“Forbes” сэтгүүл бидэнд сайн мэдээ дуулгав. Тус сэтгүүл “Бизнес эрхлэхэд таатай орнууд”-ыг жагсаахад Монгол улс Албани, Колумбийг ардаа орхин, таван байр өгсөж, 63 дугаарт дэвшсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 6.1 хувиар өсөж, зах зээлийн шилжих хөдөлгөөний хурдаар бүр хоёрдугаарт орсон байгаа юм. Энэ гайхалтай үзүүлэлтийг илтгэсэн зурган дээр хөдөө гэрт, эхнэр хүүгээ үнсэж буй монгол эрийн хөргийг харуулжээ. Гэвч Монгол дахь нөхцөл байдал энэ зургаас тэс ондоо байгаа нь л харамсалтай юм даа.
ОЮУТАН Б.БАЯНДАЛАЙД АЖИЛ Ч, ЗЭЭЛ Ч ОЛДОХГҮЙ НЬ
Б.Баяндалай Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг ирэх онд нягтлан бодогч мэргэжлээр төгсөнө. III курсын үйлдвэрлэлийн дадлагад гарах үед сурч буй мэргэжлээр нь ажлын байр хомс байгааг тэр мэджээ. Ихэнх албан газраас “үгүй” гэсэн хариу сонссон учраас сургуулиа төгсөөд ажлын байр олдох уу гэдэг асуултын хариу түүний хувьд өнөө хэр бүрхэг байгаа тухай ярьсан. “Дадлага хийх газар олдохгүй байхад сургуулиа төгсөөд би хаанаас ажил олох билээ. Саяхнаас өөрийн гэсэн бизнестэй болъё гэж бодох болсон. Гэвч энэ тийм ч амар биш юм билээ. Найзуудтайгаа нийлж кафе ажиллуулахаар зээл хөөцөлдөхөд ихэнх банк наас татгалзсан хариу сонссон. Ер нь тэгээд манай томоохон компаниуд зах зээлийг бүрэн атгасан учраас шинэ зүйл сэдэх, хөл дээрээ босох хэцүү болохыг мэдэрсэн” хэмээв. Манай бизнесийн зах зээлд үүссэн хамгийн том гажиг энэ. MCS, “Таванбогд” зэрэг хэдхэн том компани дотоодын зах зээлд эзэн сууж, тэдний хөл гар хүрээгүй салбар ч байхаа болив. Дээр нь арилжааны банкууд бизнесийн зээлүүдээ танаж, олдлоо гэхэд 16 хувийн өндөр хүү тулгаж, шинээр бизнес эрхлэхээр тэмүүлж буй залуусын ууцыг хугалж байгаа нь нууц биш. “MENAfn” сэт гүүлийн саяхны дугаарт “Монголын 50000 баян эрхэм бан куудын хадгаламжинд буй нийт мөнгөний 90 хувийг эзэмш дэг” гэх сонирхолтой баримтыг дэлгэсэн. Монголын зах зээлд үүссэн эл “хөөс” харамсалтай нь шинэ мэдээ биш байлаа.
ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУГИЙН САНАЛ
Оюутан Б.Баяндалайн ярьсныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу хүлээн зөвшөөрч байсан. Тэрбээр “Монголын бизнес эрхлэх орчин тийм ч таатай биш. Өдгөө уул уурхайн салбар томорсон учраас хөгжиж амжаагүй бусад салбарынхан тэднээс илүү гарахгүй юм аа гэхэд дутахгүйгээр их мөнгө зарцуулах хүндхэн нөхцөлтэй нүүр тулсан. Уул уурхайг дагаж хөгжихийн тулд, бэлтгэн нийлүүлэгч хийх гэхээр зээлийн хүү өндөр байна. Хэрэв минийхээр болдог бол бэлэн мөнгө тараахын оронд шинээр бизнес эрхлэх гэж буй залуучуудад хөнгөлөлттэй зээл олгон, дэмжихэд үүнийг зарцуулбал дээр сэн” гэв.
ЗАЛУУ БИЗНЕСМЭН Н.БАТСҮМБЭРЭЛИЙН САНАЛ
Харин МҮХАҮТ-ын дэргэдэх Залуу бизнес эрхлэгчдийн клубын тэргүүн Н.Батсүмбэрэл тэднээс тэс өөр бодолтой байна. “Банкнаас зээл авч бизнес эхлүүлэх, түүнийгээ өргөтгөх ямар ч боломж байхгүй. Ялангуяа цөөн хэдэн банктай, тэдгээр нь холбоотойгоор зээлийн хүүгээ өсгөж, шалгуураа улам хатуу болгож буй энэ нөхцөлд бүр ч аргагүй” хэмээв. Гэвч түүнийхээр зах зээлд эзэн суусан гэх томоохон компаниуд залуучуудыг шинээр бизнес эрхлэхэд тийм ч том саад биш аж. Эдгээр томоохон компанийн хүрээгүй олон салбар, шинэ санаа манай зах зээлд үгүйлэгдэж байгааг тэр онцлов. “Мэдээлэл, харилцаа холбооны технологи болон уул уурхай дагасан ханган нийлүүлэлтийн бизнес Монголд эхлэл төдий байна. Уналтад ороод буй тоног төхөөрөмж, оёдол, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарыг босгох боломж залуу бизнесмэнүүдэд бий шүү дээ” хэмээсэн юм. Энэ оныг Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Шинэхэн санаачилга биш ч, бид уул уурхайн салбараас түр хөндийрч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар ярьж, энэ салбарт анхаарлаа хандуулах болсон нь сайн мэдээ мөн байлаа. Үнэндээ алт, зэсийн үнэ өнөөдөр ямар байх вэ, бид хэдийг экспортолж, хэр их хэмжээний мөнгө олох вэ гэдгээс илүү монгол хүн ажилтай, орлоготой байх нь чухал сэдэв юм шүү дээ. Уул уурхайн баялгийн ачаар бид их мөнгө олох нь нэгэнт тодорхой. Харин үүнийг баялаг болгон бүтээж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх асуудал л тодорхойгүй хэвээр.
БНХАУ-ЫН ТУРШЛАГА
Өдгөө бид ажилгүй иргэдийнхээ тоог гаргаж, үүндээ бухимдаж “Ажил хийгээд өгөөч” хэмээн гуйх, тулгахын наагуурхан л “дайтаж” байна. Гэсэн ч ажилтай иргэд нь бидний хүсдэг шиг сайхан амьдарч, цалингаараа амьжиргаагаа торохгүй залгуулж байгаа юу гэх асуулт нь тодорхойгүй хариулт дагуулж буй. Гаднын орнуудын жишээг харахад ажилгүйдлийг бууруулахаас илүү шинэ бизнес эрхлэх, өөрийн гэсэн үйлдвэр, компани байгуулах боломжийг бүрдүүлэхэд анхаардаг юм билээ. Хамгийн ойрын жишээ БНХАУ. Тус улсын иргэдийг хэдэн хувь нь өөрийн гэсэн бизнестэй вэ гэдгийг Эрээнд очсон хүн бүр гадарлана. Урд хөршийн Засгийн газар 1985 онд “Гадна дотногүй зэрэгцэн явах бодлого” гээчийг баталж, дотооддоо үйлдвэрлэл, шинэ бизнесийг дэмжиж, харин гадаад руу олон хятад залуусыг ажиллах хүч болгон илгээж, “патентын хулгай”-д мор дуулсан туршлага өдгөө ил болжээ. Үүний үр дүнд тэрбум давсан хүнтэй БНХАУ-д ажилгүйдлийн төвшин нэг оронтой тоонд багтаж, хөдөлмөрийн насны нийт хүн амынх нь 25 гаруй хувь нь өөрийн гэсэн бизнестэй болсон байна. Энэ бол дэлхийн хаана ч байхгүй өндөр үзүүлэлт.
ХҮН БҮР АЖИЛТАЙ БОЛОХ НЬ ЭЦСИЙН ЗОРИЛГО МӨН ҮҮ
Хүн бүрийг ажилтай болгох нь бид ний эрхэм зорилго биш юм байна гэдгийг багш нар батлаад өглөө. Цалингаа голсон тэд гудамжинд жагсаж, ажил хаяж эхлэв. Гэвч төрийн албан хаагчид л ийм “зовлон”-той биш аж. Ажилчиддаа хангалттай цалин олгож, хангамжийг нь тултал шийдээд өгч чадах супер компани Монголд хэр олон байдаг билээ. Нэгэнт цалингийн систем, хөдөлмөрийн зах зээл ийм сул дорой байхад хүн бүр ажилтай болоод ч яах юм. Төрийн албан хаагчдыг байранд нь тогтоохын тулд цалинг нь 53 хувиар өсгөх шийдвэр нь эргээд хувийн хэвшлээс “ажилгүйчүүд” үйлдвэрлэж эхлэх нь. “Гурван хүн ажиллуулдаг цай ны газрын эзэн хүмүүсийн цалинг нэ мэхийн тулд хуушуур, буузныхаа үнийг хамгийн түрүүнд өсгөж таарна. Харин найман хүнтэй оёдлын үйлдвэр хамгийн сайн ажилладаг хоёр хүнийхээ цалинг ахиухан нэмээд, дөрвийнхийг нь ялимгүй өсгөж, нэг их сайн ажилладаггүй хоёр хүнээ ажлаас нь халж төсвөө хэмнэнэ шүү дээ” гэх гаргалгааг нэгэн сэтгүүлч гаргасан байна билээ. Ийнхүү ажилтай болсон иргэд хангалттай цалин авахгүй, шинээр бизнес эрхлэх гэхээр боломж нь бүрдэхгүй, ажилтай хэдийнхээ цалинг нэмье гэхээр эсрэгээрээ ажилгүйдэл үйлдвэрлэх болчихоод байдаг. Тиймээс энэ бүхний эхлэл рүү очиж, ундрагыг нь уудалж, гольдролыг нь зөв хэмд оруулах нь л хамгийн зөв алхам аж. Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Засгийн газрын санал он дуусахтай зэрэгцэн битгий булшлагдчихаасай. “Шидэт дохиур” тэдний л гарт байгаа шүү дээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 05, 2011 7:31:25 am )
delhiin banknaas gargdag tailand biznesiin orchin muudsaar bgashdee hamgiin boditoi mdeelel bol delhiin bank gj bodoj bna huurugsduu
1 Comment