antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 3, 2012 1 comment

Нууц камертай цагдаа дүрэм зөрчсөн жолоочийн эрхийг хасч байна

нийтлэсэн Admin

-УИД-ИЙН ДЭРГЭД ГАНЦ ЦАГ ЗОГСОХОД Л АРАВ ГАРУЙ ЖОЛООЧ УРСГАЛ СӨРЖ ЭРХЭЭ ХАСУУЛАВ-

“Цагдаа харагдахгүй байна, цагаа хэмнэнэ ээ” гээд урсгал сөрж, улаан гэрлээр дайрдаг цаг өнгөрсөн тухай манай сонин уншигчдадаа мэдээлж, сануулж байсан билээ. Цаана чинь, замын цагдаа нар хувийнхаа машинд хяналтын камер суурилуулчхаад дүрэм зөрчсөн жолооч нарыг гэнэдүүлж байгаад саатуулчхаж байгааг албаны хүнээс оны өмнө тодруулснаа хүргэсэн. Бур бусдыгаа үл хүндэтгэн урсгал сөрж түгжрэл үүсгэн, улаан гэрлээр дайрч осол гаргах дөхөж байгаа нөхдүүдийн жолоо барих эрхийг шууд хасч байна. Ийм мэдээллийг уншаагүй, эсвэл анзаараагүй, тоогоогүй хэдэн арван иргэн арга хэмжээ авахуулж байгаа аж. Цагдаа нар хувийнхаа машинд  камер  суурилуулснаас хойш нийслэлд 500 шахам жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр жолоо барих эрхээ хасуулжээ. Тиймээс бид уншигч жолооч нартаа анхааруулга өгөх үүднээс цагдаагийн камертай машинаар явж сурвалжлага хийлээ.

УРСГАЛ СӨРӨӨД СУРЧИХСАН ГАЗАРТ ЧИНЬ ЦАГДАА НАР “НУУГДАЖ” БАЙГАА ШҮҮ

Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасагт очиход цагдаагийн ахмад Г.Ганбаатар нэлээд зузаан цаас дэлгэчихсэн сууж байв. Сүүлийн өдрүүдэд жолооч нарт арга хэмжээ авсан баримтуудаа компьютерт шивж байгаа нь тэр аж. Г.Ганбаатар ахмад бичиг баримт цэгцлэх ажлаа хойш тавин зам руугаа гарахаар боллоо. Ингээд түүний машинд тус дүүргийн цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах, урьдчилсан сэргийлэх байцаагч, ахлах дэслэгч Б.Лхагважаргал, дэд ахлагч Б.Амармэнд нартай хамт ажилдаа гарлаа. Жолооч нарын урсгал сөрөөд хэвшчихсэн уулзваруудыг цагдаа нар андахгүй юм. Тэнд тэгээд л зогсч байхад нөхдүүд урдаас урсгал сөрөөд гараад ирнэ шүү дээ гээд ярьцгаана. Чингэлтэй дүүргийн хувьд тийм уулзваруудын нэг бол Чоймбалын гудамж буюу 11 дүгээр сургуулийн хойд уулзвар. Тэр уулзвараас гарч ирсэн машин урсгал сөрж давхиад л төв зам руугаа ордог бичигдээгүй хууль байдаг аж. Мөн Тасганы овоо ч жолооч нарын урсгал сөрж түгжрэл үүсгэдэг замуудын нэг. Өчигдрийн хувьд үдээс өмнө тэнд түгжрэл бага, хөдөлгөөн сийрэг байсан учраас жолооч нар урсгал сөрж харагдсангүй. Ерөнхийдөө жолооч нарт сануулахад, урсгал сөрөөд хэвшчихсэн уулзвар, замуудад чинь цагдаа нар “нуугдаж” байна шүү. Тэдний сууж байгаа машин хувийнх нь учраас цагдаагийнх гэж мэдэгдэхгүй. Жолооч нар дүрэм зөрчсөнийхөө дараа “Цагдаа байсныг ёстой харсангүй” гэж халагладаг гэсэн. Тэгэхээр хором бүрт дүрмээ баримтлаад явбал зам тээврийн осол болон цагдаа нарт арга хэмжээ авахуулах эрсдэлгүй гэдгийг замын цагдаагийнхан сануулж байсан.

Г.Ганбаатар ахмадын яриагаар хөдөөнөөс шилжиж ирсэн нөхдүүд замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэг тэмдэглэгээг бараг мэддэггүй гэнэ. Тэд ёстой л урдах машинаа дагаад гэлдэрч байхад болно гэсэн аятай явдаг аж. Зарим нь бүр бусад жолооч нараа хорлох гэж байгаа мэт урдуур нь дайрч, эсрэг урсгалаар зүтгэж хэдэн цагийн түгжрэл үүсгэчихдэг учраас нийслэлийн соёл, дүрэмгүй явдаг нь бусдыгаа хорлож орхидог гэнэ. Сүүлийн үед таксины үйлчилгээ үзүүлдэг компанид ихэвчлэн орон нутгаас шилжин ирэгсэд орсон нь мэдрэгддэг гэнэ. Учир нь дүрэм зөрчөөн жолооч нарын олонх нь хөдөөнийхөн байдаг аж. Бас таксинд явж амьдралаа залгуулдаг, эрхийг нь хасчихвал цаана нь гэр бүлийнхэн нь хэцүүдэх жолооч нар ч цөөнгүй байдаг. Тэдний эрхийг хасах өрөвдөлтэй байдаг талаар ч учирлаж байсан.

mashin“ЭНД УРСГАЛ СӨРӨӨД ДАДАЛ БОЛЧИХОЖ. УУЧЛААРАЙ”

Бид Тасганы овооны уулзвараас Чингэлтэй дүүргийн цагдаагийн тасаг руу явж байтал 96-16 УБЗ улсын дугаартай Suzuki маркийн автомашины жолооч “Тэди” төв рүү эргэх гэж байснаа гэнэт чиглэлээ өөрчлөн чигээрээ яваад өглөө. Түүний эгнээ байраа буруу эзэлж яваа нь камерт бичигдсэн тул зогсоож бичиг баримтыг нь шалгалаа. Жолооч Т.Энхтөр ямар алдаа хийснээ мэдэж байгаагаа хэлээд торгуулмаар байгаагаа учирлалаа. Г.Ганбаатар ахмад түүнд 5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаа хэлтэл мань хүн дөнгөж гэрээсээ гарч байгаа тул 2000 болтол бууруулахыг гуйлаа. Хэсэг гуйснаа яршиг гэж бодов бололтой торгуулийнхаа мөнгийг өгөөд салсан юм.

Ингээд бид УИД-ийн зүүн талд машинаа байрлууллаа. Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгаас гарснаас хойш өнөөх нууц камер ажилласаар байсан юм. Уг камер нь тасралтгүй найман цаг хүртэл бичлэг хийх боломжтой аж. Цагдаа нар камерт бичигдсэн дүрсээ архивлаж байгаа гэнэ.

УИД-ийн зүүн талын уулзвараар жолооч нар ихэнхдээ дүрэм зөрчиж урсгал сөрдөг гол замуудын нэг юм байна. Тэнд очсон даруйд 12-56 УБВ улсын дугаартай машин УИД-ийн урд замаар явж байснаа урсгал сөрж зүүн тийш эргээд ороод ирэв. Тэр машины жолооч Г.Бат-Орших аавдаа бичиг хүргэж өгөх гээд яарсан нь тэр гэнэ. Таван жил машин жолоодож байгаа тэрбээр УИД-ийн тэнд урсгал сөрөөд дадал болчихсон талаараа ам алдчих юм. Мань хүн “Миний буруу уучлаарай. Нэг удаа өнгөрөөчих л дөө. Эрхээ хасуулчихвал цэцэрлэгт хүүхэд хүргэх хүнгүй болох нь” гэж гуйна. Жолоо барих эрхийг нь хасах маягт бөглөж дуустал уучлал эрж, эрх хасахгүй торгоод өнгөрөөхийг гуйж байлаа. Гэвч түүний жолоо барих эрхийг зургаан сараар хасчхав. Түүн шиг дүрэм зөрчсөн дараагийн жолооч бол М.Ундармаа. Нэгэн компанид нягтлангаар ажилладаг тэрбээр “Дүү нь аягүй их гадуур явдаг ажилтай. Эрхээ хасуулчихвал намайг ажлаас гаргачихна шүү дээ. Анх удаа л яараад дүрэм зөрчихлөө. Түүнээс би дандаа Цэцэг төвийн уулзвараар эргэдэг юм аа” гэж гуйж, бас уйлж үзэв. Ахмад түүнийг өрөвдсөнгүй мөн л эрхийг нь хасчихлаа. Цаг хүрэхгүй хугацаанд дээрх хоёртой адил зөрчил гаргасан 12 хүний бичиг баримтыг хураасан юм. Сүүлдээ эрх хасах маягт нь дууссан учраас тасагтаа очиж арга хэмжээ авахаар боллоо. Нөгөө талаар эрхээ хасуулсан жолооч нар өнөөх цагдаагийн машинаас холдоно, явна гэж алга. Бүгд шавчхаад уучилж, өршөөхийг гуйгаад ажил хийхэд үнэн төвөгтэй бололтой юм. Хамгийн эхэнд эрхээ хасуулсан Г.Бат-Орших хүртэл хэд хэдэн удаа эргэж ирээд “Та наад шийдвэрээ комьютерт шивэлгүй 20-хон миниут хүлээчих л дээ” гэж гуйсаар байлаа.

Цагдаагийн ахмад, ахлах дэслэгч хоёр жолооч нарт хариуцлага тооцож эхэлснээс хойш утас нь байнга дуугараастай байх юм. Мань хашрууд ч утсаа авч гэнэдэхгүйгээ мэдэж байгаа бололтой дугаарыг нь харчхаад утсаа халаасандаа буцаагаад хийчхэж байна. Утсаа авбал л эрхээ хасуулагчдын нэг танил нь гуйдаг хойно хэцүү л дээ. Зөрчлийг нь камерт бичсэн тохиолдолд шууд газар дээр нь арга хэмжээ авчихдаг учраас найраа, ар өврийн хаалга ордоггүй бололтой юм. Нэг нөхөр бүр Г.Ганбаатар ахмадын чихэн дээр утсаа барьчхаад “Тантай ярья гэж байна. Дэслэгч шүү дээ” гэх юм. Ер нь эрхээ хасуулсан, хасуулах гэж байгаа хүмүүс бүгд ийш тийш утсаар ярих юм. Ямар сайндаа зарим нь “Та хэдхэн минут хүлээчих” гэж гуйх вэ дээ.

Таксинд явж таван ажилгүй хүнийг тэжээдэг гэж учирлаж байсан Ш.Бат-Эрдэнэ хүүгээ дагуулжээ. Хүү нь ч машины цонхоор бүлтэлзэж, аавынхаа урд хойно нь орж даарсандаа доороо үсрэх нь өрөвдөлтэй. Цагдаагийнхан тэр хоёрыг өрөвдсөн ч бусад нь барьцахаас болгоомжлов бололтой эрхийг нь бас л хасчихлаа.

“АЖИЛГҮЙ БОЛГОНО ШҮҮ, АЛНА ДАА”

Урсгал сөрөөд жолоо барих эрхээ хасуулж байгаа жолооч нарын олонх нь уучлал гуйж байсан ч зарим нь хэл амаар доромжилж, заналхийлж байлаа! Тухайлбал, Х.Батбуян өөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэгэн гэнэ. Тэрбээр цагдаа нар руу “Та нар ингэж шоу хийхээ больцгоо. Би хүн дайрч алчихаа юу. Ёрдөө л урсгал сөрчихлөө. Эрхээ хасуулж чадахгүй. Заргалдаад явна, харж байгаарай” гэж дайрч байв. Дараа нь сурвалжлага хийж байсан зурагчин бид хоёр руу агсарч гарав. “Та хоёрыг хаана ажилладгийг мэднэ. Ажилгүй болгоно доо харж л байгаарай. Миний зураг сонин дээр гарах юм бол ална шүү” гэх мэтээр давшлах нь тэр. Түүнтэй Т.Отгонсүрэн нийлж бид нар руу агсарч гарав. Цагдаа нар бол иймэрхүү дарамтад байнга шахам өртдөг аж. Биднийг Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасаг руу буцаж байхад “Бөмбөгөр” худалдааны төвийн ойролцоо ажиллаж байсан цагдаа станцаараа дуудлаа. Эрхийг нь хасах зөрчил гаргасан бол цагдаа нар байцаагчдаа дуудаад арга хэмжээ авахуулж байгаа гэнэ. Энэ удаад 75-63 улсын дугаартай портер маркийн машины жолооч М.Мөнх-Амгалан цагдааг хэл амаар доромжилжээ. Улсын дугаараа халхалсан, хамгаалалтгүй ачаа ачсан тэрбээр саатуулсан цагдааг “Та нар хүний мууг үзэж торгох л ажилтай. Хохь нь шүү” гэх мэтээр харааж зүхсэн гэнэ. Түүнд хариуцлага тооцохоор бичиг баримтыг нь авснаар камертай машинд хийсэн сурвалжлага минь өндөрлөлөө. Замын тэмдэг тэмдэглэгээ муудсан, харагдахаа больсон учраас зарим тохиолдолд жолооч нар маргах, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг хүндрэл бас байдаг аж.

Замын цагдаагийн тасагт очиход өнөөх урсгал сөрж, гэнэдсэн жолооч нар арга хэмжээ авахуулахаар ирчихсэн хүлээж байв. Эрхээ хасуулчихсан жолооч нар ч гуйлтаа үргэлжлүүлэх бололтой аль хэдийнэ ирчихсэн байсан.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

“ӨДРИЙН СОНИН”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 03, 2012 10:49:56 am )

    has has. zamiin tiugjrel gaigui boloh biz

antalya rent a car