
Энэ оронд ажиллаж амьдрахдаа монголчууд бидний хамгийн сайнаар таашааж мэдэрдэг зүйл нь “Нийгмийн халамж үйлчилгээний хуульчилсан стандарт” -ууд мөн. Эх орондоо хайртай, хөгжил дэвшлийнх нь төлөө санаа сэтгэл нь зовинож явдаг монгол хүн бүр энэ стандартуудын сайн нөлөөг өөрийн амьдралдаа мэдрэх бүрдээ “Монголд минь яагаад ийм байж болдоггүй юм бол?” хэмээн заавал боддог.
Монгол эх орон руугаа төдийлэн яарахгүй байдаг цөөн шалтгуудийн нэг нь энэ стандартууд. “Хүний төлөө” зориулагдсан ийм стандартууд нь энэ оронд ажиллаж амьдарч буй бүх иргэдийн айх аюулгүй амар тайван амьдрах баталгаа, өөрийн чадал боломжоороо өөртөө итгэн ажиллаж амьдрах баталгаа, үргэлж инээмсэглэж өрөөл бусдыг хүндлэн хууль дүрэм журамд захирагдан амьдрах баталгаа нь болж байдаг.
АНУ хэмээх энэ гүрэнд 10 орчим жил ажиллаж амьдрахдаа “Энэ стандартуудыг Монголдоо суурьшуулах талаар өөрийн чадах зүйлээ заавал хийх болно” гэж өөртөө амалсан цагаас хойш олон хүмүүст учирлан гуйж, оролдлогууд хийсээр л байлаа. Хоёр жилийн өмнө Т.Нарантунгалаг надад “хамтрах” санал тавих хүртэл оролдлогоо хийж л байв. Санал солилцож ярьсан хүн болгон “Маш сайхан санаа байна” гэж намайг урамшуулах авч нүдэнд нь “Энэ ч бүтэхгүй байхаа даа” хэмээн өрөвдөнгүй харахыг мэдэрч байсан.
ТВ студиуд хүртэл “Юун Америкаас 52 нэвтрүүлэг бэлтгэх вэ? Монголын томоохон ТВ-үүд маш сайн багтайгаар жилдээ 10 цуврал нэвтрүүлэг хийдэг юм шүү дээ?” хэмээн галзуу солиотой хүнтэй ярьж байгаа мэт над руу гайхан харж байсныг ч өнөөдөр санаж байна. Хэдийгээр мэргэжлийн сэтгүүлч биш, ТВ-ийн продюсер биш боловч би энэ санаанаасаа хэзээ ч ухарч, өөртөө татгалзаж байсангүй. “Галзуу, Солиотой” юм шиг энэ санаагаа ажил хэрэг болгох гэж Т.Нарантунгалагтай хамтдаа 2 жил зүтгэлээ.
Монголоос нэвтрүүлгийн баг бүрдүүлж АНУ-ын нутгаар 4 удаа 10 орчим хотуудаар нойр хоолгүй явж, ядарч зүтгэхийг умартан зүтгэсэн. Бидэнтэй баг болж ажилласан хүн болгон “Эх оронч” сэтгэлээр ирээдүйдээ итгэж зүтгэсэн юм шүү. Ингэж хөдөлмөрлөсөөр, АНУ-аас бэлтгэх 52 нэвтрүүлгийн зураг авалтуудыг дуусгасан, амар байгаагүй ээ. Энэ сэдвүүдийг та нар хар даа:
1. Тэргэнцэртэй хүн
2. Хүүхдийн аюулгүй суудал
3. Номын сан
4. Оюутны дотуур байр
5. Нийтийн эзэмшилийн чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалттай талбайнууд
6. Амралт, аялал зугаалгын газрууд
7. Бяслагны үйлдвэр
8. Автомашины даатгал, техникийн үзлэг оношлогоо
9. Махны чиглэлийн ферм
10. Сүүний жижиг үйлдвэр
11. Усан парк
12. Амьтдын хүрээлэн
13. Гал команд
14. Автомашины төлбөртэй, төлбөргүй зогсоолууд
15. Жижиг дунд бизнес
16. Өндөр настныг гэрээр асрах үйлчилгээ
17. Амьдралын даатгал
18. Хуулийн хэрэгжилт
19. Их дээд сургуулиудын Сургалтын алба
20. Замын тэмдэг тэмдэглэгээ
21. Зочид буудлын менежмэнт
22. Замын хураамж болон замын хажуугийн үйлчилгээний газрууд
23. Архи согтууруулах ундааны худалдаа хяналт
24.Музей
25.Хичээлийн дараах сургалт
26.Мэргэжил олгох сургалт
27.Хүүхэд асрах үйлчилгээ
28.Таксины үйлчилгээ
29.Хот хоорондын хүнд даацын тээвэр
30.Хотын аялал жуулчлал
31.Өндөр настны асрамжийн газар
32.Бохирын ус цэвэршүүлэх байгууламж
33.Олон нийтийн харилцаа
34. Зээл, зээлийн кредит
35.Авто замын түгжрэлийг шийдэж буй арга зам
36.Тээврийн ухаалаг систем
37.Ачаа тээврийн үйлчилгээ
38.Суваг шуудууны байгууламж
39. Хог хаягдал боловсруулах үйлдвэр
40. Эрсдлийн даатгал
42.Сургуулийн аюулгүй орчны тэмдэг тэмдэглэгээ
43.Хотын соёл
44.Хаягжилт, шуудангийн үйлчилгээ
45.Дархан цаазат газар буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
46. Барилга барих стандарт аюулгүйн ажиллагаа
47.Зам засварын байгууламж стандарт
48. Нийтийн орон сууцны стандартууд
49. Чөлөөт цагаа хэрхэн өнгөүүлдэг вэ?
Зарим сэдвүүдийг 2 дугаар болгон дэлгэрүүлснээр нийтдээ 52 дугаарын АНУ тал дахь зураг авалтуудыг АНУ-д ажиллаж амьдарч буй “эх оронч” сэтгэлтэй монголчуудын оролцоо, санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж дуусгалаа. Энэ бол АНУ-д ажиллаж буй монголчуудын хамтын бүтээл төдийгүй, бидний зүгээс Монгол эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй бодитой хувь нэмэр мөн. Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд эвлэлдэн нэгдэж хийж бүтээж чаддаггийн бодит үлгэр жишээ.
“Монгол TВ”, “НТВ”, Рояаль ТВ”, “ЕТВ”, “УБ ТВ”-ийн “Өлзий” суваг,”SBN” зэрэг ТВ-үүдээр 7 хоног бүр цувралаар хүргэж буй энэ нэвтрүүлгүүдийн АНУ тал дахь зураг авалтын дараа уг сэдвүүдээр Монголдоо судалгаа хийж, уг судалгаан дээрээ үндэслэн Монголын талд нэмэлт зураг авч харьцуулсан байдлаар үзэгчдэд хүргэж байгаа юм. Монголд эцсийн гүйцэтгэлийг хийн бүтээж буй энэ нэвтрүүлгүүдийг зураглаачид, найруулагчид, сэтгүүлчид, судлаачид, хөтлөгч нар оролцсон баг бүрдүүлж хийж байгаа юм. Хэд хэдэн удаа багаа сольж, хичнээн амаргүй бэрхшээл тохоилдож байсан ч энэ нэвтрүүлгийг бүтээж буй залуустаа би маш их талархдаг.
Энэ бол “Ентэртайнмент шоу” нэвтрүүлэг биш, нийгмийн байгууламжийг сайжруулахад, хүмүүсийн оюун сэтгэлгээ ухамсарт сайнаар нөлөөлж чадах “Нийгэм соёлын нэвтрүүлэг”. Мөн АНУ болон Монголоос харьцуулсан зураг авалтуудаар 52 дугаар бэлтгэж буй анхны том уран бүтээл. Жилд 52 долоо хоног байдаг болохоор бидний энэ нэвтрүүлэг жилийн турш тасралтгүй гарахад нэг сэдэв жилд нэг л удаа гарахаас гадна, дахиад 4 жил тасралтгүй гаргахад ч “хуучрахгүй” сонирхолтой, бас хэрэгтэй байх боломжийг тооцсон юм.
Хэрэв энэ нэвтрүүлгүүдийг бүхэлд нь анхаарч үзэх юм бол “Хүний төлөө” нийгмийг Монголдоо цогцлоон бүтээх “Гарын авлага” мөн. Улстөржилгүйгээр Монголын Засгийн Газар, Улаанбаатар хотын удирдлагууд энд хөндсөн сэдвүүдээр “Хүний төлөө” стандартуудыг бий болгон хуульчилж, бүтээн босгож, ард олныг уриалан ухамсарлуулах боломжтой.
Аль ч намын гишүүн бус, гадаадад ажиллаж амьдарч буй болон Монголдоо ажиллаж амьдарч байгаа жирийн иргэд нь санаачилж ЗГ-таа санал болгож, хэрэгжүүлэхэд нь туслах гэж хүссэн л бүтээл. Өнөөдөр миний зээ дүү Ч.Ганжавхлангийн Монголдоо байгаа болон гадаадад буй залуусыг нэгтгэн “Хүний наймаа хүчирхийллийн эсрэг” санаачлага гарган бодитой, үр дүнтэй ажлууд хийж байгаатай адилхан санаачлага. Энд ямар ч улстөржилт, ашиг хонжоо байхгүй.
Монгол орны хөгжил дэвшлийн төлөө сэтгэл нь чилж, шаналж яваа эгэл жирийн хүмүүсийн сэтгэл шингэсэн бүтээл. Энэ нэвтрүүлгүүдийг үзсэн монгол хүн болгон “Нээрээ бид яагаад ийм байж болохгүй гэж” хэмээн бодож, ухаарч, жаахан ч атугай амьдрал дээрээ хэрэгжүүлэх гэж хичээж эхэлбэл бодит үр дүн нь юм шүү дээ. “Мянга сонсохоор нэг удаа үз” гэдэгчлэн бидний амар тайван амьдрах боломжийг хүмүүсийн нүдээр дамжуулан оюун сэтгэлгээнд хүргэн учирлаж байгаа хэрэг.
“Хүний төлөө үйлчилдэг нийгэм”-ийг хүмүүс бид өөрсдөө л байгуулдаг. Хичнээн мундаг байгаад хэн ч ганцаараа хийж чадахгүй. Асар өндөр өртгөөр бүтээгдэж буй энэ цуврал нэвтрүүлгүүдийг “санхүүжүүлээч” гэж маш олон байгууллагуудад хандсан боловч эдийн засгийн хямрал, “ашигтай эс ашигтай” гэх эргэлзээн дунд бид амжилт олоогүй. Учирлаж тайлбарлах бүрийд “Маш сайхан бүтээл байна.
Туслахыг хичээнээ” гэж амалсан найз нөхөд, танилууд маань хичээцгээж л байгаа. “Бусдаас гуйна” гэдэг ямар хэцүү болохыг, шинэ зүйлийг санаачилсан хүн хэрхэн зовж тарчилдгийг биеэрээ амсч байгаа боловч хийж бүтээж байгаа бүтээлээ үзэх бүрдээ “Арга нь олдож л таараа” хэмээн өөрсдийгөө тайвшруулна. Хийх гэж мөрөөдөж байгаа ажлаа бус, хийхээр зорьсон ажлынхаа талаас илүүг нь хийж олон нийтэд хүргэж чадаж байгаа болохоор бид өнөөдөр сэтгэл бас нүүр бардам энэ бүхнийг бичиж байгаа хэрэг.
Зөндөө өр тавьж, заримдаа ажиллаж буй хүмүүсийнхээ гар дээр ажлын хөлсийг нь тавьж чадахгүй “нүүр улалзаж”, таних танихгүй олон баялаг бүтээгчдээс “мөнгө гуйж” яваа, энэ төслийг санаачлагч бидэнд энэ төслөө дуусгахад мөнгө хэрэгтэй, бас бусдын тусламж, дэмжлэг хэрэгтэй байнаа. Хэрэв Монгол орны хөгжилд хэрэгтэй энэ төслийг минь худалдаж авч олны хүртээл болгон, бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллах ЗГ, УБ хотын Захиргаа, эсвэл Банк, Олон Нийтийн Байгууллага байвал бид хамтран ажиллахдаа баяртай байх болно. Биднийг чин сэтгэлээсээ дэмжиж туслах хүмүүсийн тус дэм ч багадахгүй.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2016-11-01
Холбоотой мэдээ
-
зочин (November 02, 2016 12:02:09 pm )
ардчилалыг байгуулж байна гээд улс төржихийг яг хуулсан мөртлөө нийгмийн халамж хүнээ гэсэн бусад байгуулал бүтцийг ер хэрэгжүүлээгүй.
1 Comment