Д.ОЮУНЧИМЭГ
Дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ хямдарсан ч манай улсад шатахууны үнэ буурахгүй байгаа тухай шүүмжлэл бий. Хэдийгээр нефтийн хилийн үнэ буурч байгаа ч дотоодын шатахуун импортлогчдод дорвитой нөлөөлсөнгүй ч гэлцдэг. Өсгөж болсон үнийг буулгах хэрэгтэй хэмээн чичлүүлж байсан нь саяхан. Харин шатахуун импортлогчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан алслагдсан аймгуудын шатахууны үнийг 80-400 хүртэл төгрөгөөр бууруулсан сайхан мэдээгээр хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж байна. Мэдээж үүнд Засгийн газрын үүрэг, оролцоо бий. Хоёр тал харилцан ойлголцон, хамтарч ажилласны үр дүн, ард түмний амьжиргаанд 10-20 хувийн хэмнэлт болсон юм.
Баруун хязгаарт шатахууны үнэ буурах үеэр Ховд аймгийн иргэн Б.Эрдэнэ “Говь-Алтай, Ховд аймагт том оврын автомашинаар тээвэр хийдэг. Нэг сард 120 мянган тонн шатахуун хэрэглэж байна. Шатахууны үнэ буурснаар сард 40 орчим сая төгрөг хэмнэнэ” гэв. Ингэснээр ажилчдынхаа цалинг нэмэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаад тэрээр олзуурхаж байв. Энэ мэтчилэн бодит хэмнэлт айл бүрт хүрч байгааг албаныхан онцолсон.
“Түүхий эдийн үнэ буурлаа гээд манайх шатахууныхаа үнийг буулгах шаардлагагүй. Харин энэ хэвэнд нь тогтвортой байлгах бодлого баримталж ажиллана” хэмээн албаныхан хэлж байсан билээ. Хэдийгээр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч байсан ч Орос бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж байгаа тухай ч хэлж байсан юм. ОХУ руу визгүй зорчдог болсноор хил залгаа аймаг, сумдынхан чөлөөтэй хойд хөршийг зорих болсон. Тиймээс шатахууны үнэ өсч, буурч байгааг төвөггүй мэдчихнэ. Гэхдээ орос шатахууны үнийг дэлхийн зах зээлийнхтэй уялдуулахгүй байсан ч бидний хувьд буурсан дүн харагдсаар байсан. Үүнд рублийн төгрөгтэй харьцах ханш унасан нь нөлөөлж байгааг эдийн засагчид тайлбарлаж байлаа. Тэгэхээр түүхий эдийн үнэ буурч, өсөх бүрт нь дагаж савлалгүй тогтвортой байх нь иргэдийн амьжиргаанд дэм болно хэмээсэн судлаачдын тайлбар үнэнд дүйцэх биз.
Нефтийн үнэ унаж байхад бид өсгөх нь хэмээн хардсан. Учир нь шатахууны онцгой албан татварын хэмжээ өсөхөөс гадна, ялгавартайгаар тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэсэн. Хэдийгээр онцгой албан татвар өссөн ч жижиглэнгийн үнэд нөлөөлөхгүй хэмээн албаныхан тайлбарлаж байв. Харин шатахуун импортлогчид өөр байр суурьтай байсан билээ. Тиймээс шатахууны үнэ өсөх нь зайлшгүй боллоо хэмээн хэсэг хугацаанд хүмүүс болгоомжилж байсан нь үнэн. Шатахууны онцгой албан татвар нэмэгдэхэд энгийн иргэд “Сохор зоосгүй болсон Засгийн газар ард түмний халаасыг суйлж байна” хэмээн ихэд бухимдсан. Гэхдээ салхи хязгаараас төв рүүгээ чиглэн зөөлөн үлээх төлөвлөгөөг албаныхан зохион хувийн хэвшлийнхэн идэвхтэй дэмжсэнээр ард түмэн оны өмнө башийв. Нөгөө талдаа газрын тосны олборлолт нэмэгдэж байгаа нь ч харилцан ашигтай тохиролцоо хийх хөшүүрэг болж байгааг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн хэлж байлаа. Яалт ч үгүй хоосон ходоодтой хүнтэй ярилцахаар, бага ч атугай хоолтой байх нь илүү өгөөжтэй байдаг ажээ.
Баруун, зүүн хязгаарын аймгуудын шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо төвшинд очсон. Өөрөөр хэлбэл, хил хязгаараас үл хамааран нэг ижил үнээр шатахуун хэрэглэх нөхцөл бүрджээ. Эдийн засаг муудах хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ, өртөг өсдөг хэдий ч шатахууны үнэ салхи сөрөн алхав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.