Иракийн хоёр дахь том хот болох Мосулаас “Лалын улс”-ын цэрэгжсэн бүлэглэлийнхнийг хөөн гаргах ажиллагаа явуулж буй цэргүүд тус хотод нэвтэрчээ.
Иракийн засгийн газрын цэргүүд болон Курдын хүчнийхэн Мосулыг чөлөөлөх ажиллагааг өнгөрсөн сараас явуулж эхэлсэн юм. Тус хот нь “Лалын улс”-ын хувьд Ирак дахь гол түшиц газар нь болоод байгаа билээ.
Иракийн армийн командлал мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “бид Мосул орчмын суурин газрууд, тосгодыг чөлөөлж, хот руу нэвтэрч чадлаа. Мосулын зүүн хэсгийн Кокжали дүүргийг хяналтандаа авч, одоо Тигрис голын баруун эрэг рүү давшиж байна” гэлээ.
Хоёр жил гаруйн өмнө “Лалын улс”-ад эзлэгдсэн Мосул хот руу Иракийн цэргүүд анх удаагаа нэвтэрсэн нь цэргийн ажиллагаа шийдвэрлэх үедээ орсныг харуулж байна.
Мосул хот нэг сая гаруй оршин суугчтай аж. “Лалын улс”-ынхан Иракийн армийн хуурай замын болон агаарын довтолгооноос өөрсдийгөө хамгаалахын тулд оршин суугчдыг “амьд бамбай” болгож ашиглаж болзошгүй гэж албаны хүмүүс болгоомжилж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ
Холбоотой мэдээ
Comments are closed.