Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Л.Баянбат мэдээлэл өгөхдөө “Абдул Карим дуудлага худалдаанд оролцож, хэвлэх үйлдвэрийн барилгыг газрыг худалдаж авсныгаа цуцалж буйгаа мэдэгдэн өргөдлөө өглөө. Өргөдөл өгөх болсон шалтгаанаа “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэрийг гаргалаа. Дуудлага худалдааны ялагч болсон хэдий ч татгалзах нь зөв шийдвэр гэж үзсэн” гэж тайлбарласан хэмээгээд “Тиймээс дахин дуудлага худалдаа зарлахгүйгээр дараагийн үнийн саналыг өгсөн “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайханд эрх шилжих боломжтой. Бид түүнд саналаа хүргүүлнэ. Хэрвээ тэр зөвшөөрөхгүй бол дуудлага худалдааг дахин зарлах болно. Мөн дуудлага худалдаанд оролцох журмын дагуу Абдул Каримын дэнчинд өгсөн 710 сая төгрөгийг улсын орлого болгоно” гэсэн аж.
Болж буй үйл явдал, Абдул Каримын гаргасан шийдвэрт хоёр өөр дүгнэлтийг хийж болохоор. Юутай ч юун түрүүнд монголчууд түүнд талархах нь зөв байх. Монгол Улсын иргэдийн байр суурийг ойлгон хүлээн авч өндөр үнээр худалдаж авсан газраасаа татгалзаж буй нь жинхэнэ эр хүнээс гарах шийдвэр мөн болой. Учир нь Абдул Монгол Улсын иргэншилтэйн дээр бүх зүйл манай улсын хууль журмын дагуу явагдсан учраас хэл ам надад хамаагүй гээд гэдийчихэж болох л байлаа. Хоёрдугаарт, хүний хорвоод юугаар ч сольшгүй үнэт зүйл гэр бүлийн амар амгалан байдал, нэр хүнд, үр хүүхэд гэдгийг тэрбээр бидэнд зарим талаар хэлээд өглөө. Гуравдугаарт, дэнчинд тавьсан 710 сая төгрөг бол бага биш мөнгө. Татгалзсан тохиолдолд эргэж олдохгүй, тиймээс мөнгөө сул алдахгүйн тулд ямар нэг хуулийн цоорхойг ашиглаж болох л байсан. Гэвч тэр үүнийг асуудал болгохыг хүссэнгүй. Бизнес эрхлэгчид ямар нэгэн байдлаар эрсдэл хүлээхэд бэлэн байх учиртай гэдгийг тэр үйлдлээрээ харууллаа.
Ингэж хэлэхээр, монгол хүний мөнгө биш араб нөхрийнх гэж чичлэх нэган таарах л байх. Гэвч хүн гэх утгаар нь өмөөрч буй хэрэг. Тэгэхээр түүнд талархахгүй байхын аргагүй. Нөгөөтэйгүүр, асуудал эргэлээ. Монголчуудад, монгол хүнд өөрийн газар шороондоо эзэн суух боломж олдлоо. Нийслэлийн Өмчийн харилцааны газрынхны өгсөн мэдээллээр дуудлага худалдааны журмын дагуу 23 тэрбум 850 сая төгрөгийн үнэ хэлсэн “Таванбогд” группд шууд шилжуүлж болох аж. Үүнийг хэрхэн зохицуулах нь тус газрын дотоод асуудал. Харин үндэсний компани авах дээрээ тулахад Ц.Баатарсайхан чинь ийм, тийм нөхөр, түүнд яахаараа тийм их хэмжээний мөнгө байдаг билээ гэхчилэн өөлж мэдэх улс шүү дээ, манайхан чинь. Юутай ч асуудал санаснаар чинь болж, гадны хүнд очсонгүй шүү.
Ч.Чулуун
2 Comments