Лагерийн зам эгнээд зогсчихсон “Портер” машинууд ичиж, зовох зүйлгүй нүүрс тарааж байна. Ямар буянтан нь “Хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруу”-д осгож үхчих шахан хавьтсан ойртсон болгонд нүүрс тарааж байгаа юм бол гээд хэрэгт дурлавал овоолттой нүүрсэн дээр тамхи баагиулж суусан сахалт хар “Аа мэдэхгүй. Нэг намын дарга нар л тарааж байгаа юмдаг уу даа” гэчихээд яриа дууслаа гэсэн шиг буруу хараад суучихдаг юм байна.
Тэр хавиар нь эргэлдэж болж өгвөл аль нэг намын нөлөө бүхий товариш, бүр арга ядарвал “2016 онд нийслэлд ч гэсэн гарчих юмсан” хэмээн ах нараа дагаад гүйж яваа “Шар завьжтан”- гуудын зургийг авчих санаатай алхлаа. Байдаггүй ээ, баригддаг гэнэн хонгор үзэгдсэнгүй. Харин өөрсдөө дулаан ордонд тарвалзаж суугаа тэд хэнийг зарахаа сайн тооцоолсон бололтой юм.
Ямарч л байсан гурван “Портер” нүүрсийг түмэнд тарааж буян болсон жолооч нар ч сэтгэл өндөр байгаа бололтой пижигнүүлсээр бараа тасарна лээ. Тэгвэл 2016 оны сонгуулиас бүтэн зургаан cap хагасын өмнө Сонгуулийн хуулийг бүр санаатай зөрчин хандив тусламж өгч, нэрийн хуудасаа дагуулан утасны карт тараасан “Ширэн нүүртнүүд”-тэй эрх баригч АН эвтэйхэн хамтарч зүүн дөрвөн замын уулзварт “Гудамж төслийг хэрэгжүүлсэн нь хэний гавьяа вэ. Сонголтоо өгсөн ард түмний гавьяа” хэмээн монголчуудыг уриалан дуудаж байна. Аргагүй л бэлтэй, эрх мэдэлтэй нам гэсэндээ 10-хан үгэнд ахадсан зай талбай эзлэнхэн нүүгэлтэж байна лээ. Бүхэл бүтэн эрх баригч нам ийнхүү бэл бэнчингээ гайхуулсан шиг дөрвөн замын уулзварыг эзэгнэж байхад нэрийн хуудас, утасны карт тараагчдыг бол “Эвий минь” гэж хэлж болох юм.
О.Магнай дарга асан шазуур зуун “нүүрсчин” болсон нь саяхны явдал. Мань эр ч халтайтлаа нүүрс тараасандаа ихэд “гутарч” дараахан нь тайлбар хийгээд авсан. Тэгвэл тун удахгүй баахан “түлээчин”, “гудамж цэвэрлэгч”, ”сайн дурын алиалагч”, “газрын наймаачин”, “талх боорцог тараагч” гуай нар шил шилээ
даран гарч ирээд ширүүхэн дайрах нь тодорхой. Яваандаа Баянхошуу, Улиастай, Толгойтын захын гэр хорооллын айлуудын хашааны хаалгыг балбаж “Есийн тос, буриад талх, савхан боорцог тарааж байна, хариуд нь ирэх сонгуулиар анжгайнхаа төлөө санал өгөөрэй” гээд зогсож байх “Хүнд гарууд” мөөг шиг л бүлт үсрэн гарч ирцгээхийг үгүйсгэх аргагүй.
Ер нь Сонгуулийн хуулиа өөрчлөхгүй байгаа МАНАН, МАХН-ынхан ямар тооцоо дотроо бодоцгоож, ханцуй дотроо наймаалцаж байгааг тааж ядах зүйлгүй. Суйлж сурсан зангаараа цагийг нь тулгаж байгаад л баруун зүүнгүй наймаалцаж таарна.
Тэгээд ч 2016 оны УИХ- ын сонгууль тун ширүүн болох нь өнөөдрийн “нүүрсчин”, “түлээчин” нарын үйлдлээс тодхон харагдаж эхэллээ. Одоо эдний араас “гap утасны суурин оператор”, бүр “яндан хөөлөгч”, “дугуй засварчин”, “орц цэвэрлэгч” нар овооролдон гарч ирээд Улаанбаатарыг хөндлөн гулдгуй бужигнуулж ч болно. Яагаад гэвэл улс орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн энэ осолтой цаг үед УИХ гишүүн болоод авбал “Тэнгэрийн өнөөх”- ийг атгалаа л гэсэн үг. Тэгээд хоёр жил УИХ-ын танхимд гайхаж сууж байгаад гурав дахь жилээс ганц нэг хуулийн төсөл дээр хамтран ажиллаж, УИХ-ын гишүүний хувь хишгээ хүртээд явахад бүх амьдрал нь тэгшрээд л ирнэ.
Ядаж л дөрвөн жил УИХ-д суугаад авбал байр оронтой, унах унаатай болчихно. Ийм Лусын бэлгийн төлөө өнөөдөр нүүрээ халтартуулан нүүрс тараагаад гүйхээс Арабын шейх л биш бол баргийн тэнэг татгалзахгүй. Хатуухан ч гэсэн өнөөдрийн Монголын үнэн энэ л байна.
Д.Түвшин
2 Comments