Нурангийн тухай дуртатгалууд
Цасны нуранги бол байгалийн аймшигтай үзэгдэл. Уулын ѳвѳр, магнайд шавж орсон цас овоорон зузаарч, уулын орой дэрлэсэн толгод болон дүнхийн харагдах нь сүрлэг, нэн үзэсгэлэнтэй. Байгалийн тогтоцоор наран ээвэр зарим хайрханы энгэрт хунгарласан цас хѳрсѳн талаасаа дулаацан сууриараа доош суух үед уулын оройн дүнхэгэр их цас доош нуран, нүргэлэн гулсаж цасан гол үүсгэн замд тааралдсан бүхнийг хуу арчин буухдаа онцгой аюул тарьдаг, энийг цасны нуранги гэнэ.
Австрийн Галтьюр тосгон бүхэлдээ лавинд дарагдсан тухай хүмүүс одоо хүртэл ѳр ѳвдмѳѳр юм ярьцгаадаг. Нийтдээ 170 мянган тонн цасны масс нурж, тосгоныг бүхэлд нь даран 30 гаран хүн амь эрсэдсэн байдаг.
Ѳвѳрхангай аймаг бол, Хятруун, 8 нуур, Баарайн хѳндий, Ногоон нуур, Хангайн овоо, Зэст хайрхан, Тахийн шар нуруу, Цагаан хайрхан, Орхоны хѳндий, Могойтын аршаан, Улаан цутгалан…гээд байгалийн гойд үзэсгэлэнтэй тогтоц бүхий нутаг юм билээ. Дээхэн, энэ үзэсгэлэнт газраар хэрэн бэдрэхдээ нэг домог шиг юм сонссоноо дуулгая. Сайн ноён хааны уугуул нутаг гэж яригддаг Баян-Улаан хайрханыг зүүн ороогоод Согтуугийн хоолой гэгчийг ѳгссѳѳр Начингийн даваагаар даваад Цэцэг модон дѳрѳлж гэх ѳндѳр хайрханыг зүглээд явахаар Нурангийн энгэр гэж сайхан нутаг бий. Уг нь их нѳѳлѳг нѳмѳр газар, гэхдээ нутгийхан уул шахаж ѳвѳлжѳѳлѳх их дургүй, нѳмѳрт нь барьсан ѳвѳлжѳѳ саравч ч байхгүй. Нуранги үүсдэг болохоор малчид мууг мэдэрсээр ирсэн нь энэ биз ээ. Дээр үед, бүхэл бүтэн хот айл малтайгаа дарагдсан юм гэсэн. Шуурганы дараа тэрүүгээр явсан хүнд нурангин дороос хонь майлах, нохой гийнах битүү чимээ сонсогддог байсан гэнэ билээ гэж нутгийхан дунд ам дамжсан домог шиг яриа байдаг.
Цасны нурангийн үзэгдлийг тайлбарласны учир нь байгалийн эль үзэгдлийн агуулгыг адилтгал ( metaphor)-ын аргаар нийэм, улс тѳрд чирж оруулах гэсэн оролдлого. Метафор буюу адилтгал, цагтаа нийгэм зүйн маш чухал судлагдахуун байсан, компьютер гарснаар нэг үе зогсонги байдалд орсон ч сүүлийн үед дахин сэргэж байх шив дээ. Метафор нь нийгмийн шинэ үзэгдлийг байгаль, ахуйн хүн бүхний мэдэх үзэгдэлтэй жишиж тайлбарлах, нэршүүлэх арга юм. Оросууд переносное значение гэж яриад байгаа. Жишээ нь, тулгын 3 чулуу тэнцвэртэй нѳхцѳлд л тогоотой сүү хажуу тийш халихгүй байх нѳхцѳл бүрдэнэ. Гэтэл манай тѳрийн 3 ѳндѳрлѳг тулгын 3 чулуу шиг байж чадаж байна уу, гэдэг ч юмуу, адилтгалын аргаар байдлыг тандах логик гаргалгааг л хэлээд байна. Үнэн хэрэгтээ бол метафор нь психологи талаасаа хэд дэх ч байдийн, мэдрэхүй гэж хэлсэн эрдэмтэн бий. Тухайлвал, ширээний тулгуур гэдэггүй, хѳл гэж ярьдаг нь мал 4 хѳлтэй байдагтай адилтгасан мэдрэмж юм. Метафорыг хэл шинжлэл талаас нь дагнан судласан монгол эрдэмтэн гэвэл Цахим Ѳртѳѳний маань архаг анд доктор Ж.Бат-Ирээдүйн нэрийг дурдаж байна. Нийгэм зүйн талаас нь сонирхоод зав гаргаад суусан хүнд бол чамбай нийтлэл болчихоор бие даасан сайн сэдэв дээ уг нь.
Нурангийн улс тѳр хэнд хэрэгтэй вэ?
Нурангийн үзэгдэл улс тѳрд бас байна. Энэ бол, айлийн эрх хүүхэд багана хѳрѳѳдѳж тоглоод гэрээ нурааж байгаатай зүйрлэхээр, ямар ч утга учиргүй, соёл иргэншилгүй хүмүүсийн бүдүүлэг тоглоом мѳртѳѳ нийгэмд тарих уршиг нь байгалийн нурангиас ч их хорлонтой ёозгүй үзэгдэл юм. Тѳр нь НУРАНГИЙН бол, нийгэм нь ШИРЭНГИЙН байдаг жамтай юм шиг байна, энийг монголын нийгмийн амьдралын 25 жилийн түүх нотлож байгаа. Францын ширэнгийн амьдралын тухай би материал цуглуулж байгаа, жич нийтлэл гарах байх. Францчуудын джунгли ( Jungle) гэж нэрлээд, яриад байгаа дүрвэгсдийн хуарангийн амьдралыг судласан Холланд сэтгүүлчийн бичлэгийг олж авсан юм, ѳѳр ч мэр сэр ховор материалууд байгаа. Зарим талаар манайтай тѳстэй ч юм шиг, энэ тухай л юм. Угаас тѳр захиргааны удирдлаггүй болчихсин хүмүүсийн бѳѳгнѳрѳл дотор янз бүрийн сонин хачин үзэгдэл гардаг бололтой, яг л уран сайхны адал явдалт кино шиг. Энэ бол феномен.
Монголын улс тѳрчид тѳрѳѳ, гэрээ нурааж тоглоцгоож байна, дээр дурдсан багана хѳрѳѳддѳг хүүхэд шиг л юм. Соёл иргэншлийн гэгддэг аль ч улс оронд тѳр түшиж байгаа хүмүүстээ алдаа гаргасан үед нь эрүүгийн болон захиргааны хууль хэргэлэн хатуу хариуцлага тооцож, харин тѳр засгаа тогтвортой байлгахыг эрмэлздэг байна. Албан тушаалтны хариуцлагаас үүдэж гарах нийгмийн цагийн алдагдал нь тухайн салбар компетентын хамрах хүрээ, харьяалагдах хүний тоогоор үржигдэн ѳсч гардаг, тэр хэмжээгээр нийгэм хохирдог гэдгийг ухамсарладаг болохоор тэр биз дээ. Би энд, Уянга гишүүний тухай битүүгээр хэлээд байгаа юм биш, Уянга жижиг асуудал. Тэр эмэгтэй бол юм мэдэх хүмүүсийн дүгнэлтээр улс тѳрч ч биш, зүгээр л улс тѳрд орон зайгаа олсон сэтгүүлч хүн, сайн сэтгүүлч. Уянга гишүүнийг хувь хүнийх нь хувьд ХЭН БЭ, гэдгийг тайлбарлахаасаа, нийгэм зүйн талаас нь ЮУ ВЭ, гэдгийг тодотгох нь надад хялбар байна. Энэ утгаар, УЯНГА БОЛ ҮЗЭГДЭЛ МѲН. Энэ үзэгдлийг МАН, буурь заан чадварлаг ашиглачихаж чадаж байна. Засгийн газрыг унагааж нурангийн улс тѳр хийх гээд байдаг оролдлогууд нь МАН-аас л гаралтай байдаг аж, тэхээр МАН-ыг НУРАНГИЙН УЛС ТѲРЧИД гэж нэрлэж болно. Аргумент хэлье.
Сайханбилэгийг анх ЕС-аар батлах хурал дээр түүний хэлсэн үгэнд улс тѳрийн интерпретаци хийсэн хүний хувьд би, тэр үеийн улс тѳрийн коньенктурыг сайн санаж байна. АНМАН байгуулах үнэр авчихсан МАН-ын толгой ланжгар улс тѳрчид, 2 толгойг эргэлтэнд оруулж улс орноо ѳѳд нь татах чиглэл ѳгѳѳд байсныг ч нэр устай нь санаж байна. Эргэлтэнд оруулангуут нь, энэний тѳлѳѳ огцруулна гээд байгаад логик байна уу?
Ѳѳр нэг аргумент. Ардчиллын гэх ѳнгѳрсѳн 25 жилд, Засгийн газрыг, сайд нарыг огцруулах саналыг аль нам хамгийн их оруулсан, аль нам хурлаас хамгийн их завсарлага авсан гэсэн 2-хон статистикийг харчихад л ойлгомжтой. Улс орны эдийн засаг, улс тѳр нийгмийн одоо цагийн коньюнктур байдлаас ургуулаад бодохоор Засаг нураах нь ард түмэнд л лав ашиггүй. Олон түмэн ч ийм л дүгнэлттэй сууж байгаа юм байна. Саяхан би зориуд цаг гаргаад, твиттер, фэйс, сайтуудын агуулга, коммент, телемедиа зэрэгт ѳгсѳн саналуудыг хураагаад багцалтал хүн үнэмшимээргүй дүн гарав. Тандалтанд 578 хүн хамрагдсанаас 342 нь буюу бараг л 60% нь огцруулахгүй байх нь зүйтэй гэсэн саналтай байх юм. Ард түмний хамгийн дэврүүн, хийрхүү хэсэгт ийм дүнтэй байгаа юм чинь, нийт ард түмнээрээ бол түүнээс ч дэгүүр хувилагдах бололтой харагдаж байна. Би ч гэсэн олон түмний дийлэнхийг даган нийтлэл тэрлэсний учир энээ.
Нураахаас ѳѳр гарц байхгүй юу?
Байлгүй яахав дээ. Үндсэн зорилго нь Засгийн газрыг нураахдаа биш, ажлыг нь сайжруулах гэсэн үзэл баримтлал гаргаж тавихад л мэдээж Сайханбилэгийг зад шүүмжлээд, дүгнэлт гаргаад нэмэгдэл ачаа үүрүүлээд цааш явах боломжтой. Энийг нурангийхан яагаад ч хийхгүй, учир нь Засгийн газрыг нураана гэж шантаажилж л байвал чѳтгѳртэй нийлсэн ч хамаагүй гэцгээгээд байна л даа. Энд боломжийн гэмээр 2 арга байгааг шипийдчихье!
МАН-д Засгийн газрыг нураах эцсийн зорилго байхгүй, зүгээр ѳѳр асуудлаар барьцаалсан шантааж байж мэднэ. Учир нь Засгийн газрыг нураавал МАН-ын рейтинг навсайтал унах болно, тэд сонгуулийн ѳмнѳ галаар оролдох хүмүүс биш ээ. Тэхээр манай улс тѳрчдийн барин тавин хэлэх дуртай, манжийн хааны зүгээс гаралтай нэг сүрхий үг байдаг даа. Монголын түүхий эд Манж руу урсах ёстой, түүнд саад болох гэсэн золбин нохойнууд хуцаж мэднэ, бүү тоо! гэж хаан зарлигдсан юм гэнэ лээ. ЖИНГЭР ХУЦАЖ Л БАЙГ, ЖИН ЯВДГААРАА Л ЯВНА гэж. Сураагүй биш, ийм байдлаар хандаад, хэлэлцүүлэх хурал дээрээ ирцээ базаачихад л жингэр хуцаа л үлдэнэ биз дээ. Харин тээсэн жин нь ашигтай, ашиггүй талаар одоо ярих цаг биш, анхны хуримтлалаа хийгээд дуусчихсан, Үндсэн хѳрѳнгийн элэгдлийн фонд нь ханачихсан, ажиллагаа нь бараг л автизмд орчихсон Эрдэнэттэй тѳлсѳн татвараар нь харьцуулан зүйрлэх нь бүүр ч утгаггүй. Эдийн засгийн колледжийн тѳвшингийн мэдлэгтэй хүүхэд ч энийг гадарлана.
Ѳѳр нэг арга байна. Уянга гишүүн, саяхан Ярилцъя л даа, Цензургүй яриа…хэд хэдэн газар ярилцлага ѳхдѳѳ Ганбаатар гишүүнийг зорилгоосоо ухарч АН МАН-ын залгамж хүүхдүүдтэй нийлсэн гэсэн аястай басамжилсан, түншсэн үг хэлж харагдсан. Улс тѳрч биш, сэтгүүлч хүн болохоороо факт хараад, үндэслэлийг орхин ѳнгий нь илэж яриад, эмоцидоод, сүржигнээд байгаа байх. Мэдээж, Ганбаатар намд элссэн, ХҮН-ын даргаaр сонгогдсон, ганцаарчилсан тоглолт хийх зам нь хаагдсан, намын платформд захирагдахаас ѳѳр аргагүй болсон энэ тэрийг тооцвол түүнд саналаа татчих боломж бий. Ѳѳрѳѳ ч онц Их хурал дээрээ, Оюутолгойг ашиглахыг эсэргүүцэх нь гол биш, ашигтай байх нь л чухал гэсэн утгатай үг хэлж харагдсан. Хэрвээ энэ хэрэгжвэл, популист хочноосоо салах том алхам, тэгээд ч одоо бие даасан тоглогч биш, нилээд сайн рейтингтэй яваа улс тѳрийн намын нүүр болсон утгаар бол ухамсар, үзэл санаандаа реформ хийх нь хэнд ч ойлгомжтой юм. Платформгүй Уянга үзэгдлийн дагуул биш, МАН-ын хүүхэд бүүр ч биш гэдгээ Ганбаатар мэдэхтэйгээ, Пётрт мэдээж нэг бодол байж л таараа. Харин АН бяцхаан санаачилга гаргачихад л хангалттай байх. Тэр үед 19 гишүүн хүрэхгүй болж, ѳргѳн барьсан асуудал автоматаар буцчихна. Ер нь нурангийн суурь нь бол МАН, нурахад бэлэн болсон цасан нѳмрѳг рүү Уянга малгай шидэх гээд сүржигнээд…ийм л дүр зураг харагдаж байгаа шүү дээ. Улс тѳрчид шатарт сайн гээ биз дээ, бодны бүү хэл хүүний ч гарзгүйгээр Ноёноо хамгаалчих арга зѳндѳѳ л байгаа байлгүй дээ. Эцэст нь би Цэрэнхүү, аль нэг улс тѳрийн хэвшилд хамааралгүй, гэхдээ аль ч намын бай залуусыг дэмжиж явдаг гэдгээ илэрхийлчихсэн нь дээр гэж бодлоо. Энэ нь ѲНГѲРСѲНийг биш ОДООг шинжил, ИРЭЭДҮЙ рүү зорилготой алх! Ѳнгѳрсѳнтѳйгѳѳ зууралдах нь ирээдүй цагаасаа зулгааж байгаатай адил гэж бодож явдагтай холбоотой гэдгийг хэлье!
Эдийн засагч социологич И.Цэрэнхүү
4 Comments