antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2011 4 comments

Г.Уянга: Эрчүүдийн ертөнцөд өөрийнхөөрөө амьдрах амаргүй байна

нийтлэсэн Admin

Г.Уянга  бүсгүйтэй  уулзаж,  улс төр, сэтгүүл зүйгээс ангид сэдвээр  ярилцах юмсан гэдэг  бодол олон жилийн өмнөөс төрж билээ. Ашгүй  хүсэл минь биелж  намайг баярлуулав.

Хоног  тоолон  хүлээсэн амралтын өдөр болоход “Weekend Gribsийн  зочных рүү хөлгийн жолоо заллаа. Тэрбээр биднийг  халуун ам бүлээрээ  инээмсэглэж  угтахад  дотнын андындаа зочилсон мэт  сэтгэгдэл төрж байлаа.

Хотоос алсдуу орших  тэдний зусланд түр саатахад байгалийн сайхан, залуу гэр бүлийн элэгсэг дулаан уур амьсгал, хүүхдийн инээд хөөр стресс  гэдгийг ор тас мартуулж чадав.

-Амралтын өдрөөр танайд зочлохоор холоос зорьж  ирлээ. Биднийг  угтаж авна биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, тавтай морил. Тохижиж амжаагүй жаахан ундуй сундуйхан л байна.

-Ням гаригт   танайх  дуу шуугиан, хөл хөдөлгөөн ихтэй өнждөг  айл юм аа?

-Тийм ээ. Өнөөдөр та  бүхнийг  зочилж ирэхэд харин халуун ам бүлээрээ байж  таарлаа. Бидэнд ийм өдөр тун ховор доо. Амралтын өдрөөр дүү нар маань голдуу гэр бүлээрээ манайд зочилдог  юм.

Найз нөхөд ч ирнэ. Ням гаригт  хүүхдүүдийнхээ дуртай хоолыг  хийж, тэдэнтэйгээ ой модоор зугаалан юунд ч санаа зовохгүй цагийг өнгөрөөх сайхан байдаг.

Нэг тийм үг байдаг даа, “Жаргалтай амьдрал гэж байдаггүй, жаргалтай өдрүүд гэж байдаг” гэж. Гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг ийм өдөр миний  хувьд амьдралын  үнэ цэнэтэй өдөр. Би олуулаа бужигнаж өнжих дуртай.

Гэртээ цөөхүүлээ байх уйтгартай байдаг юм. Дүү нар руугаа байн байн утастаад манайд ирээч л гээд байна. Ямар сайндаа ээж “Амарсан өдрөө хүн гэртээ тухтай амаръя гэж боддог байхад чи хавийн амьтан дуудаад цуглуулчих юм” гэдэг юм.

-Тэгвэл та их нийтэч болохоор тэр байх, халуун дулаан уур амьсгал гэр бүлээс тань  мэдрэгдэж байна шүү?

-Монголчуудын амьдралын хэв  маяг иймэрхүү шүү дээ, гэр бүлсэг. Сүүлийн үед л суурьшмал амьдралын хэв маягийг дагаад хүн бүр тус тусынхаа завгүй амьдралыг хөөгөөд ах дүү нар ч уулзалдах цаггүй болчих юм.

Би айлын том болохоороо дүү нараа, тэднийхээ хүүхдүүдийг ойрхон өсгөх, жаргах зовохын алинд ч тэр бие биеэ гэдэг халуун бүлсэг байлгах ёстой гэдэг үүргийг өөр дээрээ авчихаад л цуглуулаад байна шүү дээ.

Нөхрийнхөө дүү нарыг ч ялгаагүй,  чимээгүй  болчихвол ажил, амьдрал нь ямар байна гээд сураг ажиг тавина, байсгээд утсаар ярина. Манай хүн над шиг тэгтэл байнга зууралдаад байхгүй. Ер нь ч эрчүүд тиймэрхүү байдаг биз дээ.

-Зусланд дуу чимээ багатай, хаашаа л харна ой мод, цэвэр агаартай юм. Энд төвхнөөд хэр удаж байна вэ?

-Өө, төвхнөх гээд л  сууна. Бага багаар цуглуулсаар нэг байшинтай боллоо. Гэхдээ дутуу зүйл их бий. Энэ өвөл эндээ өвөлжих санаатай. Хүүхдүүдийхээ эрүүл мэндэд юугаар ч үнэлшгүй том хөрөнгө оруулалт хийлээ гэж бид хоёр бодоод байна.

Манай энд телевиз бараг гарахгүй, утасны сүлжээ барихгүй, ёстой нэг чимээ шуугианаас ангид газар.Би өглөө эрт босч хүүгээ ойд салхилуулдаг юм, модон дотор агаар дахиад бүр өөр шүү.

-Маргааш ажлын өдөр. Та хаагуур, ямар ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?

-Би холбооныхоо ажлыг  идэвхжүүлэхээр саяхан хэвлэлийн хурал хийлгэсэн. Маргааш холбоон дээрээ очиж вэб сайтын ажилтай танилцана. Ирэх долоо хоногт хийх ажлынхаа төлөвлөгөөг  гаргаж, орон нутаг  руу  факсаар илгээнэ.  Ажлынхаа заваар хоол хүнсээ цуглуулчихаад, гэртээ эртхэн харихыг  бодно. Хотын зам ачаалал ихтэй болохоор өдрийн  хагасыг  түгжрээнд барах юм.

-Замын түгжрэлд орсон үед бухимдахгүй байж чаддаг уу?

-Нэгэнт машинтайгаа дундаас нь сугараад нисч чадахгүйгээс хойш бухимдаад нэмэргүй. Би тийм үед машиндаа дуртай дуугаа сонсдог. Сүүлийн үед ардын дуу сонсож бас сурч байгаа.

-Ардын дуунаас яг юу мэдэрч байна? Дуу бүхэнд сургамж, ухаарал бий биз?

-Янз бүр ээ. Дуу бүхэн тийм биш шүү дээ. Зүгээр л хайр, бүтээгүй дурлал… Хуучин богино дууг завхай дуу гэдэг байсан юм билээ. Зүгээр л архи дарсаа сөгнөж байгаад сайхан найрлацгаая, ямар сайхан хүүхэн, залуу вэ? гэсэн агуулгатай дуунууд ч зөндөө л байна.

Ардын дуу гэхээр л бөөн ухаан байна гэж байхгүй, зүгээр л одоо бидний үе шиг тухайн үеийн хүрээнийхний хөнгөн гунигаар зохиочихсон дуунууд ч байгаа шүү дээ.

-Тэгээд та юунд нь татагдаав?

-Ая, аялгуу, донж нь их гоё. Нэг дууг хүн бүхэн өөрийнхөө донж, аялгуугаар дуулж болдог нь бас сонин юм билээ. Тухайлбал, “Сүнжидмаа” дууг  дуулсан дуучид өөр өөрийнхөөрөө огт өөрөөр дуулсан байна.

– Ямар ч байсан та бол найранд гурван дуутай л юм байна. Ер нь найз нөхөдтэйгээ “шоудна” биз? 

-Тийм ч элбэг биш ээ, ялангуяа сүүлийн үед нялх хүүхдүүдтэй болохоор бүүр ч орхигдсон.

Бага маань хоёр ой дөхөөд ирэхээр нөхчихнөө (Инээв). Ер нь Ардчилсан намаас гарснаас хойш байнгын тогтсон хамт олонгүй удсан байна. Харин ирэх долоо хоногийн амралтын өдрүүдээр АН-д хамт ажиллаж байсан нөхөд маань уулзана гэж байна. Тэнд л ёстой шоу болох байх.

-Нөхөр тань түүхэн ном, зохиол, судалгааны бүтээл их сонирхож уншдаг  хүн шиг санагдлаа?

-Нөхөр маань түүх, улстөр, эдийн  засаг гээд л мэдэхгүй юм ховортой хүн шүү дээ. Ном хаялцаж, цэц булаалдлаа гэхэд хэр баргийн хүнийг  урдуураа оруулахгүй.

Монголын эрдэм мэдлэгтэй нэртэй түүхчид манай хүнийг тоож нөхөрлөдөг юм. Ямар ч хүнтэй ямар ч сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж чаддаг боловсролтой, ер нь их сонирхолтой залуу. Би гол нь тэрэнд нь татагдсан юм.

-Ер нь та эрчүүдийн ямар чанарыг үнэлдэг вэ? Заавал нөхөрт чинь хамаатуулж асуугаагүй шүү.   

-Уйлж дуулсан, гуньж гиюүрсэн, бачимдсан, гутарсан, эсвэл дандаа л дурлаж байдаг хөнгөн хөвсгөр сэтгэлтэй эрчүүд хэзээ ч миний сонирхлыг татаж байсангүй.

Би хүчирхэг эр хүнд илүү татагддаг байх, оюун санааны хувьд хэлж байна л даа. Манай хүн тийм хүчирхэг хүн. Өндөр боловсрол өргөн мэдлэгтэй. Тэгсэн хирнээ их энгийн. Нөхрийнхөө нулимс гаргаж, эсвэл бачимдан уурлаж байхыг  би ер хараагүй.

Бид дардан замаар замнаж  энэ амьдралд хүрээгүй юм шүү. Амьдралын хүнд  хэцүү үеийг  бусдын адил туулсан. Өвчтэй ээжийгээ асарсан, нялх хүүхэдтэй, өөрийн гэсэн орон гэргүй хоёр оюутанд амаргүй өдөр зөндөө л байсан.

Нөхөр маань өглөө хичээлдээ явж, өдөр  ажил хийж, шөнө нь нийтлэлээ бичээд суудаг байлаа. Саад бэрхшээлтэй  тулгарч  байх үедээ хэцүү байна гэж хэлж байгаагүй. Зовлон шаналлаа бусдад нялзааж цацдаггүй, хаттай эр хүн.

-Та бас түүний мөрөөдлийн “гүнж” нь байсан уу?

-Тийм болоод л өдийг хүртэл ахуйн ямар ч хэрүүл маргаангүй жаргалтай амьдарч байгаа болов уу. Хуягаа оюутан байхын л ууртай ч юм шиг нухацтай царайлсан, багш нартай цэц булаалдаж маргасан, ангийнхаа 50аад бүсгүйг үл тоомсорлосон залуу байсан. Энэ залуу бүсгүй хүнд яаж хайраа илчилдэг бол гэж бодох надад тэр үед их сонин байсан шүү.

-Тэгээд та эргүүлээд суучихсан юм биш биз?

-Ер нь л би татагдсан. Сая хэлсэн шүү дээ, тэр их хүчирхэг эр хүн гэж. Харин сүүлд суусан хойноо, чи яагаад хүүхнүүдийг үл тоодог байсан юм бэ гэж асуусан чинь харин, “Чамд зориулсан тактик байсан юм ” гэж байсан. Ер нь манай хүн нэг их нялуураад байн байн хайртай дуртай гээд байдаггүй. Гэлээ ч түүнээс намайг, гэр бүлээ гэсэн агуу хайр байнга цацарч байдаг, түүнийг нь зөвхөн би л мэдэрч чадна.

Би ч бас тэр өөрийн эрхгүй татагдсан хүчирхэг залуугийн өөрийн болгоё гэж шийдээд тактик боловсруулахад хүрсэн тэр охин нь хэвээрээ л байхсан гэж хичээдэг. Нөхрөө амарсан үед нь юм угааж, их цэвэрлэгээ хийж хөглөрүүлээд л, үсээ шууж хөлсөө гоожуулсан амьтан байлгүй ердөө л амраах ёстой гэж үздэг. Гэрийн ажлаа эзгүйд нь л хийнэ шүү дээ.

Бас бүх зовлонгоо түүнтэйгээ хуваалцах ёстой ч гэж боддоггүй, заримыг нь өөрөө давж гарахыг бодно. Гэхдээ л хэн хэнийхээ ингэж байгааг нь хоюулаа мэдчихдэг болчихсон доо, одоо бол.

-Нөхөр тань “25 дугаар суваг”  телевизийн  сэтгүүлч. Нэг гэр бүлийн хүмүүс мэргэжил нэгтэй байх нэг бодлын хэцүү, нөгөө бодлын амар байдаг байх аа?

-Хэцүү  биш ээ, харин ч  амар. Нэг  нэгнийхээ  ажлыг  сайн ойлгоно, бас дэмжинэ. Ярилцах сэдэв олон, илүү өргөн хүрээтэй.

Танилын хүрээ ч нийтлэг болохоор бие биедээ сонин болгож ярих сэдэв мундахгүй. Нам хөдөлгөөн, улс төр, Хурцын асуудал гээд л цаашаа Бен Ладен хүртэл явж өгнө шүү дээ. Би нөхрийнхөө бичсэн нийтлэлийг сонинд нийтлэгдэхээс өмнө  түрүүлж  уншдаг  анхны уншигч.

Уншигчийн зүгээс санаа бодлоо хэлнэ. Бид хоёрын яриан дундаас нийтлэлийн сэдэв гарна. Сэтгүүлч  гэр бүлийн амьдрал жирийн гэр бүлээс арай өөр. Сэтгүүлч жүжигчин хоёр байсан бол ийм сайхан найрал зохицол байхгүй л байсан болов уу.

-Хүүхдүүд чинь эмээдээ их хайртай юм. Найдвартай ар талтай байх сэтгэл тайван ажлаа хийх амар байдаг биз?            

-Тэгэлгүй яах вэ. Манай хүүхдүүд эмээдээ их хайртай. Хот руу явах гэхээр нь дагаж уйлна. Ээж манайхаас явах гэж бөөн комбинац зохионо шүү дээ, одоо охин том болчихоод баргийн юманд хууртахаа байчихаад байгаа юм. Ээж ч гэсэн хотын төвд байх нэг их дуртай биш.

Ач, зээ нараа санана, бас хотод бүгчимдээд унтаж чадахгүй нь гээд л хүрээд ирнэ. Зээ нараа их эрхлүүлнээ. Тэгээд л гэрт байхаараа угааж арчихаас өгсүүлээд зүгээр байна гэж байхгүй. “Өөрийгөө битгий ядраа, зөвхөн хүүхдүүдээ хараад л байж бай” гэнэ, мэдээж биеийнхээ амраар байна гэж байхгүй.

Уг нь ээж  гэртээ яг л хатан хаан шиг байдаг хүн шүү дээ. Аав ээжийг  ямар ч гэрийн ажилд хүргэдэггүй, хоол цайг нь зэхээд л. Манай аав гэж бас сайхан хүн бий, гэрт ирэхээрээ ч хоол хийгээд л, гэртээ байхдаа ч аав нь тийм хоол хийчихлээ, ирж идэцгээ гээд л. Би нээрээ ярилцлага өгөхдөө аавыгаа бараг ярьж байгаагүй юм байна.

-Өдөржин ажиллаад ядарсан бүсгүйн стрессийг хүүхдүүдийнх  нь инээд хөөр ор тас мартуулдаг байх даа?

-Орой гэртээ ирэхдээ хүүхдүүдийнхээ “Аав аа, ээж ээ” гээд л бөөн дуу шуу болж угтах тэр мөч мөн их аз жаргал шүү дээ. Үүн шиг  сайхан  жаргал хорвоод лав үгүй  байх. Үр хүүхдүүдийнхээ  эрүүл саруул өсөж байгааг харахаар бахархмаар сайхан байдаг.

-Дандаа инээдэг, эсвэл дандаа уйлдаг амьдрал гэж байдаггүй шүү дээ. Хааяа сэтгэлээр унаж гутрах үе байж л байгаа. Тийм үед та яадаг вэ?

-Тийм хүнд үеийг би хэдэнтээ туулсан, хойшид ч тохиолдох биз дээ. Ардчилсан нам, Эх орон ардчилал эвсэл ялсны дараа намайг ямар оргилуун байсан гэж бодноо?

72 суудалтай эрх баригч МАХН-ыг биш, гудамжинд байсан АН-ыг сэтгэл зүрхээрээ сонгож очсон, ялуулахын төлөө чин сэтгэл зүрхээ зориулж ажилласан, тэгээд ялсан. Одоо л өөрийнхөө чаддаг юмаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна даа гэж хорин хэдхэн настай охин юу мөрөөдөж байсан гэж бодно?

Гэтэл юун би вэ, ялалтын дараа албан тушаалын наймаа хуйвалдаан болж, бүгд л Уянгаа шиг муу хүн байхгүй мэт аашилцгаахад үнэндээ шоконд орсон. Чи Энхсайханыг дагасан биз дээ ч гэх шиг. Гэхдээ тэр нь хөөрхий хөгийн шалтагтай. Уянга сайн ажилласан тул албан тушаалд хүрнэ, тиймээс түүнийг Алтан гадасыханд муулж байж л би ажилтай болно гэсэн.

Би ардчиллын, Ардчилсан намын төлөө гэж бодож байхад шүү.  Олон жил намын нэвтрүүлэг хийгээд буцаад ТВ-д ажиллах боломжгүй болсон байсан, ингээд ажил ч үгүй, бүр халаасны мөнгө ч үгүй гудамжинд. Хүмүүс ийм юм хийж чаддаг гэдгийг би ойлгосон.

Би тийм хүнд сэтгэлийн дарамтанд орж үзээгүй байсан. Иймэрхүү барьцгүй, хүнд зүйл  тохиолдоход хүн сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, аливаа зүйлд, хэн нэгэнд хэтэрхий гэнэнээр итгэж, өөрийгөө ор тас хаяж болохгүй юм байна гэдгийг мэдэрсэн.

Энэ миний сэтгэлийг их гүн шархлуулсан. Дахиад ч иймэрхүү зүйл тохиолдсон, гэвч ийм хүнд шарх автлаа зүтгэсэн миний хохь, миний буруу. Би ийм дүгнэлтэд хүрсэн. Амьдрал  хүнийг өөрөө хүмүүжүүлдэг юм билээ.

Гэсэн ч бас иймэрхүү хүмүүс олон бий, ийм байдлаас болж итгэл, сайхан сэтгэлээ гээж, ер нь өөрийгөө эвдчихгүй юмсан  гэж бас бодох юм. Зарим зүйлийг мартаж хаяад л урагшлах хэрэгтэй.

Албан тушаал,  улс төр, энэ бүхэн үхэхийн цагт юу ч биш шүү дээ. Би маргааш ч үхчихэж болно. Гэтэл хүмүүс үүний төлөө үхэлдэж нэгнээ гомдоодог. Түүнд ямар нэг сайхан юм байдаг л байх , би бас түүнийг нь мэдэхгүй байж болох юм даа.

-Та үхлийн тухай ярилаа. Бурхан шүтдэг үү?

-Мэдэхгүй ээ, шүтдэг байх. Ямар нэг далдын хүч, нөлөө байдаг гэдэгт итгэдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ, хүнд хувь тавилангаа залах бололцоо байдаг гэсэн.

“Бард тойдол”-ыг уншаад үхлийн тухай бодож үзсэн, тэгж байтал харин Далай багшийн нэг номон дээр “Үхлийн тухай өдөр бүхэн бодож бай. Тэгвэл бусдыг энэрч хайрлаж, амьдралынхаа өдөр хоногуудыг утга учиртай өнгөрүүлэхэд тустай” гэсэн агуулгатай зүйл бичсэн байсан. Бодоход үнэхээр тийм шүү дээ.

Миний найз нөхөр, ойр дотнын хэн нэгэн маргааш явчихлаа гэж бодоход би түүнийг гомдоочихсон байвал ямар муухай вэ? Харин амжаад баярлуулсан байх ёстой. Яг үүнтэй адилаар би бас яваад өгвөл яг өнөөдөр намайг дурсах сайн сайхан дурсамж хүн бүхэнд заавал байгаасай гэж би хүсдэг.

-Энэ таны амьдралын философи уу?

-Тийм ч байж магадгүй, би хүмүүст ингэж л ханддаг.

-Хүүхдүүддээ бас л ингэж хэлж сургадаг уу?

-Одоохондоо ч тийм нарийн ширийн юу ойлгохов дээ, гол нь амьдралаа аваад явчих сайн ажил төрөлтэй, боловсролтой, ухаалаг, хүнлэг байгаасай гэж хүсч, байгаагаараа нөлөөлөх гэж хичээнэ.

Гэхдээ бас энэ их бохирдсон нийгэмд нэг их сайхан сэтгэлтэй, шударга  хүн болгоод  хүмүүжүүлэхээр ашиг хонжоо харсан зальтай хүмүүст ашиглуулан, хохирч үлдэх вий гэж бодох юм. Би хүүхдүүдээ амьдарч байгаа нийгмийнхээ сайн мууг ойлгож мэдэрч өссөн нь дээр гэж үздэг.

-Танд эмэгтэй хүнд баймгүй  дайчин, зоримог  зан байдаг. Магадгүй энэ зан чинь таныг  хурцалж, улс төрд  хөл тавих, олныг  тэмцэлд уриалан дуудахад нөлөөлсөн юм болов уу?

-Цаанаасаа зурсан зураг нь ийм юм байлгүй дээ. Түүнээс биш би өөрөө л нээг их мундагтаа ингэж яваагүй байхаа.

Их л залуудаа улс төрийн амьдралд гүнзгий хөл тавьж сайн муу олон юмыг нь өөрийнхөөрөө л таньж мэдээд “Нялх тугал бараас айдаггүй” гэдэг шиг  л явсан. Заримдаа надад арай өөр хувь тавилан тохиосон ч болоосой гэж боддог үе байдаг. Тийм бодол жаахан унтарсан үед орж ирнэ л дээ.

Би нэг удаа телевизээр төгөлдөр хуурч  Цолмон гуайн  тухай нэвтрүүлэг үзээд тэр эмэгтэйд их “атаархаж” билээ. Цолмон гуай үнэхээр сайхан эмэгтэй. Тэр миний байнга мэдэрч байдаг ядуу, хэрүүл уруултай, хөгжилгүй Монголын нийгэмд биш огт өөр сайхан ертөнцөд амьдардаг эмэгтэй шиг санагдсан.

Үлгэрийн ертөнцөд амьдардаг гүнж ч юм уу, ямар ч байсан нэг л өөр ертөнц. Түүний ертөнц бол сонгодог урлаг, төгөлдөр хуур, сайхан ая, хөгжим… Түүний нөхөр Ш.Алтангэрэл гуай энэ нийгэмд биш тэр өөр ертөнцөд гэргийгээ амьдруулж байдаг сайхан хань байх.

“Манай Цолмон талх ямар үнэтэй байдгийг  ч мэддэггүй, амьдралаас дэндүү тасархай” гэж хэлж байсан гэсэн. Тэр нэвтрүүлгийг үзэж суугаад би юу гэж бодсон гээч? Хойд насанд минь энэ эмэгтэй шиг хувь тавилан заяавал би лав татгалзахгүй ээ.

-Ханийн тань ойлгож дэмждэг зан танд урам зориг, эрч хүч өгдөг байх аа?

-Би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог.  Амьдралд олны дундаас сайн ханийг олж ханилна гэдэг амаргүй.

Олон хүн амьдралд бие биенээ зөв олоогүйгээс зовж шаналдаг, салж нийлдэг. Гэтэл надад тийм тавилан тохиосонгүй. Харин ч энэ талаар бурхан харж үзжээ. Гэр бүлд байдаг хадам хүргэний, хадам бэрийн асуудал бүр өчүүхэн ч байхгүй.

Хадам эгч маань надад зориулж ханийг минь олж, хадам ээж минь өсгөсөн юм шиг санагдаж би тэднийгээ ихэд хайрлан хүндэлдэг. Манай хүн айлын өргөмөл ганц хүү, хадмууд маань ёстой л тосонд умбуулж өсгөсөн гэдэг юм. Хуягаа “Үндэстэн бол биологийн биш нийгмийн үзэгдэл, би халх цустай ойрад хүн” гэдэг юм.

Халимаг Жангарыг шууд жншаад, халх жангараас илүү мэдэрч ойлгоод хүүдээ ярьж өгөхийг харахаар тийм ч юм шиг. Манай аав, ээж ч Хуягаад их сайн. Намайг  “Хүүд минь чи цай хоолыг нь хийж өгч, сайн халамжилж байгаа биз” гэж зэмлэнгүй асууна.

Тэгэхээр л өөр тодорхойлолт хэрэггүй байгаа биз дээ? Чи ч надаар Хуягааг л баахан магтууллаа. Эхнэрээ магтдаг эрийг л тэнэг гэж сонссоноос эрээ магтдаг эхнэр тэнэг гэж сонсоогүй юм байна, гайгүй байгаа (инээв)

-Та ирэх сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшинэ. Чингэлтэй дүүрэгт  хоёр удаа нэр дэвшсэн. Гурав дахь удаа нэр дэвшвэл сонгогчид арай онхолдуулахгүй болов уу гэж бодоод байгаа.

-Сэтгүүлч бүсгүйчүүдээс та улс төрийн амьдрал руу хамгийн зоригтой ханцуй шамласан. Улс төр таныг ямар байр сууринд аваачив?

– Улс төр намайг хат суулгаж байгаа байх . Улс төр эмэгтэй хүнд заримдаа хэцүү юмаа, нуугаад яахав. Зарим үед эмэгтэй шинжээ гээж, эрчүүдтэй үзэлцэх асуудалтай ч тулгарна. Эрчүүдийн ертөнцөд өөрийнхөөрөө амьдрах амаргүй байна. Гэхдээ би одоогоор шантраагүй л байна.

-Ойрын жилийн танай гэр бүлийн төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Лав хүүхэд байхгүй. Инээв. Бид хоёр чинь зэрэг, цол хэргэм, гавъяа шагналд ач холбогдол өгдөггүй орчин үеийн залуу хүмүүс. Харин нөхөр маань ном болговол хэдэн боть болохоор их зүйл бичсэн байна.

Ойрын үед сэдвээр нь ангилж ном болгох үүргийг би өөртөө аваад байгаа, түүнийгээ заавал хийнэ дээ. Түүх, улс төр, эдийн засаг, шашин гүн ухаан, геополитик гээд олон чиглэлээр олон өгүүлэл бичсэн байна.

-Ном гэснээс та өөрийнхөө амьдрал тэмцлийн тухай бичих үү?

-Бичих байх, гэхдээ одоохондоо арай эрт байна. Миний өөрийн тухай юу байх вэ? Харин нийгмийн хөгжлийн энэ сонирхолтой үеийн тухай бичих ёстой. Олон найз, хамтран зүтгэгчдийнхээ тухай бичих ёстой.

Харин түүний тулд баримт сэлтээ сайн цуглуулж байх хэрэгтэй байх. Надад чамгүй архив цуглараад байгаа, тэгээд ч би сэтгүүлч хүн.

-Ойрын үед номын сангаа ямар номоор баяжуулав?

-Сүүлийн үед гарсан номноос манай хүн хоцорно гэж байхгүй ээ. Сүүлийн үед манай номын сан хүмүүсийн бэлэглэсэн зуу шахам номоор баяжсан байна билээ. Нөхөр маань “Зохиолчтой уулзах цаг” нэвтрүүлэг  хийдэг. Түүгээр орсон хүмүүс нь гарын үсэгтэй номоо бэлэглэдэг.

Өчигдөр гэхэд л түүхч  Н.Нагаанбуу гуай “Монголчуудын язгуурын гүн ухаан” хэмээх шинэ номоо бид хоёрт бэлэглэлээ. Мөн Х.Болорболдын орчуулгын номууд байна, хамгийн сүүлд тав байна уу, зургаа дахь нь гарлаа, “Цайтгейст” гээд. Бас бэлэг. Гэх мэтчилэн бий бий.

-Ард түмний  хайр, хүндэтгэл  танд ямар бодол төрүүлдэг вэ?  

-Хүмүүсийн дэмжлэг, намайг хайрлаж байгаа хайр нь  урам зориг өгч намайг цэнэглэдэг.

Баян–Өлгийгөөс огт  танихгүй хүн  надад  “Ард түмний холбооны Уянгаа төрсөн гэсэн. Шөл ууг” гээд бүтэн хонины мах өгч явуулсан байсан. Би бүр гайхаад, сүүлдээ санаа зовсон шүү. Таныг  дайлж байгаа энэ өрмийг Дорнодын Дашбалбараас, энэ чанамалыг Завханы Тосонцэнгэлээс манай холбооныхон явуулсан юм.

Хүмүүс намайг чин сэтгэлээсээ хайрладаг. Тийм болохоор олны хайр энэрлийг улс төрийн тоглоом шоглоомд буруугаар ашиглуулчихгүй юмсан гэж боддог. Би ядарсан ард түмэндээ хайртай.

Жинхэнэ төрийн хүн бол ард түмнээ төрүүлсэн үр хүүхэд шигээ хайрлах ёстой гэж боддог. Намайг  харахаар  нүд нь хорсдог, ярихаар чихээ бөглөдөг олон хүн байдаг биз. Гэхдээ тэднээс ч олон хүн намайг хайрладаг гэдэгт би итгэдэг.

-Таны хэлэх дуртай үг?

-“Чи ямраар дурсагдахыг хүснэ, яг тэгж амьдар”.

-Та олны дунд амьдарч, дуу хоолой нь болж чаддаг. Ард түмэндээ хандаад урмын сайхан үгээр яриагаа өндөрлөх үү?

-Яг сая хэлсэн үгээ давтмаар байна. Нэгхэн олдох амьдралыг амьдарсан шиг нэр төртэй сайхан амьдаръя л даа. Энэ бол баян хангалуун амьдрал гэсэн үг биш. Айж хулчийж биш, нэр төртэй амьдрахыг хэлж байна.

Эх сурвалж: “Ням гариг” сэтгүүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (October 06, 2011 4:20:08 pm )

    mundag huuhen shvv

  • Anonymous (October 07, 2011 9:27:36 am )

    Amjilt husie

  • Anonymous (November 06, 2011 9:08:41 pm )

    Amjilt husye

  • Anonymous (November 06, 2011 9:38:44 pm )

    Uneheer gaihaltai emegtei, baharhahgui baihiin argagui.Ene jijighen bienii haanaas ni gardag yum be gemeer er zorig daichin chanar. Gadnaas ni harahad tsarailag,tuyahan.Neeree l er hunii hairand ulgiiduuleed suuj baimaar busgui. Getel uls turiin temtsliin zamiig songood, uzeg tsaasnaas uur zevsegguigeer tulaldaj yavdag.Chamtai “Uls turiin sonin” gargaj baisan tsagaas chini l echnee tanil bolson.Nuur tulan uulzaj yavaagui ch yarij bichij, hiij baigaa buhniig tani anhaaraltai ajiglaj chinii tuluu zalbirch yavdag jiriin l neg emegtei. Saihan ch ger bul Baatarhuyag ta hoyor. Tanai ger buld bayar bayasgalan, ineed huur, amar amgalan, aliv sain buhniig husen eruuj baina.

antalya rent a car