Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд “Аймаг, орон нутгийн удирдлагууд Улаанбаатарт цугларч семинар хийж байгаа. Тэр хүмүүстэй өнөөдөр өглөө уулзахад “УИХ дахь намын бүлгүүд ямар учраас ажил хаяад байна вэ. Асуудлаа шийдээч. Ажлаа хийгээч” гэсэн асуудал тавьсан. Бид сонгуулиар хариуцлага, шударга ёс гэж баахан ярьдаг. Үүнийгээ ажил дээрээ хийх ёстой. Ийм механизм, тогтолцоог бий болгоё. Төрийн албаны хуулийг олон жил ярьж нэгтгээд өргөн барьсан. Хэлэлцүүлэг нь явж байгаа.
Маргааш улстөрийн намуудын төлөөлөлтэй уулзаж Улстөрийн намын тухай хуулийн төслөөр товчхон зөвлөлдөөд ойрын үед өргөн барья гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, санал асуулга явуулах тухай асуудал явахгүй бол би өөрөө оролцоод хамтраад ажиллахад бэлэн байна. Сонгуулийн хууль бол нэг намын шаардлагаар өөрчлөлт оруулаад байдаг хууль биш. Сонгууль, намын хуулиас гадна санал асуулга нь иргэний улстөрийн эрхийн их чухал хэсэг байдаг. Үүнтэй холбоотой асуудлыг тусад нь хуулиар зохицуулж болно. Одоо ажилдаа орцгооё. Нэг хэсэг нь суугаад, нөгөө хэсэг нь ирц хүрэхгүй байх нь миний хэлдгээр УИХ-ыг л муухай харагдуулна. Энд сонгогдсон хүмүүсээ муухай харагдуулж байгаа. Эрх баригч, сөрөг хүчин аль алийгаа онцгүй байдалтай харагдуулаад байгаа юм. Бүгдээрээ ажлаа хийе. Цаг бага үлдлээ. Энэ цагт амжуулж олон ажил шийдье” гээд уулзалтад оролцогсдын байр суурийг сонсов.
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:
-Сүүлийн хоёр долоо хоног УИХ-ын ажил гацаж байна. Сонгуулийн хуульд заавал өөрчлөлт оруул гэсэн шаардлага тавиад байгаа. Сонгуулийн хууль бол нэг намын шаардлагаар өөрчлөлт оруулаад байдаг хууль биш. Зөвшилцлөөр өөрчлөлт оруулах ёстой гэдгийг би намрын чуулганы нээлт дээр хэлсэн. Энэ зөвшилцөл явахгүй байна. МАН-ын бүлгээс бусад бүлэг, гишүүд хурлын ажиллагаанд хэвийн оролцож байгаа. МАН-ын бүлэг л хэвлэлээр “Ажил хаялаа” гэж зарлаад байгаа. Таны хэлсэн бүх хуулийн төслийн хэлэлцүүлэг явж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцсэн бүх асуудлаар завсарлага авсан. Энэ нь бүх ажлыг долоо хоногоор уяж байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Бүх асуудлаар завсарлага авна гэж байж болох уу?
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:
-Болохгүй. Яаж ингэсэн бэ гэхээр Н.Номтойбаяр гишүүн бүх асуудлаар илтгэл уншуулаад, уншсан болгон дээр завсарлага аваад байсан. Энэ нь хуульд бас нийцээд байгаа. Гэхдээ хэмжээ хязгааргүй завсарлага авдаг байсан хууль хүчингүй болсон. Өнгөрсөн долоо хоног шиг завсарлага авчихгүй бол оны өмнө олон асуудал шийдэх боломжтой.
Бараг улсын төсөвтэй тэнцэхээр долоон их наяд төгрөгийн нуусан хөрөнгө орлого илрэхээр болоод байна. Өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Бараг улсын төсөвтэй тэнцэхээр долоон их наяд төгрөгийн нуусан хөрөнгө орлого илрэхээр болоод байна. Төрийн алба өдөр шөнөгүй үүн дээр ажиллаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, ард нийтийн санал асуулга хоёр хугацаа нь өнгөрсөн тул хэлэлцэж болохгүй болчихлоо. Саналын хуудсан дээрээ бичээд санал асуулга явуулчихвал мөнгө төгрөг гарахгүйгээр шийдэгдэх боломжтой. Гарсан өөрчлөлтийг дараагийн УИХ хуульчлах боломжтой гэдэг дээр МАН-ын бүлэгтэй санал нэгдсэн. Сонгуулийн хууль арванхоёрдугаар сарын 24 гэхэд хуульчлагдаад Ерөнхийлөгч дээр ирэх ёстой. Ийм хугацаа үндсэндээ байхгүй болоод байна. Сонгуулийн хууль, хар машины асуудлаас илүү оноос өмнө шийдэх тулгамдсан асуудлууд олон байна.
Үндсэн хуулийн Цэцээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны хамгийн чухал зүйлийг хүчингүй болгосон. Найман хувийн зээл Цэцийн шийдвэрийн маргааш зогссон. Үүнийг түргэн шийдэхгүй бол сард бараг 1.200 хүн зээл авдаг байсан. Одоо 2.000- 3.000 хүний өргөдөл таг гацсан байгаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкнудын холбооноос хэлж байгаагаар барьцаатай холбоотой тэр заалтыг хуульд сэргээж оруулахгүй бол цаашид зээл олгох бололцоогүй болсон байна.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
-Сая “Ажил хаялт” гэж тодотгож байна. МАН нэг зарчмын шаардлага тавьсан. Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэж судалгаанд оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь үзэж, эргэлзээ тээнэгэлзээтэй байна гэсэн. Ийм үндэслэлээр МАН-ын бүлэг байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авч байгаа.
Улстөрийн 21 нам нийлж нэгдээд Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж УИХ- ын даргад өргөн барьсан. Шалтаг тоочсоор хэлэлцэлгүй өнөөдрийг хүрлээ МАН-ын хувьд төрийн ажил гацаасан зүйл байхгүй. Ажил хаясан юм байхгүй. Сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, ил тод, шударга байдлыг хангасан хууль гаргая. Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны хууль гаргасан. Бид ч Ерөнхийлөгчийк санаачилгыг дэмжиж шилэн сонгууль явуулах саналыг МАН болон бусад улстөрийн намууд гаргасан.
АН-ын бүлгийн шийдвэрээс болж Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэсэн. Бусад бүх намууд өөрчлөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Үүнийг ойлголцох юм бол МАН чуулганы үйл ажиллагаанд оролцоод явахад бэлэн гэдгийг хэлье. Ипотекийн найман хувийн зээлтэй холбоотой асуудлыг МАН хийлээ гэсэн ташаа мэдээлэл явсан. Үүнийг МАН хийгээгүй шүү гэдгийг Ерөнхийлөгчид албан ёсоор хэлье. Автомат машинаар явуулсан саналыг давхар гараар тоолоход нэмэлт зардал гарахгүй гэж СЕХ-ны дарга хэлсэн. СЕХ, улстөрийн 21 намын энэ байр суурьт эрх баригч АН хүндэтгэлтэй хандаж шийднэ гэдэгт бид итгэж байгаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Саналын дүнг автоматаар гаргадаг Монголын сонгуулийн туршлагыг Олон улсын байгууллага үзээд шударга сонгууль явуулахад бүрэн нийцсэн маш сайн туршлага байна гэсэн. Лондонд төвтэй Парламент судлалын төв жилийнхээ шагналыг СЕХ-нд олгосон. Бусад зарим улс орон манай туршлагыг хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Үүнд эргэлзэх зүйл баймааргүй юм.
Сонгуулийн машины программ гадаадад байдаг гээд шүүмжлээд байна. Бид унаж яваа япон машиныхаа кодыг өг гэж Японоос нэхдэггүй шүү дээ. Бүх веб сайт ялгаагүй. Ингэлээ гээд бүх сайтаа хаах уу. Үүнтэй ижил. Харин дутагдал байвал түүнийг засах талаар ярилцаад засаад явъя. Үүнийг улс төр болгож ажил уях шаардлагагүй. Сонгуулийн хуулийг ярьдаггүй шалтгаан юу вэ?
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:
-Шилэн сонгууль гэвэл манайх шиг ил тод сонгуультай улс дэлхийд байхгүй. Сонгуулийн тооллогын дүн, сонгогчдын нэрсийн жагсаалт, саналын хуудсыг бүх намд өгч байгаа. Үүнд ямар нэг зөрөө гарвал СЕХ шийдвэр гаргах эрхтэй. Өнгөрсөн сонгуулиудад гомдол гараагүй, Ганцхан хэн гэдэг сонгогч хэний төлөө саналаа өгснийг л нууцалж байгаа. Бүх саналын хуудсыг өгч байгаа нь дураараа гар тооллого хий гэсэн үг. Сонгуулийн хуулийг ярих гэхээр эхний асуудал нь хар машин болоод байгаа. Тэгээд л ярихгүй байгаа.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:
-АН-аас бусад улстөрийн 21 нам, нийгэмд энэ талаар эргэлзээ, хардлага байгаа. Сая Багануур, Говьсүмбэрт камер тавиад, бичлэг хийгээд, проектороор дамжуулаад ил тод, нээлттэй, ямар ч маргаангүй сонгууль явуулсан. Үүн шиг байя гэсэн шаардлага тавьж байгаа. Ингэвэл цаашид гар тооллогын тухай ярихаа больё.
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:
-МАН бол Сонгуулийн хуулийг намуудын хууль, нэр дэвшигчдийн хууль гэж буруу ойлгоод байгаа. Сонгуулийн хууль бол сонгуульд санал өгөх эрхтэй нийт хоёр сая монголчуудын хууль юм. Хоёр сая монголчууд машинд эргэлзэж байгаа юм байхгүй. Энэ машинаар сонгууль явуулж үр дүнд нь итгэчихээд гурван жилийн дараа гомдол гаргаж байгаа нь хачирхалтай.
7 Comments