antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2011 Comments are off

“Гоёл”-ын үзэгчдийн тал хувь нь бүсгүйчүүдийг харах гэж ирдэг

нийтлэсэн Admin

Өнөө жил “Гоёл” наадам 24 дэх удаагаа зохиогдож 13 дахь топ моделио шалгаруулсан. Шинэхэн топ модель Ч.Ундрахтай ярилцлаа.

-Топ модель Ч.Ундрах багадаа ямар хүүхэд байсан бэ?

-Хүүхэд насны маань гэрэг гэгээтэй бүхэн 11 дүгээр хороололд өнгөрсөн. Би гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийг төгссөн. Нийгмийн идэвх сайтай ангийн бүхий л арга хэмжээнд оролцдог хүүхэд байлаа. Дөрөвдүгээр ангиасаа гитар тоглож сураад ангийнхныгаа уриалан янз бүрийн уралдаан тэмцээнд оролцож ирсэн. Манай анги даасан багш биеийн тамирын багш байсан болохоор сургуулийн сагсны шигшээд тоглоно. Ер нь ажилсаг, хичээлдээ сайн, сургуульдаа нэр хүндтэй багш нарын хайрыг татдаг хүүхэд байдаг даа. Би тийм л хүүхэд байсан. Топ модель Ундраа бид хоёр чинь нэг сургуулийн найзууд шүү дээ.

-18 дугаар сургуулийг тэгвэл хоёр топ модель төгссөн байх нь ээ?

-Тийм ээ. Бид хоёр нэг сургуулиас төрж гарсан топууд болохоор бахархдаг шүү.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүн хувиараа бизнес эрхэлдэг. Бид хоёр нэг хөөрхөн хүүхэдтэй. Шинэ оны дараа бидний амин эрдэнэ хоёр ой хүрэх гэж байна.

-Загварын ертөнцөд хөл тавьж байсан үеэ дурсахгүй юу?

-Би долдугаар ангид байхдаа “Шилмэл загвар”-ын Цолмон багшийн загвар өмсөгчийн дамжаанд орж байлаа. Тэр цагаас хойш гурван жил жижиг тайзуудад гарч байсан юм. “Гоёл” бол загвар өмсөгчдийн хүсэн хүлээдэг хамгийн том наадам учраас миний анх гарч байсан тайз хажууд нь харьцуулшгүй. “Гоёл”-д чадварлаг, ирээдүйтэй хүмүүсээ оруулдаг шалгуур өндөртэй учир хүн болгон орж чаддаггүй л дээ. Загварын ертөнцөд дөнгөж хөл тавиад хоёр жил дараалан би шалгаруулалтад ороод тэнцээгүй. Тэгээд 2000 онд анх тэр том тайзан дээр гарах эрх авсан юм. Тэгж “Гоёл”-ын тайзан дээр алхсан мөчөөс хойш би дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч болсон. Өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Загварынхан бие биедээ хоч өгчихсөн байдаг. Та ямар хочтой вэ?

-Айхтар хоч гэх юм байхгүй. Загварын тогоон дотор намайг “шар” Ундрах гэдэг. Энэ хочиндоо одоо ч бүр дасчихаж дээ. Дарга нар хүртэл “шар” Уугий гэдэг юм.

-Загвар өмсөгчдийг мэдлэг нимгэн гэсэн явган яриа байдаг. Та өөрийнхөө боловсролд хэр цаг зав гаргадаг вэ?

-Энэ асуулттай санал нэг байна. Манайхныг хоосон толгойтой, гоёж гоодохоос өөрийг мэддэггүй гэж ярьцгаадаг. Бүсгүй хүний үс нь урт ухаан нь богино гээд янз бүрээр хэлдэг л дээ. Нийгмээ дагаад бүх зүйл хувьсаж байгаа болохоор бид ч бас өөрчлөгдсөн. Загвар өмсөгч нар гадаад дотоодын сургуулиудад олон сайхан мэргэжил эзэмшиж байна шүү дээ. Ер нь загварынхан дор хаяж хоёр гадаад хэлтэй болсон. Топ модель Сэлэнгээ маань гэхэд сэтгүүл зүйн чиглэлээр амжилттай суралцаж байгааг мэдэх байх. Урилгаар манай топ модель Уянга гэхэд л Хятадад тэтгэлэгтэй сураад явж байна. Миний хувьд хүн төрөхөөсөө үхэх хүртлээ суралцдаг тэдэгтэй санал нэг байдаг.

Германд нэг жил суралцахдаа хэлийг нь судалсан учраас бусад хэлнээс маань харьцангуй илүү. Би 2007 онд Сити дээд сургуулийг Үйлдвэрлэл үйлчилгээний менежмент мэргэжлээр төгсөөд “Грандхааң айриш паб”-д зохион байгуулагч хийж байсан. Одоо мэргэжлийн дагуу “Касс таун” компанид худалдааны төлөөлөгчөөр дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Он гаргаад хүний нөөцөөр сурч, англи хэлний мэдлэгээ сайжруулах зорилго өмнөө тавиад байгаа.

-Топ модель болохоосоо өмнө олон уралдаан тэмцээнд оролцсон байх. Ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Ганцхан Монгол Улсдаа тэмцээнд оролцож байсангүй. Топ модель болохоосоо өмнө Франц, Солонгос, Япон, Ливан, Герман, Авсрали, Хятад, Орос гээд дэлхийн 10 гаруй орноор дизайнеруудын холбооны ажил, загвар өмсөх шугамаар явсан. “Хилтон” зочид буудалд Азийн 26 орон оролцсон загвар болон үс засалт, нүүр будалтын олон улсын тэмцээнд Монгол Улс дэд байрт шалгарахад оролцож байсан. Мөн 2005 онд манай улсад болсон “Модель комптест” орж загвар өмсөгчийн нэгдүгээр зэргээ авсан. Тэндээс Японд экспо үзэх эрхээр шагнуулж байлаа. 2007 онд өвлийн “Гоёл” наадмаас дэд байрын шагнал хүртсэн бол энэ жил топ модель боллоо.

-Жил жилийн “Гоёл” наадам өрсөлдөөн ихтэй болдог. Энэ жилийн таны гол өрсөлдөгч хэн байсан бэ?

-Хүн ямар нэгэн тэмцээнээс ганзага хоосон буцахыг хүсэхгүй. Бүгд л биеэ бэлдэж, сэтгэл зүрхээ зориулж оролцсон. Миний үеийнхнээс манай найз Энхмаа хамгийн том өрсөлдөгч байлаа. Бид чинь энгийн үед дотно найзууд мөртлөө тайзан дээр өрсөлдөгчид болцгоодог. Доороос хүч түрэн гарч ирж буй бүх л хүүхдүүдийг долоо дахь жилдээ “Шилмэл загвар”-т бэлдэж байгаа мундаг загвар өмсөгч. Харин залуучуудаас Бадамгэрэлийг үнэлдэг. Тайзан дээр биеэ авч яваа байдал, ур чадвар нь бусдаасаа илүү харагддаг. Мөн Цолмон багшдаа баярлаж явдгаа хэлмээр байна. Тэр хүн байгаагүй бол би өдий зэрэгтэй яваа ч билүү.

-Тайзан дээр гарахдаа өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Би одоо хүртэл тайзанд гарахдаа сандардаг. Бусад топуудаасаа та нар сандарч байна уу гэхэд бүгд ямар нэгэн догдлолтой байна гэдэг. Ямар ч байсан тайзан дээр гарахдаа бодлоо цэгцэлж, сэтгэл хөдлөлөө дардаг. Тэгэхгүй бол тайзан дээр гараад инээх л төдийд тэр загвар биш болох юм.

-Та арав гаруй жил загвар өмсөж байж топ модель боллоо. Тэргүүн байрт та шалгарахад юу бодогдож байсан бэ?

-Тийм. Арав гаруй жил загварын тайзаа орхиогүйн хүчинд топ модель боллоо. Олон жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа холбооныхон болон шүүгчдэдээ үнэлүүлсэндээ маш их баяртай байна. Топ моделиор шалгарах тэр мөчид үнэхээр шоконд орчихсон. Өмнө нь дэд байрт шалгарч байсан болохоор шилдэг загвар өмсөгчийн шагнал авах байх гэж бодож байсан юм. Ямар нэгэн зүйлд хүлээцтэй хандаж, их хөдөлмөрлөж, үнэнч байх нь амжилтад хүрэх хамгийн том түлхүүр гэдгийг мэдэрсэн.

-Топ модель болно гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Өвлийн “Гоёл”-д 90 гаруй модель өрсөлдсөн. Ямар ч байсан топийн хэмжээнд өөрийгөө бэлдэж орсон. Миний хугацаа болсон гэж дотроо бодож байсан учраас итгэлтэй байсан.

-Топ модель болоход олон шагнал урамшил дагалддаг байх аа?

-“Гоёл” наадам гурван байр эзлүүлдэг. Шилдэг загвар өмсөгч, дэд модель, топ модель гэсэн шагналууд өгдөг. Энэ дотроосоо хамгийн том нь топ модель гэсэн өргөмжлөл юм. Би топ моделиос өөр дагалдах шагнал аваагүй.

-“Гоёл” наадамд ямар компанийн загварын хувцсыг өмсөж оролцсон бэ?

-“Шилмэр загвар”-ын өдөр тутмын хувцас, “Cashmere work”, “Говь” компани, “Дархан минж”-ийн хувцсыг өмсөж оролцсон. Шагнал авч байхдаа “Шилмэл загвар” компанийн залуу дизайнер Батзаяагийн костюмыг өмсч гарсан. Энэ жилийн дизайнеруудын хувцас бүгд гоё болсон байна лээ.

-Гоёл наадам анх удаа Fashion TV-ээр цацагдсан. Та бас түрүүллээ шүү дээ…?

-“Гоёл” наадам 24 дэх удаагаа зохиогдоход нь би 13 дахь тод модель боллоо. Анх удаа Fashion TV-ээр цацагдахад нь түрүүлсэн болохоор өөрөөрөө бахархаж байна. “Гоёл” наадам олон улсын загварын сувгаар гарна гэдэг манай орны загварын хөгжлийг дэлхийд нээх том алхам боллоо. “Моод Монголоор дуусдаг” гэдэг үг үеэ өнгөрөөснийг харуулж байгаа юм.

-Их өрсөлдөөн дундаас загварын ертөнцөд өөрийн байр суурийг эзэлнэ гэдэг амаргүй байх даа?

-Дизайнерууд болон загвар өмсөгчдийнхөө дунд би нэр хүндтэй. 2002 оноос холбооныхоо нарийн бичгийн дарга Байгалмаа, дизайнеруудын холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Оюунцэцэг нарт би загвар өмсөгчдийнхөө нүүр будалтыг хийе гэсэн санал тавихад зөвшөөрсөн. Хоббигоороо тайзны ард тэднийхээ нүүр будалтыг арваад жил хийсэн болохоор хүндэтгэлийг нь хэдийнэ хүлээчихсэн байсан. Үүгээрээ би өөрийнхөө байр суурийг эзэлж чадсан гэж боддог. Тайзан дээр гарахдаа би хувийн тоглолт үзүүлэх биш модель ямар байх ёстой тэр шаардлагын дагуу биеэ бэлдэж гардаг.

-“Гоёл” наадамд түрүүлсэн болохоор олон улсын тэмцээнд оролцоно биз дээ?

-Дизайнеруудын холбооныхоо шугамаар жил бүр гадагшаа явдаг. Одоохондоо яг төлөвлөсөн зүйл алга байна. Ямар ч байсан загварын тоглолтоор урд хөрш рүү явах байх. Үүн дээр нэг зүйл нэмээд хэлэхэд манай хэвлэл мэдээллийн салбарынхан олон улсын тэмцээнд хамт яваад сурвалжлага хийгээд ирвэл зүгээр санагддаг. Хувийн маш олон телевизүүд байгаа хэрнээ аль нь ч хамт яваад биднийг яаж оролцдог талаар мэдээлдэггүй. Сүүлд нь болохоор элдэв янзаар ярьдаг. Монголын моделиуд бусад орны загвар өмсөгчдөөс юугаараа илүү давуу юм гэдгийг харуулах хэрэгтэй.

-“Гоёл” наадмыг голдуу ямар хүмүүс үзэж байна вэ?

-Хуучин бол “Гоёл” ч гэлтгүй загварын шоун дээр ирсэн залуус загваруудыг биш охидыг нь харах гэж ирдэг байсан. Харин одоо арай өөр болсон. “Гоёл” дээр ирсэн хүмүүсийн тал хувь нь загвар болон загварын чиг хандлагыг ажиглаж байгаа нь анзаарагддаг. Тал хувь нь тэгээд бүсгүйчүүдийг харах гэж ирдэг шүү дээ.

-Янз бүрийн реклам, кинонд тоглох санал ирж байна уу?

-Топ модель болохоосоо өмнө ганц нэг рекламанд тоглосон. Хамтлаг дуучдын маш олон клипэнд орсон. Яг одоогоор кинонд тоглох урилга хараахан ирээгүй байна.

-“Гоёл” наадамд түрүүлсний дараа хүмүүсийн танд хандах хандлага өөрчлөгдсөн үү?

-Надад бол мэдрэгдсэн зүйл алга. Хүмүүс өмнө нь надтай яаж харьцаж байсан гэр л хэвээрээ байна. Би топ боллоо гээд их зан гаргаад, тэр хэдийгээ тоохгүй байгаа ч юм байхгүй.

-Та олон жил загварын ертөнцөд амьдарсан хүн. Цаашид өөрийн загварын агентлагтай болно биз дээ?

-Агентлаг нээж хүүхдүүдэд юм заана гэдэг маш их цаг зав гаргаж хийх ажил. Одоо бол зүгээр залуусдаа тайзан дээр ингэ, тэг гэж зааварчилж байгаа болохоос надад агентлаг нээх бодол алга. Харин “Чарминг” салоны хүүхдүүдэд make up-ийн сургалт явуулж байгаа. Би make up-ийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна.

-Загвар өмсөхийн хажуугаар make up хийж байна гэсэн үг үү?

-“Касс таун”-даа ажиллана. Хажуугаар нь загвараа өмсөнө. Тэгээд нүүр будалт хийж байгаа. Надад сарын өмнөөс л хүмүүс захиалгаа өгдөг. Сүүлийн үед ажил их байгаа болохоор захиалга нэмж аваагүй.

-Нэлээд ачаалалтай ажилладаг юм байна даа?

-Одоо ч бүр дасчихаж. Энэ бол миний хийх дуртай ажил. Ганц олдох насандаа өөрийн хүслээр амьдарсан байхад эргээд харахад сайхан шүү дээ.

-Сайхны өмнө харц буруугүй гэдэг. Тантай танилцах хүсэлтэй залуус их байдаг байх?

-Танилтай бол талын чинээ гэдэг. Тэр хүн надтай ямар зорилгоор танилцах гэж байна вэ гэдгийг нь асуудаг. Ер нь бол ажлын шугамаар олон хүнтэй танилцдаг. Гэр бүлтэй болохоор яг тэгж дотно нөхөрлөе гэсэн санал ирээд байдаггүй юм аа.

Э.ЭНХБОЛД Гэрэл зургуудыг Б.МӨНХ-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car