antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 1 comment

Л.Нурбулан: ”Домгийн өглөө” миний томоохон дүр

нийтлэсэн Admin

Жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Сайн аавынхаа нэрийг өндөрт өргөнө хэмээн урлагийн замд шуудраад байгаа залуу жүжигчин маань ч өөрийнхөө уран бүтээлүүдээ хүргэж олны анхаарлыг татаж байгаа. Жүжигчин Л.Нурбулан хамгийн сүүлд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Домгийн өглөө” дууны, түүхэн клипэнд алиа салбадайн сонирхолтой дүрийг бүтээсэн. Их Монгол Улсын хаан Мөнхийн хаанчлалын үед Сири, Персийн нутагт амьдарч байсан Хашишин буюу Ассасинуудын тухай өгүүлсэн “Домгийн өглөө” нэлээд өндөр өртөг зардлаар бүтсэн Монголын анхны бэсрэг кино мюзикл гэдгээрээ олны анхаарал татаж буй. Үргэлж шинийг сэдэж, аливаад манлайлагч байдаг дуучин Т. Ариунаатай Монголын үндэсний Боловсрол суваг телевиз гэрээ байгуулан кино-клипийг зохиогчийн эрхийн дагуу нэвтрүүлэх болсон нь ч өмнө нь дуучид маш их хэмжээний хөрөнгө зарцуулан бүтээсэн клипүүдээ телевизүүдээр үнэ төлбөргүй цацдаг байсан гаж тогтцыг ч өөрчилсөн нэгэн алхам болсон билээ. Харин энэ удаад энэ гайхалтай кино-клиптйн бас нэг содон шигтгээ болсон эсрэг дүрийн алиа салбадайн дүрийг бүтээсэн жүжигчин Л.Нурбулантай халуун яриа өрнүүллээ.

-Танд “Домгийн өглөө” кино клипны эсрэг дүрийг бүтээх саналыг  анх хэн тавьсан бэ? Сонин, содон энэ дүрд тоглох болсон талаараа яриач?

-Зохиолын найруулагч нэг өдөр над руу залгаад “Би найруулагч Чингүүн байна аа. Дуучин Ариунаагийн “Домгийн өглөө” кино-клипэнд өөрийг чинь тоглуулах гэсиймаа…” гэдэг юм байна. Би ч баярлаад, баярлалгүй ч яахав, миний үеийн залуу уран бүтээлч хүнд сайхан санал. Маш их баярласан.

 

-Анх ийм эсрэг дүрд тоглоно гэхээр ямар санагдав. Зарим хүн бол эсрэг дүр жүжигчнээс ур чадвар их шаарддаг учраас дуртай байдаг гэсэн. Зарим нь ч эсрэгээрээ дургүй ч байдаг юм шиг ээ?

-Нэг ийм юм болсон шүү. Нүүр хувиргалт явагддаг юм байна. Тэгээд өөрийгөө харвал, ээ бурхан минь, хүн танихын аргагүй аймаар царайтай болчихож. Тэгэхээр нь дотроо жаахан гундангуй, уг нь санаагаар болдог бол би байгаагаараа тоглочих санаатай. (инээв). Гэхдээ энэ дүр цаанаа бүхэл бүтэн түүхийн нэг хэсгийг агуулж байгаа учир, миний юу бодох нь найруулагчид хамаагүй л дээ. Гаж царай, бөгтөр л биш болохоос яг л Квазимодо шиг төрх. Бараг би өөрөө аймаар. Гэхдээ үүгээр хааныгаа хөгжөөх алиа салбадайн бас муу атгаг санааг илэрхийлж байгаа  уран сайхны дүр л дээ. Түүхэндээ бол Султан хаан гэж байсан. Харин миний энэ дүр бол тэр үеийн хааны ордонд нэг ийм алиа салбадай байдаг гэсэн утга санаанаас найруулганд орсон байх.

-Кино-клип нь их сонирхолтой юм билээ. Жишээлбэл, та могой илээд л… Ер нь кино зураг авалтынхаа үеэр болсон явдлаасаа яриач, сонирхолтой байх…?  

-Би бол тэр могойг илэхээс л айж байсан даа. Үнэхээр их айсан. Миний зураг авалтын өмнө дуучин Ариунааг торонд хийгээд гарыг нь тэлэн хүлж могой тавьдаг юм. Могой Ариунаа эгчийн бараг л яг хажуугаар нь өнгөрсөн. Тэгэхэд “Би тэр торон дотор байсан бол…” гэж бодохоос их айж байлаа.

Тэгээд найруулагч “За Нураагын хэсэг…” гэдэг юм байна. Могой илж байхад хамаг хөлс цутгаад хүмүүсийн хажууд би ямар айж байна гэлтэй биш. Яг намайг илж байхад тайвширсан ч юм уу, ядарсан ч юмуу, могой ерөөсөө хөдлөхгүй байсан. Уг нь намайг илэхэд могой хөдлөх ёстой байсан л даа. Тэгээд манайхан “Чи циркийн хүн байна даа, Нураа наад могойгоо сүүлийг нь гараараа хөдөлгө” гээд л.., (үзүүлэв).Тэр үед Ариунаа эгчийг би их үнэлсэн шүү. Авхаалжтай ёстой дайчин эмэгтэй. Надад ч Ариунаа эгчээс суралцах юм их байсан.

-Аавыг тань монголчууд бүгд мэд­дэг, таньдаг. Таны амьдралд ч аавын нө­мөр нөөлөг их байсан байх, тийм үү?

-Нэг ийм үг байдаг даа. “Эцгийн гавьяа хүүд хамаагүй ээ” гэж. Уг нь би аавынхаа тэр үеийн хувцсыг нь өмсөөд “Бугуйн цаг” дууг нь дуулаад, яг л аав шигээ тэр л алтан үеийг эргүүлж ард түмэндээ хүргэж болно л доо. Гэхдээ би одоо аливааг сурч эхэлж байна. Цаг хугацаа миний өмнө нээлттэй байна шүү дээ. Нэг л өдөр би аавынхаа хийж бүтээж байсан бүхнийг ард түмэндээ хүргэнэ гэсэн сайхан бодол дотор минь байгаа. Санаа зөв бол заяа зөв гэдэг шүү дээ. Аав минь намайг харж байгаа. Магадгүй энэ түүхэн клипэнд дүр бүтээхэд аав минь надад тусалсан ч юм билүү гэж бодон, аавыгаа санагалзсан даа.

-Уран зохиол, яруу найраг таны сонирх­лын багагүй хувыг эзэлдэг гэ­дэгт эргэлзэхгүй байна. Таны унш­­сан бэсрэг өгүүллэг, шүлгүүд хүмүүст их хүр­сэн. Магадгүй тэр бүр жүжигчдээс та л уран уншлагын төрөлд нэлээд анхаарал хандуулдаг байх аа?

-Уран зохиол яруу найраг тэр тусмаа уран уншлага гэдэг, миний хүч хөдөлмөрөө шингээж байгаа уран бүтээлийн нэг  төрөл л дөө.  Сүүлд өөрийнхөө уншсан яруу найрагчдын бүтээлийг эмхэтгэн харж байхад, багагүй шүлэг зохиол дээр ажилласан байна лээ. Энэ бүхний ард тодорхой цаг хугацаа байдаг л даа.

-Оюутан насны Нурбулан ямар хүн байсан бэ. Одоогийн Нурбуланы ялгаа?

-Дуугүй даруухан оюутан байсан шүү дээ, би чинь… Ардын жүжигчин Н.Сувд гуай миний багш байлаа. “Энэ Нураа ээ дээ, юм сурах уу, намайг их тээнэгэлзүүлсэн шавь байгаа юм” гэж хэлж байсан. Бүжгийн хичээл энэ тэрд тааруу байлаа. Миний бас нэг багш жүжигчин Чаминчулуун гуай “За, нөхөр Нураа чи юм сурна шүү” гээд л. Шударга, хүний алдааг шууд хэлдэг, маш сайн хүн шүү, манай багш. Оюутан үеийн Нурбулан нэг ийм л хүн байлаа. Дуучид, жүжигчидтэй хөдөө гадаа дагаж их явдаг байсан даа. Надад их дэм болдог хүн бол, хошин урлагын жүжигчин Аси ах минь. “Тэг, ингэ” гээд л их зүйлийг надад сургадаг даа. Би их баярлаж явдаг. Харин одоо үеийн Нурбулан бол, нэг их өөрчлөгдөөгүй ээ амьдралаас сураад л явж байна.

-Тэмцээн уралдаанд хэр идэвхитэй оролцдог хүүхэд байсан бэ? Өөр авьяа­сийнхаа талаар сонирхуулаач… Дэл­гэцийн бүтээлд оролцож байсан уу?

-Оролцох тэмцээндээ оролцоод л явдаг байсан. Анх “Миний ижий” гээд Монголын уран сайхны кинонд нэг хүүхэд скитээр гулгаж яваад, хүнийг мөргөдөг хэсэг байдаг. Тэр хэсэгт тоглож байлаа. Скит гэснээс, би скитээр чамгүй сайн гулгачихдаг, хотод  болж байсан скитийн тэмцээнд түрүүлж байсан үе бий. /тэмцээнд оролцож байсан гэрчилгээгээ харууллаа./ 2001 оны тавдугаар сарын 12-нд болсон Улсын уран уншлагын уралдаанд байр эзэлж байлаа. Мөн 2003 оны дөрөвдүгээр сарын 1-нд болсон “Азтай бадарчин” наадамд ганцаарчилсан үзүүлбэрийн шагнал авсан. Харин “Домгийн өглөө” түүхэн клип бол, миний анх удаа оролцож байгаа томоохон дүр л дээ.

-Ойрд та юу хийх гэж байна. Уран бүтээлийн саналууд ирж байна уу?

-Саяхан нэг кинонд таксины жолоо­чийн дүрд тоглох санал ирсэн. Харамсалтай нь, машин барьж чадахгүй болохоор дүрээ буцаачихлаа. Одоо циркээ л судалж байгаа. Алиалагч гэх төрөл жанарыг баримтлан цаг заваараа номын санд сууж байгаа л даа.

-Та Баян-Өлгий аймагт уран бүтээ­лийн тоглолтоо хийсэн. Хүүх­дүүдэд зориулсан тоглолт гэл үү?

-Тиймээ, ганцаарчилсан тоглолт. Гэхдээ Баян-Өлгий аймгийн Домборын хамтлаг сайн дурын уран сайханчид оролцсон, нийт 700 гаруй хүүхэд үзсэн. Өдөрт хоёр удаа хүүхдүүдэд зориулж тоглолт хийлээ.

-Саяхан гэр бүлтэй болсон гэсэн байх аа?

-Тийм ээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хуримаа хийсэн. Нутгийнхаа бүс­гүй­тэй ханилсан шүү дээ. Амьдрал зохионо гэдэг, би ганц өөрийгөө биш ханилсан хань, ирээдүйн сайн сайхны тулд, үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ.

-Та хэр атаархуу вэ?

-Би цагаан атаархуу л даа. Хэнд ч гэсэн атаархал байдаг. Найз нөхөд, таньдаг нэгэн амжилтын амтыг амсахад, би цагаахан атаархдаг. Муу муухай атаархуу зан байхгүй ээ. (инээв)

-Таны уран бүтээлийг шимтэн сонирхох хүүхэд багачууддаа, дуул­гах шинэ сонин, удахгүй болох ойрын төлөвлөгөөнд орсон уран бүтээ­лээ “Ардын эрх”-ийн уншигчдад танилцуулаач?

-Би Баян-Өлгийд тавьсан тоглолтоо, чанаржуулаад нэмэлт номерууд оруулаад арваннэгдүгээр сарын 29-нд Хүүхдийн ордонд нэг л удаа тоглоно. Бяцхан багачууддаа инээд хөөр, аз жаргалыг үргэлж бэлэглэж байх болно оо. Удахгүй уулзацгаая.

Л.Чаминбаатар /сурвалжлагч/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 12, 2011 11:37:16 am )

    Nurbulandaa bolon ger buld ni az jargal amjilt bukhniig khusei, sain uran unshlaga unshdag shuu.

antalya rent a car