Сонгуульд ялалт байгуулж, төрийн эрхэнд гарах том амбийцтай улс төрийн хүчнүүд дарга, хамгийн чухал гэгдсэн кадруудынхаа нэр дэвших тойргийг ихэд нууцлан нэр дэвшигчдийг бүртгэх эцсийн мөчтэй зэрэгцэх шахам зарладаг бичигдээгүй хууль бий. Хэн хаана дэвшихээ бие, биедээ мэдэгдэхгүй л гэж тэр шүү дээ. Нэг бацааныг нэр дэвшүүлэнгүүт нөгөөх нь арай дөнгүүр юм өрсөлдүүлээд, ийм тактикынхаа ачаар олон санал авчихаж мэдэх учир ингэдэг. АН, МАН-ынхан өмнө нь ингэдэг л байв. Харин энэ удаа тэд бүр ч илүү нууцалж байгаа аж. Гэхдээ бие биенээсээ нууж байгаа юм биш. Өмнө нь эрх баригч хоёр нам нэр дэвшигчээ тодруулж тойргоо хуваах цусгүй дайнаа бие биенээсээ тас нууцалдаг байсан бол одоо зарим тойргууд дээр хэнийг дэвшүүлэхээ ил тод тохиролцож байна гэнэ. Нэг суудал ч нэгдэхгүй чухал ийм үед хоёр намыг хошуу амаа нийлүүлэхэд хүргэсэн хүн нь мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаяр. Хоёр нам хэн хэнийг дэвшүүлэхээ ил тод тохиролцоод байгаа тойргууд нь экс Ерөнхийлөгчийн нэр дэвших магадлалтай тойргууд гэнэ. Тодруулбал, Архангай, Хэнтий, Хөвсгөл аймагт хэнийг дэвшүүлэхээ нухацтай бодож байгаа ажээ. Хоёр намд аль алинд нь чухал тул нийслэл хотод нэр дэвших магадлалыг одоохондоо авч үзээгүй байгаа аж.
Н.Энхбаярын хувьд улс төрд жинхэнэ №1 болж, төрийн гурван өндөрлөгт ээлжлэн авирч явахдаа өөрийгөө “хотын унаган хүүхэд” хэмээн тодорхойлдог байсан ч энэ удаа харин хөдөөд өрсөлдөхөөр шийдсэн бололтой. Түүний нэр дэвших магадлалтай тойрог нь Архангай, Хөвсгөл зэрэг “цэнхэр” талдаа аймгууд. Учир нь тэр одоо МАХН-ын дарга ч гэсэн гуравдагч хүчин болсон. Эдгээр аймгууд дээр Хэнтий нэмэгдэнэ. Н.Энхбаярын хамгийн эхний сонголт нь Архангай, Хэнтий байвал гайхах хэрэггүй. Түүний аав Намбар гуай Архангай аймгийн Чулуут сумынх. Харин ээж Бүдханд нь Хэнтий аймгийнх юм. Тиймээс намдаа гишүүн элсүүлэх ажлыг эдгээр аймгуудад илүү идэвхтэйгээр хийжээ. Өмнө нь тэрбээр ээжийнхээ уг нутгийг сонгуулийн танилцуулгадаа ч оруулдаггүй байсан гэлцдэг. Гэтэл одоо байдал орвонгоороо өөрчлөгдөж, чухам энэ аймагт МАХН-ын ажил хэрэг хамгийн идэвхтэй явж байгаа гэсэн. Өдгөө 40 гаруй мянган гишүүн дэмжигчтэй гэж зарладаг тус намын гишүүдийн 10 гаруй хувь нь Хэнтийд хамаардаг аж. МАХН-ын нэрээ авахдаа Дээд шүүхэд 1206 хуудас материал бүрдүүлж өгсөн. Энэ нь хэнтийчүүдэд хамгийн их нөлөөлөх нь мэдээж. Энэ арга нь ээжийнхээ төрсөн нутгийнхныг татаж, урьдын түүхийг нь санагалзуулан ухаан санааг нь балартуулж, тал олж авах ажлынх нь чухал хэсэг гэж харагдсан. Магадгүй, гол өрсөлдөгч У.Хүрэлсүх нь эндээс гарсан болохоор тойрогт нь өвдөг шороодуулж “кайф авахаар энэ бүс нутагт илүү хүч хаядаг байж ч болох юм. Дөрвөн сарын дараа улс төрийн уулгүй талд цусгүй дайн өрнүүлж магадгүй байгаа энэ эрхмүүд өнөөдөр “Эх орончдын өдөр”, нам байгуулагдсаны баяраа тэмдэглэн завгүй гүйж яваа. “Эх орончдын” хэмээн нэрлэж олныг хамруулах атлаа тэмдэглэх эрхийг намдаа өмчилдөг энэ арга Н.Энхбаярын санаа байсан. Тиймээс ч МАХН-ын баярыг энэ өдөр тааруулж, “Хаа ч явсан цуг” гэж далдуур ойлгуулсаар явна. Ер нь тэрбээр иймэрхүү түүхэн өдөр, тоонд ач холбогдол өгөх тун дуртай нэгэн. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдсэн Д.Энхбаатарыг мөрдөнгөөс аравдугаар сарын 2-ны өдөр хөөж гаргасан, МАХН нэрээ бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүргүүлсэн материалаа 1206 хуудас бичиж өгсөн гээд л. Энэ удаа ч гэсэн Эх орончдын баярыг намдаа хамаатуулах вий. Тусгаар тогтнол уг нь хоёр намын аль алиных нь өмч биш баймаар.
Хэнтийд өрнүүлж байгаа Н.Энхбаярын ажил ийнхүү амжилттай явагдаж байна. Харин намтар дээрээ бүтнээр нь бичүүлсэн аймаг болох Архангайд одоохондоо 1000 гаруй сонгогч л нутгаас нь угшилтай дүүгээ дэмжиж байгаа юм байна. Угаасаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ ч аавынхаа нутагт “тавин хувь” хийж чадаагүй. Ерөнхийлөгчийн сонгууль гэснээс, тэр үед түүний төлөө санал өгсөн байдлыг аймгуудаар нь авч үзвэл нэр дэвших магадлалтай аймгуудын нэр бага ч атугай тодорно. Эндээс харвал, Дорноговь аймгийн сонгогчид түүнд хамгийн талтай буюу 62 хувь нь дэмжсэн санал өгч байжээ. Гэхдээ түүний төлөө саналаа өгсөн 15194 сонгогчийн хэд нь хувь Н.Энхбаярыг, хэд нь МАХН-ын нэр дэвшигчийг дэмжсэн гэдгийг тодорхойлж чадахгүй учир энэ арга МАХН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байдлаар гаргасан таамгаас илүү өрөөсгөл юм. Нэр дэвшсэн субъект өөрчлөгдсөн явдал үүнд бас нөлөөлнө. Тиймээс эргээд МАХН-ын үйл ажиллагааны байдалд дүгнэлт өгөхийг оролдъё. МАХН-ыг дэмжигчдийн тоо эрчимтэй нэмэгдэж, Хэнтийн араас нэхэж яваа аймаг бол Хөвсгөл. Энд мөн л 4000 шахам сонгуулийн насны иргэн МАХН-ыг дэмждэг гэж байна. Гэхдээ хэд нь жинхэнэ гишүүн гэдгийг тодорхойлох боломж одоохондоо алга. Ямартай ч одоогоор таамаглахад нэг иймэрхүү бүдэг дүр зураг гарч байна. Энэ зураг цаашид мэдээж улам тодорно. Энэ цагт л МАН, АН түүнийг дундаа хийж байгаад хавчиж гаргах төлөвлөгөө боловсруулж суугаа аж. Тойргийн тохироо хоёр намын аль алинд нь хийгдээд цэгцэрсэн боловч дээр өгүүлсэн тойргууд л асуудалтай байгаа ажээ.
Н.Энхбаярын хувьд мажоритар 48-д ялагдал хүлээсэн ч 28-руу гулсаад ороод ирэх боломжтой. Гэхдээ энд МАХН сонгуулийн босго оноог авч чадсан тохиолдолд гэсэн том “хэрвээ” бий. МАН, МАХН ингэхээсээ наана ямар ч сюрприз барьж мэднэ. Нэгдчихэж ч магадгүй. “Хэрвээ”-г том гэж тодотгохын учир ийм.
Х.Батсайхан
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2012 7:31:49 am )
enhbayaraas aysan ch ih aihiim bedee? aidagiin ychir ni bugd gemtei gees l bolj bgaa
1 Comment