antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2015 6 comments

Цагаанаа алга болсон нь…..

нийтлэсэн Admin

1444614451561b1133aba51Одоогоос таван жилийн өмнө “Амжилтын төлөө хамтдаа” нэртэй төрийн бус байгууллага байгуулагдав.

Үүсгэн байгуулагчид нь манай чөлөөтийн Наранбаатар, боксын Бадар-Ууган, Жүдогийн Цагаанбаатар болон news.mn-ий Ерөнхий редактор, спортын улаан фанат Бадамаа бид хэд. Манай гурван аварга бол өөр өөрийн спортын талбартаа домог болсон нөхөд.

Тэр жилийн хавар Ерөнхийлөгчийн бүх нийтийн спортыг дэмжих зарлиг гараад байлаа. Тэр зарлигийн хэрэгжилтийг дэмжих, орон нутагт спортын идэвхийг сэргээх зорилгоор манай гурав лекц уншихаар боллоо. Үндсэн илтгэгчээр Олимпийн аварга, Хөдөлмөрийн Баатар Э.Бадар-Ууган, за мөн Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, тэгээд Гавъяат тамирчин Б.Наранбаатар гурав.

Бэлтгэл хангагч, илтгэлийнх нь “дасгалжуулагчаар” Бадамаа бид хоёр бүгд нийлээд тавуулаа Дархан-Уул аймагт очлоо. Манай гурав мэдээж Монголдоо төдийгүй дэлхийд данстай тамирчид болохоор хүмүүс хүрээлээд сүйд. Зай завдал өгөхгүй гар барих гэсэн, гарын үсэг авах гэсэн хүмүүс шавна. Үдээс хойхно очсон болохоор тэгсхийгээд буудалд байрлаж хэдүүлээ нэг өрөөнд орж маргаашийнхаа ажлыг төлөвлөв. Дарханы Залуучууд театрт “Амжилтын төлөө хамтдаа” лекц болно. Өсвөр насныхан, хүүхдүүд их ирнэ. Бүгдээрээ хүүхдүүдэд урам зориг өгсөн, үлгэр дууриалтай сэдэв ярих боллоо. За тэгээд илтгэгч нартайгаа нэг бүрчлэн туллаа. Бүгд өөр өөрийн гэсэн өнгө аяс, илтгэх хэв маягтай.
Тэд өөрийнхөө спортыг ярихаар нүд нь сэргээд, царай нь гэрэлтээд ирэх мөртлөө хүмүүст илтгэл тавина гэхээр жаахан сандрангуй байгаа нь ажиглагдаж байв. Тэдэн дотор хамгийн туршлагатай, намбалаг бөгөөд насаар ахмад нь Намбаа. Мань эр бол тэгсхийгээд ярилцаж байгаад илтгэлийнхээ бүтцийг гаргачихлаа. Ер нь ч чамбай сайн яриатай, цэгцтэй залуу.

Уугаагийн хувьд мань эр бага зэрэг дуу цөөтэй ч хэлэх үг нь жинтэй өөртөө итгэлтэй. Нэг их бичиж тэмдэглэж бэлтгэхгүй ч тархиндаа ярих зүйлсээ тогтоож томъёолохдоо сайн. “Сугсраад өгнөө” л гэнэ. Харин Цагаанаагийн хувьд байдал тэс өөр. Мань хүн бүх ярих хэлэх үгээ, нэг бүрчлэн дармалдаж бичиж авч байлаа. Үг бүрийг калиграфи бичиж байгаа аятай удаан, гоёмсог сийлнэ. Дэндүү уйгагүй. Тэвчээргүй хүн бол алив хурдлаач гэмээр. Хоёр цаг гаран хэлэх үг бүрээ “ингэвэл дээр үү, тэгвэл дээр үү?” гэж нягтлан асууна. Нэг бичсэн хэсгээ хэлж үзээд, боломгүй бол дахин шинээр бичинэ. Өчнөөн хуудас дармалдаж хэдэн цаг болов. Нөгөө хоёр нь бол аль хэдийн дуусгаад өрөө өрөөндөө ороод амарчихлаа. Цагаанаа шөнө дунд болтол хамт бэлдэв.
За тэгээд шөнө дундын алдад бид хоёр өрөө өрөөндөө орж унтахаар явцгаав. Гэрээс гадуур хонохоор нойр хулждаг муу зантай тул би шөнийн гурван цагийн алдад гадаа гарч салхилахаар доош буув. Замаараа нөгөө хэдийнхээ өрөөгөөр шагайтал Намбаа, Уугаа хоёр унтаж байна. Цагаанаагийн өрөөг үзтэл мань эр алга. “Маргааш илтгэл тавих гэж байж унтахгүй алга болчихдог, энэ спортынхон уу”, “Мань баатар алга болж дээ” гэх бодол төрөөд доош буулаа. Зам зуур нийтийн зоогийн танхим гэрэлтэй байна. Очтол мань Цагаанаа унтлагийн халат өмсчихсөн нэг гартаа илтгэлийнхээ цаасыг бариад нөгөө гараа савччихсан гав ганцаараа илтгэж өгч байдаг байгаа. Хаалганы завсраар цочоохгүй хэсэг харлаа. Мань эр алжаал нойрыг умартан нэг алдсан газраасаа шинээр эхэлж харагдана. Бараг хагас цаг өөрт нь мэдэгдэлгүй ажиглаж зогслоо. Мань эр цуцашгүй бэлдсээр л. Тэр үед л би ойлголоо. Энэ хүн яагаад дэлхийн аварга болсныг, энэ хүн яагаад шүүмж, магтаалын дундуур өөрийнхөөрөө туучин явж амжилтыг эзэлж чадсаныг. Удалгүй түүнийг сатааруулалгүй орхиод өрөөндөө орж амарлаа. Өглөө таван цагийн алдад нойр сэргэхээр дахин доош бууж очтол мань эр мөн л бэлдсэн хэвээрээ. Хоёр цагийн өмнөхөөс улам бүр илтгэлээ зүлгэж өнгө оруулжээ. Шөнөжин бэлтгэсэн хэрэг.

Маргааш нь илтгэл эхэллээ. Манай гурав бүгд л илтгэлээ бололцооны тавьлаа. Цагаанаа, Намбаа, Уугаа гурав гурвуулаа бага насныхаа амьдралаас эхэлж хэрхэн хөлс урсгаж, зүтгэж байж спортын ертөнцөд түүх бүтээснээ ярьцгаалаа. Тэр дотроос Цагаанаагийн нэг онцлог байв. Мань эр бүхэл бүтэн зургаан хуудас бэлтгэсэн илтгэлээ ямар ч үг үсгийн зөрүүгүй, өөрийн болгож, амьдруулж “илтгэсэн” юм. “Төгс гүйцэтгэл!” Нэг шөнийн дотор тэгж бэлтгээд ингэж илтгэнэ гэдэг амаргүй даваа.

Энэ түүхийг өгүүлэхийн учир нь балчир дүү нартаа хандаж хэлэх гэсэн санаа. Спорт байна уу, урлаг байна уу, эрдэм судлал ер ямар ч талбарт ажиллаж, сурч мэргэшиж байна тэр нь чухал бус харин өөрийнхөө хүчээ үзэж буй талбарт эзэн болж “дошин дээрээ атаман” байх сэтгэл зүйг цаг ямагт өөртөө бий болгох ёстойг л хэлэх гэсэн юм.

Цагаанаа алга болсон. Хайчсан байсан байх нь вэ? Сургуулилж байсан байх нь.

Кэмбриж, Массачусeттс. Oct 09,15


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (October 14, 2015 1:24:55 pm )

    Дээр үед хоньчин Очир гуай Хилчин цэргүүдтэй уулзаад юу ярих бол гэж дарга нар их эмээсэн гэдэг .Гэтэл Очир гуай Эх орны тусгаар тогтнол, эр цэргийн тухай цаг гаруй лекцэлсэн гэдэг

  • Zochin (October 14, 2015 1:53:24 pm )

    Ymar munadag zaluuchuud ve Zaluu uee ulam sain beltgeerei Amjilt

  • зочин (October 14, 2015 4:51:11 pm )

    үнэхээр бахархаж байна ингэж уйгагүй шантралгүй хичээдэг учраас л ийм амжилт гаргаж дээ. Залуучуудад маш их үлгэр дууриал болж байгаад баяр хүргэе.

  • unshigch (October 14, 2015 8:45:52 pm )

    Uneheer hudulmurch baisan uchraas aldar nert hursen H.TSAGAANBAATARin saihan zan chanarig ni avch suraltsarai!

  • Anonymous (October 15, 2015 8:30:23 am )

    үнэхээр мундаг юм аа хүн аливааг өөрөө бүтээдэг, өөрөө л хийдэг гэдгийг энэ нийтлэл зураглаад өгчээ Цагаанаадаа амжилт

  • Уншигч (October 19, 2015 2:49:17 pm )

    Монголын гурван бахархал.

antalya rent a car