Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хэлэлцэж анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноожоо. Гэхдээ түүнд оноосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулжээ. Анхан шатны шүүх хуралд зээлдэгч нараас хүн оролцоогүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч нар оролцсон байна. Ш.Чуданжий болон тус банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл анги болон 156 зүйл ангид заасан үндсэлэлээр шүүсэн аж. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, Ш.Чуданжийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцсон байна.
Олон арван хохирогчтой тус банкийг 41.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж 7894 зээлдэгчид хамаарах 168.7 тэрбум төгрөгийн зээлтэй, 84777 харилцагчийн 29.7 тэрбум төгрөгийн харилцах, 25733 хадгаламж эзэмшигчийн 54 тэрбум төгрөгийн хадгаламж, 54.2 тэрбум төгрөгийн төслийн зээлийн эх үүсвэр, Монголбанкнаас авсан зээл 34 тэрбум, гадаадын банкнаас авсан зээл есөн тэрбум төгрөгт хүрч дампуурахад нөлөөлсөн гэж үзэн хууль хяналтын байгууллагаас Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгалт хийж зарим нэгийг нь цагдан хорьж байсан ч прокурорын хяналтын шатанд цагаатгасан юм. Харин уг хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжийг буруутган шалгаж хавтаст хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн юм.
Н.Бүжин
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 13, 2012 11:01:23 am )
zov ingej baij l ene niigem tcevershine
1 Comment