-Би 2010 онд анх ажилд орсон. Манай найз “ТВ 8 телевиз хөтлөгч шалгаруулж авч байна, очиж шалгуулаач” гэж хэлээд би анх очиж байсан. Тэгээд очиж шалгуулаад ажилд орсон. ТВ8 телевизэд орсноос хойш маш олон зүйлийг сурсан, сайхан хамт олонтой боллоо, ажил амьдралаараа холбогдсондоо баярлаж, сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байна. Сэтгэл шингэсэн ажил амин сүнстэй байдаг гэдэг. Энэ зарчмыг би баримталдаг. Бүх ажлыг сэтгэлээсээ хийвэл эргээд ард түмэнд хүргэх хүртээмжтэй байдал нь арай өөр байна гэж бодож хичээдэг. Ажилдаа их дуртай. Ер нь телевизийн ажил гэдэг бол залуу хүмүүст их боломж олгодог, нээлттэй байдаг, хөгжүүлдэг, сайхан ажил. -Бизнес толь мэдээлэл сурталчилгааны буланг хөтөлдөг. Рекламны менежерүүд, компаниуд Эрдэнэбаяраар бараа бүтээгдэхүүнийн рекламаа хийлгэнэ гээд байдаг юм билээ?
-Бүх хүн худалдан авалт хийдэг. Худалдан авалт хийхдээ боломжийн хямд үнэтэй, чанартай бараа авахыг эрмэлздэг. Барилгын, ахуйн, хүнсний бараа бүтээгдэхүүнийг өдөр тутам худалдан авдаг. Амьдрал л юм чинь хүн болгон аль болох хямд үнээр чанартай бараа авахыг бодно, хүмүүс хямдрал урамшууллын мэдээ авахыг хүсдэг. Бизнес эрхэлж байгаа байгууллагууд улирлын чанартай юм уу, цаг хугацааны чанартай хямдрал зарладаг. Тэр болгоноо мэдээлэх хүмүүст хүргэхийг хүсдэг. Ийм шинэ бараа ирж, тийм хямдрал болж, бэлэгтэй урамшуулалтай гээд сурталчилдаг, тэрийг нь хүнд хүргэхийг хичээдэг. ТВ 8-д орсноос хойш яг энэ чиглэлээр ажилласан болохоор олон газартай хамтарч ажилладаг. Урт удаан хугацаанд хамтарч ажиллах болохоор аль аль талдаа сэтгэл ханамжийн баталгаатай, чанартай хийж өгөх юмсан гэж зорьж хийдэг дээ.
-Манайх хүн ам цөөтэй. Телевизээр гурван удаа цаг агаарын мэдээ уншихад хүмүүс таньдаг, олны танил болчихдог гэдэг. Энэ нь хэцүү санагддаг уу?
-Үгүй. Хүмүүс хэд зурагтаар гарчихлаа, ганц нэг дуу дуулчихлаа, эсвэл клипэнд тоглочихоод би од болчихлоо, би гэдгээр залуус их өвчилдөг. Намайг хүмүүс танина, би би гэсэн үзэл бидний үе, бидний доод үеийнхнээс заримдаа анзаарагддаг. Дөнгөж ажил хийж эхлээд, юмны захаас барьж авах гэж байхдаа “би”-гээр өвчилчихөөр ололт нь алдаа болох тал ажиглагддаг. Миний хувьд дөрвөн жил телевизээр гарч байна, энд тэнд явахаар хүмүүс ТВ 8-ын хөтлөгч байна гэдэг. Тэр болгоныг тоодоггүй. Зарим нь “Нарантуул” явахаар хэцүү, хүмүүс таньдаг болохоор гайгүй газраар үйлчлүүлмээр гэдэг. Бидний үеийн залуучууд дөнгөж ажил хийж эхэлж байж юу юугүй тэгээд байх хэрэггүй юм шиг санагддаг.
–Баянхонгорын Богдын Болдын хүү гээд алдартай юм билээ?
-Мэдээж хүний хамгийн түрүүнд бахархах зүйл нутаг ус ээж аав байдаг. Би нутаг усандаа байнга залбирч сүсэглэж явдаг. Аав ээж минь сайхан хүмүүжүүлж, дээд боловсрол олголоо, өдий зэрэгт хүргэж өглөө. Тийм болохоор ээж ааваараа, нутаг орноороо үргэлж бахархаж, уут чихэр авлаа ч задлаад дээжийг нь нутгийнхаа зүг өргөдөг. Нутгийн уул ус цаанаасаа түшээд, хайрлаж хамгаалж явдаг. Уул усаа, нутгаа хүндлэхгүй байгаа, нутгаа гэсэн сэтгэлгүй хүний ажил цаагуураа жаахан тийм байх шиг санагддаг. Эцэг эх, нутаг усныхаа нэрийг аятайхан авч явах юмсан гэж хичээдэг. Хүмүүс танилцахдаа Ээгий, Баагий гэдэг. Харин унасан нутаг ус байна, овоглосон эцэг байна, тийм учраас Баянхонгорын Богдын Болдын Эрдэнэбаяр гэж хүнтэй танилцах их дуртай даа.
-Танай аав гавьяат хүн байсан. Аавынхаа тухай дурсвал…
-Манай аав Баянхонгорын холбооны салбарт төдийгүй Монголын харилцаа холбооны салбарт хийсэн ажил, санаачилж сэтгэж хийсэн зүйл олон байдаг юм билээ. Бага байхдаа мэддэггүй, өнгөрснийх нь дараа аавыгаа хэн байсан, юу хийж бүтээснийг мэддэг юм билээ. Ааваараа бахархдаг. Тэр мундаг нэр алдрыг нь унагаалгүй авч явах юмсан гэж боддог. ТВ 8 телевиз дээр хүмүүсийн эмгэнэл их ирдэг. Хүмүүсийн эмгэнэлийг уншдаг байсан. Нэг л өдөр аавынхаа эмгэнэлийг уншина гэдэг хамгийн хэцүү зүйл юм билээ. Хэдэн цаг болж байж уншиж дуусгасан. Эцэг эхийн олгосон хүмүүжил, хэлж захисан үгийг нь биелүүлж, хүн шиг байхыг хичээж явдаг. Манай аав Баянхонгор аймагтаа Холбооны салбараас анхны гавьяат цол авсан хүн л дээ.
-Өнгөрсөн зун Ламын гэгээний 375 жилийн ойг тэмдэглэлээ. Баянхонгороос төрж гарсан телевизийн олон хөтлөгч бий. Тэдэн дундаас чамайг сонгож Ламын гэгээний ойгоо хөтлүүлсэн нь чиний ажил, ТВ8 телевизийн нэр хүндтэй холбоотой биз?
-Тэгэлгүй яахав. Өнөөдөр мөр бүтэн явж байна, хүний дайтай явж байна. Энэ бүхэн ТВ8 телевизтэй зайлшгүй холбоотой. Намайг анх ажилд авч сургаж байсан Отгонмөнх захирал, Төгсөө ах, Баярмөнх дарга, манай телевизийнхний дэмжлэг их, тэр итгэлийг алдахгүйг хичээж ажилладаг. Хүний хайр итгэлийг даана гэдэг маш чухал. Ажил дээрээ алдаа гаргачихгүй юмсан гэхээс эхлээд юм болгон дээр хичээж явахыг боддог. Баянхонгорын ойн арга хэмжээг хөтөлсөн нь одоо ажиллаж байгаа ТВ 8 телевизтэй маань, энэ телевизийн эфирээр гарч байгаатай зайлшгүй холбоотой.
-Телевизийн хөтлөгчид дундаа чамайг ганган гэдэг юм билээ.
-Намайг хурдан хотожсон гээд заримдаа шоолдог. Зурагтаар гарч байгаа хүн өнгөлөг гоё байхыг хичээдэг. Зарим хүмүүс “Чи тэр цамцаа хаанаас авсан юм бэ” гээд асуудаг. Өнгөрсөн зун Ламын гэгээний 375 жилийн ойн наадмыг хөтлүүлэх болсноо аймгийн удирдлагууд хэлэхэд тэр ажилд зориулж дээл малгай хийлгэсэн. Манай нутгийнхан гоё дээл өмсөж гэж хэлж байсан. Урлагийнхан их очсон. Тэд “Сайхан дээл өмссөн байна” гэж байсан.
-Яаж ч оройтсон, үүрээр гэртээ орсон ч Эрка унтахаасаа өмдөө индүүддэг гэж танай ажлынхан ярих юм билээ?
-Нэгдүгээрт ажилтай маань маш их холбоотой. Манай ээж их цэвэрч нямбай хүн. Намайг багаас минь эрэгтэй хүний баримтлах зарчим бол өмд нь хоёр салаа индүүдлэгтэй байж болохгүй, сорочкин цамцны зах хэзээ ч хиртэй байж болохгүй гэж зааж сургадаг байсан. Ээжийн минь хүмүүжил, хийж байгаа ажилтай холбоотой. Олны өмнө гарч байгаа хүн хиртэй, үрчгэр хувцастай байвал муухай. Миний нэр хүнд, телевизийн нэр хүндэд муу.
-Одоо олон телевиз бий болж өрсөлдөөн ширүүсч байгаа. ТВ 8 телевиз тоног төхөөрөмжөө шинэчилсэн гэж сонссон.
-Бүх телевиз HD технологи руу шилжиж байгаа. Мэдээллийн эрин зуунд техник технологи маш хурдтай хөгжиж байна. Түүнийг дагаад үзэгчид ч гоё дуу, гоё дүрстэй зүйл үзэхийг хүсдэг. Манай телевиз техник технологийн хувьд хамгийн сайныг сонгож нэвтрүүлдэг. Манай телевиз дуу дүрсний маш өндөр чанартай HD технологийг нэвтрүүлсэн. Техник технологийн шинэчлэлт хийсэн. Сошиал мэдээллийн эринд хүн болгон 3G-тэй, газар болгон Wi FI-тай, мэдээллийг цаг алдалгүй авч байна. Ухаалаг утаснаас мэдээлэл авдаг технологи нэвтрээд удаагүй байгаа. Манай ТВ8 телевиз үүлэн систем, үүлэн технологи нэвтрүүллээ. Монголчууд төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс Монголдоо болж байгаа үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй шууд ТВ8 телевизээр үзэх боломжтой болсон. Үзэж амжаагүй мэдээ нэвтрүүлгийг ухраагаад нөхөөд гар утаснаасаа үзэх боломжтой. Заавал гэртээ хариад зурагтаа үзэх биш, хаа байгаа газраасаа мэдээллээ авах боломжтой үүлэн технологийг нэвтрүүлсэн.
-ТВ 8 телевизийн Толь мэдээллийн хөтөлбөр сайн. Хэвлэлийн хүрээлэн болон бусад газрын судалгаагаар маш их хүн үздэг гэсэн судалгаа байдаг.
-Манай телевизийн 1900-1952 дугаар 24 цагийн турш ажиллаж иргэдийн санал гомдол мэдээллийн мөрөөр цаг алдалгүй шууд очиж мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Манай телевизийн мэдээллийн хөтөлбөр болон нэвтрүүлгүүд хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг. Жишээ дурдахад “Амьдралын өнгө” нэвтрүүлгээр эхнэр нь хүнд өвчин тусаж гар хөл нь хөдлөхөө больсон, Г.Отгонбаатар оролцож байсан юм. Нэвтрүүлгийн дараа олон хүн манай телевиз болоод Г.Отгонбаяртай холбогдож, бид “Толь” мэдээллийн хөтөлбөр “Ододтой шоппинг хийх үү” нэвтрүүлгээрээ хандив тусламж цуглуулах аян өрнүүлж олон хүн, албан байгууллагын тусламжтайгаар эхнэрийнхээ гадаадад эмчлэгдэх эмчилгээний асуудлыг бүрэн шийдэж, хөл дээрээ босоод эх орондоо эргэн ирж, нэг гэр бүл элэг бүтэн энх тунх үлдлээ. Төв аймгийн Дэлгэрхаан сумын бага ангийн багш Г.Жадамбааг “Бодит алхам” ТББ-тай хамтран БНСУ-ын нуруу нугас, үе мөчний “Нанүри” эмнэлэгт эмчлүүлээд ирсэн. 34 жил боловсролын салбарт ажилласан Г.Жадамбаа нь 10 жилийн өмнө осолд орж нугасандаа гэмтэл авч таван жилийн өмнөөс тэргэнцэр дээр суух болсон юм. Энэ хүнийг хөл дээр нь босгох сайн үйлсийн аяныг дэмжиж олон нийтэд сурталчлах ажлыг хийж БНСУ-д очин 100 шахам сая төгрөгийн хагалгаа, эмчилгээг үнэ төлбөргүйгээр хийлгээд ирсэн. Одоо Г.Жадамбаа багш маань сурагчдынхаа өмнө хоёр хөл дээрээ зогсож байгаа нь үнэхээр сайхан. Үүнээс гадна нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсэн олон ажил, бодит жишээнүүд бий. Ганцхан гэж хэлж болохоор Шөнийн толийн группийг манай үзэгчид сайн мэднэ. Гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар, их хотын шөнийн амьдралын олон өнгийг үзэгчиддээ хүргэдэг. Сайн муу үйл явдал, үл ойлголцол, хүнд суртал, хүндрэлтэй асуудал үүсэхэд хүмүүс ТВ8-ийг дууд гэдэг шүү. /инээв/. Ард түмнийхээ дуу хоолой болж “Толь” мэдээллийн хамт олон цаг хугацаатай өрсөн ажилласаар байна. Сайн уран бүтээлийг өндөр түвшинд хүргэхэд техник хэрэгсэл их чухал. Бид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн мэдээ мэдээллийн хөтөлбөр болон бүх контентоо дуу дүрсний өндөр чанар бүхий HD форматаар цацаад багагүй хугацааг өнгөрүүллээ. Манай үзэгчид хамгийн сайн мэдээ, нэвтрүүлгийг хамгийн өндөр чанартайгаар хүлээн авч үзэж байгаадаа талархан бидэнд урмыг үгийг хэлсээр байна. Манай Толь мэдээллийн хөтөлбөр гоё сайхан гэхээсээ, юмыг гоёчилж харуулахаас илүүтэй ард түмний амьдрал ямар байна, тэр болгонд ард түмэн дундаа орж ажиллан мэдээлэл бэлдэж чаддаг. Ард түмний хэлэх гээд байгаа үгийг төрд, төрийн удирдлагуудад хүргэн дамжуулж дуу хоолой нь болж чаддаг. Хүмүүс үгээ чөлөөтэй хэлж, санал бодлоо илэрхийлэх боломжийг олгодог. Манай Толь мэдээллийн хөтөлбөрийн Ард түмний толь, Шөнийн толь их сенсаацтай сонин содон мэдээлэлтэй. Ард түмний тольд иргэд их ханддаг. Өвчтэй зовлонтой хүмүүс туслаач гэж их ханддаг. Ард түмний толиор хүргэсэн мэдээлэл их үр дүнтэй, хүртээмжтэй байж чаддаг. Хүмүүс ч өвчтэй зовлонтой нэгэндээ их туслах сэтгэлтэй болж. Аливаа зүйлд сэтгэл багаддаггүй. Би “Скай” их дэлгүүртэй хамтран “Ододтой шоппинг хийе” нэвтрүүлэг хийдэг. Тэр нэвтрүүлэг маань ч Ард түмний тольтой уялдаж байдаг. Нэвтрүүлгээрээ дамжуулж олны танил хүмүүстэй уриалга хийж, нэгэндээ тус дэм болоорой гэж олныг уриалдаг. Хүний тус багадахгүй, ядарсан нэгэндээ зузаан оймс аваад өгсөн ч хэрэгтэй хүндээ маш их хэрэг болно шүү гэсэн зарчмыг баримталж нэвтрүүлэг болон мэдээлэл бэлддэг. Эхнэр нь өвчин тусаад есөн жил суумгай байсан хүн байсан гэж дээр ярьсан даа. Энэ хугацаанд өвчтэй эхнэрээ нөхөр нь огт орхиогүй, байнга асарч тойлж байсан. Энэ тухай манай телевизээр гарсан. Хандив тусламж цуглуулж байгаа багийнхан хандив өгсөн хүмүүсээс “Хаанаас энэ мэдээллийг авсан бэ” гэсэн судалгаа давхар авсан юм байна. Хүмүүс ТВ8 телевизийг үзээд…гэж хамгийн их хариулсан. Тэгээд эмчилгээнийх нь зардал бүрдээд Солонгост очоод эмчлүүлээд эдгэрээд ирчихсэн сайхан амьдарч байгаа. Хандив цуглуулахаар ажиллаж байсан зохион байгуулагчид нь над руу ярьсан. “Нөгөө хоёр маань эдгэрээд ирсэн. Одоо онгоцны буудал дээр ирж байгаа. Хамт тосох уу” гэсэн. Би “Тосолгүй яадаг юм” гэж хэлчихээд баярласандаа болоод уйлсан. Тэгээд ажил руугаа орсон. Үдийн цайны цаг таарчихсан манай ажлынхан амралтын өрөөнд бөөнөөрөө байсан. Тэдэндээ хэлэх гэсэн чинь баярласандаа болоод уйлаад хэлж чаддаггүй, хөгийн юм болсон. Намайг уйлахаар нөгөөдүүл маань муу л юм бодно ш дээ. “Есөн жил суумгай байсан нөгөө хүн эдгэрээд ирж байна. Одоо онгоцны буудалд бууна гэнэ” гэсэн чинь манай хэд баярлаад миний машинд бөөнөөрөө чихэж суугаад цэцэг аваад Нисэх орж тоссон. Ер нь бид хийж байгаа ажлаараа дамжуулан хүнд жаахан ч гэсэн тус дэм болчих юмсан хүсэл байдаг бидний хувьд баярт мөчүүдийн нэг байсан. Ингээд ярилцлагынхаа төгсгөлд хүн болгоны ажил үйлс бүтэмжтэй байгаасай, аливаа зүйлд сэтгэл багаддаггүй, сэтгэл шингэсэн ажил амин сүнстэй байдаг, үр өгөөжөө өгдөг учраас хүн болгон сэтгэлтэй, өөдрөг, эрүүл байхын ерөөлийг дэвшүүлье. Ч.Тулга
Холбоотой мэдээ
-
мкр (October 29, 2014 1:32:10 pm )
минй хүү нутагтаа очиж нутгаа тохижуулдаа хүний газар нутгийн хүүгийн ажилыг битгий хий та нар яахаараа нутгаа сандаг хэрнээ нутаг усандаа очиж бидэнд дараа болж амьдардаг юм бэ яаваач
-
Anonymous (October 29, 2014 4:36:54 pm )
Teer manai tv nvvd yagad hugjidgui yum be geed bsn huduunii garyyd l bgaad bnsht
-
nick (October 30, 2014 12:23:05 am )
yaag unen huduuni garuud duurtseen duurtsen
-
Hutre (October 30, 2014 9:44:10 am )
Баянхонгор аймагтаа очиж телевиз хөтлөөч. Чиний төрх чинь эфирийн шаардлага хангахгүй байна.
-
OMG! (October 30, 2014 10:37:06 am )
ene hyy bol ih oor hyn bna.Yun odoo yeiin zaluustai haritsuulah ve?Yasan uhaantai soeoltoi daruu estoi lut hyy bna.Tenegyyd tanij medeheesee omno ataarhaad muulah geed baihiin.Odoo onoodor ene omhiirson zavaan niigemd ene met zaluu hyn bol hovor.Mash hovor..Ta nar ene hynees naad zah ni ochyyhen biee yaj tsever saihan avch yavdag talaar ni ylger jishee avaach!!Hodooniih l geh ym.Chi hotiinh um bol yadaj nusaa arilgaj suraad hodoonii ene zaluug hodooniiheer ni heleech..Amjilt hycie miniihyy..Ene zaluuchuud cham shig baidag ch boloosoi…Chi bol baharhal.USA Chicago hot!
-
no name (October 31, 2014 9:55:45 am )
мундаг л залуу байна ш дээ… Чадаж байгаа юманд арга байдаггүй юм. Улам их хичээгээрэй. Тэр хүн муулаад байгаа нохдууд юу ч чадахгүй байж амаа татаж сур…
6 Comments