинхэнэ хайр” дууг дуулж байхад ганц ширхэг улаан сарнай өгсөн нь их гоё санагдсан. Би яг тийм л сарнай авахыг хүсдэг. Баглаа цэцэг гэхээсээ илүү хайртай хүнээсээ ганцхан ширхэг улаан сарнай авах юмсан гэж хүсдэг байсан. Тэр сарнай гурав дахь сарнай минь байсан.

-Өмнөх хоёр сарнайг хаана өгч байв? Бас л ийм гэнэтийн байсан уу?

-Олон жилийн өмнө. Анх үерхэж байхдаа өгч байсан. Үзэгчид Бэкэг сарнай өгснийг зохион байгуулалттай тоглолтын нэг хэсэг гэж бодсон байна лээ. Гэтэл тийм биш. Би өөрөө ч мэдээгүй шүү дээ.

-Бэкэгийн хувьд ч гэсэн их зоригтой алхам байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Манай хүн нэлээн айж, айж байгаад зориглоод гарсан юм билээ.

-Ингэхэд Анхмаа, Бэкэ хоёрын хайрын романс их нээлттэй байдаг. Тийм ч учраас Анхмааг Амархүүтэй нэр холбогдоход их гайхсан?

-“Зүрх чам руу” дуунаас болсон ш дээ. Б.Амархүү Монголд маш цөөхөн ирдэг, ирэхдээ ганц хоёр хоноод л явчихдаг. Бид хоёрын дунд ямар ч тийм хайр сэтгэлийн холбоо байхгүй. Бэкэ тэр мэдээллийг уншчихаад инээж байсан. Б.Амархүү тэр дууг хамт дуулна гээд нэг өдөр дууныхаа бичлэгт ороод маргааш нь явчихсан. Тэгээд клип хийлгэнэ гэсэн чинь амжаагүй. Дууны дунд хэсэгт хайрын харилцан яриа байдаг. Тэр хэсгийг хэлснээрээ би хэрэгт орчих шиг болсон. Гэхдээ би нэг их эмзэглээгүй. Одоо бүр сурчихсан. Бид хоёр олон жил үерхэж байгаа болохоор өөр хүнтэй холбогдох их хэцүү. Бид хоёр үерхээд нэг жил болсны дараа хамт амьдарч эхэлсэн. Манай хүн ч гэсэн энэ тал дээр нэг их эмзэглэдэггүй. Адилхан урлагийн хүн учир ойлгож, намайг тайвшруулдаг. Анх надад хэцүү санагддаг байсан. Бэкэгийн гэрийнхэн юу гэж бодох бол, манай гэрийнхэн, найз нөхөд гээд л. Бид хоёр хоорондоо бол инээх үедээ инээгээд л, уйлах үедээ уйлаад л ойлголцоно шүү дээ.

-Бэкэ өмнө нь нэг ярилцлагадаа “Намайг хамгийн их ойлгодог бүсгүй Анхмаа. Дахиж ийм эмэгтэйтэй учрахгүй байх” гэж хэлж байсан санагдана?

-Бэкэ ч намайг ойлгож, итгэдэг болохоор надад маш амар амгалан, тайван байдаг. Миний хийж байгаа бүхнийг дэмжиж, зөвлөгөө өгдөг. Манай хамтлагтай хамт байж, үнэнч шүүмжлэгч, зөвлөгч байдаг. Яг үнэнийг нь хэлж чаддаг. Хүн тэгээд хажуудаа байгаа жаргалыг анзаарахгүй, мэдэрч чаддаггүй гэдэг үнэн. Би одоо л хажуудаа байгаа жаргалыг мэдэрч байна. Өмнө нь мэдэрч чаддаггүй, анзаардаггүй ч байсан юм шиг. Одоо бол би маш их жаргалтай байна.

-Ажиглаад байхад Анхмаа хүний хэлсэн үгийг мартдаггүй, их тусгаж авдаг юм шиг санагдлаа?

-Тийм шүү. Ер нь их өөр дээрээ тусгаж авдаг. Зарим үед сайн сонсогч байна гэдэг хэцүү. Би хүн мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог. Ямар үед юу хэлэх, ямар үйлдэл хийх вэ гээд л мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог юм. Аль болох стрессгүй, өөрийгөө чөлөөлж, хөнгөхөн байхыг хичээдэг. Би их амархан уурлаж, амархан мартдаг. Хүн дотроо бухимдаад л бодоод байх нь хэцүү юм шиг.  Би гэрэл гэгээтэй байх дуртай. Бодлын хүч байдаг гэдэгт би итгэдэг. Хүн аль болох сайн сайхан бүхнийг бодож байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Өдөр бүрийг инээмсэглэж өнгөрүүлээрэй.

-Баярлалаа.

М.Дөлгөөн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (October 14, 2011 10:05:49 am )

    love you guys….

  • Anonymous (October 14, 2011 10:58:22 pm )

    hoorhon yumaa 2 zaluu hosdoo az jargal husiy udahgui hoorhon huuhedtei bolooroi ter chini ta 2-g uurd salgahgui niiluuleh guur bh bolno

  • Anonymous (October 14, 2011 11:19:43 pm )

    urlag bolon amidrald tani amjilt hvsie ta 2 chadna

  • Anonymous (October 16, 2011 9:23:21 am )

    ZYGAATSAJ ZUGAATSAJ BEKEDEE BUTSAAD IREV SHIV DE…

  • Anonymous (October 18, 2011 11:10:56 pm )

    sain saihniig husey anhmaa chi shuu

  • Reviews (February 18, 2014 10:39:40 pm )

    I blog frequently and I truly thank you for your information. This great article has truly peaked my interest. I’m going to book mark your website and keep c****ing for new details about once per week. I opted in for your RSS feed as well.

  • dalaman transfers (February 19, 2014 2:12:35 am )

    I could not refrain from commenting. Well written!

  • DUI Lawyer (February 19, 2014 6:02:12 am )

    An impressive ***re! I have just forwarded this onto a co-worker who had been conducting a little research on this. And he in fact bought me lunch due to the fact that I found it for him… lol. So allow me to reword this…. Thanks for the meal!! But yeah, thanx for spending time to discuss this topic here on your blog.

  • Viagra (February 19, 2014 7:08:22 am )

    forget the vicodin, to many side effects and dependency. Try arnica both as a rub and as a disolving tablet. It works great on joint pain, it is all natural, no side effects.

antalya rent a car