Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудаснаа 4 сая ам.долларын гүйлгээний баримтыг дэлгэсэн нь багагүй шуугиан тарьсан ч өөрөө тайлбар өгөхийг хүсэхгүй, сэтгүүлчдээс зугтсаар байна Харин өнөөдөр эхлээд “Алтан Дорнод Монгол” ккомпанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл, орой 19.00 цагийн үед “Голомт” банкны ТУЗ–ийн дарга Д.Баясгалан,“Алтан дорнод Монгол”-ын дэд захирлаар ажиллаж байсан, өдгөө Эрдэнэт үйлдвэрт ажилладаг гэх Ч.Бямбаанар “Пума” зочид буудалд яаралтай мэдээлэл хийлээ. Олон нийт Хууль зүйн сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болоод байгаа Х.Тэмүүжингийн энэхүү жиргээг эдүгээ шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудалтай холбоотойгоор гэнэт дэлгэсэн факт гэж ойлгож буй тул ийнхүү маргааш УИХ–ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийг батлахын өмнө эргэлзээг тайлах зорилгоор ийнхүү яаран мэдээлэл хийсэн бололтой.
-Та С.В.Паушоктой чухам яаж холбогдож байсан юм бэ?
-Тухайн үед С.В.Паушок арбитрийн шүүхэд ялагдаад Монголд үйл ажиллагаа явуулахад хүнд болсон учраас өмнө нь таньдаг байсны хувьд компаниа монгол хүнээр удирдуулах нь зөв гээд надад 2011 оны дөрөвдүгээр сарын 28-нд итгэмжлэл өгсөн. Энэ итгэмжлэлийн дагуу би “Алтан Дорнод Монгол”-ын Тэргүүн дэд захирлаар томилогдоод С.В.Паушоктой компанийн обьектуудад харуул хамгаалалт тавих, асуудал шийдэгдтэл анхаарч ажиллах гэрээ байгуулсан. Удалгүй С.В.Паушок Москвад намайг дуудаж, уулзаад “Монголын Засгийн газартай учраа олж чадахгүй байна. Тиймээс компаниа заръя” гэсэн. Хэрэв төлбөрийн нөхцөл тохирвол компанийн өр, бусад бүх активын хамт зарна гэсэн. Ингээд би танилуудтайгаа ярилцаад “Ажиллаж болох юм байна гэдэг үүднээс 2011 оны тавдугаар сарын 3-нд 23 сая ам.долларын гэрээ хийж, төлбөрийн нөхцлөө тохирсон байдаг. Төлбөрийн нөхцөлөөр эхний ээлжинд 2 сая ам.долларыг маш хурдан шилжүүлэх үүрэг авсан. Үүнийг олохын тулд Голомт банкнаас зээлийн гэрээ хийж, 2 сая доллар авсан. Үүнийгээ шууд С.В.Паушокт өгсөн. Би энэ компанийг цаашид ашигтай ажиллуулаад явна гэсэн үндэслэлээр зээл авсан юм. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас намайг өрөө гүйцэд төлөхгүй бол компанийг ажиллуулахгүй гэсэн. Татварын албатай гурван жилийн хугацаанд нийтдээ 150-аад тэрбум төгрөгөө төлье гэтэл “хуулиараа 75 хоног л байдаг” гэсэн. Дээр нь улстөрийн хувьд асуудал үүссэн. Бүх юм зогсонги байдалтай байж байтал “Голомт” банкнаас зээлээ төлөхийг шаардсан. Би байдал хүнд болсныг “Голомт” банкинд хэлтэл “Алтан Дорнод Монгол”-ыг сонирхож байгаа өөр компаниуд байна гэсэн. Ингээд Т.Ганболд орж ирээд С.В.Паушоктой гэрээ хийгээд цааш нь авч явсан.
-Гол асуудал нь 4 сая ам.долларын төлбөрийн хуулга байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-2011.11.16-ны өдөр хийгдсэн гүйлгээний хуулган дээр байгаа 2 сая доллар бол миний С.В.Паушокт төлсөн мөнгийг Т.Ганболдын компани буцаагаад төлсөн баримт юм. Энэ төлбөрийг өөр зүйлтэй холбож, үүний цаана авлига байна гэж ярьж байгаад гайхаж байна. Энэ бол цэвэр бизнесийн зарчмаар хоёр компанийн хооронд өрнөсөн үйл явц. Би 2011 оны тавдугаар сарын 11-нд Голомт банкнаас зээл аваад шууд С.В.Паушокт хоёр сая ам.доллар шилжүүлсэн. Ахиад 2011 оны 11.26-нд 2 сая доллар нь буцаад нөгөө компани руу орж ирээд Голомт банктай зээлээ суутгаад авсан. Ийм л зүйл болсон. Би Д.Баясгалан захирлаас харилцагчийн мэдээлэл яагаад хамаагүй задраад байгаа талаар асууж, энэ талаар тайлбар өгөхийг хүссэн юм.
Голомт банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан:
“Алтан Дорнод Монгол” компани Арбитрийн шүүхэд ялагдсаны дараа Монголын томоохон компаниуд Алтан Дорнод Монголыг худалдаж авах тухай асуудлыг С.В.Паушоктой шууд болон шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манай Голомт банк чухал байсан бэ гэхээр “Алтан Дорнод Монгол” компанийн бүх лиценз, өмч хөрөнгө Голомтын барьцаанд байсан. Мөн манай томоохон харилцагч байсан учраас тэдэнтэй хамтарч ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс зээлийг компанийг шинээр худалдаж авч байгаа эзэн заавал төлөх шаардлагатай гэдэг шаардлагыг тавьсан. Тэр олон компаниуд ярьж байгаад хамгийн сүүлд Т.Ганболдын компани худалдаж авсан. Одоо мэдээлэгдээд байгаа зүйлд би гайхаж байгаа. Ч.Бямбаа захирлын хэлсэн гүйлгээ, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Ямартаа ч энэ бизнесийн гүйлгээ байсан болохоос ямар ч улстөрчтэй, авлигатай холбоотой гүйлгээ байгаагүй. Үүнийг холбогдох байгууллагууд нь шалгахад татгалзах зүйлгүй.
Н.Мөнгөндөл
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 09, 2014 12:39:06 pm )
Dorligoo bgaa ni todorhoi
1 Comment