Залуучууд хөгжил дэвшлийн төлөө эв санаагаа нэгтгэж, хамтдаа шинийг эрэлхийлж, бүтээлч байж чадвал сум орон нутгийнхаа ирээдүйн төлөө ихийг хийж чадна гэдгийг “Энгүй наран” ТББ-ын залуус хэлж байгаа юм. Тус ТББ-аас санаачлан хэрэгжүүлж гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүнгийн илэрхийлэл бол “НӨУБ ба залуучууд” ном ажээ. Уг номыг Хөвсгөл аймгийн Чандмань өндөр суманд ажиллаж амьдардаг найман залуу бүтээсэн юм байна.
Энэхүү бүтээл нь залуучууд хэн нэгэн даргыг шийдвэр гаргахыг хүлээх биш, өөрсдөө эвлэн нэгдэж сум орон нутгийнхаа төлөө зүтгэх, санаа оноогоо ажил хэрэг болгох боломжууд бий гэдгийг харуулсан гэдгийг ном бүтээгчид хэлж байна.
Түүнчлэн залуучуудын улстөрийн оролцоог сайжруулах цаашлаад сум орон нутгийн хөгжлийн төлөө нутгийн удирдлагуудад өөрсдийн дуу хоолойг хүргэж шийдвэр гаргахад нь нөлөөлөх арга замыг тодорхой болгож өгсөн сайн бүтээл болсныг хэлэх хүмүүс байна.
Ном бүтээх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан, Чандмань өндөр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Цолмонгийн Номин хэлэхдээ “УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн өөрийн суманд бус Арбулаг, Алаг эрдэнэ сумд болоод Завхан, Говь-Алтай аймгуудын хүрээнд судалгаа шинжилгээ хийж номоо бүтээсэн. Багтайгаа бусад хүмүүстэйгээ хамтарч хийснээрээ онцлогтой байгаа” гэж байлаа.
“Энгүй наран” ТББ нь 2012 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус ТББ-аас “Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд ИТХ-аас тавих хяналтыг сайжруулах нь” хэмээх төсөл санаачилсан нь Монгол Улсын хэмжээнд үндэсний сайн туршлага болоод явж байгаа юм байна.
Түүнчлэн “НӨУБ ба залуучууд” гэсэн ном маань Үндэсний хэмжээний сайн туршлага болно гэдэгт итгэж байгаагаа тус ТББ-ын тэргүүн Л.Энхжаргал хэлж байлаа.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (January 16, 2017 10:09:00 am )
Мэдээ мэдээллийг шуурхай хүргэдэг та бүхэндээ талархлаа.
1 Comment