Хан-Уул дүүргийн “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучны 2, 3 давхар байрнуудыг уншигчид сайн мэднэ. Тэдгээр байрнуудыг энэ жилээс дахин төлөвлөлтөд хамруулан нурааж, буурин дээр нь цоо шинэхэн орон сууцнууд сүндэрлүүлэхээр болсон. Гэтэл энэхүү шинээр босох орон сууцны тендер хууль бусаар явагдсан гэх багагүй хэл ам татлаад байгаа.
Тэгвэл энэ бүхний буруутан нь албаны хүмүүс, хурган дарга нар байдаг гэнэ. Хамгийн гол нь Үнэлгээний хороо хуралдаагүй байхад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас /НЕТГ/ сонгон шалгаруулалт зарлан явуулжээ. Энэ явдлаас болж хэд, хэдэн төрийн албан хаагчийг тэр хавийн оршин суугчид АТГ-т шалгуулахаар болжээ.
Учир нь тус байрыг буулгаж орон сууц барих тендерийг НЕТГ болон Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас зарлан явуулахаар болж.
Хэргийн гол учир нь эрх мэдэл бүхий хүмүүс хоорондоо уялдаа, холбоотой ажилладаггүйн улмаас маш олон хүн хохирогч болоод байгаад оршиж буй юм.
Өөрөөр хэлбэл, энэхүү тендер чухам яагаад будлиантай явагдах болсныг хамгийн сайн мэдэх хүмүүс нь НЕТГ-ынхан гэнэ. Энэ тухайгаа ч Засаг дарга Ж.Ганхуяг хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тодорхой дурьдсан байдаг. Харин бид энэхүү тендерийг хэн гэгч эрхэм явуулсныг олж мэдсэн юм.
Тухайлбал, НЕТГ-ын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр гэгч тендерийг хууль бусаар явуулж, хэсэг бүлэг хүмүүсийг хооронд нь хагаралдуулсан тухай эх сурвалж мэдээлсэн юм.
Үнэлгээний хороо хуралдаагүй хэрнээ тендер зарласан
Эх сурвалжийн мэдээлснээр “Өнгөрсөн сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нэхмэлийн шар” хоёр давхар байруудыг буулган орон сууц барих тендерийн сонгон шалгаруулалтын тов зарласан.
Гэтэл энэхүү сонгон шалгаруулалтыг зарлахдаа маш олон хууль бус үйлдэл хийснээс болж “Орчлон” констракшн болон “Фүжи” гэх хоёр компанийн хооронд үл ойлголцол үүсээд байна.
Асуудал хэрхэн маргаан дагуулсан бэ гэвэл Үнэлгээний хороо хуралдаагүй байхад хэсэг бүлэг нөхөд тендер зарласан нь асуудал дагуулах болоод байна. Тухайлбал, НЕТГ-ын хэлтсийн дарга М.Нямбаяр тендерийн хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулалгүй зөвхөн өөрсдийн хүрээний хүмүүсийн дотор хурал зарлаж асуудлыг шийдсэн учраас өнөөдөр ийнхүү хэл ам гарч, шүүх цагдаад шалгуулах дээрээ тулаад байна.
Уг нь хууль дүрмээрээ бол тухайн тендерийг сонгон шалгаруулахдаа 10-13 хүний бүрэлдэхүүнтэйгээр тендерийн хорооны багийг хуралдуулж, тендерт тавигдах нөхцөл шаардлагыг эцэслэн ярьж тохиролцдог байна. Гэтэл НЕТГ-ын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр энэ бүхнийг умартан өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдсэнээс болж энэхүү “Нэхмэлийн шар” байрны тендерийн ажил хүчингүй болчихоод байна. Яг үнэндээ тендерийг М.Нямбаяр биш Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг удирдан зохион байгуулах ёстой.
Гэтэл тендерийн хороог ахалж буй даргадаа тендер зарлах гэж байгаагаа хальт дуулгаад зогсохгүй тендерийн хорооны комиссын гишүүдэд хүртэл энэ тухайгаа мэдэгдээгүй байна.
Тухайлбал, уг тендерийн хорооны гишүүн болох НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн дарга Э.Ганхүү гэх эмэгтэй ч өөрийгөө тендерийн хорооны гишүүн байсан гэдгээ мэдээгүй байсан. Хэл ам гарсны дараа тэр хүн өөрийгөө гишүүн нь байсан юм байна гэдгээ мэдсэн аж. Гэхдээ ганц Э.Ганхүү ч биш тендерийн хорооны үлдсэн гишүүд өөрсдийнх нь нэр орсныг ч мэдээгүй байсан юм.
Товчхондоо НЕТГ-ын хэлтсийн дарга М.Нямбаяр гэгчийн хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдөр “Орчлон” констракшн, “Фүжи” компани хоёрын дунд үл ойлголцол үүсч нэг, нэгнээ хуулийн байгууллагад шалгуулах болоод байна.
Энэхүү хууль бус тендерийг хүчингүй болгох шийдвэр гарсан хэдий ч НЕТГ-ын хэлтсийн дарга М.Нямбаяр өөрийнхөө буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөлгүй “Бидний зөв байсан” гэж их л гүрийж байгаа. Тиймээс Үнэлгээний хороог албан ёсоор хуралдуулаагүй учраас М.Нямбаяр даргыг энэхүү тендерийг будлиантуулсан гэж үзэж байна.” гэв.
Юутай ч олон хоног хэвлэлийн хуудсыг чимсэн “Орчлон” констракшн, “Фүжи” компани хоёрын тендерийн асуудал оршин суугчдыг ихээхэн хохироож, өнөөдөр тэднийг гудамжинд гаргаад байна.
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс НЕТГ-ын нэр дурьдагдсан хүмүүстэй уулзаж мэдээлэл авахыг хүссэн ч асуултад хариулах албан тушаалтан олдсонгүй.
Үнэхээр НЕТГ-ын хэлтсийн дарга М.Нямбаяр өөрийнхөө ашиг сонирхолд хөтлөгдөн хууль бусаар тендер зарласан бол мэдээж энэ нь ноцтой асуудал дагуулна.
Тиймээс холбогдох албаны хүмүүс энэхүү тендерийн сонгон шалгаруулалтыг ямар зарчмаар явуулж, үндэсний гэх тодотголтой аль компани нь “Нэхмэлийн шар” байрны орон сууцыг барих вэ гэдэгт анхаарлаа хандуулахгүй бол оршин суугчид нь хахир өвлийн хүйтэнд хаана хорогдохоо ч мэдэхгүй хоног төөрүүлж явна шүү, албаныхаан.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (November 04, 2014 12:52:48 pm )
orchlon konstrakshn gej budilaanii kompani bnaa, uul dargaa ta anhaarna uu
1 Comment