antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 4 comments

С.Баяр: Засгийн газрыг огцруулж байдаг цаг биш

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн С.Баяртай ярилцлаа.

-Намрын чуулган нээлтээ хийгээд хэдхэн хонож байна. Таныг чуулганы завсарлагаанаар загас судлалын чиглэлээр ажилласан гэж сонслоо?

-Би энэ жил ээжийнхээ хийж байгаа ажилд туслах зорилт тавьсан. Ээж маань загас судалдаг хүн. Загас гэдэг бол хүний хүнсний гол хэрэглээ байх ёстой. Монголчууд жилдээ 200-300 тонн загас хэрэглэдэг болж, ялангуяа том хот суурин газруудад. Ингэхдээ хэрэглэх загасаа байгалийнх нь сав газраас хориотой, хориогүй янз бүрийн аргаар барьж авчирч байгаа учраас манай гол мөрөнд загас ховордож байна. Ялангуяа хулгайн аргаар тор ашиглан, дэлбэлэх байдлаар агнаж байгаа учраас загасны сүрэг үлэмж багасч байна. Байгаль экологийн тэнцвэр алдагдаж байна гэж ээж маань ярьдаг. Надад энэ тухай олон жил ярьсан. Би түүнийг нь сонсох, санаа зовохоос цаашгүй байлаа. Харин энэ жил энэ асуудалд анхаарч ээжийнхээ хийж байгаа ажлыг үзье гэж Завхан аймгийн Улаагчны хар нуурт очлоо. Би 1982 онд офицер байхдаа ээжтэйгээ хамт анх тэнд очиж, загас нутагшуулж байсан. Их сайхан нуур байдаг юм. Түүнээс хойш 30-аад жилийн дараа очлоо.

Энэ зун би Монгол Улсын иргэн хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд “Загас” төслийг боловсруулахад оролцож, цаашид хэрэгжүүлэх ажилд гол анхаарлаа хандууллаа даа. Ингэхийн тулд загас судлаач эрдэмтэд, байгаль орчныг хамгаалагч, хөдөө аж ахуйн мэргэжлийн хүмүүстэй ч уулзаж ярилцлаа. Хөтөлбөрөө боловсруулж, олон улсын байгууллага, Монгол Улсын Засгийн газартай хамтарч тодорхой үр дүнд хүрэхээр ажиллая гэж л анхаарлаа.

Энэ нь нэг талаас “Атрын III” аянтай шууд хамааралгүй боловч аюулгүй хүнс, монголчуудын хэрэглээ, байгаль орчны зөв тэнцвэр гэсэн асуудлын үргэлжлэл юм даа.

Ээжийнхээ насаараа хийсэн ажилд өнөөг хүртэл өөдтэйхэн тусалж дэмжиж чадаагүй буруугаа засах бодлоор, нөгөө талаас загасны асуудал үнэхээр хурцдаад байгаа учир УИХ-ын гишүүн, мөн Ерөнхий сайд байсан хүний хувьд энэ асуудлыг дэмжээд, хөөцөлдөөд, эрдэмтэн мэргэд, ялангуяа залуучуудын хийж байгаа ажлыг нэгтгээд тавих газар нь тавьж, хүч оруулж, бусдын анхаарлыг хандуулбал үр дүнд хүрч болох юм байна гэсэн итгэл үнэмшил надад байгаа учраас зун, намартаа энэә асуудалд анхаарлаа.

-УИХ-аар Сонгуулийн тухай хууль хэлэлцэгдэж байна. Эрх баригч хоёр нам сонгуулийн тогтолцоон дээрээ тохиролцож чадахгүй хаврын чуулганаа хаасан. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн хуулийн талаарх миний байр суурь дэндүү тодорхой байгаа. Би 2007 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдоод Монгол Улсад шийдэх олон асуудал байгаа ч түүний дотроос таван асуудлыг онцолж шийдмээр байна гээд Сонгуулийн тогтолцоо, төгөлдөршлийн асуудал байна гэж ярьж байсан. Тийм учраас одоогийн нөхцөлд үүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Яагаад гэвэл 2008 оны Сонгуулийн хуулиар яваад бид юунд хүрлээ. Үүнийгээ өөрчилье гэж санал тавьсан боловч тухайн үед УИХ-д хамт сонгогдсон нөгөө нам маань дэмжээгүй шүү дээ. Ер нь Сонгуулийн тухай хуулийг шийдэхэд сонгууль дөхөх тусам улам бүр хүндрэл учирдаг. Сонгуулийн хугацаа дөхсөн учир намыг төлөөлж УИХ-д сууж байгаа хүмүүсийн санал бодол ороо бусгаа болчихдог. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг сонгуулийн дараа УИХ бүрэлдсэн хойно л баталж байх нь уг нь зүйтэй байгаа юм. Харамсалтай нь бид ярьсаар байгаад гуравхан сарын хугацаа үлдлээ. Хуулийн энэ хугацаандаа багтаж бид Сонгуулийн тухай хуулиа боловсронгүй болгох хэрэгтэй. Үүн дээр мэдээж улс төрийн намууд ойлголцол, зөвшилцөлд хүрэх ёстой. Гэхдээ энэ нь хоёр намын удирдах байгууллагын шийдвэрээр хийчихдэг зүйл биш болов уу гэж санагдаж байна. Яагаад гэвэл энэ бол иргэд сонгогчдын төр, засгаа барих цорын ганц бололцоо учраас тэдний саналыг ч авах нь зүйтэй юм гэсэн бодолтой байдаг. Манай намаас өнгөрсөн хавар асуудал мухардаад ирэхээр ард түмнээсээ асуувал яасан юм гэсэн санал гаргасан. Би үүнийг хувьдаа их дэмжиж байсан. Яагаад гэвэл сонгууль гэдэг бол намын бус иргэд сонгогчдын язгуур эрх ашиг юм. Гэхдээ ард нийтийн санал асуулгыг дэмий гэж үзсэн учраас тэгвэл ядаж улс төрийн намууд ярилцаж байж, шийдэх ёстой юм. Түүнээс бус нэг хоёр намын дангаараа мэдээд байх асуудал биш л дээ. Одоо нэгэнт цаг тулчихсан учраас өргөн олон түмний хэлэлцүүлэг хийх боломж үгүй болж. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Хуулийг УИХ шийддэг. Хэрэв намууд нь шийдэж чадахгүй байгаа бол УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон элч төлөөлөгч учраас өөрсдийнхөө итгэл үнэмшлээр асуудлыг шийдэх гарц байгаа юм. Үүгээрээ ч болохноо шийдээд асуудлыг нэг тийш болгоосой гэсэн бодол байна.

-Хамтарсан Засгийн газар сонгуулийн пропорциональ тогтолцоонд шилжүүлэх тухай онцолсон байдаг. Гэтэл өнөөдөр МАН мажоритар давамгайлсан тогтолцоог санал болгоод байгаа нь ямар учиртай юм бэ?

-Яг ч тэгээгүй юм аа. Гэр бичиг баримтыг үзэхээр сонгуулийн тогтолцоог боловсронгүй болгох гэдэг асуудлыг л оруулсан байгаа. Боловсронгүй болгох гэдгийг хүмүүс янз бүрээр ойлгож байгаа. Ер нь тогтолцооны буруу гэж байхгүй. Мажоритар гэдэг нь их муухай “баба” тогтолцоо, пропорциональ гэдэг нь ямар ч өөгүй тогтолцоо гэж туйлшруулж ойлгож болохгүй юм. Яагаад гэвэл дэлхийн улс орнуудад аль аль хувилбарыг нь хэрэглэж байна. Холимог хувилбарыг ч ашиглаж байгаа. Ялангуяа ард иргэдийн өнөөдөр хүсч байгаа зүйл нь Засгийн эрх барих торгон мөч буюу санал өгч байгаа хэдхэн секундэд хэнээр ирэх дөрвөн жилд гол шийдвэр гаргуулах вэ, засгаа бариулах вэ гэдгээ шийдэхийн тулд өргөн боломж байх ёстой гээд байгаа юм. Хамгийн гол нь аль талаас нь асуудалд хандах вэ, намаар нь уу, аль эсвэл хүнээр үү гэдэгт иргэд, сонгогчид олон янзын санал хэлж байгаа. Ингэхдээ улс төрийн нам хэмээх том хөшигний ард хүн нь тодорхой харагдахгүй байгаа үед саналаа өгнө гэдэг хэцүү байна. Тиймээс бидэнд аль алиныг нь тооцох боломжийг өгөөч гэж байна. Бид зунжингаа л ард түмнээ сонсох аяны хүрээнд иргэдтэйгээ уулзлаа. Иргэдийн хэлж байгаа саналууд үнэхээр бодууштай байгаа. Мэдээж хэрэг хуулиараа улс төрийн намууд л сонгуульд оролцох эрхтэй байдаг болохоор тодорхой бодлого боловсруулж толилуулдаг учраас намуудын төлөө саналаа өгнө гэдгээ иргэд хэлж байна. Гэхдээ тэр намыг хэн төлөөлж байна гэдэг асуудлыг харчихаад эсвэл нам, эсвэл хүн гэдэг нь буруу гэж хэлж байна. Энэ санал хүсэлтээс харахад сонгуулийн тогтолцоог боловсронгүй болгохдоо холимог хувилбар руу орох нь зүйтэй юм. Үүнийг нэг далайлтаар хийчихэж болохгүй учраас аажим аажмаар шийдэх ёстой. Цэвэр мажоритар тогтолцооноосоо холимог руу явбал яасан юм.

-Үүнд таны хувь гишүүний байр суурь ямар байна вэ?

-Миний хувь хүний үзэл бодол намын бодлогодоо захирагдах ёстой. Манай нам, намын Удирдах зөвлөл ямар ч байсан сонгуулийн тогтолцоогоо боловсронгуй болгоё гэдэг байр суурьтай байгаа. Ингэхдээ алхам алхмаар хийе, мажоритар давамгайлан холимог байя гэж байгаа. Түүний дотор 52:24 гэдэг ч юм уу, 48:28 ч байж болох. Гэхдээ тоо бол тийм чухал асуудал биш. Үүнийг шийдчихэж болно. Хамгийн гол нь тогтолцоогоо боловсронгуй болгох, иргэд сонгогчдын санал зөв тусгалтай байх зам руу л явахгүй бол хэдхэн хувийн зөрүүгээс болж ямар асуудал үүсдэгийг бид хэд хэдэн сонгуулиар харсан. Иргэд сонгогчдын санал нэгд нь 49 хувь, нөгөөд нь 43 хувь байхад суудлын тоо нь тэмээ, ямаа шиг ялгаатай байдаг тогтолцоогоор л яваад байгаа улсууд шүү дээ. Тийм учраас өгч байгаа санал нь ба, бэ-гүй нийлдэггүй юм аа гэхэд ерөнхий тусгалаараа шударга байгаасай гээд байгаа юм. Үүнийг л тогтолцооны өөрчлөлт гэж бид хэлнэ. Үүн рүү явах ёстой. Явах ч болов уу гэж бодож байна.

-Хуулиа баталж амжих тухайд?

-Үлдэж байгаа хугацаандаа, аравдугаар сардаа багтаагаад Сонгуулийн тухай хуулиа батлахгүй бол болохгүй байна. Энэ бол хэдэн тоон дээр тогтоод дуусчих амар асуудал биш. Тойргийн хуваарилалт гэх мэт олон асуудал байна. Гэхдээ УИХ тогтолцооноосоо бусад хэсгүүдэд ерөнхийдөө их аятайхан саналуудыг хийсэн байгаа. Ялангуяа, 2008 онд хурцаар гарч ирсэн санал луйвардах асуудлыг нэлээд чамбай хаяж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуулийн үндсэн хэсэг бэлэн болчихсон. Одоо тогтолцоогоо л шийдсэн байхад болчихно. Одоо бараг нэг цагийн дотор багтаад шийдчихэж ч магадгүй. Гэхдээ нэг цаг нь хаашаа юм ажлын хоёр, гурван өдөрт багтаад хий багатай хууль баталчих бололцоотой юм болов уу гэж харж байгаа.

-Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын 20 гишүүн Ерөнхий сайдад гарын үсэг зурсан бичиг илгээгээд байгаа. Таны Ерөнхий сайд байх үед энэ гэрээг баталсан. Тэгэхээр та үүнийг яаж хүлээж авч байгаа вэ?

-Өчигдөр (өнгөрөгч пүрэв гариг) манай улсын хувьд томоохон үйл явдал боллоо гэж бодож байгаа. Төрийн дээд удирдлагууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын бүлгийн дарга нар оролцож, хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэ бол чухал мэдэгдэл боллоо. Нарийн хараагүй ч гэсэн бидний хийж байгаа Оюу толгойн акц огцом дээшээ яваад эхэллээ гэж ойлгож байгаа. Энэ бол их сайн хэрэг. Сая манай Социнтерний Ази-Номхон далайн бүсийн ээлжит хурлын үеэр Социнтерний Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала хэлэхдээ “Дэлхий дээр байдал хүнд болж байна. Европт, АНУ-д хүнд байна. Тийм байхад Монгол эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд одоогийн байхгүй өндөр үзүүлэлтийг үзүүлж байгаа нь манай байгууллагын гишүүн орны амжилт хэмээн үзэж баяр хүргэж байна” гэсэн. Үнэхээр дэлхий дээр бүх зүйлийн үнэ унаж байхад манайд эдийн засгийн үзүүлэлт гайгүй байгаа нь Оюу толгойн л ач шүү дээ. Өнөөдөр Оюу толгойн хүчээр манай 1000-аад аж ахуй нэгж нэг тэрбум орчим ам.долларын гэрээ байгуулчихсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг авч явдаг гол тулгуур, мотор нь болчихсон ийм нөхцөлд тэр гэрээгээ эргэж харна гэхээр хөрөнгө оруулагчдын итгэл алдарч байгаа байхгүй юу. Нийт зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээс 2.5 тэрбум ам.долларыг нь оруулчихаад байгаа гэсэн, өнгөрсөн зуны мэдээллээр шүү дээ. Үлдсэнийг нь Монгол Улс тогтвортой, боломжийн байна гэж бодоод л хөрөнгө оруулах гэж байгаа. Гэтэл манайд ийм яриа гарахаар хэлсэн ярьсандаа байдаггүй, буцдаг, цаашид байдал хүндрэх нь үү гэж бодож байтал нь өчигдрийн Монголын төрийн өндөрлөгүүдийн хамтарч хийсэн зүйл нь асуудлыг зөв гольдролд нь орууллаа гэж би их баяртай байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрэлдүүлдэг гурван хүн маань үнэхээр цагаа олсон алхам хийлээ. Магадгүй жаахан хожимдсон байж болох. Яагаад гэвэл итгэлийг олно гэдэг удаан хугацаа шаарддаг. Харин алдахад ганцхан хором шаардлагатай.

-Таны бодлоор энэ гэрээ үнэхээр эргэж харах шаардлагагүй сайн гэрээ болсон гэж үү?

-Оюу толгойн гэрээний хувьд Ерөнхийлөгч “Эрдэнэт”-ийн гэрээгээр жишээ авч их зөв зүйтэй зүйл хэлсэн байна лээ. “Эрдэнэт”-ийн гэрээг эхлээд төдийлөн ашигтай байгуулж чадаагүй гэж тухайн цагт буюу социализмын үед хэлдэг, шүүмжилдэг байсан. Манай анхны Ерөнхийлөгч тухайн үед Эдийн засгийн харилцааны улсын, хорооны дарга байлаа/ Анх төрийн сайд байхдаа шударгаар шүүмжилж, “Эрдэнэт”-ийн гэрээг эргэж харахгүй бол монголчуудын ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж байлаа. Тэр үед гэрээ хэрэгжээд арав гаруй жил болчихсон байв. Түүнээс хойш гэрээний талаар байнга ярьсан. Гэтэл өнөөдөр Монголын эдийн засагт ашигтай гэрээ болсон нь харагдаж байгаа. Яг үүний адилаар Оюу толгойн гэрээг бид хүнээр төсөөлөх юм бол голын эрэг дээр тохироод завин дээр суугаад явж байгаа юм. Цаад эрэг дээр очихдоо ядаж хөрөнгө оруулалт нь орчихсон байх ёстой. Гэтэл завь эргээс холдоод голын дунд очиход завийг дайвалзуулаад байх нь ихээхэн эрсдэлд оруулж байна. Гэхдээ энэ нь хэлэлцээр хийхгүй гэж байгаа юм биш. Тэр бичиг өгсөн гишүүдийг ч буруутгаж байгаа юм биш шүү. Мэдээж 34 байснаас 50 хувь байсан нь бидэнд унацтай л даа. Монголчууд наймаа хийж сурсан улс. Наймаанаас буцна гэдэг бол бас л асуудал шүү. Наймаанаасаа амархан буцдаг хүнийг найдваргүй гэдэг. Эргээд дахин наймааны харьцаанд орохдоо ахуйн түвшинд ч гэсэн, олон улсын хэмжээнд ч гэсэн зай барьж эхэлдэг. Гэхдээ энэ асуудлыг өчигдөр бүрэн шийдсэн гэж ойлгосон.

-Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах асуудал мөн хөндөгдөөд байгаа?

-Ардчилсан улс оронд тавьж болдог, шийдэж болдог л асуудал. Гагцхүү огцруулах гэж тавьж байгаа асуудлын үндэслэл нь юу юм, хэрэв тэр тавьж байгаа саналынх нь дараа огцруулах юм бол энэ нь бидний ярьдгаар улс орны, ард иргэдийн эрх ашигт нийцэж байгаа юу гэдэг өнцгөөс л асуудлыг харах хэрэгтэй. Би энэ нөхцөлд хамтарсан Засгийн газрыг юуны тулд байгуулагдлаа. Ард иргэдийнхээ төлөө томоохон асуудлыг шийдэх боломж, бололцоо, ялангуяа дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ байгаа үед дотоод хэрүүлээ хойш нь тавьж, хамтраад шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Ер нь хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар хэд хэдэн томоохон асуудлыг шийдэж чадсан. Энэ хугацаанд дэлхий нийтээр банкны, хүнсний хомсдол нүүрлэлээ. Энэ үед хамтарсан Засгийн газар байгаагүй бол бид өнөөдөр модоо барьчихсан байх байсан. Хамтарсан Засгийн газар байсны хүчинд энэ хямралын асуудлыг бие биедээ нээнтэглэж, элдэв зүйл бололгүйгээр хохирол багатайгаар даваад гараад ирлээ.

Түүнчлэн хамтарсан Засгийн газрын хамгийн гол хийх ажил нь Оюу толгойн гэрээг баталгаажуулах, Таван толгойн асуудлыг шийдэх. Боломж бололцоо байдагсан бол өөр чухал асуудлыг ч шийдэх ёстой. Харамсалтай нь цаг хугацаа даанч давчуу байна.

Гэхдээ л хамтарсан Засгийн газар шийдвэрлэх ёстой асуудлаа шийдэж байна. Харин бүрэн шийдээгүй байна. Энэ нөхцөлд огцруулах нь Монгол Улсын эрх ашигт нийцэх үү, үгүй юу гэдэгт асуудалд хандах ёстой. Миний хувьд Засгийн газрыг огцруулж байдаг цаг биш гэж бодож байна.

-С.Батболд даргын үед МАН-ын рейтинг урьд өмнө байгаагүйгээр уналаа гэж ярих юм. Үнэхээр   танай намыг рейтинг унаад байгаа юм болов уу?

-Инээдтэй санагддаг юм. Намайг намын дарга болонгуут Баярын үед энэ намын рейтинг урьд байгаагүйгээр шалдаа буучихлаа. Ер нь газар доогуур орчихлоо гэсэн. Газар доогуур орохоор яадаг юм. Явж байгаад Латин Америк хавиас гарч ирэх юм уу. Намын рейтинг бол сонгуулиар л шалгагддаг. Өнөөдөр гарч байгаа судалгаануудыг анхааралдаа авах хэрэгтэй л дээ. Гэхдээ унаж дуусдаггүй намын рейтинг гэж баймааргүй байгаа юм. Хэн, ямар зорилгоор хэлээд байгаа юм. Тийм хэмжүүргүй юманд түшиглэж ярьж, тэрний үед тийм боллоо гэдэг бол надад инээдтэй санагддаг юм. Яагаад гэвэл сонинд бичиж байснаар бол Баярын үед урьд хожид байгаагүйгээр рейтинг унасан. Гэтэл сонгууль болоход манай нам ялсан л биз дээ.

Өнөөдөр би идэвхтэй улс төрөөс холдоод, олны нүдэн дээр тэр бүр гараад байхгүй байгаа. Энэ үед намын рейтинг байдгаараа байж л байна. Намын даргаар ажиллаж байсан би л гэхэд огт мартагдаагүй л байна.

Мэдээж нам, засаг удирдаж байгаа хүнд анхаарах зүйлүүд их байдаг. Тийм учраас нам, засгийн удирдлага хүмүүсийн хэлж, ярьж байгаа зүйлүүдээс хэрэгтэйг нь авч үйл ажиллагаандаа тусгах ёстой гэж бодож байна. Магадгүй түс тас шийдэх цаг хугацаа гараад түүн дээр шүүмжилж байгаа бол бодолцох л ёстой. Гэхдээ түс тас шийдэж байна гээд гоомой шийд гаргаад байж болохгүй. Үүнийг бас бодолцох л хэрэгтэй.

-МАН-ын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар хоорондоо нэлээд зөрчилтэй байдаг гэсэн мэдээлэл бий. Тэр ч бүү хэл У.Хүрэлсүх намын даргаа огцрох өргөдлөө өг гэж шахсан гэх нь ч дуулдсан. Танд тэр зөрчил нь мэдрэгдсэн үү?

-Би эргээд л өөрийнхөө үеийн зүйлийг яръя. Аль ч намын даргын үед тиймэрхүү зүйл яригддаг. Явган ярианаас үндэслээд улс төрийн бодлогыг тодорхойлдог ном хаана ч байхгүй. Тэр хоёрын харилцааг ойрхноос харж байгаа хүний хувьд тийм зүйл харагдахгүй байгаа. Энэ талаар аль алинаас нь асууж үзсэн. “Ийм зүйл яригдаад байх юм. Та хоёр зүгээр биз. Асуудал байхгүй биз” гэж. Хэдийгээр өнөөдөр энэ хоёр манай намын хамгийн том албан тушаалд байгаа ч гэсэн намайг өмнө нь намын дарга байсан хүний хувьд хүндэтгэлтэй хандаж ярилцдагт баяртай байдаг. Тийм учраас ахмад хүний хувьд би тэр хоёроос тэгж асуух эрхтэй. Миний асуултад тэд “Асуудал байхгүй ээ. Дарга аа” л гэсэн.

-Саяхан Улсын Дээд шүүхээс Улс төрийн намын тухай хууль нь Үндсэн хууль зөрчөөгүй гэх дүгнэлтийг гаргасан нь олон гишүүдийг асуулт асуухад хүргэсэн. Үүнд МАН-ын удирдлага хэрхэн хандсан бэ?

-Маш товчхон хэлэхэд ардчилсан Монгол Улсад бүх шийдвэр хуулийн дагуу л гарч байх ёстой. Хууль нь бэлэн байна. Гарч байгаа шийдвэр нь тийм байна. Дээд шүүхээс авахуулаад улсынхаа хуулийг уландаа гишгэх юм бол иргэд, албан байгууллага, хувь хүн, улс төрийн намуудаас хуулиа барьж ажиллаач гэж хэлэхэд хэцүү л болно шүү дээ. Хууль бол хууль. Хуулийг гууль болгож болохгүй.

-Танай намын дарга байсан хүн МАХН нэрээр нам байгуулж, М.Энхсайханы байгуулсан МҮАН-тай нэгдэх талаар ярьж байна. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

-Юу гэж хэлэхэв дээ. Уг нь хууль байгаа юм ш дээ. Бид шинэ ардчилсан Монгол Улсыг байгуулж байгаа. Цааш явах тусам бидний хийж байгаа ажил, явуулж байгаа бодлого хуультайгаа улам л нийцэж байх ёстой юм. Харамсалтай нь ийм түвшинд, ялангуяа улс төрийн түвшинд илт хуулиа зөрчсөн шийдвэр гарсны үндсэн дээр ийм бололцоо, боломж гараад ирлээ. Харамсалтай байна. Хувь хүнийх нь хувьд ч би харамсдаг л юм. Яагаад гэвэл өнөөдөр бид Социнтерний бүс нутгийн хурлаа хийгээд сууж байна. Н.Энхбаяр даргын үед манай нам МАХН нэртэй байсан. Тухайн үед манай намыг Социнтерний идэвхтэй гишүүний байр суурь эзлэхэд МАХН-ын дарга байсан Н.Энхбаяр түүхэн үүрэг гүйцэтгэснийг би хэзээ ч үгүйсгэдэггүй. Өнөөдөр бид тэр үйл ажиллагааг үргэлжлүүлээд явж байна.

Намын нэр солих асуудлаар нийт олон түмэнд маш тодорхой байдлаар манай намын удирдлагууд ярьсан. Харамсалтай нь урьд нь хийж байсан зүйлүүдээ үгүйсгэж, ирээдүйг цогцлооно гэж байгаа хүнийг би зөв юм хийж байна гэж үзэхгүй байгаа. Гэхдээ энэ бол тэр хүний бодлого, үйл ажиллагаа, өөрөөс нь л хамаарах зүйл шүү дээ. Бидний насны улсуудад бол харамсалтай л байгаа юм. Өнөөдөр гэдэг бол өчигдөр дээрээ суурилдаг. Энэ хоёр нийлээд ирээдүйг цогцлоодог. Урьдынхыгаа үгүйсгэхээр бидний туулж ирсэн амьдрал, тавьсан зорилго маань бүрхэгдээд л ирнэ шүү дээ, би хувьдаа ингэж л бодож байна. Гэхдээ энэ бол миний л бодол.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан хоёр хүн нам байгуулаад эвсчихээр МАН-ын сонгуулийн дүнд нөлөөлөх болов уу?

-Би ямар үзмэрч биш. Ер нь эвсэж нэгдэхэд буруу зүйл байхгүй. Монголчуудын хувьд аливаа асуудлыг эвсч нэгдэж байж шийддэг байсан. Тийм учраас Монгол Улсын хөгжлийн маш чухал зурвас үед бид амьдарч байна гэдгийг л хаана, хаанаа ойлгомоор байгаа юм. Магадгүй сонгуулийн үр дүнгээс хамаарч хамтарсан Засгийн газрын байгуулсан нь ердийн үед нийцэхгүй байж болох юм. Гэхдээ ийм стандарт бус нөхцөл, бололцоо нээгдэж байгаа үед нам намаараа талцан байж асуудлыг шийдэх логикоосоо татгалзаж, хамтаараа, эв эеэ хичээж шийддэг цаг байна. Тийм учраас нэгдэж байгаа цаад зорилго нь улсын төлөө, монголчуудын сайн сайхны төлөө байгаа бол нэгдлийг дэмжих л ёстой. Би нарийн зүйлийг мэдэхгүй байна. Тэгэх тусмаа хүмүүсийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс үнэлэлт, дүгнэлт өгөөд байх нь зохимжгүй гэж бодож байна.

Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр бол Монгол Улсын түүхэнд нэрээ үлдээсэн, хийсэн зүйл нь Монгол Улсын хөгжил дэвшилд нэмэр оруулсан том улстөрчид гэж боддог. Гэхдээ яг өнөөдрийн ямар үзэл бодол, зорилго дээр нэгдэх гэж байна вэ гэдгийг нь нэг л сайн мэдэхгүй байна. Энэ бол тэдний эрхийн асуудал. Тэдний нэгдлийн асуудал ямар нэгэн Баяр дүн тавих бус ард түмний өмнө гарч ирэх гэж байгаа улсуудад ард түмэн л дүн тавих байх гэж бодож байна.

-Сонгуульд нөлөөлөхийн тухайд?

-Хойтонгийн хавар ямар нөхцөл байдал болно гэж хэн ч мэдэхийн арга байхгүй шүү дээ. Хөгжил гэдэг зөрчил, өрсөлдөөн дээр үндэслэдэг. Тийм учраас зөрчил, өрсөлдөөн байна. Цаашдаа ч байна. Арав, хорин жилийн дараа байж л байна. Гэхдээ миний хүсээд байгаа зүйл бол тэр зөрчил, өрсөлдөөнөө таван төгрөг дээр бус болж өгвөл таван сая төгрөг дээр хийж байх юмсан даа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийнхаа боломж, бололцоо эрэмбийг эрс дээшлүүлчих ийм боломжийг алдалгүйгээр цаашаа явбал дээр юм гэж бодож байна.

Хэрэв УИХ, Засгийн газар өмнөө тавьсан зорилтуудаа шийдээгүй тухайлбал, Оюу толгой, Таван толгой, төмөр зам, эрчим хүчний асуудлаа дорвитой шийдээд явах юм бол эдийн засгийн бололцоо нэмэгдээд ард иргэдийн амьжиргаа ч түүнийгээ дагаад аятайхан болох байх. Тэр үеийн уур амьсгал, ялангуяа үүнийг хийе гэж хийж байгаа хоёр намын хувьд ард түмний дэмжлэг гайгүй л очих болов уу гэж бодож байна. Хэн нь илүү авахыг тэр өдрийн тэнгэр мэднэ.

Хэрэв энэ УИХ хийх ёстой зүйлээ хийхгүй, чадахгүй, огцруулах, эс огцруулах тухай яриад хоорондоо зууралдаад байвал хойтон хаврын байдал ихээхэн хүнд болох байх. Тэгэхээр ийм тохиолдолд түүний хажуугаар орж ирж буй альтернатив хийж буй хүмүүсийн үг үнэд орох магадлал бас бий.

Сонгуулийн дараа ч гэсэн намууд хамтарч ажиллах шаардлага тулгарна гэж бодож байна. Нарийн хэлж мэдэхгүй байна. Заавал хамтарсан Засгийн газар байгуулахдаа гол нь биш. Гэхдээ монголчуудад хамтрах шаардлага байна. Бид 2012 оны сонгууль хүртэл бүгдийг шийдчихгүй нь тодорхой. Энэ том асуудлуудыг шийдэхэд бие биетэйгээ ярилцаж, ойлголцож, нэгдсэн шийдвэрт хүрч чаддаг, хамгийн гол нь хүрсэн шийдвэрээ хэрэгжүүлж чаддаг тийм нөхцөл, уур амьсгал Монгол оронд маань хэрэгтэй байна. Энэ бол дараа дараагийн үеүдэд үйл ажиллагаагаа явуулахад зөв үндэс суурь болох ёстой. Өнөөдөр манай улс үүлэн чөлөөний нар гэдэг шиг нөхцөлд байна. Дэлхийн эдийн засагт хүнд үед тохиож байгаа үед биднийг бурхан харж байгаа энэ мөчийг ашиглаж чадахгүй бол алдас болно. Зөрчлийн янз бүрийн асуудлыг дараа шийдэж болно оо. Гол зүйл дээрээ л гараад авах ёстой.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж, ажлын хэсэг байгуулаад байгаа. Үүнийг толгой хуулиндаа хүрэх нь буруу гэх хүмүүс ч бий. Таны бодлоор өөрчлөлт оруулах ёстой юу?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь болжээ гэж би үздэг. Үүнийг зөвхөн гишүүдийн тоог нэмэх төдийхнөөр хялбарчилж ойлгож болохгүй. Цогцолбороор нь шийдэхгүй бол өнөөдөр манайд хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна. Энэ бол хувь хүнээсээ л шалтгаалж байгаа, бас хуулийн зохицуулалтаасаа ч хамаарч байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Ерөнхий сайдын бүрэн эрх, үүрэг хариуцлагын зааг тодорхой гарахгүй байгаа учраас хэн ямар асуудлыг хариуцах вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Аль 1992 онд Үндсэн хууль батлагдсан цагаас хойш байнга л гүйцэтгэх засаглалынхаа толгой хавьд, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай холбоотой будлиан гарсаар байсан. Одоо ч гарсаар л байна. Энэ нь хувь хүмүүсээсээ болдог нь ч бий, тогтолцооноосоо болох нь бий. Тийм учраас үүнийг нэг тийш нь болгох ёстой. Яагаад гэвэл ард түмний өмнө хийсэн бүтээсэн, хийгээгүй, бүтээгээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх хувь хүн, албан тушаалтан, байгууллага маш тодорхой байх ёстой. Тэр талаас нь Үндсэн хуулийг боловсронгуй болгох цаг нь болсон.

Мөн Монгол Улс олон аймагтай. Тийм учраас төвдөө хэдий хэмжээний , эрх мэдэл байх юм, орон нутагт хэдий хэмжээний эрх мэдэл байх юм гэдэг нь 20 жил яригдсаар ирсэн асуудал. Дандаа туйлшруулж шийдэх гээд байдаг. Энэ нь өнөөгийн шаардлагад төдийлөн нийцэхгүй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэх мэт чухал асуудлууд байгаа.

Т.ГЭРЭЛМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 13, 2011 9:11:38 am )

    saihan yarij bna enehuu horomhon buguud hariutslagtai tsag ued iim erunhii said garch irsen gedeg n zol yumdaaa

antalya rent a car