antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2015 1 comment

Хүний нутагт би аргал түүж гал түлэхгүй

нийтлэсэн Admin

Хүний нутагт би аргал түүж гал түлэхгүй
Хүний нутагт би адуу манаж хээр хонохгүй
Хүний нутагт би амрагтайгаа цэцгэн дундуур алхахгүй
Хүний нутагт би айргийн амтанд халамцаад уудам талаар давхихгүй
Хүний нутаг миний нутаг биш болохоор
Хүрээ татсан сарнаас нь домгийн шувуу нисэхгүй
Хүний нутаг миний нутаг биш болохоор
Хүрэн уулсын гүнээс нь буга урамдахыг сонсохгүй.
Хүний нутгийн хөрсөн дээр тэнгэр ширтэн хэвтэвч
Хүүхэд байхдаа нээсэн цэнхэр өнгийг харахгүй
Хүний нутгийн салхиар цээж дүүртэл амьсгалавч
Хөх өвсний үнэр сэтгэлийн гүнд амтагдахгүй.
Ангир цагаан сүүнийхээ дусал бүрээр ундаалж
Атга алтан шороонийхоо ширхэг бүрээр тоглож
Аавтайгаа хамт морь аргамжиж хоносон
Алтангадас одтой шөнөө санадаг болохоор.
Зүүдэндээ би хөсөг тэргээр нүүж
зүмбэр мөнгөн уулсынхаа бэлд нь бууж тайвширдаг юм
Зүрхэндээ би хүрэн бууцаа үгүйлж
Зүсрэх цагаан бороонд хааяахан норж уужирдаг юм.
Хүний нутгийн зүгээс нутгаа би ширтэхдээ
Хүйт даасан гудманд нь нулимсаа сэм унагадаг юм
Хүлээж хоцорсон Ижийгээ дэндүү их санахдаа
Хүсэл хорьсон хилий нь даваад гүймээр болдог юм.
Өссөн төрсөн нутгийн минь амьдрал буурай болохоор
Өөрийн эрхгүй би хүний нутагт явна
Үр хойчийнхоо жаргалд шигтгээ нэмэхийн төлөө
Үйлийн үртэй хорвоогоос мөнгө хайж сажилнам.
Тэртэй холд цэнхэртэх тэргэл сартай нутаг минь
Тэмээн жин хөвөрсөн тэнүүн сайхан нутаг минь
Эцэг өвгөдийн үлдээсэн энх саруул нутаг минь
Ижий Аавын амьтай миний ганцхан нутаг минь.

Дэлхийд тархсан Монголчууддаа зориулав.

“””” “””” “””

Ч.Чагнаадорж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочинЗочин (December 08, 2015 2:27:01 pm )

    Энэ цөвүүн муу цагт гадаадад гарч ажиллаж байгаа монголчууд монголд байгаа эцэг эх ах дүү үр хүүхдээ тэжээж мөн ч их буян хийж байна даа. Тэхэд монголын төр иргэдээ харж тусалж чадахгүй өдий хүрлээ.

antalya rent a car