Судалгаагаар манай улсын тав хүртэлх насны хүүхдийн 8 хувь нь гэртээ ганцаараа цоожлогддог ба 10 хүртэл насны хүүхэд дүүгээ хардаг байна. Осол гэмтэлд өртсөн 2-4 насны хүүхдүүдийн 60,9 хувь нь гэртээ унаж, гэмтэх, түлэгдэх байдлаар гэмтсэн байдаг бөгөөд асран харах, хараа хяналтын гадуур байгаагаас сар бүр 15 хүүхэд зүй бусаар хорвоог орхидог гэсэн харамсмаар тоон баримт бий. Тэгвэл өнгөрсөн хаврын чуулганаар эзэнгүй гэртээ цоожлогдон үлддэг хүүхдүүдэд ээлээ өгөх нэг чухал хууль батлагдсан. Тэр нь хүүхэд харах үйлчилгээний хууль.
Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд төсөвт шаардагдах мөнгөн зардал нь суутгагдсан билээ. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд хүүхэд харах үйлчилгээнд хамрах шаардлагатай 56 мянга орчим хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилтот ажлууд хийгдэх юм.
Ерөнхийлөгчөөс өргөн баригдсан хууль хэлэлцүүлгийнхээ явцад харьцангуй чамбай боловсруулагдаж, нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо 5 хүртэл байх, хүүхэд харах нэг байранд байрлах хүүхдийн дээд хязгаар 15 хүртэл байх, хүүхдэд аливаа хэлбэрийн зодуур, дарамт үзүүлэхгүй, хүүхдэд өдөрт 60 минутаас дээш хугацаагаар цахим хэрэгсэл ашиглуулах, зурагт үзүүлэхийг хориглоно зэрэг олон зүйл заалтаар баяжигдсан.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар хүүхэд харагч нь тусгай сургалтад хамрагдаж, эрх авна. Мөн сэтгэл санаа, бие бялдрын ямар нэгэн гаж хөгжил, сааталгүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байхаар хуулийн төсөлд тусгагдсан байгаа. Өнөөдөр багш бэлтгэх ажил албан ёсоор эхэлж байна.
Харин төсөв мөнгөний тухайд Сангийн яамнаас гаргасан судалгаанд үндэслэн, эдийн засгийн үр өгөөж талаас нь энэ хуулийг тайлбарлах юм бол, Хүүхэд харах үйлчилгээнд 56 мянган хүүхдийг хамруулахад 60 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцоологдсон. Тэгвэл уг 56 мянган хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, тэдэнд хүрэлцэхүйц цэцэрлэг барьж, урсгал зардлуудыг нь төсвөөс бүрэн шийдэхэд 600 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо гарчээ. Харин эцэг эхэд нь харуулах зорилгоор цалинжуулах хэлбэр лүү шилжүүлснээр 130 тэрбум төгрөг шаардагдах юм.
Өөрөөр хэлбэл, Хүүхэд харах үйлчилгээний хууль эдийн засгийн хямралтай байгаа өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлж болох мөнгө хэмнэх боломжтой хэлбэр гэж хууль санаачлагчдын зүгээс үзсэн байдаг. Хэдийгээр хүүхэд харах үйлчилгээний хууль нь асуудлыг шийдэх төгс хэлбэр биш ч дээрх тооцоогоор бол цэцэрлэг барихаас 10 дахин, эцэг эхийг цалинжуулах хэлбэрээс 2 дахин хямд өртгөөр шийдэгдсэн байгаа юм.
Эдийн засгийн байдал хүнд байна гээд хүүхдийн аюулгүй байдлыг бүр орхигдуулж болохгүй учраас энэ хуулийг хэрэгжүүлэхээр болсон. Нөгөө талд тодорхой ажлын байрууд үүсэж, гэртээ хүүхдээ харж суугаа ээжүүдэд цалинтай ажил хийх боломж олдож буйг энэд онцлууштай.
Уг нь хууль хүүхдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд эерэг нөлөөллөө өгч, гэрт нь цоожлох аюултай хэлбэрээс тодорхой стандартын дагуу нэг алхам урагшлуулж буй хэлбэр гэдэгт мэдээж маргах хүн үгүй биз ээ.
Today.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 21, 2015 2:22:42 pm )
bugdiig camerjuulsan ni deer bh shuu
1 Comment