“Долдугаар сарын 1”-нд эмх замбараагүй байдлыг зохицуулах үүрэгтэй ажилласан цагдаагийн хурандаа нар шүүгдэгчийн ширээнд анх удаа суулаа. Хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, О.Ганбаатар нар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүн амины хэргийн яллагдагч, албан тушаалын хэргээр өршөөгдөгсөд, эцэст нь цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр ийн шүүгдэхэд хүрээд байгаа юм. Өдийг хүртэл дандаа гуравдагч этгээдүүдээр өөрсдийгөө өмөөрүүлж, хамгаалуулж байсан тэд шүүгдэгчийн суудалд суухдаа өнөө хүртэл хадгалж нөөж байсан аргаа хэрэглэв. Тэр нь дөрвөн хүн буудуулж, цөөнгүй хүн галт суманд шархдах үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан эрхмүүдийг шүүх танхимд дуудаж, нүүрэлдэх гэнэ. Томчуудын мэдүүлгүүдээс нь үймээний үеэр хэн галт зэвсэг хэрэглэх тушаал өгч, дөрвөн хүний алтан амийг хөнөөхөд хүргэсэн нь тодорч мэднэ.
Хурандаа нар ялгүй үлдэх энэ мэт арга саам хэрэглэж суухад шүүхийн гадна эхнэрүүд нь, цагдааг өмөөрөгсөд тэдний бамбай болж хэвлэлийнхний өмнө уйлцгааж байлаа. Тэд “Цагдаагийн байгууллагад насаараа ажиллаж, хурандаа болтлоо гавьяа байгуулсан хүмүүсийг ямар буруу хэрэг хийсэн ч төр шийтгэх ёсгүй. Өршөөснөөрөө өршөөгөөд өнгөрөх ёстой” гэж мэдэгдэв. Үймээний үеэр хүүгээ алдсан ээжүүд дөрвөн жилийн турш уйлж явахад хурандаа нарын ар гэрийнхэн болон тэднийг магтан дуулагчид хааяа гарч ирээд “Төрийн цагдаа. Энэ төрд байгуулсан гавьяатай гавьяатнууд” мэтээр ярьж эхэлдэг. Талийгаачийн ээж Д.Үржинсүрэнгийн “Биднийг дөрвөн жил уйлж явахад эд нар хаана явсан юм бэ” гэж хэлсэн нь голтой л үг. Учир нь өнгөрсөн хугацаанд хурандаа нар огт чимээгүй, юу ч болоогүй мэт явцгаасан.
ХҮН АМИНЫ ХЭРЭГТ ХУРАНДАА НАР ЯАГААД ХОЛБОГДОВ
2008 оны долдугаар сарын 1-ний шөнө Онц байдал зарласны дараа дөрвөн хүн буудуулж амиа алдсан. Ерөөсөө л МАХН(МАН)-ын байр, Гадаад харилцааны яам хооронд дөрвөн сайхан залуугийн амийг буудаж хөнөөчихсөн хэрэг. Хоёрынх нь яг эрүүнд онож буудсанаас харахад бэлтгэгдсэн мэргэн буучид болов уу гэмээр. Тэр шөнө хэргийн газарт цагдаагийнхан үзлэг хийж, шалгалт эхлүүлээд байсан юм. Тэгтэл Онц байдлын бүсэд цагдаа нар ажиллаж байсан гэх үндэслэлээр хэргийг Улсын ерөнхий прокурор (УЕП)-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан авч шалгаж эхэлсэн. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх, Хэв журмын газрын дарга О.Ганбаатар болон галын шугаманд ажиллаж байсан арваад цагдааг хүн амины хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Мөрдөн байцаалтын шатанд тэднийг хориход зарим нь өлсгөлөн зарлаж, ар гэрийнхэн нь суулт хийж тэмцэж байлаа. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан цагдаа, тэдний ар гэрийнхний шахалтаар батлан даалтад гаргахаас аргагүй болсон. Хурандаа нар болон, цагдаагийн алба хаагчдыг нийгмийн хэв журам зөрчин, олон нийтийг илтэд хүндэтгэхгүйгээр, үл ялих шалтгаанаар, хүч чадалтай, давуу гэдгээ харуулах гэж хүнийг санаатай алсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар шалгаж байв. Мөрдөн байцаалтын шатанд зүйл ангийг өөрчилж, хурандаа нар болон алба хаагчдын хэргийг тусгаарласан билээ. Тодруулбал, цагдаагийн дарга нарыг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, албан үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 236, 272 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлсэн. Дээрх зүйл анги нь бүхэлдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учраас 2010 оны хоёрдугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Үүний дараа хохирогчид Улсын ерөнхий прокурорт хэргийг сэргээж шалгах тухай өргөдөл хүргүүлсэн. Улмаар тухайн үед Ерөнхий прокуророор томилогдоод байсан Д.Дорлигжав хавтаст хэргийг дахин сэргээн шалгах үүрэг өгсөн билээ. Тэгэхдээ Эрүүгийн хуулийн огт өөр зүйл ангиар буюу хурандаа нарыг цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр яллаад байгаа юм. Тэгэхээр өмнө нь шалгаж байсан зүйл ангид холбогдох хэрэг нь өршөөгдсөн хэвээр байгаа. Өмнө нь яллаж байсан албан тушаалын хэргээс ялгаатай нь энэ зүйл анги захирагч эрх мэдлээ хэтрүүлсэн, бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлтэй юм. Мөн Цэргийн эсрэг гэмт хэрэг бүхэлдээ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй. Тиймээс шүүгдэгчдийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь “Өршөөгдсөн хэргийг дахин сэргээлээ” гэж улс төр хийх нь явуургүй аж. Шүүх хурлаар дөрвөн хүний амийг хэн хөнөөснийг биш захирагч ямар учраас галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн, үүнээс үүдэж ямар хохирол учирсныг шүүх юм. Ер нь хохирогчдын ар гэрийнхэн болон иргэд “үймээн”-ий гэх тодотголтой хэргийг үнэн зөвөөр нь шийдэхийг шүүхээс шаардаж буй.
БУУДАХ ТУШААЛ ХЭН ӨГСӨН БАЙЖ ТААРАХ ВЭ
Цагдаагийн дарга нар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Онц байдлын штабын дарга Ц.Мөнх-Оргил, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нарыг шүүх танхимд гэрчээр дуудлаа. Тэгэхээр тэдний хэн нэг нь цагдаагийн дарга нарт галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байж мэдэх нь. Хэрэв тийм биш бол тэдгээр хүмүүсийг дуудах ёсгүй. Хэн нэг нь буудах тушаал өгсөн учраас л хурандаа нар тэдгээр хүмүүсийг дуудуулсан болж таарах гээд байна. Чухам хэн нь байж таарах вэ.
Н.ЭНХБАЯР
“Долдугаар сарын 1”-нд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Төрийн ордноос цухуйгаагүй. Тэрбээр үймээний талаарх мэдээллийг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяраар дамжуулан авч байсан гэдэг. Өдөр нь намуудын дарга нартай хуралдаж, жагсаал цуглаан юунаас үүдсэн талаар хэлэлцэж өнжсөн. Үдэш нь Ерөнхий сайд Онц байдал зарлахыг шаардахад Ч.Амарболд генералыг дуудаж мэдээлэл авснаа ярьдаг. Тухайн үед Ч.Амарболд генерал “Манай цагдаагийн байгууллага, дотоодын цэрэгтэй хамтраад байдлыг тогтоож чадна” гэж байсан тухай Ерөнхийлөгч асан хожим ярьсан. Төд удалгүй С.Баярын дарамт, шахалтаар шахам Онц байдал зарлах тогтоол гаргасан тухайгаа ч учирладаг. Н.Энхбаяр өөрийгөө Онц байдал зарлахаас ямагт татгалзаж байсан гэдгийг онцолсоор байгаа.
С.БАЯР
С.Баярын хувьд “Долдугаар сарын 1”-нд өдөржин намынхаа байранд бүгсэн. Жагсагчид түүнийг гарч ирээд шаардлага хүлээгээд ав гэхэд ч толгойгоо цухуйлгалгүй байсаар цуглааныг үймээн болгож хувиргасан. Тэр бүхэл өдөржин жагсагчдын доромжлол, хатуу үгийг сонсч, намынх нь байр шатаж эхлэхэд ч дотор нь сууж байсан. Н.Энхбаярын ярьснаар тэр өдөр хамгийн хатуу байр суурьтай нь С.Баяр байсан гэх. Өдөржин доромжлуулсан эр хүний өшөө хорсол буцалсан ч байх талтай. Н.Энхбаярын ярьснаар С.Баяр “Цагдаа миний эрх мэдлийн хүрээнд ажилладаг. Онц байдал зарлахгүй бол би цагдааг татаж, намын байрыг зөнд нь орхилоо шүү” гэж дарамталж байсан гэдэг. Бүр Ерөнхийлөгчийн дэргэд “Цагдаагаа тат” гэсэн үүргийг Ч.Амарболдод өгсөн гэдгийг ч ярьсан. Бас түүнийг цагдаад нөлөөгөө тогтоохын тулд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Амарболдыг томилсон гэж хардаж байгаагаа ч Н.Энхбаяр нуугаагүй. Ер нь үймээний үеэр хүний амь эрсэдсэнд Н.Энхбаяр С.Баярыг байнга буруутгадаг. Тиймээс ч энэ бүхний хариуцлагаас зугтаж, эмчилгээ хийлгэх далимаар С.Батболдод ажлаа шилжүүлсэн гэдэг шүүмжлэл дагалддаг.
Ц.МӨНХ-ОРГИЛ
Үймээний талаар хамгийн дуугүй байгаа нь Ц.Мөнх-Оргил. 2008 онд манай сонинд ярилцлага өгснийг нь эс тооцвол энэ талаар байр сууриа илэрхийлээгүй гэхэд болно. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр “Долдугаар сарын 1”-нд намынхаа байранд өнжсөн. Тэгэхдээ Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчтэй утсаар холбогдож байдлыг сонсч байсан гэдэг. Намынх нь байр шатаж эхлэх үед Төрийн ордонд очиж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцон, Ерөнхийлөгчөөс Онц байдал зарлахыг хүссэн гэдгээ ярьсан. Тэрбээр Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан. Онц байдлын үед Штабын даргын үг хууль байдаг. Тэр утгаараа цагдаагийн дарга нарт өгсөн түүний үүрэг даалгаврыг биелүүлэхээс аргагүй. Ц.Мөнх-Оргил манай сонинд өгсөн ярилцлагадаа “Ажлын шаардлагаар цагдаагийн зарим албан хаагчид буутай явдаг. Тэгээд хэн нэгэн бусдын амь насанд халдах, мөн өөрийнх нь амь насанд халдах тохиолдолд түүнийгээ хэрэглэх эрхтэй” гэдгийг онцолж байсан удаатай. “Долдугаар сарын 1”-нээс хойш Ц.Мөнх-Оргил улс төрийн карьер төдийлөн хөөхгүй, нам жим болсон хийгээд хэвлэлээс дөлөх болсон нь бас нэг хардах сэжим болдог.
Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
УИХ-ын дарга Д.Лүндээжанцан тухайн үед сонгуулийн ажилтай Өвөрхангай аймагт явж байсан. Үймээний талаар утсаар мэдээлэл аваад долдугаар сарын 2-нд яаран ирсэн гэдэг. Гэхдээ тэрбээр яах аргагүй Төрийн гурван өндөрлөгийн нэг. Тиймээс ч шийдвэр гаргахад оролцсон байх талтай. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан түүнээс тайлбар авна гэж байсан ч хавтаст хэрэгт хэлсэн үг нь орсон эсэх нь тодорхойгүй. Харин одоо шүүх танхимд гэрчийн мэдүүлэг өгөх болчихоод байгаа юм.
ЯАГААД ЦАГДАА БУУДСАН ГЭЖ
Цагдаагийн хурандаа нар аюулыг өөрсдөөсөө зайлуулахын тулд тухайн үеийн эрх баригчдыг шүүхэд дуудсан. Тэгвэл яагаад заавал цагдааг хүн буудсан гэж шалгаж, удирдлагуудыг нь шүүх гэж байна вэ. Тухайн үед Онц байдлын бүсэд цагдаа нараас өөр хүн нэвтрүүлээгүй. Хар машинтай залуус давхиад байсан гэх цуу байдаг ч цагдаагийн алба хаагч “Бид хар машинтай явсан” гээд мэдүүлчихсэн байгаа. Мөн цөөнгүй цагдаа галт зэвсэг хэрэглэсэн, хэргийн газар дахь нотлох баримтаа шөнө дөлөөр устгаснаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэдэг. Хамгийн гол нь Онц байдлын бүс тогтоочихоод үй түмэн зэвсэгтэй цагдаа язганаж байхад тэднээс өөр хүн буудаад явж байна гэдэг цэвэр үлгэр юм. Үүнээс гадна үймээний үеэр цагдаа нар хамгийн хүнд нөхцөлд ажилласан. Хэврэг бамбайнаас өөр хамгаалах хэрэгсэлгүй цагдаа нарыг жагсагчид хайр гамгүй зодож байсан. Харин Онц байдлын дараа цагдаагийнхан 800 шахам иргэнийг “Дэнжийн 1000”-д аваачих замдаа хэрхэн тамлаж байсныг бид мэдээлж байлаа. Хамтран зүтгэгчдээ зодуулсанд хорссон цагдаа нар галт зэвсэг хэрэглэн өшөөгөө аваагүй гэх баталгаа байхгүй. Хэрэв тийм бол цагдаа нарт тушаал өгсөн дарга нараас гадна дураараа авирласан цагдаа нар ч ял шийтгүүлэх хууль бий.
Ц.ӨРНӨХ
ӨДРИЙН СОНИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 29, 2012 11:47:19 am )
vimeeniig anh zohion baiguulsan emh zambraagvi bdaliig uduun turhirsan hvmvvs n tegeed yahiin shudraga irgenii dvrdee togolood zvgeer unguruh yumuu vimeenii ard ardchilsan nam bsan gedeg n todorhoi bhaa
-
Anonymous (February 29, 2012 12:50:54 pm )
magnai, buyan jagaa 2-iig shuugeechee
-
Anonymous (February 29, 2012 1:57:11 pm )
elbegdorj bas
-
Anonymous (February 29, 2012 5:23:01 pm )
hen uimeeniig udun tyrhirsiin be? ene chin tsanaasa azohion baigyylalattai hereg shudee! herbe jagsaal uimeen zohion baigyylaagui baisan bol tsagdaa nar 5 hun byydah baisan yy? teher ELBEGDORJ,MAGNAI,BATZANDAN nar ch uund hamatai,MAGNAI odoo ta nar taraarai odoo bnoo eged l hashgirch bgaa bichleg ni uldsen bn lee shdeeeee! ard tumnee tyrhirch buun bydilaan bolgochood uursduu zygtaasan ni tyiliin unen bizdee! ted bas byryytai bugdiig ni shuuheer oryylj uneiig zub togtoooogoocheeeeeeeeeeee!
-
Anonymous (February 29, 2012 5:25:25 pm )
oBoohoig ni AN bosgoson shoboohoig ni MAN hisen ,gol byryytan ni AN,ELBEGDORJ,MAGNAI,BATZANDAN.MAGNAI,BATZANDAN 2 HEREGT OROHOOS AIHDAA AN-d ochij horgodson …myysain uudgui tyrhiragch nar ,hyjaagiin sheesnuud
-
Anonymous (February 29, 2012 6:48:52 pm )
TA NAR BUGD ART TUMNII ESREG HUMUUS YUMUU HAASHAA YUM YAMAR CH ARDCHILSAN OROND JAGSAAL ZUGLAAAN HIIH ERKHTEI, UIMEEN BOLSOSON NI TURIIN BURUU BIZDEE YAGAAD GARCH IRJ UIMEENIIG JAGSAALIIG TARAAGAAGUI YUMBE ARD TUMEN UUR HILENGEE ILERHIILEH ERKHGUI HUMUUS YUMUU YU YARIAD BGA YUM BE YAGAAD TER UEYIN TUR ZASGIIN ERKH BARIGCHID GARCH IRJ ZOHIZUULAAGUI YUM BE TED L BURUUTAI SH DEE JAGSAAL UDURDSAN NI BISH TEDNIIG AVCH HELEZEEGUI TURIIN HUMUUSIN BURUU SH DEE. YO YO BUR ESERGE NI ERGUULEED YARIAD BH YUMAA EN SETGEGDEL BICHSEN HUMUUS TA NAR TEGVEL TER HOID SOLONGOS HUNII ERKH ERKH CHULUUGUI GAZRAA OCHIJ AMIDARZGAAGAACH MONGOLCHUUD 300 JILIIN TURSH ERKH CHULUUGUI YAVJ IRLEE ODOO L 1 YUM MUU CH GESEN ERKH CHULUUTEI BOLLOO GESEN CHIN SHUU DDARANGUILAGCH SHIG BUUDDAG BNASH DEE ODOO ENE SYRYA ULSIIG HAR L DAA UDAHGUI IIM BOLOH BIZ HERVEE BURUUTNIIG OLOHGUI BOL TA NAR HUIVALDAJ GEMTNIIG NUUH GEEGUI YUM BOL NUDEE NEEZGEEGEECH
-
Anonymous (February 29, 2012 9:12:18 pm )
MEDEEJ TEDNIIG TER DUNDAA N.ENHBAYARIG DUUDAH YOSTOI. TER NUHUR SHUUH DEER OCHIHGUI GEED YADAG YUM.
-
Anonymous (March 01, 2012 6:13:58 pm )
Н.Энхбаярыг дуудах ёстой. Тэр ард түмнээ бодоод онц байдал зарлахгүй гэсэн бол… тэр хүний шахалтанд орсон ч ард түмнээсээ нүүр буруулахгүй гээд онц байдал зарлаагүй бол… хэн ч үхэхгүй байлаа.
-
Anonymous (March 20, 2012 8:44:42 am )
Монгол улсад хууль ёс байна уу? Шүүх засаглал, прокурорын байгууллагуудад хуулийн анхны мэдэгдэхүүнгүй ямар гээч сонин хүмүүс байна вэ? Өршөөлийн хуульд хамрагдчихсан асуудлыг Цэргийн гэмт хэрэг гэж шинээр зүйлчлэн сөхөн гаргахдаа өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 274 дүгээр зүйлийн 3-т заасан цагдаагийн алба хаагчид 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасныг ойлгох, мэдэх чадваргүй этгээд л эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болж таарах гээд байна. Түүнчлэн энэхүү хуулийн 12.2-т заасан Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн зарчим хаачсан бэ? Эрүүгийн хуульд заагаагүй зүйл ангиар хүнд хариуцлага хүлээлгэж болдог юм уу? Хэрэв үнэхээр 7 сарын 1 ний үйл явдалд хариуцлага тооцох гэж байгаа бол Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн дагуу жагсаал цуглааныг зохион байгуулагч Элбэгдорж, жаргалсайхан, магнай нар болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болоод байхад албадан тараах шийдвэр гаргаагүй нийслэлийн засаг даргыг хэрэгтний ширээнд суулгах ёстой шүү дээ. Монгол улсад ийм нийгмийн тогтворгүй байдлыг шүүх прокурор бий болгож байна
9 Comments