“My car” компанийн захирал Б амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдөр гарсан. Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст шалгаж байсан ч хохирогч Б-г амиа хорлосон хэмээн үзэж, хоёр ч удаа хавтаст хэргийг нь хаалгасан байна.
Харин талийгаачийн ар гэрийнхэн түүний үхэлд эхнэрийг нь сэжиглэж байгаагаа мэдэгдэж, эд хөрөнгөд шунасны улмаас хууль хяналтын байгууллагуудыг удаа дараа хахуульдаж, амыг нь тагалсан талаар өчигдөр мэдээллээ.
Талийгаачийн эгч Ч.Сувданцэцэг “Талийгаач амиа алдахдаа хэвлийдээ хоёр удаа хутгалуулж, мөгөөрсөн хойлоогоо тасартал хоолойгоо гурав огтлуулсан байсан. Хамгийн сүүлчийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хоолойндоо ч авсан шарх нь тэр, хэвлийдээ ч авсан шарх нь тэр бүгд үхлийн аюултай, амь гарах боломжгүй. Хэрэв өөрөө амиа хорлосон бол эхний хэсэгтээ гэмтэл учруулсны дараа дараачийн тус газраа мэс хүргэж амжихгүй гэдгийг дүгнээд гаргачихсан байгаа.
Хэн ч харсан амиа хорлосон гэж итгэхээргүй хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас хоёр ч удаа амиа хорлолт нэрээр хаачихлаа. Хоёр дахь удаагийн хэрэг мөрдөлт бараг илрэх дээрээ тулж ирээд, мөрдөгч нь ч нааштай хариу өгч байсан. Гэтэл нэг л өдөр ирээд амиа хорлолт юм байна уучлаарай гээд хэргийг хаасан.
Бидний зүгээс талийгаачийн эхнэр А.У-ийг сэжигтнээр татан, шалгахыг хүсч байна. Энэ хэргийг зохион байгуулалттайгаар, шуналын сэдэлтэйгээр үйлдсэн гэж бодож байна” гэсэн юм. Мөн эхнэрийг нь ийнхүү сэжиглэх болсон шалтгаанаа талийгаачийн дүү Ч.Отгонцэцэг тайлбарлахдаа “Ах маань амиа алдахаасаа өмнө эхнэр хүүхдээсээ тусдаа, надтай хамт амьдардаг байсан. Ах нэг өдөр надад “Гэрт чагнах төхөөрөмж тавьчихаж. Бидний яриаг эхнэр мэдчихсэн байна. Ахад нь ямар нэг юм болвол чи араас нь яваарай” гэж хэлж байсан” гэв.
Энэ үеэр түүний эгч Ч.Сувданцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
– А.У-ийн талаас та нарт ямар нэгэн шаардлага, болзол хүргүүлсэн үү?
– Шаардлага огт тавиагүй, дандаа дарамталсан. Шүүх хурал дээр манай өмгөөлөгч У-ийн өмгөөлөгч Болдбаатарт “Өндөр настай ээжтэй юм байна. Аль, аль талдаа ингэж хатуурхах хэрэг байна уу. Тэгж байхаар хоорондоо ярилцаад шийдвэл ямар вэ” гэдэг санал тавьтал өмгөөлөгч Болдбаатар хуруу гараа гозгонуулж байгаад “Өмгөөлөгч өө, танд ингэж ярих эрх байхгүй шүү. Наад хохирогч гээд байгаа хүмүүст чинь нэг ширхэг ч зэвтэй хадаас өгөхгүй” гэж хариулсан байгаа юм.
Бид өнөөдөр өмчийн сонирхолтой юм яриад байгаа юм байхгүй. Хэн ч харсан ойлгомжтой зохион байгуулалттай аллагыг амиа хорлосон хэрэг болгочихоод байна. Энэ хүн амины хэргийн цаана гаръя л гэж бодож байна.Айлаас эвлэрье, зохицъё гэж нэг ч удаа яриагүй.
– Хоёр удаа шүүх эмнэлгээр ороод зөрүүтэй хариу гарсан гэсэн?
– Эхний шүүх эмнэлгийн шинжээчид нь н.Энхбаяр, н.Энхцолмон гэж хоёр эмч хэргийн газарт очиж шинжчлээд гадны нөлөөтэй ч гээгүй, энэ хүн өөрийгөө хутгалаад алчихсан юм аа гээд ч хэлээгүй, зүгээр л дунд нь бөөрөнхийлөөд хаячихсан.
Хоёр дахь дүгнэлт нь зургаадугаар сарын 12-оос хойш гарсан. Тэр шинжилгээнд гурван эмч орсон. Гурван эмчийн хоёр нь гадны нөлөөтэй байна гэж батлаад тогтоол бичиж өгсөн байна лээ.
– Талийгаач яг хэдэн сарын хэдний өдөр өнгөрсөн юм бэ?
– Энэ оны нэгдүгээр сарын 3-ны 11 цагт өнгөрсөн. Миний дүү ерөөсөө сүүлийн хэдэн сар огт архи дарс уугаагүй, шүүх эмнэлгийн дүгнэлтээр ч тэгж гарсан. Гэхдээ миний дүү дөрвийн дөрвөн хүүхэд нь уулзахгүй байна, явчихсан гээд маш их гунигладаг байсан.
Ер нь А.У манай дүүтэй хамт амьдарч байхдаа цэвэр мөнгөний сонирхолтой байсан гэдэг нь харагддаг. Гэр бүлийн хэрүүл, маргаан байнга мөнгөнөөс болж гардаг байсан. Ямарсайндаа салах өргөдлөө өгөхдөө хүүхэд тус бүрийн нэр дээр нэг тэрбум, өөртэйгөө нийлээд таван тэрбум төгрөг нэхэмжилж, өмч хөрөнгөнийх нь талыг авна гэж байсан юм.
– А.У, танай дүү хоёр хамтран амьдраад хэдэн жил болж байгаа вэ?
– А.У бол манай албан ёсны бэр, миний дүүгийн албан ёсны эхнэр. Гэхдээ сална гэж гэрээсээ яваад БГД дээр гэр бүл цуцлуулах 99.1 гэсэн хэрэг үүсгэчихсэн явж байсан. Аллага болох үед шүүх хурлаар орж албан ёсоор салаагүй байсан учраас хууль ёсны эхнэр болоод явдаг юм билээ. Эхний дүгнэлтээр намайг хохирогчоор тогтоосон юм шд, У гэрээсээ явсан учраас хохирогч биш байсан юм. Гэтэл 14 хоногийн дараа “Бид хоёр албан ёсоор салаагүй байсан. Шүүх хурал болоогүй байсан. Баталгаа нь энэ байна. Дөрвөн хүүхдийн гэрчилгээ нь энэ байна” гээд хохирогч болоод ороод ирсэн.
– Хүүхдүүд нь ойролцоогоор хэд, хэдэн настай вэ?
– Хамгийн том хүүхэд нь одоо 16-тай. Бага нь 4 ойноосоо өнгөрч байна. Үндсэндээ манай дүүтэй 17 жил амьдарсан.
– А.У нь ямар ажил мэргэжилтэй хүн бэ?
– А.У компанийхаа гүйцэтгэх захирал нэртэй. Уг мэргэжил нь Анагаах ухааны уламжлалт эмнэлзүйн сувилагч.
– Таны хувьд дүүгээ эхнэр нь хөнөөсөн гэж үзээд байгаа. Гэтэл 17 жил ханилсан эр нөхрөө зүгээр нэг өдөр хороочихно гэж баймгүй. Ер нь дөрвөн хүүхэд дунд нь дагавар хүүхэд ч юм уу байсан уу? Ямар үндэслэлээр эхнэрийг нь хардаад байна вэ?
– Шууд хэлэхэд хамгийн бага хоёр нь эргэлзээтэй гэж яригддаг. Талийгчийн амнаас ч тэгж гарч байсан, найз нөхөд нь ч тэгж ярьдаг.
– Та нарын дунд ойролцоогоор хэд орчим төгрөгөөр үнэлэгдэх өмч хөрөнгөний маргаан байна вэ?
– Эгч нь тэрийг тооцоолж үзээгүй. Зөвхөн “My car” компаний барилгын обьектын хэмжээ, газрыг л харчих. Миний дүү 2014 оны хамгийн сүүлчийн өдөр компанийхаа үйл ажиллагааг цаашид хэрхэн авч явах вэ, ах дүү нартайгаа нийлж өөрчилье хэмээн ярьж байсан. ТУхайн үед бидэнтэй ярьж байхдаа хөтөлж байсан бичиг баримт, цаашдын төлөвлөгөө нь ч бий. Түүнийг өмгөөлөгчдөө өгсөн.
Тэр үед зөвхөн “My car” компаний байрлаж байгаа газрыг барилгын компаниас үнэлж 2014 онд 5 тэрбумаар худалдаж авъя гэсэн саналыг тавьж байсан гэнэ билээ. Тэрнээс өөр юм бол мэдэхгүй.
– Одоо “My car”, “Фидрал” зэрэг дүүгийн тань нэр дээр байсан компаниудыг хэн эзэмшиж байна вэ? Угтаа хамгийн эхэнд таны нэр эзэмшигчээр тодорхойлогдсон юм байна шүү дээ.
– А.У 100 хувь эзэмшиж байгаа. Бидний дундаас тэр өмч хөрөнгөний араас явж, заргалдаж байгаа хүмүүс одоохондоо нэг ч алга.
– Танай гэрт Чингэлтэй дүүргийн цагдаа нар хүч хэрэглэн орж ирж айлган сүрдүүлсэн, гэрийн чинь түлхүүрийг хулгайгаар хувилж авсан гэсэн. Үнэн юм уу?
– Үнэн. Хамгийн бага дүүг маань ээжтэй хоёулхнаа байхад нь Чингэлтэй дүүргийн цагдаа нар энгийн хувцастай орж ирээд нэг, нэг өрөөний буланд шахаж байгаад айлган сүрдүүлж, хүч хэрэглээд гэрийн түлхүүрийг нь булааж аваад хувилсан байсан. Гэтэл хэд хоногийн дараа гэртээ ороод иртэл гэрийн бүх эд хогшлийг ийш, тийш нь зөөгөөд айлган сүрдүүлэх арга заль хэрэглэсэн байна билээ. Бодвол хөгшин настай хүнийг айлган сүрдүүлж байгаад цус харвуулчихъя гэж бодсон юм шиг байна.
Угтаа төрийн цагдаа нар зөвшөөрөлгүйгээр иргэний гэрт дайрч орж, гэр орноос нь чирж гаргадаггүй юм гэнэ лээ. Тэр байтугай шүүхийн шийдвэрээр хүний гэрт дайрч орно уу гэхээс прокурорынхонд тийм ажилд оролцох эрх байдаггүй гэсэн.
– Танай хамаатан саднаас ахынхаа компанид ажиллаж байсан хүн бий юу?
– Нэг ч хүн байхгүй. Биднийг оруулдаггүй байсан. А.У бид нарыг оруулахаас эрс татгалзаж, дүүг маань ятгадаг байсан. Гэтэл өөрийнх нь эгч болохоор талийгаачийн компанид ерөнхий нягтлан хийгээд болоод байдаг.
– “My car” компани хэдэн онд байгуулагдсан компани юм бол оо?
– “My car” 2002 онд байгуулагдсан. “Фидрал” нь 1998 оны 12 дугаар сард байгуулагдсан. Гэхдээ дүүгийнхээ хувийн амьдрал, бизнест нь тэр бүр оролцоод байдаггүй байсан ч хоёр хүүхдийг нь өсгөж, дөрвөн жил хамт амьдарсны хувьд эдний амьдрал, ажлын явцын нарийн ширийнийг мэднэ. Тиймдээ ч эхнэрийг нь хөнөөсөн гэж үзээд байна.
– Ярилцсанд баярлалаа.
Б.Хишигдэлгэр
Холбоотой мэдээ
-
d (August 21, 2015 12:38:10 pm )
4 huuhdiig gargasan hun ni ezemshih bailguidee yu gej horoov gejdee ed hurungiin sanaarhal
-
зочин (August 21, 2015 1:06:16 pm )
тэр цагдаа нар гэрт нь орж тэгж болохгүй ш дээ ямар даварчихсан юм бэ
-
teneg baihaa (August 21, 2015 3:32:26 pm )
erguult malaa yu gej ehner ni alj bdag ym ooroo jinhene shunaliin huudii bna da chi
-
zochin (August 21, 2015 9:56:19 pm )
Odoo ch shunaltai huuhnuud ih bolson shd . Huuhdeeree dalimduulj hurungiig ni avdag argad sursan emegteichuud ih bdag yum bna lee . Huuhdiig ni gargachaad l bairiig ni avaad gudamjind gargadag argatai huuhnuud ih bii.
-
сандаг (August 22, 2015 8:29:16 pm )
ӨӨРИЙГӨӨ ТИЙМ ОЛОН ХУТГАЛЖ АЛДАГ ХҮН БАЙХ УУ??НӨГӨӨ НЭГ НИГЕРИЙН ОНИГОО ШИГ Л САНАГДАЖ БАЙНА АВИЛГА АВСАН ЦАГДААГЫНХАН ЯАГААД Ч ЭНЭ ХЭРГИЙГ ИЛЭРҮҮЛЭХГҮЙ ДЭЭ
-
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ (August 23, 2015 3:20:58 pm )
БАРЬЦГҮЙ ХУДАЛЧ ЖУДАГГҮЙ ХҮМҮҮС БАЙСАН
6 Comments