antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 1 comment

“Орон бүхний монголчууд нэгдэгтүн!” буюу Монголыг аврах ганц зам

нийтлэсэн Admin

Нэг хэсэг манайхан, Гумилев монгол үндэстэн таван зуун жилийн настай хэмээсэн гээд л, зарим нь мөнхийн хутагт үндэстнийг доромжилов гэж, зарим нь харин ч хэрээс хэтэрсэн урт удаан насыг бэлгэдэн ерөөсөн байна гэж маргалдаж байсан. Одоо бол юун тийм маргаан өрнөх нь байтугай монгол гэдэг үгийг сул үгийн оронд юм уу, муучлах гоочлоход л хэрэглэдэг болж дээ.


Монгол хүн, Монгол улс гэж боддог хүн “Улаан ном”-нд орох нь байна. Дээдцүүл нь болохоор энэ улсын баялгийг цөлмөж хоосруулах талаараа уралдаж, харийн булаан эзлэгчид шиг л авирлана. Эгэл олон нь тулга тойрсон асуудалдаа тушигдан, залуус нь харьд боол болох тухай мөрөөднө. Эрх чөлөөний төлөө хүмүүс амиа өгдөг байсан атал боол болохыг мөрөөддөг болжээ.
Монгол сөнөх гэж байна гэж үү? Монгол хэнд ч хэрэггүй юм гэж үү? Монгол хүн байж яах юм бэ, заавал монгол хүн, Монгол улс байж байх албатай юм гэж үү? Ийм асуултууд хойно хойноосоо хөвөрнө.

Монгол гэж юу юм бэ? Үнэн шударгаар бодоод үзэгтүн. Монгол бол ээж аав, хайртай дотно хүмүүс, төрөлх нутаг, нандин бүхэн, өөрийн бүхэн.
Харь газар энэ бүхний аль нь ч байхгүй. Монгол бол амь амьсгал, амьдрал. Өөрийн гэх, төрөлх гэх юу ч байхгүй харь бол тийм биш. Харьд очоод ухаанаа умарттал идэж өмсөвч, нэг л өдөр Монголоо орхисноос хойш өөрийнхөө үхсэн болохыг мэдэрнэ. Өөрөө биш, өөр хүн болсон байгаагаа сэхээрнэ. Өөрийнхөө тухай өөр хүний тухай мэт дурсан гашуудах болно. Гэвч хэзээ ч өөрөө жинхэнээрээ амилан сэргэж чадахгүй. Идсэн хүнс, өмссөн бөснөөс хүнд эцсийн эцэст юу ч үлдэхгүй. Тэд амьдралыг орлож чадахгүй. Монгол болж төрсөн амьдрал л бидний жинхэнэ амь, үнэ цэнэ, мөн чанар.
Амьдралын төлөө тэмүүлж байгаа бол монгол хэвээрээ үлдэхийн төлөө тэмцэхээс өөр замгүй билээ. Гэвч бид дэндүү цөөхөн. Тэд дэндүү олон. Үүний харьцаагаар л монгол үндэстний нас тодорхойлогдоно. Хорвоо дээр мөнх үндэстэн, угсаатан гэж байхгүй. Бид ч, тэд ч сөнөнө. Гэхдээ бид амь насаа уртасгахын төлөө, алаг хорвоо дээр оршихын төлөө тэмцэх л учиртай. Бид олуулаа болох ёстой, харьцааг өөрчлөх шаардлагатай. Хоёр гурав дахин олуул болбол бидний амьдрал төдийчинээ л уртсана.
Харин яаж тэр вэ? Өнөөдөр Монгол улс 2,4 сая хүн амтай. Төрөлт буурч, үхэл ихэссэн. 3 сая хүртлээ арван жил хүлээх нь бололтой. Гэвч 10, 20, 30 жил хүлээх нь ямар ч утгагүй юм. Монголчууд бид тэртэй тэргүй бараг арван саяуул билээ. Орон бүхний монголчууд нэгдэхэд л асуудлын гол оршиж байна. Бид бол зөвхөн төв монголчууд. Их гүрнүүдийн махчин адгууслиг бодлогын үрээр танагдаж үлдсэн нэг хэсэг газар дээрх л монголчууд.
Гэтэл өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрд монголчууд амьдарч байна. Ялангуяа Монгол улсын харъяатууд байхгүй газар гэж үгүй боллоо. Монголчууд тарж бутарсаар байна. Эв нэгдэлгүй, тархай бутархай байдал л Монголыг бусдын идэш болгож хөнөөж байсан билээ. Тэгвэл эв нэгдэл, эргэж цуглах явц л Монголыг харийн аюулаас гэтэлгэнэ, сэргээн мандуулна.
Өвөр Монголд Монгол угсаатны хамгийн том бүлэг оршиж байна. Хятадын янз бүрийн хэнээрхэл хийрхлийн үед маш их шаналан зовж, хэлмэгдэн устгагдсан ч тэд төдий чинээ эрслэн босч, эсэргүүцэн тэмцэж байсан билээ.
Өвөр Монголд хэзээнээс нааш Монгол соёлын их өв хуримтлагдаж, гал голомт асч ирсэн түүхтэй. Синьцзян-Уйгур хэмээгдсэн мужид Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч байсан Ойрд Монголчуудын үр удам аж төрж байна. Монголын их байлдан дагууллын үр дүнд үлдэж хоцорсон монголчууд Хятадын муж бүрт бий юм. БНХАУ-д 6 сая орчим Монголчууд бий гэж судлаачид үзэж байна.
БНБуриад улс болон ТУХН-ийн орнуудад хагас сая орчим буриадууд амьдрадаг. XX зууны эхээр монголчууд дундаа соёлжиж боловсорсон нь байсан буриадууд Их Монголын эв нэгдлийн үзэл санааг өргөн мандуулагчид байсан билээ. БНХалимаг Тангч улсад их төлөв төвлөрсөн 200 мянга орчим халимагууд хойд хөршид оршин сууж байна. Богд хаант тусгаар Монгол улсаас оросуудын “сэмхэн” дээрэмдэн авсан нутаг болох өнөөгийн БНТува улсад мөн 200 орчим Урианхайчууд бий. 1940 он хүртэл Ойрдын АССР гэгдэж явсан одоогийн БНАлтай улсад 60 мянган ойрдууд байдаг юм. ОХУ-ын нутаг дэвсгэрт ийнхүү нэг сая орчим монголчууд амьдарч байна.
Хэдэн арван жил дайнд нэрвэгдсэнээр нь л мэдэх болсон Монголчууд бас аж төрөн суудаг. Ислам шашинтай, хилийн чанадын зарим монголчуудын адил нэлээд уусч өвөрдсөн тэд монгол гэдгээрээ бахархдаг, омог бардам түүхээ мэддэг. Хазар монгол гэгдэх тэдний тоог янз бүрээр гаргасан байдаг.
Дээрх гурван улсад байдгаас гадна, дэлхийн бараг бүх улс оронд 100 орчим мянган монгол хүн таран сууж байгаагийн дотор сүүлийн үед Монгол улсаас гарч одогсод жинтэй хувийг эзлэх ажээ.
Үнэхээр бараг 10 сая байгаа биз. Энэ олон монголчууд гэгдэж, нэг улс гэр болбол юутай гайхамшигтай сайхан байх бол оо. Тарж бутарсан гутамшгийн эцэст, эргэж нэгдэх гайхамшиг байх л ёстой. Арван сая монголыг хэн ч амар аваад залгичихгүй.
Богд хаант Монгол улсын үед төрийн бодлоготонууд, язгуурын эх орончид маань Бүх Монголыг нэгтгэхээс өөр ойрын зорилго үгүй гэж баттай итгэж, зэвсэгт тэмцлийг өрнүүлж байсан. Буриад, Өвөр Монголын үндэсний үзэлтнүүд Нармай Монгол улсыг байгуулах оролдлогыг хийж байсан. МАН-ынхан эрмэлзэх арван зүйлдээ бүх монголчуудыг нэг гэр улсад нэгтгэхийн төлөө тэмцэнэ гэж тунхаглаж байсан. Дэлхийн 2-р дайнд манай улс Өвөр Монголыг чөлөөлж нэгтгэхийн төлөө оролцож явсан. Үндэсний эрх чөлөөний тэмцлийн энэ уламжлал XXI зуунд тасарч мөхөх ёсгүй билээ.
Харин өнөөдөр XX зууны адилаар газар нутгийн хувьд нэгтгэнэ хэмээн тэмцэх цэрэг зэвсэг, улс төрийн хүч Монголд нэгэнт үгүй болжээ. Хүчин мөхөстөхөөс аргагүйд хүрчээ. Гэвч энэ нь монголчуудын нэгдэхэд огт саад болох учиргүй. Монголын эзэнт гүрэн унахад хаад язгууртнууд маань дэлхийн хагасаар тарсан монголчуудыг эх орондоо эргэн цуглахыг уриалж нүүлгэн ирүүлж ч байсан. Богд хаант Монгол улс, монгол угсаатнууд хилийн чанадаас нүүн ирж суурьшихыг талархан дэмжиж байсан. Зөвлөлтийн дарангуйлалд орсон хүнд бэрх үед ч монгол удирдагчид угсаа нэгтнүүдээ Монгол улсад ирж төвлөрөх явдлыг онц чухалд үзэж, буриадуудын шилжин суурьшихийг дэмжсэнийхээ төлөө амь насаа алдаж байсан юм. Бүгдээр нүүдэллэн цуглах нь л өнөөдрийн монголчуудын нэгдэх ганц арга зам ажээ.
Дэлхийгээр нэг тарсан, аймаглан хөнөөхөд өртсөн, хавчлага хяхалтын зовлонг амсахын дээдээр амссан еврейчүүд XX зуунд унаган нутагтаа эргэн цуглаж Израиль улсыг байгуулсан. Израилийн хүн ам 5 сая бөгөөд хилийн чанадын 9 сая еврейчүүд түүхэн эх орондоо эргэн ирсээр л байна. Бүх еврейг цуглуулах нь Израйл улсын эн тэргүүний зорилго.
Ойрын жишээ гэвэл Казахстан улс бүх казахуудыг нэгэн гэр улсад амьдруулах гэж уриалан дуудсан. Энэ бодлогоо амжилттай хэрэгжүүлж байгаа. Тус улс тусгаар тогтноход казахууд хүн амынхаа гуч гаруй хувийг эзэлж байсан бол өнөөдөр тавь гаруй хувийг эзлэх болжээ. Манай харъяат казахуудыг иргэнээ болгохын тулд тэд хичнээн мэрийн чармайж байдгийг бид бэлхэнээ мэднэ.
Өөр олон улс үндэстэнд ийм үйл явц явагдаж байна. Үндэстэн угсаатны нэгдэж төвлөрөх дэлхий дахины явц эхэлж байна. Мөн л сул үгийн адил давтагдах болсон глобалчлал хэмээгч нь ийм л маягаар монголчуудын хувьд хэрэгжих ёстой. Түүнээс бус англи үг хэлж ярьж, гадаадад очиж боолчилогдсон төдийгөөр глобалчилагдаж болохгүй.
Ингэхээр эргэж нэгдэх тухай бодож эхэлье. Бодлоо гээд ч сүр болох хэрэггүй, болох ёстой юм л болж байгаа нь тэр. Монгол хүн Монгол улсад ирээд амьдарч л таарна, аж төрөх нутгаа олж л таарна. Дэлхийд дээгүүрт ордог газар нутаг маань дээл тэрлэгтэй зүйрлэхэд л ашиглагдах учиргүй. Сая сая монголчуудын жинхэнэ өлгий нутаг, түүхэн эх орон, язгуурын газар шороо болох учиртай. Монгол орон маань сая сая малын л орон бус, сая сая монголчуудын орон болох ёстой.
Хойд, өмнө хөршид байгаа монголчууд их үндэстэнд уусан мөхөх бодит аюулд өртөөд байна. Тэднийг оюуны хувьд сүйрэхээс аваръя. Афганистан дахь монголчууд аймаглан хөнөөлт, эцэс төгсгөлгүй дайны хөлд нэрвэгдэж байна. Тэднийг бие сэтгэлийн хувьд сөнөж мөхөхөөс аваръя. Дэлхийн олон оронд ямар ч эрх, нэр хүндгүй боолчилогдон буй эх орон нэгтнүүдээ ч аваръя. Монголоо авралын орон болгоё. Арван саяулаа байхад монголчууд амьдрахдаа л амьдарна, Монгол улс оршихдоо л оршино.

Бусдын эрхээр далан жил “Орон бүхний пролетариуд нэгдэпгүн!” гэж хэлж явсан бид өөрийн эрхээр далан жил ч цөхрөлтгүй “Орон бүхний монголчууд нэгдэгтүн!” гэж хэлж явах цаг иржээ.

Ч.Мөнхбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 29, 2013 7:59:43 pm )

    Afganii hazaruudiin garal byren notlogdoogyi asuudal shyy.. mongol hymyys bish shyy dee tyreg garaltai hymyys . Chingisiin baildan daguulaltaas omno Hazaariin ezent uls gej baisan 10 11 r zuunii yed..barag l haa hamaagyi hymyys shyy..

antalya rent a car