-Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлын асуудал нэлээд анхаарал татаж байна. Энэ асуудал яг хэзээнээс эхэлж хурцаар тавигдах болсон юм бэ?
-2005 онд Геологи газарзүй судалгааны төвөөс Улаанбаатар хотын хөрсөнд судалгаа хийсэн. Тус судалгаагаар Улаанбаатар хотын Далан давхар, Дэнжийн мянга, Бөмбөгөр, Баянбүрд гэсэн цэгүүдийн хөрсөнд хүнд металлын хэмжээ өндөр гарсан. Энэ үеэс л хөрсний бохирдлын асуудал нэлээд эрчимжснийг илрүүлэн арга хэмжээ авах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Нийслэлийн хэмжээн дэх хөрсний бохирдлын их байгаа шалтгаан нь яг юу байна?
-Мэргэжлийн хяналтын ерөнхиий газар нийслэлийн 85 цэгт судалгаа хийснээс Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хөрс хүнд металлын агууламж өндөртэй гарсан. Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын үнс, угаадас, шороон зам юм. Үүнээс шороон зам гэхэд л агаарын бохирдлын 30 хувийг дангаараа бий болгож байдаг. Хүн бөөгнөрсөн газар бохирдол үүсэх нь ойлгомжтой боловч иргэн бидний ухамсарын асуудал энд нэн түрүүнд тавигдана. Бид хог хаяхаа болих, нүүрс түлэх, гудамжинд угаадсаа асгахаа болиход л орчины бохирдол 20 хувиар буурна гэсэн судалгаа бий. Тиймээс экологийн боловсролын асуудлыг дээшлүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.
-Манай нийслэлийн газар, хөрсний бүтэц нь ямар онцлогтой вэ?
-Улаанбаатарын хөрсний бүтцийн хувьд Туул, Сэлбэ голын хөндийд оршдог учраас хайрган хөрс ихтэй. Энэ нь хөрс амархан нэвчилтэд орж ундны усыг бохирдуулах аюултай юм. Туул гол урсч байхад хажуу талын 30-50 метр гүний ус давхар явдаг. Хэрэв та энэ орчмын хөрсийг бохирдуулбал гүний усыг бохирдуулж, нэг ёсондоо уух ус маань бохирдоно гэсэн үг юм. Тиймээс бид ухамсартай байх хэрэгтэй.
-Хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Хүмүүс хөрсний бохирдол, эвдрэл хоёрыг ялгадаггүй. Хөрсний бохирдол гэдэг нь янз бүрийн химийн бодис гаднаас орж ирээд хөрсний шинж чанарт нь нөлөө үзүүлэхийг хэлнэ. Харин хөрс нь механик өөрчлөлтөөр өөрчлөгдөөд алга болохыг эвдрэл гэнэ. Хөрсний бохирдлыг биологийн болон хүнд металлын бохирдол гэж хоёр ангилна. Нийслэлд биологийн бохирдлын хувьд Бөмбөгөр, Дэнжийн мянга орчим их байгаа бөгөөд нэг грамм хөрсөнд 2-6 сая нян агуулагдаж байна. Хөрсөнд агуулагдаж буй нянгийн тал хувь нь гэдэсний өвчин үүсгэгч савханцар нянгууд байгаа юм. Харин шатахуун түгээгч цэгүүдийн орчим нефтийн бохирдол их байна. Энэ нь ногоо ургах боломжийг үгүй хийдэг. Агаартай хурдан задралд ордог бөгөөд бид үүгээр удаан хугацаагаар амьсгалвал мэдрэлд нөлөөлөх цочроо үүсгэх аюултай юм.
-Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлын голомт нь гэр хороолол гэж байна. Үүнийг шийдвэрлэх ямар боломж байна вэ?
-Хотын хөрс гэсэн ойлголтыг ярих нь зүйтэй байх. Учир нь хот суурин байгаа тохиолдолд байгалийн хөрс гэж байхаа больдог. Өөрөөр хэлбэл, хотын хөрс бий болдог гэсэн үг. Улаанбаатар хотын хөрсийг сайжруулах арга нь хусч авах, хучих юм. Хөрсний нөхөн сэргээлт нь маш үнэтэй байдаг. Норвеги, Япон зэрэг орны туршлагаас харахад тэд бохирдсон хөрсийг хусч аваад өөр хөрс дэвссэн. Ийм тохиолдолд нэг га газрыг хучихад дунджаар 100-200 машин хөрс ордог. Харин АНУ бохирдсон хөрснийхөө 30-45 хувийг цементжүүлсэн байгаа юм. Түрүүн хэлсэнчлэн техноцим хөрс элэгдэлд орсон тохиолдолд дахин сэргээнэ гэж байдаггүй. Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлын гол эх үүсвэр болох гэр хорооллыг орон сууцжуулах, хатуу хучилтат зам тавих эсхүл ногоон байгууламж гэсэн гурван төрлийн арга байна.
-Өндөр хөгжилтэй улс орнууд энэ асуудлаа хэрхэн шийдэж байна. Манай орны хувьд хөрсний бохирдлыг багасгах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Японд хар тугалгатай ус тариалангийн талбайдаа алдсанаа мэдэлгүй тарьсан ногоогоо идээд “итая” хэмээх арьсны өвчнөөр 50 мянган хүн хүнд өвдсөн. Үүний дараа тариалангийн талбайн бүх хөрсийг хусч аваад өөр хөрс дэвссэн тохиолдол байна. Улаанбатар хотын Хар усан тохойгоос Маршалын гүүр хүртэл 15 худаг байдаг. Нийслэлийн цэвэр усны хангамжийг энэ 15 худаг хангадаг. 2006 онд эдгээр худагт судалгаа хийхэд нэгт нь гэдэсний өвчин үүсгэгч нян илэрч байсан. Үүний буруутан нь бид болж байна. Туул голын захын 30-50 метр зайд гүний ус нь давхар явдаг. Хэрэв та хог хаяж хөрсийг бохирдуулахад гүний усанд нэвчин бидний уух ус бохирддог. 2012 онд Газарзүйн хүрээлэнгээс доройтсон хөрсийг судалж, мөнгө заралгүй хялбар аргаар сайжруулах боломжтойг гаргасан байна. Судлаачдын хийсэн олон судалгаа байгаа ч авч хэрэгжүүлэх хүн байхгүй байна. Сэлбэ голын урсацыг сайжруулах төслийг авч үзэхэд ямар ч шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэгдээгүй харин хэн нэгний сонгуулийн PR, хэн нэгэнд таалагдах гэсэн ажил л яваад байгаа нь харамсалтай.
-Тэгвэл хөрсний бохирдлыг багасгахад иргэд хэрхэн оролцох ёстой вэ?
-Ил задгай шүлс хаялгүй, хог, угаадсаа ил задгай асгахгүй байвал үүнээс сэргийлэх боломжтой юм. Таны хаясан шүлс, цэрний нян нь хөрсөнд буугаад түүний жижиг хэсгүүдтэй барьцалдаж, машины дугуй эсхүл хүний хөлөөр агаарт дэгдэж тэр нянгаар бид эргэн амьсгалж байгаа гэдгийг ойлгох ёстой юм. Бас нэг жишээ дурьдахад, Ганданд нэг айл жорлонгийн долоон нүх ухсан байсан. Тэр жорлон нь гадуураа хучлага үүсгээд дотроо шингэн хэлбэрээр байх жишээтэй. Хүмүүс түүнийг байгальд задардаг гэж ойлгодог нь буруу юм. Хэрвээ жорлонгоо сороод байсан бол ийм зүйл болохгүй байсан. Хүний ялгадсанд дор хаяж хоёр сая нян байдаг. Түүгээр бид амьсгалж байгаа юм. Учир нь хөрс амьсгалахын тулд нүх сүвээр дамжуулан агаар сорж авдаг. Дараа нь илүүдэл хийгээ дээш нь ялгаруулдаг. Ингэснээр та булсан жорлонгийнхоо нянгаар амьсгалж, өвчинд өртөх аюултай байгаа юм. Энэ бүгдийг л ойлгож, ухамсарлах хэрэгтэй.
А.Хулангоо
5 Comments