antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2011 2 comments

Жижиг гацааны арван бор жаал рок харчуул болсон нь

нийтлэсэн Admin

“Бид Монголын домог болсон тэр цагтаа л тайзнаас бууна” гэж “Хурд” хамтлагийнхан хэлсэн удаатай. Ингэж бардам ярьсан нь учиртай л даа.

Тэд цагийн шалгарлыг даван туулаад тарчиг хаврын эхэн сараа ардаа хийчихсэн улс. 1990 оны үед маш олон хамтлаг, дуучид эстрад гэдэг нэр томъёоноос рок, поп, хип хоп, реп гэдэг жанрууд руу үсэрцгээсэн. Тэр үсрээн дунд “Хурд”-ынхан рок хэв маягтай ч ухаарал, уярал шингээсэн, сэтгэлийн бээрсэн гарыг дулаацуулах дуунуудаараа өөрсдийн дуу хоолойг тасралтгүй хүргэж байлаа. “Хурд”-тай хамт нэг цаг үед байгуулагдсан хамтлагууд ихдээ л нэг жил болоод сарнин алга болдог байв. Гэтэл тэр үеийн “Хурд” одоо ч байж л байна. Энэ хамтлагийг өнөөдрийг хүртэл тайзандаа эзэн байж, дуунуудыг нь сонсохыг хүсдэг хүмүүс дотоод, гадаадгүй үй олноороо байгаа нь тэдгээр сайхан дуутай нь холбоотой боловч нэг айлын ахан дүүс гэдэг амин холбоо нь “Хурд”-ыг хурд шиг, хамтлаг шиг байлгаад байгаа юм.

Эл хамтлагийнхны аав Ц.Дамба, ээж П.Лхамжав нар нь төмөр зам дагасан замчид. Эднийх нэг охин, арван хүүтэй. Хүүтэй айл хөлтэй гэдэг дээ. Гэтэл арвын арван тэрсхэн хөвүүд гэхээр хөлтэй хөдөлгөөнтэй байх нь аргагүй мэт. Барилдаж, ноцолдож тогловол өртөөний өнөө умгархан байшингаа нураачихаж ч мэдэхээр. Өртөөний хүүхдүүдийн амьдрал галт тэрэг ирж буцах, дайран өнгөрөх бүрт өөрчлөгдөж, шинэ мэдрэмж төрүүлнэ. Шөнө дөлөөр галт тэрэг амгаланг сарниан дайран өнгөрнө. Өртөө түрүүний нам гүм дундаа үлдэнэ. Тэгтэл үүр цүүрээр галт тэрэгний нүүгэлтсэн танил дуу ойртон ойртсоор дохиогоо танил хэмээр дуугарчихаад хэдхэн хормын дараа дараагийн өртөө рүүгээ яаран одно. Өртөө дахиад л урьдын адил нам гүмд умбана. Хөгжмийн хэмнэл шиг. “Хурд”-ынхан, тэдний дүү нарын, бага нас ийм л нам гүм дунд өнгөрсөн. Тэр аниргүйн дундаас л тэд хөгжмийн гойд сонсгол, эгшиг авиаг олж авсан мэт. Тунгалаг усны ёроолоос л ер бусын өнгөтэй, ховор чулуу олдог шиг.

hurd

Шалбаагт, одод анивалзав

Зөрлөг нам гүм

Хуучин орос байшингийн зүгээс

Баян хуурын танил ая эгшиглэв

Зөрлөг нам гүм

Яндангаас үсэрсэн оч

Газарт унав

Зөрлөг нам гүм

Хэдэн дээрх алчуурнууд

Аясын салхинд дэрвэв

Зөрлөг нам гүм

Намрын уулс дүнхийн харлана

Зөрлөг нам гүм

Ноход нь ч хуцаагүй

Нам гүм зөрлөг рүү

Сарны зүгээс

Галт тэрэг уухилан асуй

Дэр модод чичирхийлэв

Дэргэдэх модны навч сэрчигнэв

Шөнийн зөрлөгийн нам гүмийг

Галт тэрэг эвдвэй.

“Хурд” хамтлагийн ахан дүүсийн бага балчир нас ийм орчинд, ийм мэдрэмж, ийм л дүрслэл дунд өнгөрчээ. Жижиг гацаанд өссөн гитар, бөмбөр нүдсэн эгэл бор жаалуудыг хожим хөгжмийн хүчтэй урсгалаар нэрд гарсан харчуул болно чинээ хэн ч төсөөлөөгүй билээ.

Нэг гэрт өссөн учир бие биенийхээ юу нь болж буйг, юу нь бүтэхгүй байгааг харцаараа мэдэрцгээнэ, тэд. Ах зах хүнийхээ үгнээс нь багачуул нь гарна гэж үгүй. Их дэгтэй. Ямар сайндаа төмөр замынхан “Эднийх арван хүүтэй гэсэн. Тийм олон хүүтэй гэж ер мэдрэгдэхгүй юм” гэж хүмүүжилтэйг нь гайхацгаадаг байсан гэдэг. Хамгийн том ах нь дүү нараа энэрэн хайрлах ч хатуу үг, сургамжаа хэлж, биеэр үлгэрлэн үзүүлнэ. Ерөөсөө ийм жаягаар эдний хөвгүүд эрийн цээнд хүрчээ.

1980-аад оны эхээр Төмөр замын Рашаант өртөөнд хэдэн залуучууд нийлээд “Хурд” гэдэг хамтлаг байгуулаад энд тэнд багахан хүрээнд тоглодог байж. Ц.Дамбын гурав дахь хүү Д.Ганбаяр тэр хамтлагийнхантай танил. Тэгж яваад хамтлагт нь орох болж. Гэтэл өнөөх хамтлаг нь тарчихсан гэдэг. Дуулах, хөгжимдөх сонирхол нь уг хамтлаг тарахтай хамт уусаад алга болоогүй учир Д.Ганбаяр “Хурд” хамтлагийн суурин дээр шинэ хамтлаг байгуулав. Ингэхдээ хамтлагтаа дүү Д.Отгонбаяр, Д.Отгонбаатар нараа авч. Ерөнхийдөө хамтлаг бүрдээд байсан ч дуучин олдоггүй. Дуулдаг, рок сонирхдог гэгдэх залуус дундаас дуучнаа эрсээр л байв. Д.Ганбаярын сэтгэлд нийцэх хүн олдохгүй нэлээд уджээ. Тэгтэл нэг өдөр дүү Д.Төмөрцог нь “Би дуулаад үзэх үү” гэхэд нь Д.Ганбаяр “Чиний дуулдаг гэж юу байдаг юм бэ” гээд ер тоогоогүй тэнэ. Цогоо ахыгаа шалсаар байгаад шалгуулах эрх авч чадав. Цогоо дуулж үзүүлтэл Д.Ганбаяр “Нээрэн болох ч юм уу” гэж эргэлзжээ. Тэгээд Цогоог “Хурд” хамтлагийн гоцлол Дуучнаар авав. Энэ бол 1994 он. Ингээд Монголын урлаг, рок попын ертөнцөд “Хурд” мэндэлж, төд удалгүй анхны бие даасан “Хар салхи” нэртэй рок тоглолтоо тавьсан түүхтэй. Тэднийг тэр  үед  бүгд  таатай  хүлээж авсангүй. Урт үстэй, уранхай жинстэй, ковбой гутал өмссөн, горзгор залуусыг рок гэдэг дуу дуулна гээд гараад ирэхэд үзэгчид “Больё оо, тайзнаас буугаач ээ” хэмээн “хөөж” байсан удаа ч бий. Гэсэн ч тэд энэ мэтийн хүндрэл бэрхшээлийг тоолгүй, рок стилиэр дуулж, тайзан дээр “галзуурч” эхэлсэн юм.

Ц.Дамбын хөвгүүд бүгд дуу хуурт дуртай, авьяастай. Ууган хүү Д.Ганболд нь одоогоос гуч гаруй жилийн тэртээ нэгэн дуу зохиожээ. Олонд түгж, тараагүй тэр дууг дүү нар нь хамтлаг байгуулаад олон нийтэд хүргэсэн. Тэр дуу бол “Цэргийн бодол”, “Цэргийн бодол” 1990-ээд оны эхэн үед монголчуудыг телевиз, радио, кассетны хөгжимтэй “уяж” чадсан дуу шүү. Хэдий Д.Ганболд хорвоог орхин одсон ч сэтгэл зүрхнийх нь дуудлагаар төрөн гарсан дууг нь дүү нар нь эгшиглүүлсээр л явна.

Энэ хамтлагийн нэрийг нь хэлэхэд л ая, шүлэг нь хөврөөд ирдэг сайхан дуунуудыг нэрлэвэл олон. “Аавдаа би хайртай”, “Эх орон”, “Нулимсаа тэвчье”, “Шинэ жил”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор”, “Нэг ангийнхан”, “Зураг шиг бүсгүй”, “Хайрын сарнай”, “Би аавтай хүн”, “Дурлалд битгий яар”, “Жаргалтай хүний нүдэнд нулимс тогтохгүй”.

“Хурд” хамтлагийн ахлагч нь Д.Ганбаяр. Ахыгаа бурхан болсноос хойш том ахын хүнд хэрнээ, сайхан үүргийг нуруундаа үүрч яваа нэгэн. Тэрээр 1963 онд төрсөн. Хамтлагийн гоцлол дуучин Д.Төмөрцог нь одоо 43 настай. Саяхныг хүртэл гэр бүлийн асуудал болон булчинлаг биш цээжнээсээ болж шүтэн бишрэгчдээсээ бишгүй л шүүмжлэл сонсдог нэгэн байсан шүү дээ. Харин одоо гэр бүлтэй болж, бас бие бялдар нь ч асуудал дагуулахгүй болсон. Д.Отгонбаяр хамтлагийн соло гитарчин. 1973 онд төрсөн. Эдний хамтлагийнхан ер нь үг дуу цөөнтэй, даруухан залуус. Д.Отгонбаярын хувьд хамтлагийнхнаа төлөөлж сонин, зурагтад ярилцлага өгдөг нэгэн болоод байгаа гэсэн шүү. Шударга үгтэй нэгэн. Түүнээс нэг насаар дүү Д.Отгонбаатар нь хамтлагийн бөмбөрчин.

Харин нөгөө хоёр нь аргил гитарчин Н.Наранбаатар, Т.Нарсар (Т.Наранбаатар). Хэдий эд нартайгаа нэг гэр бүл биш ч олон жил хамт байсан учир ижилдэн дассан андууд нь.

Ах нарынх нь авьяас, нэр алдар цуу орон даяар дуурсч, хүн бүр дууг нь сонсч байсан цаг дор “Хурд”-ынхны тоглолтын хөшитий ард арын ажилд нь туслалцан гүйж явсан дүү Д.Мөнхбат, Д.Батбаяр нар “Чоно” гэдэг нэртэй рок хамтлаг байгуулж, 2000 оны эхээр залуусыг байлдан дагуулсан билээ. Д.Мөнхбат “Чоно”-ыг ахалдаг бол Д.Батбаяр буюу Дэрмээ дуучин нь. Өөд болсон том ахынх нь хүү Г.Батбаяр нь хамтлагийн бөмбөрчин нь. Ритм гитарчин нь Нарсарын дүү. Ингэхээр энэ хоёр хамтлагийнхан дунд гадны гэж дуудах ганц ч хүн байхгүй байгаа биз. “Хурд”-ын Н.Наранбаатар буюу Нааяа нэгэн удаа “Хурд”-ынхан дотроо Т.Нарсар бид хоёр л өөр айлын хүүхэд байлаа шүү дээ. Одоо би ганцаараа үлдэж дээ. Гэхдээ олон жил хамт байсан болохоор ах дүү гэж нэг их ялгарахаа байсан” гэж ярьсан байдаг.

Ц.Дамба гуайн хөвгүүд ийнхүү Монголын рок попын ертөнцөнд “Хурд”, “Чоно” гэсэн нэрийн дор нэгдээд өөрийн гэсэн өнгө аястай дуугаа дуулаад явж байна. Бусад хүүхэд нь барилга, төмөр замын салбарт ажиллаж байгаа ч дүү нарынхаа уран бүтээлийн байнгын сонсогч, дэмжигчид нь. Тэгэхээр энэ айлын хүүхдүүдийг урлаг, хөгжим, дуунаас хол хөндий төсөөлж чадашгүй нь. Дэлхийн хөгжмийн түүхэнд нэг гэр бүлийн хүүхдүүд хамтлаг байгуулаад дуулж байсан түүх байдаг ч тэр нэгдэл нь тав зургаахан жилээс хэтрээгүй байдаг. Гэтэл талын Монголын нэгэн айлын хөвгүүд дэлхийн хөгжмийн урсгал, рок хэв маягаар дуулаад хамтлаг байгуулаад хорин жил болж байна. Энэ бол хэдий нэг айлын хөвгүүдийн эв нэгдлийг харуулж буй ч монголчууд бидэнд эвлэбэл бүтэх, оргилд нь хөл тавих хүртэл явах тэсвэр тэвчээр бийг харуулаад байгаа юм.

“Хурд”-ынхан өдгөө 40 шүргэсэн харчуул болсон ч 1990-ээд онд байсан өнөө эрч хүчтэй, хурдтай дуунуудаа эгшиглүүлж л байна. Гэхдээ манайд рок хөгжмийг хүлээн авдаг хүрээ дэлхийн жишгийг дагаад хумигдмал ч “Хурд”-ын гэх тодотголтой фенүүд олон мянга бий. Энэ хамтлагийн дуунуудын дийлэнх нь нутаг ус, аав, ээжээ санагалзсан, ухаарал хайрласан, эх оронч, үндсэрхэг үзлийг сэрээсэн бүтээлүүд байдаг. Нэгэн хэсэг “Хурд” хамтлагийг “зохиолын рок” хамтлаг хэмээн шүүмжилж байлаа. Хүмүүс юу хүснэ түүнд нь зориулж дуу бүтээснээс л ийм хоч авсан хэрэг. “Хурд”-ынхан “Хар салхи”, “Атаархал”, “Хүн” зэрэг жинхэнэ heavy metal дуунуудаа дуулбал яаж доргидгийг, үзэгч залуус хэрхэн хөөрөн баясдагийг шүтэн бишрэгчид нь мэднэ байх. Тэдний ухаарал хайрласан дуунуудыг гадаадад сурч, ажиллаж амьдарч буй монголчууд хамгийн ихээр хүсч “Хурд”-ын айлчлан тоглолтын өдрийг хуруу даран тоолдог билээ. Тэгээд тоглолтыг нь үзчихээд асгартал уйлж “Удахгүй нутаг буцна аа. Аав ээждээ очъё. Миний нутаг сайхан даа” хэмээн ярьж байсан хүмүүс тоймгүй гэдэг.

“Хурд”-ынхан ойрын зуун жилдээ дуулагдах дуугаа бүтээж яваа. Энэ тухайгаа хүртэл ярьж амласан байдаг юм. Хэрэвзээ зуун дамнан дуулагдах дуутай болбол бидний баялаг тэр болно гэцгээсэн.

Тэд “Бид дуулаад төдөн жил болж байна. Тийм, ийм дуу, клип хийлээ” гэж ярихыг хүсдэггүй. Яагаад гэвэл бид өөрсдийнхөө амьдардаг жам ёсоор л ажлаа хийж явна. Энэ бол бидний амьдрал. Өөр салбар руу бид хэлтийсэн удаагүй гэсэн билээ.

“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “Намайг 1990-ээд оны эхээр гитараа үүрчихээд, хуушуур идээд явж байхад хэн ч гитарчин, сайн хамтлагтай болно гэж бодоогүй. Гэвч бид шургуу хөдөлмөрийн ачаар олон саад нугачааг ахан дүүсийн хайраар даван туулсаар “Хурд”-ыг өнөөдөрт авчирсан” юм гэсэн байдаг. Одоогоос хорь орчим жилийн тэртээ төмөр замын нэгэн жижигхэн гацаанд хамтдаа тоглон өссөн нэг айлын арван хүү, хожим Монголын хөгжмийн түүхэнд шинэ хуудас нээсэн, рок хамтлаг байгуулна чинээ хэн ч бодоогүй билээ.

Тэдний хүсэл биелж зуун жил дуурсагдах дуугаа бүтээх болтугай. Харин хэдүүлээ “Хурд”-ыг Тайзнаас нь буулгахгүйн тулд домог болгохоо түр хойшлуулъя.

Д.ГАНСАРУУЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 15, 2011 8:42:08 am )

    xyrd goe oo . amjilt xvsie

  • Anonymous (December 16, 2011 8:16:19 am )

    HURD HAMTLAGIINHANDAA SHINE ONI MEND HYRGIE.MINII BERIIN MIN AAB FRANCE HYN BAIDAG.MONGOLIIN NERTEI HURD HAMTLAGIIN DUUG MASHINDAA SONSON HAMT DAGAJ DUULSAAR SAIN DUULDAG TODIIGYI MASH IH HYNDETGEDEG .SONSDOG YM.YNEHEER NYDEND NULIMS HURUULJ EH ORON .MONGOL HYN GEDEG OMOGSHLIIG TORYYLJ BAHARHUULJ CHADDAG NERTEI AGUU HAMTLAG DAA.MERRY CHIRSTMAS.LONDONGOOS B.BAYAR

antalya rent a car